Годгоносон охин
Залуу мэргэжилтэн, бүр удирдагч, тэгээд “эмэгтэй” байх тохиолдолд дээрх үгийг сонсох нь олонтоо. Би өөрөө дарга ч биш, феминист ч биш боловч нийтлэг ажиглагддаг энэ хандлагад шүүмжлэлтэй ханддаг залуу мэргэжилтний хувиар бичихээр шийдэв.
Төрийн байгууллагын залуухан даргын ярилцлагыг уншлаа. Миний л хувьд урам авмаар сайхан санагдав. Харин сэтгэгдлүүд нь “годгоносон охин” гэж шууд болон дам утгаар бичжээ. Ерөөс хүнтэй маргахдаа маргааны гол асуудлын талаар бус хувь хүн рүү нь чиглэсэн субъектын дайралт хийдэг нь монголчууд бидний гэм биш зан юм шиг билээ.
Социализмын үеэс тогтсон даргын тухай ойлголт, ялангуяа төрийн байгууллагын даргын тухай тогтсон үзэмжийг эвдэх амаргүй. Гэсэн хэдий ч аливаа улс, нийгмийн хөгжил хувьсан өөрчлөгдөж, ахиж дэвших нь цаг хугацааны асуудал төдийгүй жам ёсны үйл явц юм.
Эм хүн төр барих ёсгүй, эр хүн төрийн эзэн гэх мэт хэт уламжлалт сэтгэлгээнээсээ салаагүйгээ түүхээ мэдэж, дээдэлж байна гэж боддог хүмүүс байдаг юм билээ, харамсалтай нь. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөхтэй зэрэгцэн зарим тогтсон хандлага, үзэл санаа ч даган хувьсдаг. Тухайлбал, арьс өнгөний үзлийн талаарх уламжлалт ялгаварлан гадуурхалтыг бид буруушаадаг атлаа өөрсдийнхөө иймэрхүү мухар сүсэг, муйхар үзлийг анзаардаггүй.
Надад заримдаа сайхан төрхтэй эм хүн болж төрөх амаргүй байх даа гэж бодогддог. Тэгээд ухаан хослуулчихвал өөрөө хүссэн ч, эс хүссэн ч “эвэртэй туулай” мэт бусдын ярианы сэдэв болдог биз ээ. Өдийг хүртэлх ном, зохиол, ялангуяа “хувь хүний хөгжлийн” гэх ангиллын бүтээлд “дутуугаа нөхөх, дундуураа дүүргэхийг хүсэх” шаналлын талаар л ярьдгаас бус бусдаас ямархан нэг байдлаар илүү өгөгдөлтэй (хүмүүсийн боддогоор) хүмүүсийн зовлонг нэг их бичдэггүй. Г.Аюурзана абугайн “Сахиуст хангайн нууц”-ын Ягаандарь хатныг эс тооцвол оновчтой бичсэн нийтлэл уншаагүй л байна.
Бидний хэн болохыг хүйс, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн чиг баримжаа тодорхойлно гэвэл өрөөсгөл билээ. Гэснээс, Үндсэн хуульд энэ өгүүлбэр “үндэс”-ээр эхэлдэг боловч бичиж буй нийтлэлтэйгээ холбоотойгоор зориуд “хүйс” гэж урд нь оруулав. Мөн “бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл”-ийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орох болов уу гэж найдаж суусан ч талаар болсон. Юутай ч хүн гэдэг баялаг оршихуйг аливаа тэмдэг нэр, нэр үг төдийхнөөр тодорхойлж, түүгээрээ үнэлж дүгнэнэ гэдэг гунигтай.
Ихэвчлэн залуу эмэгтэйг басахдаа хэрэглэдэг “годгоносон” гэдэг үгийг зорьж тайлбар толиос хартал годгонох гэдэг нь тогтворгүй зан байдал гаргах буюу нэг газраа удаан тогтдоггүй, байж сууж ядсан этгээдийг хэлэхээс гадна сээтгэнэх, аальгүйтэх гэсэн утгыг давхар агуулдаг аж. Бүр “годгоносон охин” гэдэг жишээ байх ба “хурц хөдөлгөөнтэй тогтворгүй охин” гэжээ. Утгыг нь хөөвөөс, тэс өмнөө үгийг шал хөндлөн үед хэлдэг ажээ.
Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг дээ. Ай даа, “годгоносон охид” минь, та нар ямар хүчтэй байна вэ! Үл үзэгдэгч, үл мэдэгч, үл бүтээгчид дайсан үгүй. Хийж байгаа цагт шүүмжлэгч байх нь тодорхой, байх нь ч дээр.
Гэхдээ гагцхүү “чадварлаг залуу “эмэгтэй” мэргэжилтэн” байгаагийнхаа төлөө нийгэмд эрчүүдээс илүү шүүмжлэлийн бай болдог нь гайхаш төрүүлдэг. Нөгөө талаас, нийтлэлийн эхэнд дурдсан төрийн байгууллагын залуухан даргын тухайд төрийн албаны “мерит зарчим”-ыг үл хайхарсан гэж үзэж хүмүүс бухимдаж байж мэдэх юм. Гэсэн ч миний хэлэх зүйл адил. Бухимдлаа илэрхийлж буй тал маргааны гол асуудлаа ярилгүй “годгоносон охин” гэсэн үгээр л “дайрч” байгаа нь ядруухан аргумент юм.
Түүнчлэн, саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой буйгаа зарласан олны танил улс төрч эмэгтэйг мөн л элдвээр хэлсэн. Хамгийн гунигтай нь, боловсрол, мэдлэг, бодлогынх нь талаар хэн ч дуугараагүй бөгөөд гагцхүү гадаад нөхөр, өмнөх дарга, хүйс гурав дээр л төвлөрч байв. Дээр дурдсанчлан, бид хэн нэгэнтэй маргахдаа объектив байдлаар бус субъектив байдлаар хандах нь түгээмэл бөгөөд энэ хандлага Аппрентис шоунаас хүртэл харагдана. Магад гоочлох зүйл олохгүйдээ аргаа барсан өчүүхэн, ядмагхан хандлага байж мэднэ ээ.
Тэмдэглэлийн эхэнд оруулсан гэрэл зураг болбоос гэрэл зурагчин Ш.Отгонжаргал хэмээх эмэгтэйн “Туфль” нэртэй бүтээл юм. Арван жилийн ангийн хүүгийн маань ээж, гэрэл зурагчин гэж хальт мэдэхээс бүтээлүүдийг нь төдийлөн үзэж байгаагүй ч дээрх зураг ихэд таалагдсаны дээр бичиж буйд маань тохирох ажээ.
Өмнө нь ч бичиж л байсан ч дахиад бичихэд би ФЕМИНИСТ биш билээ. Өөрийгөө феминист гэх зарим эмэгтэй феминизм гэдгээ хүйсийн тэгш байдлын талаарх үзэл гэдгээ ч ойлгоогүй байх нь элбэг бөгөөд эр хүйстнийг үгүйсгэх ташаа үзэлтэй байдгаас тэр үү, эсхүл ерөөс “-изм”-д баригдчихаар хайрцаглагдчихдагийг хэлэх үү, феминист бол биш ээ. Гэсэн хэдий ч хүний эрхийн мэдрэмжтэй нийгмийг бүтээхэд бүхнээ зориулна аа л гэж боддог. (Өөрийнхөө замаар)
Магад би ч бас хэн нэгний хувьд “годгоносон охин” байж мэднэ. Эсвэл ирээдүйн замналд маань ингэж бодох хэн нэгэнтэй таарч л таарна. Гэвч үнэндээ “годгоносон охид”-ыг дардан биш боловч илүү олон бээрийн, урт зам, тэгээд тэр замын төгсгөлд заавал нэг сайхан зүйл хүлээж байгаад итгэнэ.
Бэрхшээл, нугачаанаас айж, хойш суугаад өөрийнхөө амрыг бодох нэгнээс “галын шугам”-руу ордог, хийдэг, бүтээдэг, зүтгэдэг, алддаг, шантардаг, гэсэн ч эргээд босдог, дахиад эхэлдэг, суралцдаг оршихуйд илүү татагддаг болохоо сүүлийн үед их ойлгож байна. Мэдээж, амжилтад хүрэлгүй “намуухан” оршиж болно оо. Гэхдээ намуухан амьдрах хийгээд гараа хумхин суух хоёр ялгаатай юм шүү.
1930-аад онд “… ард түмний хэргийг хөгжүүлэх асар их зорилгыг гүйцэтгэхүйд амь биеэ бэлтгэж, агуу их зоригоор зүтгэх нэгэн тулгар хүчин болж, эмэгтэйчүүд эрх тэгштэй болсон нэр сүрээ бум түмэн онд мандуулан бататгахыг эрмэлзвээс зохимуй” хэмээсэн Д.Дунгаржидын үгээр тэмдэглэлээ төгсгөе.
Tserendolgor Saintur, Jan 2021.