Монголын Махны Үнэ — Хугацаан Цувааны Таамаглал

70 сая малтай улсад, махны үнэ өссөөр байна

Robert Ritz
Jun 6 · 9 min read

For the English version of this article click here. You can find the data and Jupyter Notebook for this article on Github here.

Улаанбаатар хотод 2018 оны 9 сараас хойш 1 кг хонины махны дундаж үнэ 35 хувиар (үхрийн мах 26 хувиар) өссөн. Мэдээллийн эх сурвалжууд энэхүү үнийн өсөлт, хөөрөгдөл цаашлаад махны нөөц хомсдолын талаар ихээхэн сенсацалсан билээ. Хэвлэн нийтлэгчид ихэвчлэн “Тэнгэрт тулсан үнэ” хэмээх утга бүхий гарчигтай нийтлэлүүд бичсэн байлаа. (Ikon.mn-ы онцлох сонин өгүүллийг доороос үзнэ үү). Миний бие махны үнэ яагаад дээд цэгтээ хүрснийг зах зээлийн хүчин зүйлстэй холбон тайлбарлахыг оролдлоо.

Монголын Махны Зах Зээлийн Талаар

Монголын хувьд махны үнэ нь улирлын чанартай бөгөөд хавар нь өсч намар нь буурах хандлагатай байдаг. Мах нийлүүлэлт нь нийт хүн амын 30 хувь болох малчдаас ирдэг. Гэвч малчдын мах нийлүүлэлтийн үйл явц нь барууны орнуудтай харьцуулахад харьцангуй өөр байдаг. Тэдний зан төлөв нь ихэвчлэн мал сүргийн эрүүл мэнд болон улирлын чанартай төрөл бүрийн сорилт, бэлтгэлээс хамаарч өөрчлөгддөг.

Малчдын зан чанарын тухайд өвлийн улиралд зуд болон олон тооны мал хорогдохоос сэргийлж намрын улиралд малаа их хэмжээгээр борлуулдаг. Хаврын улирал буюу мал төллөлтийн цагт малын тоо толгойг өсгөх зорилгоор тийм ч их хэмжээгээр малаа зардаггүй. Зуны улиралд төллөх малын тоо толгой мэдэгдсэнээр хээлтэй малнаас бусад малыг зарж эсвэл нядалгаанд оруулдаг. Мэдээж бүх малчдыг хамруулж яриагүй ч эдгээрх дүгнэлтүүд нь миний ажигласнаар түгээмэл зан чанарууд юм.

Энэхүү циклээс дүгнэхэд улирлын чанартай үнийн өөрчлөлт нь голчлон махны нийлүүлэлтээс хамаарч байна. Махны үнэ намар буурч, өвөл хамгийн багадаа хүрч, хавар бага багаар өссөөр, зун хамгийн оргил цэгт хүрдэг.

Мах нийлүүлэлтийг хэвийн хангахын тулд засгийн газраас махны үнэ бага үед их хэмжээгээр мах худалдан авч хөлдөөн нөөцөлж, нийлүүлэлт багасах үед зарах бодлого явуулдаг. Энэхүү бодлого нь хэдэн жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн яамны сайд саяхан зах зээл дээрх нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх болно хэмээн мэдэгдэл гаргасан. Гэвч энэхүү бодлого нь хэрхэн үр өгөөжтэй ажиллаж байгаа талаарх бодит үзүүлэлт одоогоор тодорхой бус байна. Нөөцийн мах нь хэдэн сарын турш хөлдүү хадгалагдсан байдаг учир миний ажигласнаар зах зээл дээр тийм ч хүсэмжит бүтээгдэхүүнд тооцогддоггүй байна.

Махны экспортын өсөлт нь үнийн өсөлтөд нөлөөлсөн үү?

Монголын махны зах зээлийн талаар товч мэдлэгтэй болсон тул одоо үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл хэмээн буруутгагдаж буй экспортын талаар авч үзье. Саяхан би МҮОНТ-ийн долоо хоногийн мэдээллийн хөтөлбөрт ярилцлага өгсөн. Үүнээс олон улсын худалдаачид (ялангуяа Хятад) махыг их хэмжээгээр худалдан авах нь Монголд махны үнэ өсөх, хомсдол үүсэх гол шалтгаан хэмээн буруутгагдаж байгааг олж харсан.

Үүнийг илүү сайн тодотгохын тулд би махны үнэ болон экспортын хоорондох хамаарлыг харахыг хүссэн. Эцсийн эцэст, махны экспорт нь Монголд тийм ч шинэ зүйл биш байсан юм. Хэрэв экспорт махны үнийн хэлбэлзлийг үүсгэж байгаа бол бид дараах хамаарлыг харах хэрэгтэй. Тиймээс дараах графикийг харцгаая!

Цэнхэр өнгөтэй баганан график нь малын гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ (тонноор), нөгөө хоёр зураас нь үхрийн мах болон хонины махны үнэ (энэхүү нийтлэлд байгаа бүх үнийн дүн нь Улаанбаатар хотын дундаж үнэ дээр суурилсан болно) юм. Гэвч гарчиганд дурьдсанчлан харилцан хамаарал нь тодорхойгүй байна. 2017, 2018 онд экспорт маш эрчимтэй өссөн. 2017 оны экспорт 2018 оны үнэд, 2018 оны экспорт 2019 оны үнэд нөлөөлсөн ч байж магадгүй. Гэвч энэ нь ямар нэгэн шийдэлт утга илэрхийлэхгүй байгаа юм. (Махны чанар хэдэн сарын турш хөлдүү байснаар мууддаг).

2017 онд экспортын хэмжээ 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн боловч махны дундаж үнэ буурсан. 2018 онд экспортын хэмжээ эрс нэмэгдсэн байгаа боловч 2015 оны үнэтэй адил түвшинд очсон. Нэг талаараа, магадгүй экспорт нь үнийн өсөлтийг үүсгэж байж болох ч энэ нь гол хүчин зүйл болно гэдэгт би итгэлгүй байна.

2018 оны 3.8 хувийн алдагдал

Өнгөрсөн өвлийн зудын талаар хүмүүс тийм ч ихээр ярьсангүй. Олон улсын төрийн бус байгууллагууд өнгөрсөн жил 2010 оноос хойших хамгийн их нас бие гүйцсэн малын тоо толгой үгүй болсон жил байсан талаарх мэдээллийг тийм ч их дурьдаагүй юм. 2018 онд нийт 2.6 сая мал устаж үгүй болсон байна. Малын хорогдол болон махны үнийн хамаарлыг харцгаая.

2010 онд 10 сая гаруй мал хорогдсон. Энэ нь хамгийн сүүлийн том зуд байсан. 2010 оны сүүлээр үнийн өсөлт ихээр нэмэгдсэн. Яагаад бид энэхүү үнийн өсөлтийг тийм ч их анзаараагүй вэ гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна. Тэр жил улаанбаатар хотод шилжин ирэх оршин суугчдын тоо эрс нэмэгдсэн жил байсан юм. Малчид мал сүргээ заран хот руу нүүх хугацаа нь энэхүү үнийн өсөлтийг хойшлуулсан байх магадлалтай.

Гэсэн хэдий ч 2018 оны их хэмжээний малын хорогдол нь энэ хаврын үнийн өсөлтийн гол хүчин зүйлийн нэг юм. Цалингийн өсөлт ба шатахууны үнийн өсөлт нь нэмэлт хүчин зүйлд тооцогдож байгаа юм.

Инфляци юунд нөлөөлсөн бэ?

2010 оноос хойш Хэрэглэгчдийн үнийн индекс (ХҮИ) 84 хувиар өссөн. Жилийн инфляци 6–9 хувь орчим байна. Энэхүү үзүүлэлтээс авч үзвэл, үнэ өсөх нь тодорхой байна. Гэвч 2011 оноос хойш махны үнэ тогтмол байгаа юм.

Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахын тулд Монгол банкнаас авсан Хэрэглэгчийн Үнийн Индексийн сарын өөрчлөлтүүдийг ашиглаж инфляцийн түвшинтэй харьцуулан махны үнийг тооцоолсон юм. Инфляцийн түвшинтэй харьцуулсан махны үнэ болон бодит махны үнийн хамаарлыг харцгаая.

2012–2015 онд үхэр, хонины махны үнэ инфляциас дээгүүр, 2016–2018 онд хонины махны үнэ инфляциас доогуур, үхрийн махны үнэ инфляциас дээгүүр байна. Харин одоо хоёулаа инфляциас дээгүүр үнэтэй байгааг бид харж байна. Үүнээс бид юуг дүгнэж болох вэ гэвэл махны үнийн өсөлт нь гэнэтийн зүйл биш юм.

Инфляциас шалтгаалан юмны үнэ өсч байна. Хэрвээ юмны үнэ өсөхгүй бол инфляциас шалтгаалан валютын ханш буурна. Гэвч махны бодит үнэ 2012 оны үнийн огцом өсөлтөөс хойш буурсан.

Монголчууд 8 жилийн өмнөхөөсөө илүү баян

2010 оноос хойш иргэдийн цалин бага зэрэг өссөнийг мартаж болохгүй. 2010 онд Улаанбаатар хотод сарын дундаж цалин 345 мянган төгрөг, 2018 онд 1,119,700 төгрөг болсон. Энэ нь 225 хувиар өссөн үзүүлэлт юм!

Та махны үнэ өссөн учир 1 хүний маханд зарцуулах мөнгөн дүн өссөн гэж бодож байна уу?

Хэрвээ та тийм гэж бодож байвал дахин нэг бодож үзээрэй! Улаанбаатарт амьдарч буй иргэдийн дундаж орлогогыг 3 гишүүнтэй гэр бүл гэж үзэн, нэг хүн өдөрт дунджаар 250 гр (АНУ-ын 2018 онд гаргасан нэг хүнд ногдох махны хэрэглээний дундаж) мах хэрэглэдэг гэж үзвэл нэг өрх нийтдээ 750 гр махыг хэрэглэж байна. Энэхүү үндэслэл дээр тулгуурлан судлахад үхэр болон хонины маханд зарцуулах дундаж цалины хэмжээ 7 хувиар буурсан байна.

Цуйван Индекс

2011 оноос хойших инфляцийн үнийг сайн ойлгохын тулд би бусад нийтлэг бараа, үйлчилгээний үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг харахыг хүссэн юм. Монгол улсын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) 2010 оны 12-р сар хүртэл нийтлэг бараа, үйлчилгээний дундаж үнийг бүртгэсэн байсан. Доорхи графикт би 2010 оны 12-р сарын үнийг 100-аар тогтоож, үйлчилгээний сонголтоор индексжүүллээ. Үнийн өсөлт бууралт нь 2010 оны 12-р сарын үнэ (100) дээр суурьлагдаж харагдана. Ингэснээр та 2010 оны 12-р сараас хойших үнийн өөрчлөлтийн хувь хэмжээг тодорхой харж чадах юм.

Дээрх графикаас харахад үхрийн мах 2010 оны 12-р сараас 250 хувиар илүү үнэтэй (2.5 дахин) болсоныг харж болно. Хонины мах 240 хувиар илүү үнэтэй (2.4 дахин) болсон байна. Хамгийн сонирхолтой нь бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. Доор тус бүрийн тодорхойлолтыг хавсаргав:

  • Ресторан Гуляш — Улаанбаатар хот дахь жирийн рестораны гуляш (төмсний салат, цай орно) — ны үнэ.
  • Цуйван — Цайны газрын цуйван болон сүүтэй цай оруулсан үнэ.
  • Эрэгтэй үс засалт — Улаанбаатар хот дахь эрэгтэй үс засалтын үнэ.
  • Эмэгтэй үс засалт — Улаанбаатар дахь эмэгтэй ‘энгийн’ үс засалтын үнэ. Гоёлын болон бусад ажиллагаа шаардсан үс засалтыг оруулаагүй болно.

Хамгийн гайхмаар үнийн өсөлт нь үс засалт байлаа. Үс засалт нь материаллаг эд зүйл, хэрэгцээ бага шаардсан хүний мэдлэг ур чадвар дээр суурилсан үйлчилгээний бизнес юм. Үүнээс гадна, үс засалт нь импортлогдож орж ирдэггүй учир Монгол бүтээгдэхүүн гэж хэлэх боломжтой юм.

Мэдээжийн хэрэг, үс засалт нь махны хэрэглээтэй харьцуулах тийм ч тохирсон үйлчилгээ биш бөгөөд хувь хүн гэртээ энгийн үс засалтыг хийх боломжтой. Бусад бүтээгдэхүүнүүд болох чипс, Кока Кола болон багцалсан хүнсний бүтээгдэхүүнийг ҮСГ-аар хянадаггүй ч миний ажиглахад 2012 оноос хойш эдгээр бүтээгдэхүүнүүдийн үнэ мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн.

Махны үнийг Prophet дээр судлах

Би хугацаан цуваан таамаглалыг тийм ч их хэрэглэх дуртай биш. «Time series forecast» нь хэт ерөнхий бөгөөд асуудлыг бүрэн ойлгоход хэрэгтэй хангалттай нарийн мэдээллийг өгдөггүй. Би өмнө нь хэдэн удаа хугацаан цуваан таамаглалын судалгаанууд бичсэн. Аль аль судалгаанд (Доллар-төгрөгийн ханш болон МХБ-ийн хувьцаа) оновчтой үр дүн өгөөгүй юм. Гэхдээ энэ арга нь махны үнийг судлахад тийм ч оновчгүй биш байлаа.

2018 оны 11-р сард би Facebook-ийн Open Source Prophet номын санг ашиглан хонины мах, үхрийн махны үнийг таамагласан (Доллар — Төгрөгийн ханшин дээрх нэмэлт материал). Жишиг болгон (мөн хугацаан цуваан таамаглалын аргын дутуу талыг харуулах зорилгоор) таамаглалыг доор тусгалаа.

Энэхүү графикаас харахад бидний таамаглал нилээн зөрсөн байна. Гэхдээ эдгээр таамаглалууд нь зөвхөн улирлын шинж чанар дээр тулгуурласан ба малын хорогдол, экспорт болон бусад хүчин зүйлсийг оруулаагүй юм.

Prophet нь таамаглалд нөлөөлөх бусад хүчин зүйлс буюу регрессоруудыг нэмэлтээр оруулахыг зөвшөөрдөг. Энэ удаад би өмнөх жилүүдийн малын хорогдлыг загварт нэмсэн. Мөн 2011 оноос хойших мал хорогдлын жилийн дундажыг (1.1 сая) тооцоолон үүнийг дараагийн 2 жил дэх мал хорогдол байхаар авч үзсэн. Доор үхрийн мах болон хонины махан дээр хийсэн загварыг үзүүлэв. Үхрийн мах болон хоньны махыг түлхүү хэрэглэдэг учир бусад малын махан дээр таамаглал дэвшүүлээгүй юм.

График болгон дээрх цэнхэр шугам нь урьдчилсан дундаж таамаглал, хар цэгүүд нь бодит дундаж үнэ, цэнхэр сүүдэр нь “80% confidence interval” ийг харуулж байна. Товчхондоо махны үнийн өсөлт нь удахгүй дуусах ба бид 6-р сард үнэ буурах хандлагатайг харж болно.

Эдгээр урьдчилсан таамаглал нь миний өмнөх урьдчилсан таамаглалуудаас илүү оновчтой байх магадлалтай гэж үзэж байна. Учир нь гэвэл таамаглал боловсруулахдаа хамгийн гол хүчин зүйлүүдийн нэг болох мал хорогдлыг тусгасан. Гэвч илүү нарийвчлалтай таамаглал гаргахыг хүсвэл нэмэлт хувьсагчдыг ашиглах нь чухал.

Дүгнэлт

Хоёр долоо хоногийн өмнө Тагнуулын Ерөнхий Газар мах экспортлогч агуулахад шалгалт хийсэн. Энэ нь махны үнийг нэмэх оролдлого эсвэл экспортлогчид махыг нөөцлөн дараа нь өндөр үнээр зарах гэж байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдсан юм.

Монголын зах зээл дээр 7 хоногоос илүү хөлдөөсөн мах тийм ч хүсэмжит бүтээгдэхүүнд тооцогддоггүй бөгөөд ерөнхийдөө бага үнээр худалдаалагддаг. Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас нөөцийн махыг бага орлоготой өрхүүдэд хямд үнээр нийлүүлэх зорилготой гэж үзсэн байдаг. Нөөцийн махыг махны үнэ буурах үе буюу намар худалдан авч хавар зардаг. Энэ нь ямар ч гэр бүлийн хувьд шууд худалдан авалт нь байдаггүй. Улаанбаатар хотын ихэнх хүнсний захуудад иргэд тухайн өдөр нядлагдсан малын махыг худалдан авахыг илүү эрмэлздэг.

Монгол улсын махны үнэ нь малчдын нийлүүлэлтээс шалтгаалж байна. Махны үнийг зохицуулах /тогтоох/ нь Монгол улсын 30 хувь болох малчдад сөрөг талтай. Эдгээр малчдыг Улаанбаатар хотын иргэдтэй харьцуулахад өрхийн орлого тун бага. Махны үнэ өсөх нь малчдын халаасанд илүү их мөнгө орж байна гэсэн үг юм.

Хүмүүсийн дунд яригддаггүй нэг асуулт бол махны үнийн өсөлт хэнд сөргөөр нөлөөлж байна вэ? Бага орлоготой өрхүүдэд Засгийн газрын нөөцийн махыг худалдан авах сонголт байна. Дунд болон өндөр орлоготой өрхүүд (тогтмол хэрэглээтэй) 2010 оныхтой харьцуулбал орлогынхоо багахан хувийг л маханд зарцуулж байна. Махны экспорт нь төгрөгийн тогтвортой байдал болон эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулдаг гэдгийг мартаж болохгүй. /зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай биш юм/. Та Монголыг “Minegolia” “Meatgolia” хоёрын алингаар нь нэрлэгдээсэй гэж хүсч байна вэ?

You can find the data and Jupyter Notebook for this article on Github here.

Доор сэтгэгдэл үлдээнэ үү. Эсвэл над руу и-мэйл бичнэ үү. robertritz@outlook.com

Mongolian Data Stories

Using data analysis, visualization, and machine learning to tell Mongolia’s story. Interested in writing for Mongolian Data Stories? Send an email to Robert Ritz (editor of MDS) at robertritz@outlook.com.

Robert Ritz

Written by

Data Scientist and Director of LETU Mongolia. Keen observer of Mongolia.

Mongolian Data Stories

Using data analysis, visualization, and machine learning to tell Mongolia’s story. Interested in writing for Mongolian Data Stories? Send an email to Robert Ritz (editor of MDS) at robertritz@outlook.com.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade