Булчингийн судлын хоёр төрөл

Kush
Move Right with Kush
2 min readFeb 16, 2022

Зарим хүмүүсийн булчин богино хугацаанд ачааллаад ядардаг байхад нөгөө хэсгийнх нь тэсвэртэй ачаалласаар байдаг нь тухайн булчинд аль төрөл судал (muscle fiber)­ давамгай байгаатай холбоотой. Хүний булчингийн судлыг түргэн татавхийлдэг, аажим татавхийлдэг хэмээн хоёр ангилдаг бөгөөд энэ хоёр нь хүн бүрт өгөгдсөн байдаг.

Аажим татавхийлдэг судлууд (I төрлийн судал ч гэдэг) хүчилтөрөгчийг аажмаар шимэж хэрэглэх ба ихээхэн хэмжээний митохондр эсийг агуулж, түргэн татавхийлдэгээсээ (II төрлийн судал) илүү их капиляр судсаар хүрээлэгдсэн байдаг. Түүнчлэн энэ төрөл нь булчингийн эдэд байдаг уураг төмрийн холбоос бүхий миоглобин ихээхэн агуулдаг ажээ. Митонхондр, капилярын ахиу байдал нь булчинг ядраалгүй, хүчил төрөгчтэй орчны солилцоог хангахад гол нөлөөтэй. Харин түргэн татавхийлдгээсээ хүчний тэсрэлт багатай байдаг аж.

Түргэн татавхийлдэг судал нь харьцангуй бага митохондртой, богино хугацаанд (хэдэн секундээс хэтэрдэггүй) ачаалал авч, ядардаг. Хэдий ийм ч гликолийн энзим ихтэй учир анэробик энергийн зарцуулалтад ашиглагддаг. Тиймээс энэ төрлийн судлууд биеийн өргөх хамгийн хүнд жингүүдийг дааж гарна.

Үндсэндээ түргэн татавхийлдэг судлууд хүчний ажлуудыг, аажим татавхийлдэгүүд нь тэсвэрийн ажлуудыг гүйцэтгэнэ гэсэн үг.

Хүний биед энэ хоёр судал нь холимог байдлаар оршиж, харин бүлэг булчингуудад аль нэг нь давуу өгөгдсөн байх нь бий. Эдгээр нь хувь хүн бүрийн удамшил, даавар, хөдөлгөөний хэмнэл дадлаас нь хамаарч харилцан адилгүй байдаг. Спортын үзүүлэлтэд энэ нь чухал байр суурь эзэлдэг учраас амжилттай яваа хүчний тамирчдыг түргэн татавхийлдэг судал давуу олонтой, илүү тэсвэр, урт хугацааны чансаа шаардсан спортын тамирчдыг аажим татавхийлдэг судал олонтой гэж дүгнэдэг.

Жишээ нь марафоны гүйлт (тэсвэрийн спорт) болон богино зайн гүйлт (чадлын төрөл), эсвэл хүндийн өргөлт (чадлын) болон триатлон (тэсвэрийн) гэх зэргээр харьцуулж болно. Гэлээ гэхдээ энэ хоёр төрлийн судлууд нь тухайн тамирчны чадавхийг тодорхойлох ганц шалгуур биш юм гэдгийг энд тэмдэглэе.

***

YouTube

Instagram

--

--

Kush
Move Right with Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm