Үхэр тэргээр явагч

Tserendolgor Saintur
Kolekto de Feelings
3 min readNov 12, 2020
Tserendolgor Saintur ©2020

Энгийн байх, гунигтай, хатуу, бардам явахын учрыг

Энэ үеийнхээ цэцэрхэгчдээс илүү би мэднэ

Өдөр бүрийн амьдралыг өвдөж, өвчнөөн давж мэдрэхэд

Өндөр утга, эгэл үнэн оршдогийн учрыг мэднэ

Ердийн хямд зугаанд бид сохорч, зовлонд тэнцэхээн больдог

Ертөнцийн, гэгээрэх, мунхрахын үл үзэгдэх хуулийг үзэгдэх болтол жижгэрдэг

Адгуусан дунд ч байдаг амгалан, цэцэн, жинхэнэ зохирол

Анд нөхөд, тамхины утаан дунд алга байгааг мэднэ

— Б. Одгэрэл

Их сургуулийн төгсөх жилүүдэд шүлэг уншихаа бараг болиод, ажилд ороод, ээж болсноос хойш бол бүр сөхөж харахаа байсан юм. Хаа нэг хуучин номуудаа эргүүлнэ.

Ээж болох нь өөрөө яруу найраг гэх нь ч хаашаа юм, магад зүгээр л бодит ахуйдаа гүйцэгдээд гэх үү, бясалгал хийсээр дэврүүн мэдрэмжүүд бага багаар намжиж буйг ч хэлэх үү, шүлэг гэдэг миний хувьд юуг ч илэрхийлэхээ больсон байв.

Харин яг энэ өдөр юу юунаас илүү үгүйлэгдсэн зүйл бол шүлэг, тэр дундаа Б.Одгэрэл ахын дээрх мөртүүд байлаа. Буйдхан өрөөнд хаалгаа түгжиж аваад Ким Ки Дукийн “Хавар, зун, намар, өвөл… бас дахин хавар”-ыг үзээд л хэвтэж баймаар өдөр.

Энгийн байх, гунигтай, хатуу, бардам явахын учрыг Б.Одгэрэл ахаас асуумаар санагдана. Анх энэ шүлгийг уншихдаа өөрийгөө шүлэг бичигчийн оронд аятай мэдэрч уншсан бол өнөөдрийн би өөрөө ч мэдэлгүй, “цэцэрхэгч” болоод хувирсан байж мэдэх учраас тэр шүү дээ.

Ажил хийгээд “томчуудын” дунд ороод ойлгосон зүйл бол “Өөрийн бодол өөртөө ганцхан зөв байдаггүй”. Бусдад санаагаа ойлгуулж, бодлоо хүлээн зөвшөөрүүлж чадахгүй бол миний бодол надад л үлдэнэ. Мөн хүмүүс бусдыг хийж бүтээснээс нь илүү тэрхүү хийснийх нь үр дүнгээр л дүгнэдэг ажээ. Мянга хийх гэж оролдсон үйл явц, хичээл зүтгэл чинь бусдад хамаагүй. Тодорхой үр дүнд хүрч чадаагүй л бол чиний ажил юу ч биш. Гунигтай байгаа биз?

Үгүй тэгээд гунигтай ч юу байх вэ, угаасаа ийм л байдаг биз ээ. Гэхдээ л өөртөө нэг зүйлийг хатуу амласан. “Зорилгодоо хүрэх арга нь зөв байх учиртай шүү” гэж. Үр дүнд хүрч л байвал ямар ч хамаагүй аргаар гэдэг зарчим бол минийх биш юм байна. Харин тойруу замаар, үхэр тэргээр байсан ч хамаагүй, өөртөө үнэнч үлдэх, өөрийгөө хуурахгүй байх сонголтуудыг хийж, бариандаа хүрэх юм шүү!

“Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна” гэж нийтлэлч Д.Боролзойн бичсэн шиг л.

Өөрөөсөө олж нээсэн бас нэг зан чанар нь, би өөрийнхөө бодсон шиг тийм ч хүлцэнгүй нэгэн биш юм байна билээ. Гэвч бас айхтар хор шар ч үгүй. Ямартай ч нэлээн “амбицтай” болохоо мэдэв. Харин тэр амбицдаа гагцхүү өөрийнхөө жимээр явж, өөрийнхөө аягаар ууж л хүрэх юм шүү гэсэн бодолдоо итгэлтэй болсон.

Үхэр тэргээр явагч гэж өөрийгөө тодорхойлсны учир нь хэдий туулай байх нь сайхан ч үхэр тэргээсээ буухыг хүсэхгүйд оршино. Туулайнууд шударга бус загнаж, тэрэгний минь дугуйг цооловч дугуйгаа нөхөх эсхүл сэлбэж аваад л замаа үргэлжлүүлнэ дээ. Туулайнууд бариандаа түрүүлээд хүрч л байг, дугуйг минь цоолсонд өсөрхөж гомдолгүй сайн сайхныг л ерөөгөөд өөрийнхөө мөрийг хөөх болохоор.

Юм бүхэн өөрийн цаг хугацаатай гэсэн Михаил Горбачевийн үг одоо ч бодогдоно.

Ай, тэмдэглэлийн минь төгсгөлд дахиад л шүлгийн мөр.

Зүүн далавчин дээрээ чиний хумсны сорвитой ч

Зүгээр дээ, би ниссээр л байна…

— Б.Б

November, 2020, Tserendolgor Saintur

--

--