Дасгалжиж байгаа нэгэндээ хэлж болохгүй үгс

Kush
Move Right with Kush
3 min readOct 13, 2020

Фитнесс зааланд бидний дунд анзаарагдсан нийтлэг “хэлц”-ээс дөрвийг сонголоо.

1. Гоё биетэй юм байж юундаа жимд явдаг байнаа?

Таних бай, танихгүй ч бай заалны хаалгаар орж ирсэн царайлаг залуу, эсвэл туранхай эмэгтэй талаар ийм бодол танд орж ирдэг, эсвэл хэн нэгэн найздаа хэлсэн бол үүнийгээ одооноос хая. Дасгал хөдөлгөөн гэдэг хөгшин залуу, ямар ажил төрөл эрхэлдэгээс үл хамааран хэн хүний хийх учиртай физиологийн чухал хэрэгцээ юм. Гоё биетэй болно гэдэг хэн хүний хүсэл байж болох ч дасгал хөдөлгөөнийг дадлагажуулах нь түүнээс хавьгүй чухал зорилго. Тэгэхээр дасгал бэлтгэлийг урт хугацаандаа дадал болгоно гэдэг нь амьдралын хэв маягийг өөрчлөх үйл явц юм.

2. Хэд хоног үзэгдэхгүй, яачихав аа чи?

“Fail. And fail better” гэсэн үг бий. Ар гэр, үр хүүхэд, ажил төрөл гээд завгүй байсан ч эргээд зааландаа ирсэн найздаа харин ч баярлах хэрэгтэй. Дадал зуршлыг бий болгоход хүнд 40–60 хоног хэрэгтэй гэдэг ч цаг гарган нэг удаа дасгалдаа ирэх нь ч зорилгодоо хүрч буй хэрэг юм. Өдөөлтийг дотор нь гадаад хүчин зүйл (extrinsic value) болон дотоод хүчин зүйлээс шалтгаалсан (intrinsic value) гэж ангилдаг. Гадаад хүчин зүйлээс шалтгаалах өдөөлт нь бусдаас ирэх үгсээр дамжиж хүрдэг ба энэ нь зөвхөн гадаад үзэмжинд суурилсан байдаг учраас хэврэг бөгөөд хүнд урт хугацаанд хэрэг болох нь ховор. Харин дотоод өдөөлт нь тухайн хүний дотор цаг хугацааны явцад бий болсон үнэт зүйлс байдаг. Эдгээрт дасгал хөдөлгөөний утга учраа ойлгож ухаарсан, үр нөлөөг нь мэдэрсэн гэх зэрэг үнэт зүйлс багтах ба энэ нь хөдөлшгүй байдаг. Гадаад нөлөөнд автамтгай хүмүүсийн дийлэнх нь 6 сараас доош хичээллэгсэд байх магадлалтай байдаг аж. Өөрөөр хэлбэл 6 сараас дээш дасгалжигчдыг бие дааж, урт хугацаанд хичээллэх чадвартай гэж мэргэжилтнүүд үздэг.

3. Бишээ, ингэж хий!

Зарим хамтрагчид нэгнийхээ техникийг засаж байна гээд үндэслэлгүй, эсвэл дам сонссоноо шууд хэрэгжүүлэх гээд байдаг тал ажиглагддаг. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий” гэсэн санаа.

Бэлтгэлийн давталт, эрчим, дасгалын давтамж, амрах хугацаа гээд бүхий л “дүрмийн” цаана мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа, утга учир оршиж байдаг.

4. “Турчихсан байна шд!” эсвэл “Жин нэмчихээ юу даа?”

Ийм үгийг сонссоор үнэндээ дөжирчээ. Дөжирсөн гэдэг нь үүний цаадах үнэ цэн алдагдаж, хэрэггүй үгс болсон байна. Үнэндээ хэн нэгний дотоод зорилго, түүндээ тохирсон бэлтгэлийн хөтөлбөр зэргийг нь мэддэггүй болохоор хувьдаа би хүнд ийм мэтийг үгсийг “өнгөц” хэлэх нь утгагүй санагддаг. Тэмцээнд бэлдэж жинхэнээсээ жингээ хасч байгаа, эсвэл булчин нэмж байгаа хүмүүст эдгээр үгс хэрэг болж болох л юм. Гэвч бүхий л хүмүүс зорилгодоо хүрэхэд цаг зарцуулдаг тул цаг нь болоогүй байхад, үйл явцынх нь дунд шууд ийм үгээр яриагаа эхлүүлэх нь тийм ч тус болохгүй. Түүний оронд бэлтгэл, хооллолт, ядарч байгаа эсэхийг нь асуух нь хавьгүй илүү санаа тавьж байгааг тань илэрхийлнэ.

***

Instagram

Facebook

Twitter

--

--

Kush
Move Right with Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm