Пээр(pair) програмчлалын давуу тал болон учирч болох эрсдлүүд

Myagmarsuren Tserenchimed
Nomadays
Published in
4 min readSep 11, 2017

Пээрлэнэ гэдэг нь хоёр хөгжүүлэгч хамтдаа нэг компютер дээр код бичихийг хэлнэ. Албан ёсны тайлбар бол нэг хөгжүүлэгч(driver) нь удирдаж код бичих бөгөөд нөгөө хөгжүүлэгч(navigator) нь бичсэн мөр код болгоны нягталж ажиглах эсвэл чиглүүлж зааварлах үүрэгтэйгээр хамтарж ажиллахыг хэлнэ. Ер нь бол цугтаа суугаад нэг кодын бааз дээрх асуудлуудыг шийдэх юм. Ингэхдээ аль нь ч код бичиж болох ба хэн ч утсаа оролдох гэх мэт өөр зүйл хийх ёсгүй.

Пээр програмчлалыг өргөн хүрээтэйгээр авч хэрэгжүүлдэг байгууллагууд байхад зайлсхийдэг ч газрууд байна. Үүнийг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх талаар хүмүүс хоорондоо байнгын санал зөрөлдөөнтэй байдаг.

Пээрлэх нь нөөцөө үр ашиггүй ашиглаж байгаа юм шиг санагдаж магад. Хоёр хөгжүүлэгч тус тусдаа өөр модул дээр долоо хоног ажиллахад хэсэг тус бүрийн ажил нилээдгүй хийгдэх байх. Гэхдээ энэ тийм ч чухал биш юм. Дээрх хоёр хөгжүүлэгч тусдаа тусдаа 95% гүйцэтгэлтэй бүрэн дуусаагүй хоёр модултай долоо хоногоо дуусгахуу эсвэл пээрлэж кодоо бичээд 100% гүйцэтгэлтэй нэг хэсэгтэй болсон дээрүү. Пээрлэж програмчилснаар ашиглахад бэлэн болсон модулийн тоог нэмэгдүүлж чадна.

Давуу талууд

Алдаа бага гаргана, кодын чанар сайжирна

Бүгд л хэцүүхэн алдаанууд гаргадаг. Бүтцийн алдаанаас авахуулаад жижигхэн бичиглэлийн алдаа, буруу инсталл хийсэн эсвэл зүгээр рестарт хийгээд болох байсан гэх мэт төрөл бүрийн анзааргагүй алдаанууд гаргаж болно.

Хамт кодчилж байх үед бичсэн код нь хоёр хүний уураг тархины бүтээл болохоор илүү чанартай болно. Өмнө гаргаж байсан эсвэл хэн нэгний гаргаж байсан алдааг код бичиж байгаа хамтрагч чинь гаргавал тэр даруйд нь засах боломжтой. Мөн хоёулаа учирыг нь сайн олдоггүй зүйлтэй тулгарвал гарцыг нь хайж олох хамгийн зөв цаг юм.

Урагшлахад илүү хялбар — Сэтгэл санааны дэмжлэг
Хамт кодчилох нь асуудлыг эерэг талаас нь харах хандлагыг нэмэгдүүлдэг. Хэрэв хэн нэгэн та хоёрын ажиллаж байгаа зүйл дээр асуудал байгааг танилцуулахад хувь хүндээрээ хүлээж авалгүй илүү бүтээлчээр хандах болно. Ингэснээр дараа дараагийн шийдлүүдийг амархан олох ба ажил ч урамтай урагшилдаг.

Алгуурлахад хэцүү
Хоёулаа багаар ажиллахад email-аа шалгах эсвэл facebook, messenger гэх мэт зүйлсд цаг нөгцөөх зав гарахгүй гэсэн үг.

Эдгээр нь жижиг мэт санагдах боловч гэртээ харин харьтлаа ажлын ширээнийхээ ард хичнээн цагийг идэж уух, илүү дутуу зүйлс оролдоход зарцуулдаг бол. Мэдээж ямарч амьсгаа авахгүй код бичнэ гэж юу байхав гэхдээ дээрх завсарлагааны үйлдлүүдэд кодчилох үйл явцаас дөрөв дахин их цаг зарцуулдаг гэсэн судалгаа бий.

Туршлагаа хуваалцах
Хамт код бичих нь байгуулага дотор мэдлэгээ хуваалцах хамгийн сайн арга юм. Хөгжүүлэгчид бусаддаа арга барилаа сайжруулах болон хурдаа нэмэгдүүлэх зөвлөгөөнүүдийг өгч болно.

Шинэ ажилчдад зөвлөхөд сайн суралцах гол арга гэвэл пээрлэх. Ингэснээр гартаа оруулж аваагүй мэдлэгүүдийг нээн илрүүлж илүү ихийг сурана.

Муу ажилтан авах нь багасна
Шинэ ажилтантайгаа тодорхой хэсгүүд дээр пээрлээд үзэх хэрэгтэй. Тэгснээр ажилд авсан хүн чинь танай бизнесд тохирохгүй, зорилго арга барилын хувьд өөр, төсөөлж байсан шиг хангалттай чадваргүй эсвэл буруу үүрэг рольд томилсон гэх мэт асуудлыг аль аль талынхаа цагийг дэмий үрэхээс өмнө мэдэхэд тусладаг.

Өмнө пээрлэж багаар ажиллаж сурсан ажилчид шинээр ажлын ярилцлагад орж байгаа хүмүүсийг илүү дээр шүүх бөгөөд бодитой дүгнэлт гаргах болно.

Ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ
Цуг код бичих нь ажилтнуудыг илүү ойр байлгаж тушрлагаа хуваалцахаас гадна бусад зүйлсийн талаар ярилцах, санаа солилцох, өөрийгөө илэрхийлэх боломжийг бүрдүүлж байдаг. Ингэснээр олон чухал бизнес үйл ажиллагаануудыг илүү сайжруулах санаачлагууд гардаг.

Код бичнэ гэдэг ганцаардмал ажил ялангуяа ганцаараа компьютерийнхээ ард суугаад нэг хэсэг код гараас гаргах гээд сууж байгаа бол. Байгууллагын хувьд ажилчдаа иймэрхүү тусгаарлагдмал зожиг байдалд орохоос сэргийлэх нь маш чухал. Магадгүй энэ нь пээр програмчлалыг старт-апаас авахуулаад томоохон компаниуд хүртэл авч хэрэгжүүлэх нэг том шалтгаан байх.

Пээрлэх явцад хийж байгаа үйлдэл эсвэл бодож байгаагаа хамтрагчдаа сонсогдохоор ярих нь үр дүнтэй кодчилоход хамгийн чухал :)

Пээрлэж болохгүй шалтгаанууд

Пээр програмчлал нь зарим тохиолдолд төвөгтэй байдалд хүргэх бөгөөд ухаалаг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Хэтрүүлэх эсвэл багадуулах хэрэггүй
Бүх л өдөржин хүмүүсийг цуг байхыг шаардах хэрэггүй. Магадгүй төгсгөлд нь бие биенээ үзэн ядаад дуусах байх. Хамгийн тохиромжтой пээрлэх хугацаа бол 1.5–2.5 цаг. Бас хэтэрхий богино байх нь хамтарч ойлголцох гэсээр байтал дуусах тул үр дүн гарахгүй цагийн гарз болно.

Ядарсан хөгжүүлэгчид
Үргэлж кофегоор бүхнийг аргалаад байна гэж байхгүй. Ядарсан эсвэл стрессдсэн үедээ бусадтай харьцахад хүнрэлтэй байдаг. Ийм үед пээрлэх нь алдаатай код бичихээс авахуулаад хүмүүсийн харилцаанд хүртэл асуудал үүсгэдэг. Зарим хүмүүс илүү ачаалал даах чадвартай байхад зарим нь үгүй.

Төвөгтэй бичигдсэн кодыг пээрлэх үү? эсвэл зөвшилцөх үү?
Төвөгтэй бичигдсэн код дээр пээрлэх гэж оролдох нь улам л төвөгтэй болгодог. Гэхдээ зарим байгууллагууд яаг ийм нөхцөл дээр рефактор хийхдээ пээрлэж кодчилох нь зүйтэй гэж үздэг. Заримдаа суугаад асуудлуудаа ярилцаж эмхэлсэн нь илүү үр дүнтэй байж мэднэ.

Тиймээс дээрх шалтгаан болон өөрсдийнхөө нөхцөл байдлыг бодолцож үзэн пээр програмчлалыг хэрэгжүүлээд үзээрэй гэж зөвлөх байна. Пээр програмчлал нь таныг болон танай ажилчдыг бусадтай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөр боломж шийдлүүдийн талаар санал солилцох, шинэ хөгжүүлэгчдэд туршлагаа хуваалцаж илүү үр бүтээлтэй ажилтан болоход нь туслах, өөрийн ур чадвараа нэмэгдүүлэх зэрэг гайхалтай боломжуудыг өгөх болно.

Эх сурвалж:

Та бүхэн бидэнтэй нэгдэн ажиллахыг хүсвэл бидний зарласан нээлттэй ажлын байруудтай танилцана уу.

--

--