Шагнал ба хүнийсэл

Khishigtugs
khishigtugs
Published in
2 min readAug 23, 2022

Нийгмийн харилцаанд шийтгэх эрх гэж байгаа бол нөгөө талд шагнах эрх гэж заавал байдаг. Гэтэл шагнал нь хямд хөлсөөр их ажиллуулах капитализмын тогтворыг хангах арга болон хувирчээ. Шийтгэл хүний амьдралд бодитой нөлөөлдөг шиг, шагнал ажилтны амьдралд жинтэй нөлөөлөх ёстой. Гэтэл шагналын мөн чанар харийнчлагджээ. Шагнал хөдөлмөрчний амьдралыг дээшлүүлэх үүргийг гүйцэтгэх ёстой.

Шагнал нэр хүнд ч гэлээ ажилтны хамгийн их хүндрэл бол эдийн засгийн бэрхшээл байдаг учраас энэ бэрхшээлийг хөнгөлж дэмждэг шагнал чухал. Шагнал өгөгдсөн ч үнэндээ юу ч өгөгдөөгүй мэт. Ингэж л хоосон төмөр төдий болох жишээтэй. Ийм “төмрүүд” мөлжигч хэсгийнхнийг зөвтгөдөг. Мөлжигчид ажилчдыг өөрийн хяналтдаа тогтвортой байлгахын тулд жил бүр шагнал гардуулна. Энд шагнал авч байгаа нь биш шагнал гардуулж байгаа нь хожно. Үүнийг шагнал авагчид ухаарахгүй бөгөөд ухаарсан цагт тэгш бус байдлыг хүлээн зөвшөөрөхөө болино.

Уг нь шагнал чөлөөлөх ёстой. Байгаа байдлаасааа урагшилж, ядуурлаа ардаа орхиход туслах ёстой. Гэвч харин ч эсрэгээр уях уялга болсон. Шагнал нэрийн дор капитализм дэх нийгмийн ноёрхогчдын дарлалд улам уяна. Хэчнээн олон шагнагдана вэ төдий хэмжээгээр уягдана.

Шагнал урамшууллын мөн чанарыг үгүй хийсэн тул гавьяагүй гавьяатнууд олшрох энгийн хэрэг болов.

Насаараа зүтгэсэн өвгөчүүл одон медалаас өөрцгүй хоцорно. Энгэр цоолсон бол төмөр тэмдэг зүүлгэх бус амьдралд нь тус болохуйц дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Шагнал урамшууллын үүрэг нь зөв зан хандлыг бэхжүүлэх, улам их үр бүтээл авчрах байтал орчин үед чиг үүргээ алджээ. Шагнал нь бодитоос холдуулж хүнийсгэх буюу өөртөө хөөгдсөн хүнийг олшруулах үүргийг гүйцэтгэх болов.

“Хүнийсэл: Өөртөө хөөгдсөн хүн” номын 359–363 хуудас

--

--