Говийн бяцхан баян бүрд

Tserendolgor Saintur
Kolekto de Feelings
4 min readFeb 4, 2021
by Martin Ibbett on blenderartists.org

Ай, амьдралд минь яагаад ийм гайхалтай хүмүүс олноор учирч, тэдний сайн сайхан гэрэл дор урган төлжиж явах заяатайг Бурхан л мэдэх биз ээ.

— Л.Ө

Уулзсан, учирсан, нөхөрлөсөн хүмүүсийн тухай цувралаар бяцхан тэмдэглэл бичье гэсэн бодол төрөөд л байдаг байсан юм. Энэ тэмдэглэл эхнийх нь болог!

Ажлын эхний өдөр. Их сургуулиа төгсөөд орсон анхны “албан ёсны” ажил! Алив бүхний “анх удаа” дандаа л сонихон байдаг юм болохоор дурсамж нь тодхон. Ахлаж ажиллах хүн маань цагаан сорочкан дээр нил ягаан дугуй захтай цамц өмссөн, эрс боловч дөлгөөн харцтай эмэгтэй байв. Яг намайг ажилд орсон өдөр “ахлах”-аар томилогдож таарсанд одоо ч талархдаг.

Яагаад гэдгийг мэдэхгүй ч ахлахтай юм ярих нь дарга, захиралтай уулзахаас илүү сүрдмээр санагдана. Эхний хагас жил яг ийм мэдрэмжтэй явсан даа. Хатуу дайчин гэмээр зангийнх нь цаана зөөлнөөс зөөлөн хүн байгааг мэдэрдэг байсан хэрнээ шүү.

Арав орчим жил ажилласан байгууллагадаа тушаал дэвшмэгц хамт ажилладаг байсан хүмүүсийн дийлэнх нь түүнийг “ахлах” биш нэрээр нь дуудна. Тэгэхэд нь би “Таныг ахлах гэж дуудах уу, …. эгч ээ гэж дуудах уу?” гэж маанаг асуулт асуусан юм даг. “Албан ажил бол албан ажил, хувийн хэрэг бол хувийн хэрэг. Ажил дээр албан ажлаар нь л харилцана” гэх утгатай хариулт хэлэхэд нь нүүр улайж билээ. Дөнгөж сургуулиа төгссөн, хэд хэдэн газар дадлага хийсэн боловч яг өөр дээрээ хариуцлага хүлээж сураагүй жаал охинд хувь, хувьсгалын ажлаа яг таг ялгадаг байхыг тэр биеэрээ үлгэрлэсэн.

Тэр маш ажил хэрэгч төдийгүй зарчимч. Өглөө хамгийн эрт буюу 7.30 цаг гэхэд аль хэдийн ирчихсэн сууж байна. Харин орой яг цагтаа 17.30 гээд харихаар гарна. Дэл сул юм хийж суух нь ховор. Ер нь илүү цагаар сууна гэж бараг байхгүй хэрнээ бүх ажлаа яг таг, бүрэн гүйцэтгэлтэй амжуулчихсан байдаг нь гайхмаар. Гэтэл эсрэгээрээ өдөржин, шөнөжин, амралтын өдөр хүртэл илүү цагаар суудаг атал үргэлж ажил амжихгүй байна гэж гомдоллодог хэв маягтай хүн ч байна.

Их сургууль төгсөөд ангийнхны маань ихэнх нь хувийн хэвшлийн нэр хүндтэй, том байгууллагуудад өндөр цалинтай ажилд орцгоосон. Чадвар байгаа учраас тэгэх нь ч зүйтэй. Харин миний л хувьд ирсэн ганц, хоёр саналыг үл ойшоон төрийн байгууллагад ажилд орсондоо талархдаг аа. Залуу мэргэжилтэн төрийн байгууллагад ажиллахын давуу болон сул талыг мөн жичид нь бичнэ ээ.

Хэдий дараагийн зорилго маань арай өөр ч гэлээ амьдрал туршид намтарт маань бичигдэх анхны ажил энэ газраас эхэлсэнд баяртай явдаг. Ажлын ачааллыг эс тооцвол хаа очиж айхтар хүнд суртал, элдэв дарамтаас ангид, цомхон, дулаахан газар. Манай хүн хүртэл “танай ажил руу орохоор өөр бусад ижил төстэй байгууллагаас хамгийн гоё нь санагддаг” гэсэн юм даг. Гэвч мэдээж энэ газрыг хамгийн амьд, дулаахан болгож байсан хүчин зүйл нь “ахлах” байсан юм билээ.

“Говь газар байх устай, өвс ургамал жигдэрсэн хэсэг газар”-ыг “Баян бүрд” хэмээдэг болохыг монгол хэлний тайлбар толиос харж болно. Шууд болон дам утгаараа тэр миний хувьд говийн бяцхан баян бүрд юм. Гэснээс, яг энэ гарчгийг тавьсныхаа дараа ахлахаас аль нутгийн хүн болохыг нь асуутал “говийнх” гэсэн. Тэгэхээр аргагүй ч юм уу.

Судалгаа хийх, найруулан бичих ур чадвар маань муугүй гэж боддог асан ч ажилд ороод өөрийнхөө хэчнээн түүхий, чадваргүйг, сурах зүйл бум түм байгааг маш ихээр ойлгож, мэдэрсэн. Харин түүний ачаар өөрийгөө голсон ч шантрахгүйгээр урагшлах, илүү их хичээх урам авсан.

Саяхан цааснуудаа янзалж байгаад ажилд ороод удаагүй үедээ бичсэн албан бичгийн төсөл, судалгааны тайлангуудаа унштал нүүрээ дарах нь холгүй. Тэгээд дараа нь ахлахын зассан хувилбарыг харсан чинь хавь илүү. Суралцсаар л байна.

Цонх бүрийн цаана амьдрал байдаг шиг оршихуй бүрийн гүнд түүх бий. Бусдаас гойд ялгарах юмгүй санагддаг хүний дотор хүртэл шигтгээ байж байдаг нь сайхан. Яг тийм шигтгээ олж харах нь хүний харилцаан дахь миний хамгийн дуртай хэсэг. Тиймээс хүмүүсийг “ухаж” ярилцах улам дуртай болоод байгаа. Сэтгүүлчид ч бас ярилцлага хийхдээ нэг иймэрхүү мэдрэмжтэй байдаг болов уу.

Ахлахыг “ухаад” байвал харин ундраад л байдаг. Товчхондоо, түүн рүү шидсэн нимбэгнүүдийг цуглуулсаар байгаад нимбэгний ундаа хийж чаддаг хүчирхэг сэтгэлзүйтэй хүн гэж түүнийг тодорхойлж болмоор. Гэвч түүнийг арай илүү амбицтай байсан ч болоосой гэж эрхгүй хүсдэг ээ. Чадвараасаа хэтийдсэн амбицтай нөхдөд амбицаасаа чадвар нь хэтэрхий давчихсан түүн шиг хүмүүс дарагдаад байх шиг бодогддог.

Би уг нь энэ тэмдэглэлийг энгийн, олон гоё бодит жишээгээр баяжуулаад “амьд” болгохыг хүссэн ч яг бичихээр үгс алга болчих юм.

Туулсан он жилүүд нь ахлахыг маань хүүхэд наснаас нь түрүүлээд том болгочихсон шиг заримдаа санагдана. Магад Док, Марти хоёр шиг цаг хугацааны машин байвал, 15 настай түүний хүүхэд насанд хүрч очоод “зүгээр дээ, бүх юм сайхан болно!” гэж хэлээд чин сэтгэлээсээ тэвэрмээр. Гэхдээ л тэр гайхалтай хүн болон өссөн шүү гэж түүний бага насанд үүгээр үг дайя даа.

Юутай ч, юм үзээгүй, амьдрал мэдэхгүй, их сургуулийн жаахан мэдлэг, хичээх хүслээс өөр “өв хөрөнгөгүй” надад түүн шиг чиглүүлэгч үнэхээр хэрэгтэй байж билээ. Алтан гадас од шиг. Харин тэр өөрөө ч мэдэлгүй тийм байсаар ирсэн. Талархлаа!

Thank you for being the oasis in the desert!

February 2021, Tserendolgor Saintur

--

--