The Queen’s Gambit

Tserendolgor Saintur
Kolekto de Feelings
4 min readNov 15, 2020

Гамбит бол “дэгээдэх” гэсэн Итали үг бөгөөд гамбитаар тоглоход аль нэг тал нь гараа эхлэхэд нэг хүүгээ, бүр цаашилбал хэд хэдэн хүүгээ өгөөш болгон өгөөд, өрсөлдөгчөөсөө түрүүлж санаачилга аван төвийг эзлэн довтлох явдал болохыг “Гамбит” номдоо зохиогч Ч.Хүрэлбаатар тайлбарласан байна.

Бэрсийн гамбит буюу The Queen’s Gambit хэмээх энэхүү 7 ангит цувралыг 1983 оны ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

The Queen’s Gambit by Walter Tevis (1983) First edition.

Ном нь сэтгэлзүйн триллер төрөлд хамаарах боловч киног нь би тэгж хэлэхгүй ээ. Эхний 2 ангийг л магад энэ төрөлд хамааруулж болох юм. Сүүлийн ангиудыг илүү олон хүнд хүргэх үүднээс арай “хөнгөн” болгосон байж мэднэ ээ. Гэхдээ авууштай нь, “crisp cinematography” киноны туршид байсан. Дөнгөж үзмэгц Элизабет Хармон гэх бодит хүн байсан мэт сэтгэгдэл төрсөн нь киноны зохиол, хийц хэчнээн сайн болохыг илтгэнэ. Гэвч энд киноны шүүмж (рэвью) бичихийг хүссэнгүй. Гагцхүү юуг ч хамаагүй бичихгүй л бол боломгүй мэт санагдсан болохоор бичиж сууна. Үзээгүй нэгэнд нь “шифи” өгөхгүй байх үүднээс доорх хэсэгт аль болох үйл явдлыг нарийн өгүүлэхгүйг хичээлээ.

Товчхондоо, 1960-аад оны шатар гагцхүү эрчүүдийн “ертөнц” байсан тэр үед давж зүрхлэмгүй босгыг давж, оргилд нь хүрсэн гэж болохоор төдийгүй тухайн үеийн (магад энэ цаг үед ч хэвээр) хамгийн шилдэг тоглогч болох ЗХУ-ын тамирчин, шатрын Их мастерыг хожиж байгаа эмэгтэйн тухай бүтээл юм.

Корнеллийн их сургуульд математикаар докторын зэрэг хамгаалсан ээжтэйгээ хоёулхнаа амьдарч асан охин гэнэт л өнчин хоцорч буйдхан хотын асрамжийн газарт амьдрах болсноор, чухамдаа асрамжийн газрын манаачийг шатар тоглохыг харж, үл мэдэгдэх тэр тоглоом яагаад ч юм түүнийг ховсдон татсанаар бүх юм эхэлдэг.

Мөн сэтгэлд дотно олон дүр кинонд бий. Чухам тэр дүрүүдийн ачаар Элизабет Хармоны зам дардан бус байлаа ч буруу эргэж байсангүй. Шатар анхлан заасан, хэнд ч, хэзээ ч анзаарагдаж байгаагүй, магад анзаарагдахыг ч хүсдэггүй, тэрүүхэндээ намуухан амьдарсаар буцсан Шайбел манаач, сэтгэлдээ ямархан нэг зүйлээр үргэлж дутуу мэт амьдарсан ч өргөж авсан охиноо бүхнээр дэмжсэн Алма, асрамжийн газрын зэврүүн өдрүүдэд найз болсон Жоулин, тоглолтоороо, үгээрээ, үйлдлээрээ багш, нөхөр болсон Харри, Бенни, Таунс, Боргов зэрэг эрчүүд.

Эрчүүдийн ертөнцөд эргэлт хийж буй эмэгтэйн тухай гэхэд хаа очиж хүйсийн ялгаварлал гараагүйд үнэндээ талархсан шүү. Хэдий орсон тэмцээн бүрдээ тоон доторх үсэг мэт содон харагдавч ялагдсан өрсөлдөгчид нь “эмэгтэй” гэдэг үүднээс ялгаварласан эсхүл хүлээн зөвшөөрөхгүй байдал огт гаргасангүй. Шатрын Их мастер ЗХУ-ын тамирчин Боргов хүртэл ялагдлаа эелдэгээр хүлээн зөвшөөрч байгаа нь сайхан. Магад шатар өөрөө оюуныг задалж, ухааныг тэлдэг биз ээ.

Үнэхээр л ЗХУ-ын тухай аятайхнаар дүрсэлсэн барууны цөөн киноны нэг гэж болох юм. Тэр нь олон зүйлээс харагдсан. Бенни Бетээс “Оросууд яагаад дэлхийн хамгийн шилдэг шатарчид байдаг гээч?” гээд “Багийн тоглогчид байдаг учраас. Ялангуяа хойшлогдсон тоглолтын үеэр нэгэндээ гарах гарцыг зааж өгдөг. Харин америкчууд бид индивидуалистууд гээд ганцаараа тоглодог. Хүнээр туслуулах дургүй учраас” гэснээрээ оросуудыг магтаж байгаа юм. Мөн манай эмэгтэй ямар ч тоглогчоос эмээдэггүй атал Борговоос эмээх бөгөөд түүнийг хожих, ЗХУ-д очих нь шатрын замналынх нь зорилт гэж болохуйц. Боргов нь ч түүний хүлээлтэд хүрсэн үнэ цэнтэй тамирчин, “том” хүн байв. Түүнчлэн, нийгэм, улс төрийн байдлаас шалтгаалан ЗХУ-д хэн дуртай нь очих боломжгүй, очлоо ч зардал өндөр үе тул Христийн нийгэмлэгээс зардлыг нь даахыг санал болгодог. Учир нь Марксист-Ленинист үзлээр “шашин бол хар тамхи” болохоор атеистуудыг хожих нь шашнаа мандуулж буй хэрэг болохыг Бетэд тайлбарлахад мань Бет “би шатарчин болохоос Христ итгэлтэн биш” гэсэн утга бүхий хариулт өгдөг.

Ерөөс бид л юмыг хайрцаглаад байдгаас бүгд махан биет, цусан зүрхт хүн юм. Капиталист, социалист, Христиан, атеист зэрэг хайрцганд бид өөрсдөө орох дуртай ажээ. Харин Бет, Боргов нар тэр хайрцгаас ангид учраас л нэгнээ шатарчны үүднээс, хүн ёсоор хүлээн зөвшөөрч чадав.

Нэр алдарт хүрсэн, суу билигт эрхмүүдэд ихэвчлэн тохиодог сэтгэцэд нөлөөт эм, архины хамаарал Бетийг ч мөн тойрдоггүй. Гэвч нийтлэлийн эхэнд дурдсан өнөө сэтгэлд дотно дүрүүдийн ачаар тэр зуршлаа хаяж чаддаг билээ. Хэлбэрээрээ л жаахан ялгаатай ч хэн бүхний замналд тийм үе байдаг даа. Нэг тийм “гацалт”-ын үе. Өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ хамгийн сайнаар хийвч хүсээгүй үр дүн гарч улмаар урам хугарч зориг мохдог өдрүүд. Хачирхалтай нь тийм үед нэг бүдэрсэн биш долоо дараалж бүдрэх нь бий. Харин түүнээ туулж чадах эсэхээс л бүх зүйл хамаарна.

Ай, үнэхээр “бүтээл” байв шүү. Хөгжим, дууны сонголт, дүрслэл, дүрүүдийн илэрхийлэл, үйл явдал, шатрын тоглолтууд. Бүхий л талаараа таашаал өгсөнд талархам.

Муухан боловч нүүж мэддэг, гүехэн боловч дур сонирхолтой юм болохоор шатрынх нь өргүүдийг илүү шимтэж үзэв. Бага сургуулиасаа хойш огт тоглоогүй намайг “чи шатар тоглохоор царайтай” гэсэн төдий шалтгаанаар байгууллагаа төлөөлж шатрын тэмцээнд орохыг даалгасан тэр өдөрт бас баярлах шиг. Утгагүй, марзан яриа байсан ч “шатар тоглодог царайтай” харагдсандаа анх удаа талархах сэтгэл төрөв. Шатарт “гүехэн” ч атугай шимтэх сэдэл төрүүлсэн тэр өдөрт, “гүехэн” бус “гүн” шимтэн дурламаар санагдуулсан энэ кинонд талархмаар!

Би феминист биш л дээ. Феминизм гэж юу болохыг ч бүрэн ойлголгүй, сиймхий гарвал эрчүүдтэй маргаж явдаг зарим хүнийг харахаар тэр тусмаа феминист баймаар санагддаггүй юм. Угтаа бол феминизм гэдэг нь гудамжинд гараад хөхөвчөө тайлахын нэр биш бөгөөд ердөө хүйсээс үл хамааран эрх тэгш оршихын нэр билээ. Гэхдээ энэ киног феминизмийн талаар өгүүлэх даацтай бүтээл гэж хэлнэ ээ. Учир нь, Элизабет Хармон хэрэв эрэгтэй хүн байсан бол тэр шилдэг шатарчин л байхаас шинэ түүх бүтээгч, киноны гол дүр болохгүй байсан байж мэднэ.

Дуртай зүйлээ хийх явцдаа өөрийгөө нээж, хүлээн зөвшөөрч, бусдад мөн хүлээн зөвшөөрөгдөж байгаа шатарчин эмэгтэйн түүхийг үзээд төрсөн сэтгэгдэл энэ болой. Гэснээс, гудамжинд шатар тоглоцгоох орос өвгөчүүлийн хэсэг их сэтгэл хөдөлгөсөн.

Бетийн дүрийг бүтээсэн Аня Тэйлор Жой хэмээх энэ охины тоглох кинонуудыг үүнээс хойш алдалгүй анаад суучихна аа!

Өөр юу ч хэлэх вэ, үзэхийг л санал болгоё!

November, 2020, Tserendolgor Saintur

--

--