Миний (бидний) мэдэрч байгааг мэдэрч байна уу?

Tserendolgor Saintur
Kolekto de Feelings
2 min readJan 30, 2021
Зам зуурын дэлгүүр (2009 он) on Mongolian Visuals

Лаптопдоо программ татаж дуусахыг хүлээнгээ үүнийг товшиж сууна. Дээрх зургийг нээрэн @MongolianVisuals инстаграм хуудсаас харж болно. Уг нь аравхан жилийн өмнө атал бидний амьдардаг ертөнц хэчнээн хурдан өөрчлөгдөж орхисныг бодоход сонин.

Зуслангийн зам. Зуны орой. Борооны дараах чийгийн үнэр. Маскгүй хүмүүс. Ховорхон интернет. Гэр дүүрэн яриа. Миний мэдэрч байгааг мэдэрч байна уу?

Юм яаж ч муугаар эргэсэн, сайн тал руугаа л явж байдагт итгэдгийн хувьд жамаараа яваа ертөнцтэй тэрсэлдэх бодол байхгүй л дээ. Гэхдээ хаа ганц ингэж “носталжик” мэдрэмжид “хөвж” суух нь таатай. Живчихгүй л бол ийм дурсамж муугүй шүү.

Намайг багад (2009 онд би ид өсвөр насны охин байсан тул ингэж ярихад зүгээр гэж бодож байна) манайх зуслангийн байшингүй айл байлаа. Угийн хөдөө өссөн, зун болмогц хөдөөг зүглэдэг миний хувьд үеийнхнийхээ ярьдаг “лагерь” гээчтэй тэр жил л анх “танилцсан” юм. Авга эгчийн маань хадмууд байх Шаргаморьтын зусланд хоносон хоёр хоногийг би тод санадаг. Миний мэдэх “хөдөө”-гөөс өөр, моддын дунд буйдхан хэрнээ дулаахан хувийн сууцнуудаар дүүрэн, сагсны талбайтай, эргэн тойрон хүүхдийн дуугаар тасрахгүй сонихон, гоёхон орчин байсан сан.

Зожиг, бүрэг дээрээ танихгүй хүмүүсээс бүр бишүүрхүү тул хүмүүстэй ярилцах нь бус, орчин тойрноо ажих нь миний амгалан байж билээ. Эргээд харахад, насандаа “томдсон” хүүхэд байж гэмээр. Ажлын шаардлагаар одоо зожиг, бүрэг байхаа больсон нь мэдээж. Гэвч интроверт байх минь хэвээр. Интроверт байгаагаасаа санаа зовохоо больсон нь харин сайхан. Дутуугийн мэдрэмж, юутай, ийтэйгээ өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд бага багаар суралцаж байна.

Өдөр тутамдаа амны хаалт зүүсээр байгаад сүүлдээ энэ маань “шинэ хэвийн” мэт санагдах боллоо. Масктай, маскгүй хэн бүхэн ямархан нэг “масктай” л насыг бардаг хойно гэж уянгалж бодож болох. Гэхдээ л амны хаалтгүй ярьж, инээж, амьсгалж асан өдрүүд ямар эрхэм байгаа вэ!

Бүх юм түр зуурынх учир “хэвийн” өдрүүд эрт орой нэгэн цагт эргээд ирэх нь тодорхой. Тэр үед нь энгийн өдрүүдээ голохгүй байх тухай. Юмс ихэнхдээ төсөөллөөс өөрөөр өрнөдөг бодохоор “эгэл бус” маягийн зүйл хүсэх бидний шуналаас эдгээр өдрүүд үүсэлтэй байж мэдэх. Тийм учраас л ийм “завсарлага” хүн төрөлхтөнд хэрэгтэй биз ээ.

Гэснээс, аав ээж, өвөө эмээгийн үеийнхний амьдрал, бидний хүүхэд нас өрнөсөн цаг үе, нийгэм, орчин тойрон одоо хэрхэн өөрчлөгдөж байгааг 2000-аад оны хүүхдүүд харах хэрэгтэй гэж боддог. Гэвч Mongolian Visuals хуудсыг яг ийм зорилгоор нээсэн гэж шууд хэлэхэд хэцүү л дээ. Ердөө л хуучны баримтат гэрэл зураг, соц үеийн архитектор, 2000-аад оны дуу хөгжимд дуртай нөхрийнхөө хамтаар хүсэл зоригоо дагаад л нээчихсэн хэрэг. Харин хуудасны хүртээмж нэмэгдэхийн хэрээр зорилгоо томоор харж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдсэн хэрэг. Энэ тухай жичдээ бичнэ ээ.

Программ татаж дууссан тухай мэдэгдсэн цонх гарч ирмэгц өнөөх носталжик мэдрэмжүүд аль хэдийн явж оджээ. Утгатай ч юм шиг, үгүй ч юм шиг тэмдэглэлээ энд дуусгаад ажлаа хийе.

January 2021

--

--