Дотроо дүүрэн бол…
Монголчууд бид (өөр газрын ард түмнүүдийн сэтгэхүйг ярих гэхээр мэдэхгүй тул өөрсдийнхөө тухай л бичье) ямар нэг хэмжээгээр үргэлж стресстэй, бухимдаж явдаг нь үнэн байж мэднэ ээ. Тэгээд түүнээ хэзээ ч, хэнд ч хамаагүй гаргахад бэлэн. Тэсэж, тэсэж нэг л өдөр энэ бүхэн дэлбэрнэ. Тийнхүү дэлбэрэхээс юу биднийг хамгаалах вэ?
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 30 дахь жилийн ой энэ жил тохиож буй. Аливаа ой, тэмдэглэлт жилийн хүрээнд арга хэмжээ зохиох нь бичигдээгүй хууль. Тийм арга хэмжээний нэг нь шатрын тэмцээн байв. Үе үеийн парламентын гишүүд, Тамгын газрын ажилчид дунд зохиогдсон шатрын тэмцээний мэдээн дор дийлэнх нь сөрөг сэтгэгдэл. “Ямар гавьяа байгуулаад шатрын тэмцээн хийж байгаа юм?”; “Өөр хийх юм их л байх юм, яасан дүүрсэн н***нууд вэ!” г.м. Ийм сэтгэгдэл бичсэн хүмүүс ч хаа нэгэн газар ажилладаг л байж таарна. Байгууллагынх нь хувьд чухал ой болвол тэмдэглэдэг л байж таарна. Гэлээ ч 5 дахь өдөр бүрийг баяр болгох шалтаг хайж тэмдэглэдэг хүмүүс шүү дээ, бид.
Зүгээр л бүгд ямар нэгэн хэмжээгээр бухимдал тээж явдгийн л жишээ байж мэднэ. Хамгийн гунигтай нь, бид уураа гаргах ёстой хүндээ гаргадаггүй, нүд рүү нь эгцэлж хараад “ийм болохоор миний уур хүрээд байна” гэж хэлж чаддаггүй. Магад угаасаа мэдрэмжээ ажиглаж, ойлгодог ч үгүй байх. Тухай бүрд нь уурын мэдрэмжээ дарж чадаагүй, зүгээр залгиад өнгөрчихдөг учраас эдгэрэл бус шарх үлдэнэ. Тийм болохоор хэзээд түүнээ сэдрээхэд бэлэн, хэн нэгэн, ямар нэгэн зүйл рүү гаргахад бэлэн явдаг биз ээ.
Замын түгжрэл, өрхийн санхүү, ахуйн дарамт, ажлын ачаалал… Хүрээлэн буй орчин, нийгмийн асуудал нь өөрөө их юм болохоор дотооддоо тайван байя гэвч боломжгүй санагддаг байх. Өөрөөсөө буруу эрж, гаргалгаа олж, шийдэл хайх нь хамаагүй хэцүү тул өрөөлийн бурууг харж, мишок болчих нэгнийг хайх нь илүү амар. Ингээд л биднийг тойрсон тамын тогооны үлгэр, уур бухимдлын гинжин холбоо үүсдэг болов уу.
Сэтгэл санаа бухимдуу байгаа нь өглөө ажилдаа хоцорсных. Ажилдаа хоцорсон нь замын түгжрэлийнх. Замын түгжрэл Засгийн буруу шийдвэрийнх. Ажил бүтэхгүй байгаа нь эхнэр/нөхөр үглэснийх. Үглэсэн нь хүүхдүүдийн дийлдэхгүй шуналынх…
Тоочоод байвал дээрх “шалтгаан” дуусахааргүй байгаа биз? Буруутан олох нь хамгийн амархан арга ажээ. Гээд тайвшруулах нь юу л бол. Амьдрал хэдэн зуун жилийн өмнө учиргүй гоё байгаад одоо л ийм болчихсон гэж би боддоггүй. Амьдрал магад угаасаа л ийм байсан. Хүн байгаа газар сэтгэл хөдлөл, мэдрэмж байж л таарна. Тэндээс асуудал үүсэх нь тодорхой. Тийм ээ, бүх цаг үеийн турш хүн төрөлхтөн таарсан ачаагаа үүрч яваа.
Хэзээ ч дуусахгүй энэ сөрөг гинжин хэлхээг гагцхүү бид дотоод сэтгэлээ тайван байлгаснаар л таслах боломжтой болов уу. Дотоод сэтгэлээ тайван байлгана гээд учрыг нь ч олоогүй бясалгал, йог хийнэ гэсэн үг биш ээ. Хүн бүрийн тайвшрах арга ялгаатай. Тэр аргаа л олох хэрэгтэй.
Миний л хувьд, бясалгал хийдэг болохоос өмнө тайвшрах арга маань “бичих” байлаа. Одоо ч заримдаа тийм. Бухимдалтай байгаа үед цээжний голд халуу дүүгсэн мэдрэмж төрдөг. Сайн ажиглавал, бүх бодол ямар нэгэн мэдрэмжийг биед үүсгэдэг юм билээ. Бухимдалтай байгаагаа мэдэрмэгц, хамгийн түрүүнд, үнэхээр бухимдалтай байгаагаа хүлээн зөвшөөрөхийг хичээдэг дээ. “Миний уур хүрээд байна” гээд өөртөө хэлдэг. Эсвэл нөхөртөө. Гэхдээ сөрөг мэдрэмж мөн өөртөө асар их эрчмийг агуулж байдаг тул тэр эрчмээ ямар нэгэн үйлд хувиргах нь их зүгээр санагдсан. Хэрвээ мэдрэмжээ эсхүл амьсгалаа ажиглаад хөдөлгөөнгүй сууж чадахааргүй байгаа бол ямар нэгэн бүтээлч үйл хийх нь бухимдал тайлах арга.
Ерөөс, хариултыг гаднаас бус дотроосоо эрэх нь хавь илүү дээр гэж хэлэх гэсэн юм. Гэрээ цэвэрлэх, юм угаах, бичих, хөгжим сонсох, алхах, бясалгах, дасгал хийх… Юу ч байж болно. Нэг л мэдэхэд уур бухимдал хаашаа ч юм алга болчихсон, шал өөр зүйл бодож байх вий.
“Нийгэм өөрөө сөрөг зүйлээр дүүрэн байхад ямар эерэг зүйл хүлээгээд байгаа юм бэ?” гэх утгатай нийтлэл Ч.Ганжавхлан ахын постоос уншсан. Үгүйсгэхгүй ээ, санал нийлнэ. Бухимдмаар, өр өвдмөөр асуудал хаа сайгүй. Нүдээ аниад өнгөрөх нь буруу төдийгүй бугшсан идээ бээрийг шахаж гаргаж ирэх нь зөв. Гэхдээ гутрах шаардлага үгүй. Бид нийгэм бүрийн туулдаг замыг туулж яваа учраас. Гагцхүү илүү гэрэлтэй маргаашд арай дөт замаар хэрхэн хүрч болохыг эрэлхийлэх нь дээр. Тиймээс, Лантуун Дохио, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын хөдөлгөөн, хийж буй үйлийг дэмжих ёстой юм. Сөрөг асуудлыг гаргаж ирж, шийдэл эрэлхийлж байгаа нь өөрөө эерэг арга учраас. Харин үүнийг нь ойлгохгүй, “өөдрөг сэтгэлгээ” ярих нь жинхэнэ адгийн хэрэг болох билээ.
Харин “өөдрөг сэтгэлгээ” нь энэ асуудлын чухам хаана хэрэгтэй вэ гэвэл сөрөг мэдээллийг шингээж аваад, эрүүлээр, бодитой арга зам хайхад хэрэгтэй.
Та нарт л гэхэд, эцэс төгсгөлгүй үргэлжлэх олон мянган мэдээллийн урсгал, зогсолтгүй хөгжих технологийн эринд яажшуухан “тэнцэнэ дээ” гэх айдсаас намайг нэг бодол авардаг. “Бүх зүйл мөнх бус!” Иймээс юунд ч яарах, хэн нэгэнд ямар нэгэн юмыг баталж харуулах шаардлагагүй. Юунд ч алба үгүй.
Харин зүгээр л “амьдарч амжих” (Г.А) хэрэгтэй!
November 2020, Tserendolgor Saintur