Mindset | Дасгалжих сэтгэлгээг хэвшүүлэх 6 санаа
Дадал зуршил нь хүний хандлага, сэтгэлгээнээс улбаалж хэлбэржиж байдаг. Энэ нийтлэлээрээ дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэхэд санаа болох зургаан хандлагыг сонгож авч бичлээ.
Мэргэжилтнүүд дасгал хөдөлгөөн хийх шийдвэртэй холбоотой зан үйлийн өөрчлөлт хандлагыг тав ангилсан байдаг. Үүнд:
a. Хөдөлгөөн хийе гэж огт боддоггүй (pre-contemplation)- хөдөлгөөн, дасгал хийх талаар боддоггүй, хөдөлгөөнгүй амьдралын хэв маягтай бүлэг хүмүүс
b. Боддог (contemplation)- дасгал хөдөлгөөн хийх тухай бодож эхэлсэн боловч ямар нэг арга хэмжээ хараахан аваагүй хүмүүс
c. Өөрийгөө бэлдэж эхэлсэн (preparation)- Хөдөлгөөн хийх талаар бие болон сэтгэлзүйгээ бэлтгэж эхэлсэн ба энэ төрлийн хүмүүс алхаж, зарим бялдаржуулах төвөөр зочилсон хүмүүс багтана. Энэ шатны хүмүүс дасгал хөдөлгөөнөө хараахан тогтмолжуулаагүй бүлгийнх
d. Дасгалжиж эхэлсэн (action)- Энэ төрөлд 6 сараас доош тогтмол дасгалжсан хүмүүсийг багтаадаг
e. Дасгалжиж дадсан (maintenance)- 6 сараас дээш дасгалжсан хүмүүсийг багтаадаг.
1. Дасгалжъя гэдэг нь хатуужъя гэсэн үг
“Хөдөлгөөн хийе гэж огт боддоггүй”-гээс бусад шатанд хатуужих сэтгэлгээг юун түрүүнд суулгамаар санагддаг. Тэсэж тэвчих тухай, цагаа зарцуулж, хоолоо хорьж, өөрийгөө зориулж, заримыг нь золих тухай. Золих зоригтой байх тухай, магадгүй өвдөхөд бэлэн байх тухай хэлээд байна.
Хаттай болох сэтгэлгээг бий болгосон хойно зорилгодоо хүрэх талаар ярьж болно.
Тийм хандлага байхгүй бол… (мэдэж байгаа биз дээ?) Ерөөсөө хүмүүсийг дасгалждаг, дасгал хийгээгүй гээд хоёр ангилчихъя. Хийгээгүй хүмүүс “би турсангүй”, “би өвдсөн”… гэсээр хоцорно. Харин дасгалжсан хүмүүс бол дасгалжаад дараагийн шат руугаа шилжих нүүдлээ хэдийнэ харсан байдаг ба ийм хүмүүст хэзээ нэгэн цагт өвдсөн ч магадгүй харамсахгүй сэтгэлгээний ялгаа анзаарагддаг. Хариулт нь энгийн: тэд хийсэн болохоор тэр.
2. Урам зоригийг өөрөө бүтээ
Урам зоригийг ямар “материалаар” хийдэг юм бол оо? Үүнийг бид (бас л мэргэжилтнүүд) гаднаас нөлөөтэй (extrinsic value), дотроос нөлөөтэй (intrinsic value) гэж хуваадаг. Бичвэртээ энэ ойлголтыг дахин дурдаж байгааг минь уучлаарай. Дээрх таван ангиллын хамгийн сүүлийнх нь дотроосоо өөрийгөө урамшуулах чадвартай буюу түүнээс бусад ангиллынх бусдын үгээр урамшдаг гээд ойлгочихож болно. Өөрөөр хэлбэл 6 сарын дадлын дараагаас хүний дотоод урам зоригийн дуу хоолой биежиж ирдэг байна. Хөдөлгөөний үнэ цэнийг ойлгож ухаарсан хүн бусдаар хэлүүлэлгүй өөрийн дуртай зүйлээ хийсэн байдаг.
Урам зоригийг бий болгодог зүйл нь таны дадал зуршил, таны зорилго.
Харин танд урам авдаг хүчин зүйл, эсвэл хүн байж магадгүй юм. Түүнийгээ харж, дагасан хэрнээ хоёр болон түүнээс дээш удаа дасгалаа хойшлуулсан бол урам зориг авагчаа өөрчлөхийг зарим эх сурвалжид зөвлөжээ.
3. Хүн бүр шагналын (медал) эзэн. Бэлтгэлээ тайлагна. Тэмдэглэл хөтөл.
Сунайсан их ажилтай долоо хоног дуусахад хэн чиг “Би хундага дарс уух гавьяатай хүн” гэж өөртөө хэлдэг болов уу. Би ч тэгдэг. Дасгал хөдөлгөөний үр дүн урт хугацаанд харагдаж, үр дүнгээ өгдөг тул бид өөрсдийгөө урамшуулахаа мартаж болохгүй. Гэхдээ үүнийг дөнгөж гүйж эхлээд 5 хоног болж байгаагаас илүүтэй дор хаяж гурван долоо хоног дасгалжсанаас, цаашлаад 6 сар дасгалжсанаас эхэлж хэрэгжүүлбэл эерэг нөлөөтэй. Үүний зэрэгцээ бэлтгэлээ хөтлөх нь таны үйл явцыг үзүүлэх хамгийн таатай сурвалж болж үлддэг. Хэрэв тодорхой шалтгаанаар бэлтгэлээ хаясан бол (relapse) эргэн дасгалжихад тэдгээр тэмдэглэлүүд таныг эрхгүй урамшуулна. Түүнчлэн хэлсэн амандаа үнэнч байх хандлагыг бид өөрийн хамгийн итгэл даах нэгэндээ (таны урмыг хугалахгүй хүн байх) тогтмол тайлагнах замаар хэрэгжүүлэх нь үр нөлөөтэй байх нь бий.
4. Гоё биетэй болно гэдэг нь бүх хүчин зүйлийн зөвхөн нэг нь
Дасгалжсанаар юун түрүүнд таны бие физиологи зөв горимын дагуу ажиллана. Цаашлаад эрүүл байна, биеийн үе мөчүүд, зүрх судасны үйл ажиллагаа, сэтгэл санаа сайжирч олон тооны өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэх мэт эерэг үр дагаварууд дундаршгүй олон.
Амьдралын чанараа сайжруулахыг бид бүгдээрээ л хүсдэг.
Амьдралын чанар бол сэтгэл санаа баяр жаргалтай, ажил төрөл үр бүтээмжтэй байх тухай. Дасгал хөдөлгөөн нь физиологи, тархи оюуныг тэнцвэртэй байлгадаг учраас амьдралын чанарт шууд нөлөөтэй. (Үр дагавруудыг сонсоод байх тусам “хүн үнэхээр албан тасалгаанд суухаар бус, хөдлөхөөр бүтээгдсэн юм байна” гэж бодоход хүрдэг шүү.)
Гоо сайхан биетэй болно гэдэг нийгмийн шаардлага уу, эсвэл таны хүсэл үү гэдгийг өөрөөсөө асуугаад үз. Нийгмийн шаардлага бол уучлаарай, таны зорилго яг ч зөв биш байна. Хүн эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрч, хайрлах хэрэгтэй шүү дээ? Бусдад хүлээн зөвшөөрөгдөх, бусдаас хариу авах, бусдад харуулах гэх мэт нь бидний нийгмийн сэтгэлзүйн сөрөг хандлага. Үүний оронд би дасгалжиж эрүүл байснаар үр хүүхдүүд, хайртай нэгэнтэйгээ илүү удаан, аз жаргалтай цагийг бүтээнэ гэвэл энэ зөв хандлага.
Дараагийн асуулт нь гоо сайхан биетэй болох зорилго тавиад зорилгодоо хүрсэн хүмүүс яадаг бол? Нэг бол эрүүл мэндэд тустай гэдгээ ухаараад цааш үргэлжлүүлсэн, нөгөө бол тэгсгээд зогссон байх…
Ташрамдуулахад “Хаврын ядаргаа” гэж үнэндээ байдаггүй талаар нэг номноос ийм үг уншлаа (орчуулаагүйг минь уучил).
“Attention Deficit Disorder, Seasonal Affect Disorder, Social Anxiety Disorder. These aren’t diseases, they’re marketing ploys. Doctors didn’t discover them, copywriters did. Marketing departments did. Drug companies did.
Depression and anxiety may be real. But they can also be Resistance.”
Pressfield, Steven. “The War of Art.”
5. Бэлтгэлээсээ хөндийрсөн ч эргэж орох сэтгэлгээ
Үүний жижиг хувилбар нь нэг өдөр хоолоо алдвал, нэг өдөр дасгалаа тасалбал би хэрхэн нөхөх вэ гэсэн таскад бэлэн байх тухай юм. Амьдралын ямар нэг мөчлөгөөс болоод хүн бэлтгэлээсээ хөндийрөх нь бий. Мөчлөгөө дуусгаад бэлтгэлдээ шаргуу орох нь чухал.
Буцаж орохоо олон удаа хойшлуулбал тухайн хүний дадал зуршил хаягдах үгүй болох хортой нөлөөтэй.
Энд нэг бол таны өмнөх бэлтгэл таны дуртай зүйл байгаагүй. Эсвэл дотоод хүн тань ухаарталаа хангалттай бэлтгэлжээгүй гэсэн хувилбаруудыг дэвшүүлж болно. “Мөнгө олох гээд…” гэж зарим хүмүүс хэлж болох юм. Үгүй шүү. Та мөнгөтэй болж, зээлээ төлөх хэмжээнд оччихоод дасгалжина гэвэл амьдралын аз жаргалаа ч хойшлуулж байгаа хэрэг шүү.
6. Дуртай хөдөлгөөнөө л хий
“Хайрцагнаасаа гар” гэдэг минийхээр хүчлэсэн тушаал шиг санагддаг. Үүний оронд дуртай дасгалаа хийж, алгуураар ахиул. Багадаа та юу хийхийг хүсдэг байсан бэ? Та багийн тоглогч уу, эсвэл хувийн тоглогч уу? Ямар хөдөлгөөн (activity) таны нүүрэнд инээмсэглэл тодруулдаг вэ? Түүнийгээ л хий. Харин хийхдээ эрчмээ хэрхэн ахиулсаар байх тухай бод. Урт болон богино хугацаагаар төлөвлө. Түүндээ хүр.
“Хийх үү болих уу гэж бодож байвал хийгээгүй нь дээр дээ” гэдэг үг байдаг даа.
***