Уншив#1: Амьдрахуй

Monica BaDo
Monica The Curious
Published in
2 min readMar 9, 2023

Зохиолын эхний хэсэг намайг асар их гуниглуулж, өөрийн амьдралдаа улам их талархав…

Үнэхээр уйтай.

Өрнөл хэсэг ямар нэг сайхан зүйлд хүрэхийг хүсэв ч хүрэх зуурт алсран одох тийм нэг хяслантай мэдрэмж төрүүлж байв.

Сүүл хэсэгт арай тайван боловч дараа дараагийн туулах зовлон, уй гашуу ямархан тохиолоор ирэхийг хүлээн хүлээн уншлаа.

Түгшүүр мэдрэгдэв.

Төгсгөл хэсэгт хэлэх үг, залгих шүлс, урсах нулимс ч үлдсэнгүй. Гагцхүү уртаас урт, гүнээс гүнзгий санаашрал… Тайтгарч, тайвширч чадамгүй тийм нэг давчуу, бачуурмаар мэдрэмж төрсөн.

Юу гэж дүгнэхээ, ямар мэдрэмж авч байгаа маань ойлгомжгүй. Уншсаны дараа уртаас урт гунигтай тэмдэглэл бичиж, уйлаад л байсан. Бодвол зохиолын гол дүрийн амьдрал, туулсан зовлон зүдгүүр надад их л хүнд туссан бололтой.

Фу-Гүй нэг тийм ‘заяа тавьлангаа’ сөрж биш дагаж амьдардаг хүн шиг санагдсан. Хэчнээн их зовлон туулсан ч, хэдэн ч удаа бүдчиж, бэртсэн талхиад л байдаг нэг тийм хүн. Дотор нь хорвоо хэдэнтээ хөмөрч, асар их зовж шаналсан ч тэгэх л ёстой мэт байж л байдаг тийм л хүн. Уучлаад л, өршөөгөөд л, өнгөрөөгөөд л байдаг…Бага зэрэг бачуурмаар.

Жиа Жэний дүрийг би эхнээс нь дуустал хайрласан, бас их өрөвдсөн.

Тэгээд дотроо би түүн шиг байж чадах болов уу, Тэнэг гэмээр тийм их тэвчээртэй бас хайрандаа сохорсон гэмээр тийм үнэнч. Орчин үед ийм хүн байх болов уу?

Ёу Чиний үхэл надад арай л харгис санагдсан. Би бүр уншиж байхдаа түүнд төрсөн мэдрэмжийг нь мэдэрч, дэргэд нь байсан хүн нэг бүрийг чин сэтгэлээсээ үзэн ядсан. Номоо үргэлжлүүлж уншилгүй, тэр чигт нь хаагаад орхичихмоор. Яасан гэж түүнд тийм харгис, балмад үхэл бодож олдог байна аа.

Фэн Шиа, Ван Ши, Кү Гэн…Энэ хэсэгт бүр үхэл хүлээл хүлээн уншдаг болсон. Жаргалтай зүйл тохиох бүрд улам ихээр түгшиж, өрөвдөж, өмнөөс нь шаналж бас асар их санааширч байж арай гэж дуусгасан. Өрөвдмөөр гэж хэлэхэд ч багадмаар.

Шаналлыг ямар олон өнцгөөс мэдрүүлсэн юм бэ?

Яаж ийм жижигхэн номонд хүний амьдралын бүхий л мэдрэмжийг багтаадаг байна аа!

Дайн, өлсгөлөн, үхэл хагацал, азгүйтэл…Тэр бүгдэд дасан зохицож, эвлэрч бас аргалж өнгөрөөх зуурт мэдрэгдэх тэдгээр өчүүхэн жаргалтай мөчүүд… Дутуу дулимаг, хоосон хийсвэрийн хооронд бүдчих бяцханаас бяцхан оч гэрэлүүд.

Тэдгээрийг мэдэрч, эдгээрийг туулах нь тэгээд амьдрал уу? Амьдрал ийм юм гэж үү? Бид ингэж амьдардаг юм уу?

Хэрэв тийм бол надад үнэхээр гунигтай байна.

2022.02.04

Хүслээнээ^^

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.