БЛОГ #1: MESA-Rebrand the game

Ganbaatar Erdenee
MESAHQ
Published in
3 min readJan 9, 2021

2003 он. Энэ бол Counter Strike тоглоом гарсанаас 4 жилийн дараах, харин Icefrog DOTA-ын анхны мапаа олон нийтэд зарлахаас даруй 2 жилийн өмнөх цаг. Монголын одоогийн испортын голлох төрөл болсон хоёр тоглоомтой дээрх он цагийн шатлалтайгаар 2003 онд Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA мэндэлж байлаа.

Түүнээс хойш тухайн тоглоомуудыг анх гарсан хувилбараасаа танигдахгүй болтлоо өөрчлөгдтөл нь, хэдэн сая долларын шагналын сантай мэргэжлийн спорт болтол нь хамт MESA оршин тогтносоор хэдийнээ 18 жилийг үджээ. Энэ хугацаанд испортын төрөл бүрт дотоодын чанартай албан ёсны тэмцээнүүдийг зохиож, дэлхийн болон олон улсын албан ёсны холбоодуудад Монгол улсын нэрийг данслуулж, амжилттай бас алдаа оноотой жилүүдийг ардаа үдсэн байна.

MESA оршин тогтносоор хэдийнээ 18 жилийг үджээ.

Холбоо гэдэг төлөөлөл бол тухайн улсын тус спортын эв нэгдлийн илэрхийлэл, бат бөх тогтвортой байдлынх нь үнэт багана, байнгын өсөж хөгжих хөдөлгөөнийх нь гол амин сүнс болдог билээ. Тэгвэл энэхүү хугацаанд хадгалсан өнгө төрх, нүүр царай өнөөдөр солигдож байна. Гэхдээ зорилт, зорилго, мөрөөдөл нь хэвээр үргэлжилсээр…

Дээр дурдсанчлан холбоо бол тухайн спортын бат бөх нэгдлийн илэрхийлэл, үргэлж сайжран дэвших, өөрчлөлт хөдөлгөөнтэй байхын гол суурь юм. Тэр ч утгаараа бид MESA-ийг Монголын испортын бат эв нэгдэл, мөнхийн хөдөлгөөн (хөгжил дэвшил) зэргийг бэлэгдэж алхан хээгээр илэрхийлж байна.

“Алхан хээ” бол Монголын эртнээс уламжилсан хээ бөгөөд унага тугалын зэлний чагтнаас санаа авсан гэдэг. Үүрд бат бэх, мөнхийн хөдөлгөөнийг бэлгэддэг учраас хүрээлэн хамгаалах утгаар аливаа зүйлийн хүрээ болгон хээлдэг.

Бид MESA-ийг Монголын испортын бат эв нэгдэл, мөнхийн хөдөлгөөн (хөгжил дэвшил) зэргийг бэлэгдэж алхан хээгээр илэрхийлж байна.

Strong Alliance, Eternal Movement — SAEM to MESA

Мөнхийн хөдөлгөөнийг хадгалдаг учир хүний амьдрал ямагт мөнх, үргэлжийн хөдөлгөөнд байхын бэлгэдэл юм. Тэр ч утгаараа спортын холбоо тухайн экосистемд хамаарагдаж буй бүх оролцогч талуудыг бүгдийг нь дэмжиж, хамтын ажиллагаа явуулж, өргөн өнцгөөр харж, үргэлжийн хөдөлгөөнтэй дэвшилтэй байх ёстой гэдэг үүднээс энэхүү шинэ өнгө төрх, илэрхийллийг танилцулж байна.

MESA-ийн логоны хувьсал

Бидний энэхүү шинэ өнгө төрх, илэрхийлэл цаашдаа зөвхөн холбоог төдийгүй Монголын испортыг олон улсын тавцанд илэрхийлж, дэлхий даяар он удаан жил дасал болох тэрхүү төрх, бэлэгдэл, илэрхийлэмж байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэм.

Хүндэтгэсэн,

MESA HQ

Video by MESA, Logo&branding by Brainstorm Branding Agency

--

--