20220911

Monica BaDo
Monica The Curious
Published in
2 min readSep 11, 2023

Гэнэт Монголоор бичмээр санагдлаа. Эх хэлээрээ уран яруу биш юм аа гэхэд утга төгс найруулгатай, мэдрэмж сэргээсэн сайхан үгсээр өгүүлбэр хэлхэж, эх нэхэж, эгшиг шигтгэж суух сайхан шүү.

Аадар боороо шиг их бодол толгой дээрээс гэв гэнэтхэн л асгарч байх шиг. Өөрөөсөө ямар хол төөрчихсон байсан юм бэ? Тархи, зүрхээ амраагаад ингээд хэвтэх шиг жаргал даанч алга даа.

Би бодох, мөрөөдөх их дуртай. Бага байхад мөрөөдлөө нойроор сольчихдог хүүхэд байсан. Кино зохиол шиг л юм мөрөөднө дөө. Одоо ч тэдгээр мөрөөдлийн зах зухаас нь санадаг л юм. Зураач байсансан бол зураад тавьчихмаар тийм л тод нандин дурсамж минь^^

Аав, ээж маань надад өв хөрөнгө биш хязгааргүй мөрөөдөх эрх чөлөөг өвлүүлж өсгөсөн юм уу даа гэж боддог. Бодох бүрд зүрх хайраар дүүрч би ямар их азтай хүн юм бэ гэж их л бахдалтайгаар боддог доо.

Одоо ч тэр зүүдний охин хэвээрэй л дээ. Гэм нь үе үе материаллаг ертөнцөд хөлбөрч өөрөөсөө жаахан төөрчих аятай л бүдчиж явна.

Нэрийг маань ч их гоё өгжээ аав минь 💖 Хүслэн гээд л ххэ.

Ирээдүйд өөрийн гэсэн гэр бүлтэй болохоороо үр хүүхдүүдээ яаж ингэж хязгааргүй мөрөөддөг гэнэн цайлган сэтгэлтэй хэвээр нь байлгах вэ? Гэж их бодох юм. Амьдралын ямар ч хувь төөрөг дээр газардсан энэ зангаа аль болох удаан тээж үр хүүхдүүддээ мөн өвлүүлээсэй дээ 💖

Жаахан сурагч охин байхад уншсан нэг үг санаанаас огт гардаггүй юм. “Юм бичдэг хүмүүс аливааг эргэцүүлж боддог болхоороо илүү ухаантай байдаг.” Гэх үг. Хаанаас уншснаа нарийн санадаггүй хэдий ч миний ой ухаанд одоо хэрнээ тодоос тод, томоос том хадаатай байдаг энэ л үг~

Дээр үед техник технологи хангалттай хөнжөөгүй, захидал харилцаагаар хэл авалцаж, нэг нэгэндээ сэтгэлээ илчилдэг байхад ямар нандин мэдрэмжийг хүмүүс авдаг байсан бол оо?

Бодон, бодон бичсэн нандин үгсийг нь хүлээн хүлээн угшдаг байсан байх даа. Үг нэг бүрийг нь шохоорхон анхаарч уншаад л… романтик цаашаа.

Гэтэл одоо seen. Reply. Delivered. Sent. Гээд л ямар ч урамгүй. Дур нь хүрвэл бичнэ. Аа үгүй бол offline status үлдээгээд л таг алга болно. Ямар ч хариуцлагагүй.

За энэ ч яахав тийм л юм байгаа биз дээ. Цаг үе ээ л дагана даа гэдэг шиг л ххэ.

Гэхдээ, хүмүүс гоё нандин байгаасай. Тийм ээ?

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.