Анхаарал сарних ашигтай!

Monica BaDo
Monica The Curious
Published in
7 min readNov 17, 2020

Анхаарал сарних нь тийм ч муу зүйл биш.

Бид анхаарал сарнилтын эрин зуунд амьдарч байна.

Сурган хүмүүжүүлэгчид, судлаачид хийгээд өндөр бүтээмжийн эзэд бидэнд цаг мөч тутамд анхаарлаа төвлөрүүлэх чадвар муутайг маань сануулцгаадаг. Техник технологийн нөлөөллөөр “хүний ой тогтоолт муудаж”, “тархины үйл ажиллагаа доголдож”, “төвлөрөх чадвар муудаж” байгаа мэт.

Дийлэнх тохиолдолд анхаарал сарнилтыг аюулт эмгэг мэтээр дүрсэлдэг авч, судлаачдын санаагаа чилээж буй мөнөөх анхаарал сарнилт гэгч нь шинэ сонин зүйл огтоос биш. Бидний өвөг эцгийн үед ч ном сонин, радио, телевиз гээд л анхаарал сарнилтад нөлөөлөх хүчин зүйлс цаг цагаараа ялгаатай гарч ирж л байсан.

Анхаарал сарнилтыг дайсан хэмээн үзэхээ больчихвол ер нь яах бол???

Тоомжиргүй байхын ашиг тус

“Адал явдлыг аюултай гэж үзэж байвал дэглэмт амьдралаар амьдраад үз үхмээр санагдана.” — Paulo Coelho

(за жохон сүртэй орчууллаа ойлгоно биз ээ)

Өсвөр насны хоёр хүүхэдтэй эцэг хүний хувьд анхаарал сарнилт нь дадал хэвшил болчихвий дээ хэмээн тун их санаа зовнидог. Баг тамирчдын анхаарал төвлөрөлт, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхээр дасгалжуулдаг болоод ч тэр үү энэ асуудалтай алхам бүр тулгарна. Хэдий ийм ч техник технологийг дайсан гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд тусыг эс олно.

“Анхаарал сарнилтын эринг” өөр өнцгөөс харахуй. (ахин уншиж үзсэний эцэст арай өөрөөр найруулав)

Дасгал хийхдээ хөгжим сонсох нь эрч хүчийг нэмэгдүүлж, дасгал хөдөлгөөн хийх үеийн ачааллыг саармагжуулдаг шиг анхаарал сарнилт нь таны бүтээмж төдийгүй өвчин зовлон даах чадварыг нэмэгдүүлнэ.

Колумбын Их Сургуулийн нэгэн судалгаанд анхаарал сарнилтыг өвчин намдаах үр дүнтэй арга хэмээсэн байдаг. Хөгжөөнтэй хийгээд хүний сэтгэл татсан үйл явдлуудын аль аль нь өвчиндөө шаналах сэтгэлийг сарниулах увдистай. Сэтгэлийн шаналлаа умартан, өөр зүйлд анхаарах нь үүнтэй тэмцэх эрүүл арга зам бөгөөд ганьхрах өвчнөөр шаналж буй хэн бүхэнд түр ч гэсэн амс хийх бололцоо олгодог.

Техник технологи биднийг өнөө үе дахь зовлон шаналлаас сатааруулж чадах төдийгүй хожмын ирээдүйд илүү хүчирхэг нэгэн болоход тусалдаг хэмээн Dr. Jane McGonigal өөрийн Superbetter хэмээх номдоо бичсэн байна.

Тэрээр судалгаагаараа хүний хурдан хугацаанд хэвийн байдалдаа орох болон ирээдүйд тулгарч болзошгүй саад бэрхшээлийг даван туулах чадварт техник технологиуд хэрхэн дэм болж буйг харуулахыг зорьжээ.

Анхаарал сарних үзэгдэл нь сайн ч бус муу ч бус, ерөөс таны бүтээлч байдлыг үгүй хийдэг/ өдөөдөг маш олон хүчин зүйлс бий.

Анхаарал төвлөрөлт нь хийж буй ажлын шинж чанар, төдийгүй анхаарал сарниулагч хүчин зүйл нэн тэргүүний ажил үүрэгтэй тань хэр зэрэг холбоотой байхаас таны ажлын үр бүтээмж хамаарах юм гэдэг нь маш олон төрлийн судалгаагаар ил болжээ.

Цочроогч хүчин зүйлс зорилготой холбоотой хэдий ч тэднийг анхаарал сарниулагч гэж харах нь нэн учир дутагдалтай. Эсрэгээрээ, тухайн цочроогч хүчин зүйлс хариу үйлдэл шаардаж буй тохиолдолд (нэгэн зэрэг хоёр ажил хийх г.м.) таны анхаарлыг сарниулж байна гэж үзнэ. Түүнчлэн, хүндрэлтэй ажил гүйцэтгэж буй хүний анхаарал сарних магадлал амар хялбар ажил хийж буй хүнийхээс бага байдаг ажээ.

Хэдий техник технологи сөрөг үр дагавартай байж болох авч, бидний дайсан биш билээ. Олон нийтийн сүлжээний бидэнд үзүүлэх сөрөг нөлөө яг л “төмс идэхтэй адил” хэмээн Nir Eyal нэгэнтээ бичсэн байдаг. Технологи нийгмийн өөрчлөлтөд хэт дасамтгай болгож байгаа нь л жоохон тиймхэн бөгөөд “технологийн ололт амжилтууд дийлэнх тохиолдолд ёс суртахууны цочролд хөтөлдөг сул талтай” хэмээжээ. (за энэ хэсэг дээр нрэ хүссэнээрээ шүүмжлээрэй. Угаасаа нээх олигтой болсонгүй. Ялан гуяа тэр сүүлээсээ 2 дахь өгүүлбэр бүррррр ёооооо)

Зохиогч гараар бүтээгдсэн төхөөрөмжүүд ямархан муу үр дагавар авчирч болох талаар санаа зовниж явдаг Свиссийн нэгэн эрдэмтний тухай иш татсан байсан. Тухайн хүн 1565 онд номын сөрөг нөлөөллийн тухай ярьж байжээ.

Уг бүтээлд дүрсэлснээр нийгэм анхаарал сарнилтыг дайснаа хэмээн үзсэнээс ололт, амжилттай талаа харах чадваргүй болдог хэмээсэн нь хачирхалтай бөгөөд гайхмаар ажээ.

Гарцаа тооцоол

Анхаарал сарнилт асуудал биш. Харин юуны улмаас анхаарал сарних болов гэдгээ мэдэх нь бидэнд тус ч болно ус ч болно.

Бид нэг бол төвлөрч чадахгүй, үгүй бол өөрийн оршихуйгаа бүрэн мэдэрч чадахгүй үедээ анхаарал сарнилтыг гарц болгож ашигладаг. Нүүр тулахаас зайлс хийхдээ л анхаарал сарнилтыг бамбай болгож ашигладаг. Бодит байдлаас зугтах хамгийн хялбар дөхөм арга бол анхаарал сарнилт юм.

Цү Погийн хэлсэнчлэн: “Normal folks turn clarity and calmness into oblivion and distraction; wise people turn oblivion and distraction into inner perception and focus.”

(Хөрвүүлэх гэж үзлээ гэхдээ үнэхээр ухаан хүрдэггүй ээ. Та нар бас дор сэтгэгдэл хэсэгт санал бодлоо хуваалцаарай)

Анхаарал сарнилтаар шалтагладаг уу эсвэл хөгжих боломж болгож ашигладаг уу?

Анхаарал сарниулагч хүчин зүйлсэд хандах хоёр төрлийн сэтгэлгээ бий:

Зугтах боломж/Escapism:

Анхаарал сарнилтыг ашиглан хүч сэлбэж, ахин тэмцэх хүч болгон ашиглах нэг хэрэг. Харин үгүйсгэл болгон ашиглана гэдэг тэс өөр ойлголт. Асуудал тоглоом тоглох эсэхүл Нэтфликс үзэхдээ бус тэдгээрийг хариуцлагаас бултах шалтаг болгон ашигладагт л байгаа юм.

Өсөн дэвжих боломж/Growth:

Анхаарал сарнилт ирээдүйдээ бэлдэх боломж олгодог. Хийж буй ажлынхаа голоор хэсэгхэн сатаарах утга учиртай орон зай болгож ашиглаж болно. Ямар нэгэн зүйлд туугдаж буй мэт байнгын асаалттай танк шиг байх нь маш аюултай бөгөөд тархи бие лугаа адил үе үе амс хийх шаардлагатай. Тархиа амрааж, чөлөөлөх нь бүтээлч байдлыг өдөөж, шинэ содон зүйлсийг олж илрүүлэхэд нэн тустай.

Хэдий тийм боловч хүн хүний онцлог өөр учраас надад тохирч буй зүйл танд тохирно гэсэн үг биш юм.

Анхаарал сарнилтын дөрвөн төрөл

Төвлөрөх ба удирдах чадвар бидний анхаарал сарнилтын хэмжээг тодорхойлдог.

Төвлөрөх үү, сарних уу гэдэг маань удирдах чадвараас хамаарна.

Төвлөнө гэдэг анхаарал сарниулагч хүчин зүйлийг үл тоон гол ажлаа бүрэн анхаарахын нэр юм.

Анхаарал сарнилтын дөрвөн үндсэн хэлбэрийг дор үзүүлэв.

1. Зорилготойгоор сатаарах/Purposefully Distracted:

Түр амс хийх эсхүл өвчин, шаналлаа түр зуур мартагнах хэрэгцээ гарсан тохиолдолд анхаарлаа өөр зүйлд хандуулна. Энэ тохиолдолд чухам ямар учраас анхаарлаа сарниулав гэдэг нь тодорхой харагдаж байна.

Хэрэглээгээ бүрэн хянах чадвартай л бол Нэтфликсээс цуврал үзэх, олон нийтийн сүлжээнд урт хугацаа зарцуулах нь тийм ч муу зүйл биш юм. Гэхдээ уг үйлдэлдээ хэт дадан, дасал болохоос зайлс хийх.

2. Бүрэн төвлөрөх/Focused:

Зөв цаг хугацаанд, зөв зүйлд бүрэн анхаарч, төвлөрөхийг хэлэх ба нөхцөл байдлыг гартаа бүрэн авсан байх.

Тухайлбал, хуралд оролцлоо гэж бодоход хувийн төхөөрөмжийнхөө дууг зориудаар хаах бөгөөд анхаарал сарниулж болзошгүй хүчин зүйлсээс урьдчилан сэргийлж буй юм. Нэг дор нэг л зүйл хийх боломжийг өөртөө бүрдүүлж өгч байна гэсэн үг.

3. Derailed:

Анхаарлаа буруу зүйлд төвлөрүүлэх үйлдлийг хэлж байгаа бөгөөд өөрөө ч анзаараагүй байхдаа өөр зүйлд төвлөрсөн байх жишээний. Өөрөөр хэлбэл оюун ухаан чинь яг одоо, энд байхгүй байна гэсэн үг.

Жишээ нь хамтран ажиллагч тань шинэ санаа танилцуулж байх үед олон нийтийн сүлжээгээ шалгах г.м. Энэ тохиолдолд та хяналтаа алдаж, буруу зүйлд анхаарлаа хандуулсан байна гэсэн үг.

4. Хяналтаа бүрэн алдах/Zone Out:

Анхаарал сарнилтын эрин зууныг дийлэнхдээ ийнхүү нэрийддэг бөгөөд үүнд техник технологи гол нөлөөтэй хэмээн буруушаадаг.

Буддистууд үүнийг “Мичин Тархи” хэмээдэг бөгөөд таны анхаарал нэгээс нөгөөд ямар ч удирдлагагүйгээр шилжих үзэгдэл юм. Анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадахгүйгээр зогсохгүй аливааг 2 секундээс дээш тогтож анхаарахгүй байна гэсэн үг.

Мичин тархи нэн сарнимтгай бөгөөд мөчрөөс мөчирт савчиж байдаг (бодлоос бодолд).

Тодруулбал, тодорхой цаг хугацаанд яг алийг нь анхаарч байгаагаа үл мэдэн хэд хэдэн апп зэрэг хэрэглэх бөгөөд тархинд тань маш олон бодлууд зэрэг хөвөрч байгаа учир таны анхаарал хаа ч тогтохгүй байгаа юм. Энэ үед түгшүүрт автах, нэг дор олон зүйл амжуулах гэж оролдох, хэрэгтэй хэрэггүй юм бодох гэх шинж тэмдгүүд илэрнэ. random-thinking.

Бодлын оронд тэнэхүй буюу: Бүтээмжийн охь (тлл шал тэнэгийн)

Мичин тархиа түгжиж хаяад дуугүй болгочихгүй, харин эхлээд номхтгох хэрэгтэй.

Төвлөрч чадалгүйгээс болоод нэг дор хэд хэдэн зүйлрүү үсчих нь удирдлагаа бүрэн алдсаны илрэл юм. Юуг ч үл хайхран бодлын оронд тэнүүчлэх нь зугтах бус өөр шинэ сонирхолтой зүйлсийг олж, илрүүлэхийн нэр юм.

Өөрөө өөртөө бодлын оронд чөлөөтэй тэнэх боломж олгох нь бүтээлч байдалруу хөтлөх болно.

Хааяа ч гэсэн хяналтаа сулруулах нь бодит байдлаас зугтахын нэр бус харин ч түр амс хийж, эргэцүүлж, сэргээж, шинээр цэнэглэн өөрөө өөрийгөө урам зоригоор дүүргэж буйн нэр юм.

Сэтгэц Судлалын Ассоциац (Association for Psychological Science) хэмээх сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд дурдсанаар бодолдоо автах нь ой тогтоол ба өөрийгөө удирдах чадварт шууд нөлөөтэй танин мэдэхүйн үйлтэй хэрхэн холбогддог тухай тайлбарлажээ.

Тархи судлаачдын үзэж буйгаар төсөөлөлдөө автах ба төвлөрч бодох нь хүний амьдралд байх ёстой үнэт хэсгүүдийн нэг юм. Зориудаар тархи, сэтгэхүйгээ амраах юм уу дур зоргоороо мөрөөдөх үед гайхамшигтай зүйл тохиолддог байна.

Мичин тархиа чөлөөтэй ажиллуул. Тэвчээртэй бай. Ингэснээр анхаарал сарних үйл явц таны хувьд гайхалтай боломж болох болно. Дараахыг туршиж үзээрэй. (Би сайн найз чинь яг л сайн найз шиг чинь эдр гэж орчуулах дургүй ээ. Зүгээр л Монгол сэтгэхүйд нийцэхгүйм шиг санагддаг)

Зориудаар гиюүрэх:

Зүгээр нэг хаа хамаагүй зүйл бодож байснаас зөв орчин бүрдүүл. Ямар нэг төлөвлөгөө, чиглэлд баригдалгүйгээр алх, тогтсон хэв маягаасаа сал, шинэ сонирхолтой зүйлс туршиж үз. Бие мах бодио гаргууд нь хаяснаар тархи сэтгэхүй ч мөн адил тийм байдалд хүрнэ.

Бодлоо ангилах Defuse your thoughts:

Танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээнд уг ангилах аргыг өөрийн бодол санаагаа захирах, удирдах арга болгон ангилдаг. Бидний оюун санааг тасралтгүй ажиллуулж буй тэдгээр бодлуудыг ойлгосноор удирдан чиглүүлэх боломжтой. Ангилах гэдэг маань бодол дотроо эргэлдэх бус бодолруугаа өнгийх тухай юм. Ингэснээр бодолдоо захирагдах бус тэднийг ажиглах боломжийг бүрдүүлнэ.

Бясалгах:

Доторх сармагчнаа гаршуулахын тулд эхлээд нүүр тул. Бясалгах нь өөрийн хөвөрч буй бодролуудаа сонсож, танин мэдэж, ойлгох завшаант цагийг бидэнд олгодог. Та хэдхэн секунд ч бясалгаж болох ба үүний тулд бодол, мэдрэмжээ хаах, хязгаарлах шаардлагагүй, учир нь тэд танд хэрэгтэй хэмээн Mingyur Rinpoche тайлбарласан байна. (Эх нийтлэлрүү нь ороод бичлэгийг нь үзээрэй Ок?)

Дуг хийх:

Унтах нь тархиа хөвөрч буй бодлуудын хамт зөнд нь орхих хамгийн үр дүнтэй арга. Leonardo da Vinci өөрийн урландаа ор байрлуулдаг байжээ. Суу билэгт, гоц авьяастан маань өдөр тутамдаа 6 цаг 30 минут дуг хийдэг байжээ. Уг дадал нь түүнд амрах боломж олгоод зогсохгүй аугаа бүтээлч санааны ундарга нь болдог байжээ.

Алхах:

Charles Darwin бодлоо цэгцлэхийн Тулд өдөр бүр алхдаг байжээ. Энэ нь түүний хувьд анхаарлаа төвлөрүүлэх гол арга нь байсан төдийгүй хүүхдүүд нь хэр их төвлөрч вэ гэдгийг нь зориудаар шалгадаг байжээ. Charles Dickens ч мөн адил алхах дуртай хүн байжээ. Өдөрт 30 милл газар өлхөн туулчихна. Алхангаа хийх уулзалтууд бүтээлч байдлыг тэтгэдэг бас нэгэн арга юм шүү.

Ёоооо би энэ нийтлэлийг бараг жилийн өмнө орчуулж эхэлсэн боловч шинэ ажилдаа дасах гэж сэнсэрч явсаар өнөөдөр л дуусгаж чадлаа. Ердийн ёсоороо өөрийнхөө орчуулгад сэтгэл дундуур үлдлээ. Тиймээс шүүмжлэх эрх нь танд нээлттэй байгаа шүү. Эх нийтлэлийг доорх холбоосоор олж уншаарай:

https://liberationist.org/why-distraction-is-not-your-enemy/

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.