Анна Каренинаг уншсан нь

Tserendolgor Saintur
Kolekto de Feelings
3 min readMay 21, 2021
Illusration by P.Geanina

“Жаргалтай гэр бүлүүд бүгд адилхан бол жаргалгүй гэр бүлүүдийн зовлон өөр өөр.” Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу зохиол туурвилын ноён оргилын нэг ингэж эхэлдэг. (Монгол нь арай өөр орчуулгатай байхыг үгүйсгэхгүй)

Таван жилийн өмнө Энхцолмон ахын блогоос Анна Каренинагийн тэмдэглэлийг уншиж байсан ч өөрөө номыг нь уншаагүй тул нэг их ойр буугаагүй юм. Харин уншсаны дараа дахин зорьж энэ тэмдэглэлийг харахад дүр бүхэн нь сэтгэлд дотно. Гэхдээ л энэ номын тухай хэд хэдэн тэмдэглэлд яг миний өнцөг төдийлөн байгаагүй учир бичиж байна.

Л.Толстойг романаа бичих үед Санкпетербургээс Москва хүртэл төмөр зам тавигдаж, хот хооронд галт тэргээр зорчих болсон нь энэхүү зохиолын гол үйл явдалд ихээхэн нөлөөтэй гэх юм билээ. Угтаа галт тэрэг байгаагүй бол чухамдаа Анна Вронскийтэй учрахгүй, магад үхлийн зам нь ч өөр байх байсан буй за. Иймд зохиолын гол үйл явдлыг “дамжуулагч” галт тэрэг нь Орос орны хөгжил дэвшилтэй ч холбогдоно.

Өнөө цагт Анна Каренинагийн нөлөө хэвээр байгаа нь хүн төрөлхтний дундах мөнхийн сэдэв болох хайр, атаа хорсол, араар тавилт, гэрлэлтийн тухайд онож өгүүлснийх биз ээ. Зохиол анх бичигдсэнээс хойш 144 жил өнгөрсөн ч энэ хооронд бидний амьдралын хэв маяг, орчин тойрон л хурдацтай хөгжсөнөөс хувь хүний араншин, мөн чанар хувирч гавьсангүй. Гээд муу зүйл биш л дээ.

Өмнө нь бичиж л байсанчлан, сайхан төрхтэй эм хүн болж төрнө гэдэг хүсмээр эд биш шиг. Аннаг би ухаан муутай гэж хэлэхгүй, харин ч ёстой нөгөө эмэгтэй хүнд “байх ёстой” арван шинж, есөн шид нь бүрдсэн эмэгтэй. Гээд эцэстээ өөрийнхөө сэтгэлийг өвчлүүлсээр амиа хорлосныг нь яалтай.

Хайр гэдэг хамгийн ярвигтай, хамгийн их ховсдогч хүчин болохыг өөрөө хайртай учраад мэдэрсэн ч би ингэж боддог юм аа. “Өөрийгөө алдталаа дурлаж, амьдралаас уйдах хүртлээ жаргах буюу гутарсан ч өөрийнхөө хүсэл зоригоор энэ амьдралаас явах сонголт хийхгүй юм шүү” гэж.

Анна, Вронский, Стива, Долли, Алексей, Кити, Левин гээд зохиолын дүрүүдийг Л.Толстой яг “Зуун жилийн ганцаардал”-ын дүрүүд шиг бүрэн зураглажээ гэж надад бодогдсон. Нээрэн л Э.Энхцолмон ахын бичсэн шиг энэ дүрүүд бидний амьдралд, миний амьдралд бий. Гээд эцсийн эцэст хэнийг нь ч шүүмээргүй, зөв, буруу гэж цэцэрхэх хүсэл төрөөгүй. Зохиолоос мөн эрэгтэй, эмэгтэй хүнд хандах нийгмийн ялгаатай, бурангуй хандлагыг ч мэдэрч болно.

Гагцхүү надад хамгийн их хүрсэн, хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн дүр нь Аннагийн хүүхдүүд, тэр дундаа Саша байсан. Хүүхэдтэй болсон ямар ч эмэгтэй, дийлэнх эх хүн эцсийн дүндээ хүүхдээ бодож, өөрийгөө золиосолдог. Тэгэх хэрэгтэй болтлоо хосын харилцаа ялзарсан гэхээр гунигтай юм шиг боловч бодит, хатуу үнэн нэг иймэрхүү л байдаг. Харин өөрийгөө золиослолгүйгээр, жаргалгүй харилцаагаа төгсгөөд өөрийнхөө аз жаргалыг сонговол хүүхдүүд нь ямар болох тухай хамгийн тод жишээ нь Саша юм.

Дурлал хайр гээчийг урьдчилан таамаглах аргагүй, зүрх сэтгэл хэмээх эрхтэн тархинд захирагдахдаа туйлын зөрүүд тул цэвэр ариун байх, үнэнч байх, ёс суртахуунч байхыг нэгэнт салсан хүмүүсийн өмнө сурталдаад нэмэргүй. Ерөөс эр эмийн хооронд жороолсон илжиг болохгүй байхыг өөрийнхөө хувьд эрмэлздэг. Гэсэн хэдий ч хүүхэдтэй болсноосоо хойш нэг бодолдоо үнэнч болсон. Тэр нь “хүүхэд бол хариуцлага!” Нээрэн л ээж болохоор тэгдэг юм уу, хүүхэд бүрийг өөрийнхөө хүүхэд шиг төсөөлж боддог болчихдог юм байна. Яг ийм төсөөллөөр уншсан учраас Аннагийн хүү Саша, охин Ани нарыг л хамгийн ихээр хайрласан, бас харамссан.

Өөрсдийгөө ч олохгүй зүдэрч яваа “томчуудын” хайр сэтгэлийн бэлэг гэхээсээ золиос нь болчихсон гэмгүй хүүхдүүд. Юманд ам гардаггүй учраас хоёр дахь, гурав дахь амьдрал зохиосон хүмүүсийг би шүүдэггүй ээ, буруутгах эрх нь ч надад үгүй юм. Ерөөс тэдний тухай бодоод байдаггүй. Гэсэн хэдий ч хүүхдийнхээ өмнө бол хариуцлагаа өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хүлээх ёстой л гэж боддог. Ингээд бодвол Анна эмэгтэй хүн, дурлалт бүсгүй байхыгаа ээж хүн, эх байхаас илүүд үзсэн гэж хэлж болох юм. Хэн нэгнийг буруутгасан мэдрэмжид үнэхээр тавгүйтдэгтээ өөрөөсөө “хэрэв би Аннагийн оронд байвал яах байсан бэ?” гэж асуулаа. Ер нь л зохиолын туршид “Доллигийн оронд байсан бол”, “Китигийн оронд байсан бол” гэж асууж суув.

Номоо хаасныхаа дараа асуултдаа хариулсан билээ. “Өөрийгөө загнаж, зэмлэж, цохиод ч хамаагүй аав ээжийгээ хараад инээмсэглэдэг хүүхдийнхээ инээмсэглэлийн төлөө гэр бүлээ л сонгоно доо” гэж. Гээд өөрийгөө золиослохгүйн тулд, нөгөө хүнийхээ сэтгэлийг хүчээр уяхгүйн тулд өөрсдийнхөө хувь орон зайг хадгалах. Энэ гэвч миний өөрөө өөртөө хандаж хэлсэн бодол. Аннаг тэгэх ёстой байсан үгүйг шүүгээгүй юм шүү.

Гэснээс, хамгийн их эмзэглүүлсэн дүр нь Саша, Ани хоёр байсан шиг хамгийн таалагдсан дүр нь Долли байсан. Левин, Кити хоёр ч угаасаа уншигчдын хайрыг татдаг байх. Ай даа, Анна, Вронский хоёрыг харин энэрэн хайрлахаас өөр яалтай!

Эцсийн эцэст, амьдралд хайр дурлалаас өөр чухал зүйл олон байдаг юм байна аа. (Нэг их гүнзгий амьсгаа авав)

Tserendolgor Saintur May, 2021

--

--