Thoughts 2.0 series #2

Monica BaDo
Monica The Curious
Published in
2 min readMar 1, 2024

Сонирхолтой үзэл бодолтой хүмүүстэй алхам тутамдаа тааралдах юм.

Хэдхэн хоногийн өмнө нэг танилтайгаа хальт ярилцав. Яаж яваад ч юм улс орны хөгжил, төсөв мөнгөний яриа руу орчихов. Манайх шиг асуудалтай улсын жирийн ард иргэд нь иймэрхүү том сэдвээр яриа өрнүүлэх нь элбэг тохиолддог доо гэж өөрийгөө жаахан өмгөөлье. Илүү занг минь уучил ооё.

За тэр ч яахав. Тэр хүн улс орныг төсөв, мөнгө л хөгжүүлнэ. Мөнгө байхгүй бол тусгаар тогтнол, ард түмэн гэж яриад ч хэргэгүй гэх үзэл бодол дээрээ хатуу байр суурьтай байх шиг ажиглагдсан.

Миний хувьд тухайн үед сөрөг аргумент хэлж чадаагүй боловч (дэмий гэж үзсэн – угаасаа хэлээд ч бодит ач холбогдол гэж үгүй тул ямар ч үр дүнгүй) энэ тухай эргэн эргэн бодсоор л байна.

Миний хувьд суралцах, ажиллах цаг хугацааныхаа дийлэнх хэсгийг нийгэм, соёлын салбарт өнгөрүүлсэн бөгөөд тэр ч утгаараа нийгмийн шинжлэх ухааныг түлхүү судалсан. Хүн төвтэй, нийгмийн амьтан. Ийм ч учраас хөрөнгө мөнгө, санхүүгийн нөөцөөс гадна хүний нөөцийг чухалчилж, онцгой ач холбогдол өгдөг.

Хүн гэдэг өөрөө нийгмийн амьтан бөгөөд эсэргээрээ хүн байхгүй бол нийгэм, нийгэм дахь олон төрлийн төвөгтэй харилцаа үүсэх боломжгүй гэдэгт итгэдэг.

Хүмүүн төрөлхтөний бүтээсэн нийгэм хэмээх олон янз байдлын харилцааны орчинд тулгарч болох төвөгтэй асуудлуулыг шийдвэрлэхийн тулд хүмүүс төр гэх зүйлийг бүтээсэн байх.

Өөрөөр хэлбэл энэ нь хүний бүтээсэн бүтээл бөгөөд үүний үүрэг нь зохицуулалт хийх юм.

Юуг, яаж зохицуулахыг эхний ээлжинд жагсаан бичиж, тодорхой хэмжээнд эрх, үүргийн хязгаарлалт хийснийг бид хууль гэж нэрлэдэг.

Түүнчлэн хэн нэгэн өөрийн хүч, нөлөөгөө ашиглан бусдын эмзэг, тарчиг байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг тооцон үзэж түүнээс сэргийлэх ажлыг зохион байгуулуулахын тулд ард түмэн төр сахиулхгчдад хууль сахиулах болон бодлого тодорхойлох бүрэн эрх олгосон байдаг.

Тэгхээр улсын цөм нь хүн ард юм. Хүмүүс үгүй бол улс, улс төр, улс төрч, тэр бүү хэл нийгэм гэж үгүй.

Тэгвэл энэ бүхэнтэй мөнгө хэрхэн холбогдох вэ? Төрд бид яагаад мөнгө төлдөг вэ?

Бидний төрд төлдөг/хураалгадаг мөнгийг татвар гэнэ. Татварыг энэ улс оронг зөв удирдан. зохион байгуулж, бидний амьдралыг хөнгөвчлөх хэрэгцээтэй зохицуулалт хийгээсээ гэсэн дээ дараа буцаан авах нөхцөлтэйгөөр түр хадгалуулж байгаа юм.

Тэгхээр төрийн мөнгө гэж байхгүй. Улс орноо хөгжүүлэхийн тулд ард түмний байгаагаасаа илүүчлэн байж хураалгасан мөнгийг зөв зарцуулах чадамжтай засгийн газар гэж бий.

Ард иргэд хичнээн их мөнгө хураалгаж, өндөр татвар төлсөн ч түүнийг нь зохистой захиран зарцуулахгүй аваас улс хөгжихгүй. Улмаар бодлого, төлөвлөлтгүй олон шийдвэрүүд гаргасны үр дүнд улс орны тусгаар байдал алдагдаж, эв нэгдэл үгүйрнэ.

Өөрөөр хэлбэл санхүүгийн нөөц чадамж чухал хэдий ч чадварлаг хүний нөөцгүй тохиолдолд улс хөгжихгүй гэж бодож байна.

Хүнээ ойлгодог улс төрч олон төрж, хүн төвтэй зөв шийдвэрүүд ихээр гаргаасай.

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.