Архины хамааралт эцэг эхтэй гэр бүлийн хүүхдүүдийн психийн дүр зураг.

Munkh-Erdene Ankhbayar
Munkhuu&Choko
Published in
3 min readJun 21, 2019

2000 онд АНУ-ын Нийтийн эрүүл мэнд /Public health/-ын сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн дүгнэлтэнд 4 хүүхэд тутамын 1 нь архидалтын шалтгаант гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдаг тухай мэдээллэсэн байдагтай холбоотойгоор дээрхи нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. Бид архидалтын улмаас үүсдэг физикийн болон механик шалтгаант хүчирхийлэлийг л чухалчилдаг бол хүний хамгийн чухал эрхтэн болох майнд, тэр дундаа психийг ихээхэн гэмтээдгийг анзаарахгүй өнгөрөөдөг билээ.

Архидалт болон архинд донтолт-ыг гэр бүлийн “өвчин” гэж авч үздэг бөгөөд гэр бүлийн гишүүн бүрт сөргөөр нөлөөлдөг. Архинд донтогсодтой цуг амидрах нь тухайн гэр бүлийн уур амисгал аюултай, түгшүүртэй, ичгэвтэр,эмх замбараагүй,найдлагагүй болох гол шалтгаан болдог. Үүний улмаас гэр бүлийн гишүүд тэр дундаа хамгаалах механизм /defense mechanism/ бүрэн хөгжөөгүй хүүхдүүдийн цаашдын хувийн амидрал, бодох бодол, хандлага зэрэгт гүн ул мөрөө үлдээдэг. Архинд донтогчтой гэр бүлийн гишүүдийн тодорхой дүр зураг болон түгээмэл психийн гэмтэл тохиолддогыг Sharon Wegscheider-Cruse гэх судлаач анх илрүүлэн судалсан байдаг. Үүнд дараах таван төрлийн дүрийг хамруулсан.

  1. Зохицуулагч /The Enabler/

Энэ төрлийн гишүүн нь архинд донтогчыг улам өөгшүүлдэг бөгөөд түүний хийсэн алдааг үргэлжид засч, түүний өмнөөс бусдаас уучлал гуйх, хариуцлага хүлээх зэрэг үүргийг өөртөө хүлээдэг. Жишээлбэл: Архинд донтогчид архи, пиво худалдан авч өгөх, түүний захирлын өмнө уучлал гуйх, бодит байдлыг хүлээн зөвшөөрөлгүй архинд донтогчыг өмөөрөх зэргээр түүний өмнөөс бүхнийг хийхэд бэлэн байдаг. Энэ төрлийн гэр бүлийн гишүүн нь зөвхөн архинд донтогчыг хамгаалах биш гэр бүлийнхээ ичгэвтэр байдлыг бусдаас нуух, гэр бүл доторхи түгшүүрийг багасгах, архидалтын улмаас үүссэн хүндхэн ситуациас зайлсхийхэд чиглэсэн үйлдэл хийдэг. Түүнийхээр архинд донтогчын гаргаж буй зан төрх /behavior/ нь архинаас л болж байна гэж бат үнэмшдэг тул архинаас гаргах бүхий л төрлийн арга чаргыг хайдаг. Иймд архинаас гаргах төрөл бүрийн мухар сүсэг, эзотерик үйлдлийн золиос болох тохиолдол их.

2. Баатар /The Hero/

Энэ төрлийн гишүүн нь ихэвчлэн айлын том хүүхэд байх бөгөөд “зохицуулагч”-ыг эзгүй үед түүний хүлээх үүргийг үүрдэг. Ихэвчлэн гүйцэтгэж буй гүйцэтгэл нь маш их дараалалтай, чиглэлтэй, өндөр түвшнийх байдаг тул академик салбарт ихээхэн амжилттай байдаг. Гэвч түүний энэ амжилт нь ихэвчлэн архинаас шалтгаалсан гэр бүлийн уур амисгалыг өөр зүйлд чиглүүлэх, боломж гарвал энэхүү гэр бүлээс зугтаахад чиглэгдсэн байдаг тул хэзээд хийсэн зүйлдээ сэтгэл ханадаггүй. Энэ төрлийн хүмүүсийг хайрлахад маш хэцүү бөгөөд түүнд хэн ч хэрэггүй мэт зан төрхийг гаргадаг тул архинд донтсон эцэг эхтэйгээ ижилхэн эмпати болон эмоцийн холбоос үүсгэх чадварууд дутагдалтай байдаг.

3. Буруутан /The Scapegoat/

Энэ төрлийн хүүхэд нь архинд донтогчтой ихээхэн адил байдаг бөгөөд архи болон бусад мансууруулах бодисыг өөр дээрээ турших магадлал ихээхэн өндөртэй. Учир нь гэр бүлийнхээ уур амисгалын жинхэнэ асуудлыг өөрийнхөө хийж буй буруутай үйлдэлээр солих хэлбэрээр тухайн гэр бүлийн архинд донтолтын асуудлыг сарниулах гэж оролддог. Ихэвчлэн гэр бүлийн маргаан болоход дээрхи хүүхдүүдийг жишээ болгон ярих бөгөөд шууд буруутгасан өнгө аясаар тэдэнтэй харьцдаг. Иймд тэд эцэг эх болон гэр бүлээ үзэн яддаг. Гэр бүлээсээ дайжих, гэмт хэрэгт орооцолдох магадлал хамгийн өндөр байдаг.

4. Алиалагч /The Clown/

Энэ төрлийн хүүхэд нь архинаас шалтгаалж буй хэрүүл маргаан, зөрчилдөөн зэргийг намжаахын тулд элдэв төрлийн үймээн шуугиан, хошигнол зэргийг бий болгох чиглэлд хамгаалах механизм нь хөгжсөн байдаг. Тэрбээр ихэвчлэн анги хамт олны хамгийн алиа хошин нь байдаг бөгөөд насанд хүрсэн хойно нь ч энэ хамгаалах механизм нь ажилласны улмаас өөрийн байр сууринд бат зогсох, чин сэтгэлээсээ хандах зэрэг чадвар дутмаг байдаг. Ихэвчлэн “алиалагч”-ын багны ард бүхий л насаараа нуугдан дотроо шаналж явдаг эмгэнэлтэй дүр юм.

5. Орхигдсон жаал. /The losting child/

Энэ төрлийн хүүхэд нь тухайн гэр бүлийн хамгийн бага нь байдаг бөгөөд ихэвчлэн чимээгүй, ганцаардмал нэгэн байх нь олонтаа. Иймээс зурагт, ном зэргийн өмнө ихэнх цагийг өнгөрөөдөг.Гэр бүлийн хэрүүл маргаан зэргийн үед ихэвчлэн ганцаараа, чимээгүй өнгөрөх бөгөөд бусад гэр бүлийн гишүүд шиг чимээ шуугиан гаргадаггүй. Иймд эцэг эх нь түүнийг “зүгээр” гэж бодож орхигдуулдаг. Орхигдсон жаал насанд хүрэхдээ бусадтай харилцаа үүсгэх чадваргүй, бусдад итгэдэггүй, дотор нь үргэлжид хоосон мэдрэгдсэн нэгэн болж төлөвшдөг.

--

--

Munkh-Erdene Ankhbayar
Munkhuu&Choko

Мартахааргүй хийх, мартагдана гэдгээ мэдэх…