Шинэ он гарлаа. Бие физиологидоо анхааръя.

Kush
Move Right with Kush
3 min readJan 6, 2021

Санахад илүүдэхгүй 6 зөвлөгөө

Хуучин он шувтрах үеэр шинэ ондоо дасгалжъя, тэсвэрээ сайжруулъя, сайхан харагдъя, чансаагаа ахиулъя гэж гэж хэн хүнгүй боддог гэхэд хилсдэхгүй. Тиймээс магадгүй шууд биш ч гэсэн бид санасандаа хүрэх хялбар аргачлалуудыг далд ухамсартаа хайж эхэлдэг байх. Санасан зорилтуудаа тавьж, бэлтгэл дасгал эхлүүлэхье гэж бодсон дээрээ хэрэгжүүлээд авцгаая.

1. Энгийнээс эхэл

Хамгийн гол зүйл бол хөдөлгөөн (movement). Дараа нь эрчим (intensity). Цаг нь ирэхээр, эсвэл мөнгөтэй болохоороо, эсвэл жим онгойхоор, эсвэл дасгалжуулагчтай болохоороо дасгалжина гэсэн бодлоосоо сал. Нэг өдөр 10 минут ч хамаагүй дасгалж. Дуртай зүйлтэйгээ хавсарч хий. Жишээ нь Netflix үзэж байхдаа 15 х 4 суниачих, эсвэл squat дасгалыг 10 х 5 удаа хийчих. Энэ үед дасгал танд хэцүү санагдахгүй.

2. Завгүй үедээ хийх бэлтгэлийн төсөөлөлтэй бай

Завгүй өдрүүд ирэх үед бэлтгэлээ хаяхын оронд хугацаагаа багасгаад 20–30 минут байлгана гэж бод. Яаж ч байсан бэлтгэлээ алгассанаас бага ч гэсэн хийсэн нь танд ашиг тустай. Энэ тохиолдолд аль болох өндөр эрчим рүү орох нь зүгээр (мэдээж сайн халаасны дараа).

Саяхан уншсан Бэн Грийнфийлдийн “Beyond Training” номон дээр “Зааланд ирсэн бол аль болох хүчний бэлтгэл л хий. Кардиогоо гадуур хий” гэсэн байсан.

Мэдээж бэлтгэл болгоны дараа ирэх сэтгэл санааны сайжралт, стресс багасалт, цусны идэвхтэй эргэлт гэх мэт бидэнд олон эерэг нөлөөллийг санаарай.

3. Баланс

Бүх хүмүүсийг нэг бүлэгт багтаах нь утгагүй. Гэхдээ нэг хэсэг хүмүүс нь удаан хугацаанд дасгал хийе гэж бодсоноо хийгээгүй байхад, нөгөө талд өөртөө хэт хатуу хандаж “илүү, илүү, илүү хий” гээд байдаг хүмүүс бий. Юу хэлэх гээд байна вэ гэвэл удаан залхуурсан хүмүүс энэ үеэ одоо хаяцгаая. Нөгөөтээгүүр над мэт шиг хэт өөрийгөө “яргалах” гээд байдаг хүмүүс өөрийгөө илүү хайрлацгаая. Баланс шүү дээ.

4. Хоолоо анхаар

Өмнө нь дурдсанчлан хоолоо хасна гэж битгий бод. Түүний оронд “нэмнэ” гэж бод. Үндсэн төрөл зүйлээ л сана. Уураг, нүүрс ус, өөх, амин дэм, нүүрс ус. Ердөө л эд нар. Өдөрт авч байгаа хүнснийхээ нийт хэмжээний 10–35%-г уургаас, 45–65%-г нүүрс усаас, 20–35%-г өөх тосноос авах учиртай гэдэг.

5. Өөрийн хэмнэлээ өвлийн хуваарь луу оруул.

Зарим хүмүүс зуны үеэр смүүти уудаг бол үүнийгээ өвөлдөө шөлөөр, зуны салатыг шарсан ногоогоор, зуны гүйлтээ өвөлдөө жин өргөлтийн дасгалуудаар сольдог. Улирлаа дагаж бидний физиологи зохицдог аж.

6. Стресс багатай орчинг бүрдүүл

Өдрийн цагаар нарны гэрэлд гар. Д витамин ав. Унтахаасаа 2 цагийн өмнө цэнхэр туяатай гэрлээс аль болох хол байвал бөх нойрсоход чинь тусална. Гэрийн өрөөнийхөө дуу шуугианыг анзаараад үз. Хэрэв их цуурайтай байвал хөшиг, хивс, дэр гэх мэт дуу шингээгч материалтай зүйлийг байршуул. Эрүүл амьдралын хэв маяг таныг илүү баяр хөөртэй, тайван байдал руу хөтөлдөг болохоос биш яарсан, эсвэл стрессийг тань нэмэх учиргүй юмаа.

***

Instagram

--

--

Kush
Move Right with Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm