Програм хангамжийн инженерийн CV бичих санаа

Syerikjan Kh.
Nomadays
Published in
3 min readNov 27, 2017

CV: Өөрийг тань мэргэжлийн талаас нь илтгэх нэг хуудас баримт. Тус нийтлэлд цаашид CV гэж тэмдэглэнэ.

Энэхүү нийтлэл нь програм хөгжүүлэгч болон инженерүүдийн CV-нд түлхүү зориулсан болно. Өөр мэргэжлийн CV-нд бичье гэсэн ч тэр талаар мэдлэг алга даа (SAD REALITY).

Одоогийн байдлаар өөрийн хүссэн ажилд орох хамгийн эхний алхам бол өөрийн CV-г илгээх. Ирээдүйд магадгүй илүү үр өгөөжтэй байдлаар өөрийн ур чадвараа харуулах хэрэгсэл, баримт гарах л байх. Магадгүй бид инженерүүд үүнийг хийх шаардлагатай болно. Гэвч дээрх нээлт бий болоогүйн улмаас ирэх хэдэн жилдээ CV-тэйгээ л ноцолдоно доо.

Нийтлэлд дурьдагдах зүйлс:

  1. CV-нд агууллагдах мэдээллүүд: туршлага, боловсрол, сонирхлоороо хөгжүүлсэн төслүүд(side projects)
  2. Хэрэгтэй хэрэггүй хувийн мэдээлэл шаардлагагүй
  3. Ур чадвар(technical skills) хэсэг. Дэлхий дээрх бүх програмчлалын хэл болон технологийг нурших хэрэггүй. Ажлын зараа тэгэж оруулахаа болмиор байна л даа. Avengers-ийн багт ажилд авах гэж байгаа биш дээ
  4. Жишээ CV-ийн загвар

CV гэж юу вэ мөн юуг анхаарах ёстой вэ?

Өмнө хэлсэнчлэн CV болон таныг мэргэжлийн талаас нь танилцуулах баримт бичиг. Ажил олгогчидод 3 хуудас хүүрнэмж өгүүллэг уншиад суух цаг сонирхол ч гарахгүй. Иймээс CV гэдэг тодорхой бүтцийг дагасан уншихад хялбар нэг хуудас баримтыг аль аль тал нь илүүд үздэг.

Эхний дүрэм болон үнэн зүйлсийг бичих. Жишээ: Youtube-с 2–3 хичээл дагаж хийчээд тухайн технологийг мэддэг гэж дурьдах нь өөрт тань асуудал авчирна. Учир нь тухайн технологийн эксперт нь өөрөөс тань ярилцлага авах магадлалтай. Дараагийн чухал зүйл бол CV тань уншихад хялбар байх (гүйлгээд харчихад өөрийн тань талаарх тодорхой хэмжээний мэдээлэлтэй болох). Веб хөгжүүлэхдээ нилээд төстэй, хэрэглэгчидийн ая тух болон хэрэгэлэхэд хялбар байдал дээр тулгуурлан хөгжүүлэхтэй ижил ‘хүссэн мэдээллээ аль хуудасны аль хэсгээс олж авах нь ойлгомжтой’.

Туршлага

Таныг ажил олгогчийн хүссэн ур чадвартайг нотлох хамгийн чухал нотолгоо. Өмнө хийж байсан бүх ажилуудаа оруулах шаардлагагүй. Өөрийн чинь номын санд цагийн ажилтан байсан нь програм хангамжийн компанид содон сонирхолтой санагдахгүй л болов уу? Мөн зүгээр нэг веб сайт хийсэн, сайжруулсан гэж бичих нь юуг ч илтгэхгүй. Тэрний оронд яаж сайжруулсан үр дүн нь ямар гарсан, веб сайтын аль хэсгийг яаж хөгжүүлсэн яагаад тэр арга барилыг ашигласнаа товч бөгөөд тодорхой бичих хэрэгтэй.

Жич: Өөрийн мэргэжлээрээ дадлага хийсэн байдлаа оруулж болно.

Боловсрол

Өөрийн зэрэг, их сургууль болон төгссөн огноогоо бичихэд хангалттай. Нуршсан мэдээлэл хэрэггүй. Огнооны эрэмбэтэй бичих ёстой. Сүүлд төгссөн сургууль нь эхэнд. Хэрвээ их сургуульд сураагүй бол мэргэжилтэйгээ хамааралтай хамрагдсан сургалтуудаа(онлайн, coursera, udacity) дурьдаж болно.

Сонирхлоороо хөгжүүлсэн төслүүд(side projects)

Тус хэсэг нь өөрийгөө мэргэжилдээ дуртай цаашид илүү дэвшин хөгжих сонирхолтой байгаагаа илэрхийлнэ. Товч бөгөөд тодорхой бичээрэй. Заавал нээлттэй эрхт төсөл байх шаардлагагүй анги дээрээ өөрөө хувиараа хөгжүүлсэн байж ч болно. Гол нь яагаад хөгжүүлсэн болон хэрэглэсэн технологийнхоо талаар ярихдаа бэлэн байгаарай.

Ур чадвар(technical skills)

Инженерүүд өөрийн сурсан болон ашиглаж байсан бүх технологиудаа дурьдах сонирхолтой байдаг, гэхдээ энэ нь ихэнх үед тийм ч шаардлагатай байдаггүй. Өмнө хэлсэнчлэн туршлага хэсгээс тань ямар технологи ашигласан чинь тодорхой харагдана. Тус хэсэгт өөрийн сайн мэддэг ажлын байрны тодорхойлолт дээрх технологиудыг л жагсааж бичихэд хангалттай.

  1. Өөрийн сайн мэддэг технологиудаа бичих
  2. HTML, XHTML, DHTML, CSS3, CSS ийм байдлаар дурьдах утгагүй. CSS3 мэддэг бол CSS-ийг сурсан нь мэдээжийн асуудал
  3. Инженерүүд компьютерийн ерөнхий мэдлэгтэй байдаг. Тиймээс Micorosoft Word, Excel хэрэглээний түвшинд ашигладагаа бичих шаардлагагүй.

CV-ны загварууд

Google Doc template

Gayle L. McDowell CV

Төгсгөлд нь хэлэхэд дээрх 3 хэсгийн (Туршлага, Боловсрол, Төслүүд) 2-ыг нь өөрийг тань мэргэжилдээ гаргууд гэдгийг илтгэх байдлаар тодорхойлох хэрэгтэй. Дөнгөж төгссөн оюутнуудын хувьд боловсрол болон төслүүд хэсэгт түлхүү ач холбогдол өгөх шаардлагатай. Сургуульд байхдаа оролцсон тэмцээн, ангийн ажил/төсөл гэх зэргийг товч бөгөөд тодорхой багтаан бичих хэрэгтэй.

Та бүхэн бидэнтэй нэгдэн ажиллахыг хүсвэл бидний зарласан нээлттэй ажлын байруудтай танилцана уу.

Эх сурвалж: How to write a CV as a software developer, Opinionated Guide for Software engineer CV

--

--