Буйд газрын кафе “Яагаад” /Жон стрелеки/

Choko
Nomintuuchee
Published in
4 min readJan 5, 2021

Орчуулагч: А. Оюунзул

Жон гэх залуу ажил, амьдралын хувьд зав чөлөөгүй тэрнээсээ болж стрессддэг болсон бөгөөд үүнээсээ хэсэг холдож өөрийгөө амрааж, сэтгэл санаагаа цэгцлэхээр аялалд гардаг. Гэтэл явж байсан замд саатал гарсны улмаас өөр зам туршиж үзэхээр яваад Буйд газрын кафе буюу Яагаад кафед ирдэг.

Ийнхүү орж хоол авахаар меню харах үед Би яагаад энд ирсэн бэ асуултыг уншиж гол үйл явдал эхэлнэ. Өрнөл хэсэгт асуулт олширч, тэр болгонд хариултыг олох янз бүрийн санаа дэвшүүлэх бөгөөд энэ талаар зөөгч, тогоочтой ярилцаж хуваалцдаг.

Миний ойлгосноор энэ ном нь 3 гол асуултанд хариулт өгөхөөр зорино:

  • Та яагаад энэ ирсэн бэ?
  • Та үхлээс айдаг уу?
  • Та амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?

Та яагаад энэ ирсэн бэ?

Бид өдөр бүр нойр хоолгүй ажиллаж, урдах хийж буй зүйлдээ ач холбогдол өгч явсаар, хажуугаар цаг хугацаа урсан өнгөрдгийг тэр бүр анзааралгүй орхидог. Магадгүй дэлхий дахины хурдацтай хөгжил, нийгмийн нөхцөл байдал нөлөөлдөг байх. Гэхдээ хийж байгаа зүйлээсээ жаахан ангижраад эргэн тойрноо ажиглаад үзэхийг энэ асуултаар дамжуулан уншигчдад зөвөлжээ. Өөрөөр хэлбэл би яг үүнийг хийх шаардлага байна уу? Яагаад үүнийг хийж байгаа билээ гээд өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Та үхлээс айдаг уу?

Шууд ингээд уншихад жаахан эвгүй асуулт шиг санагдаж магадгүй ч энэ номыг уншиж байгаа хүнд огтхон ч тэгэж санагдахгүй. Бид өөрсдийгөө бараг мөнх юм шиг бодож амьдардаг атал хөгшрөөд ирэх үед харамсах зүйл бишгүй гарч ирдэг. Энэ асуултын цаана хэрвээ та үхчихвэл харамсах уу? Гэр бүлдээ юу үлдээсэн бэ? Таныг хүмүүс юу гэж дурсах бол? Хэлж, хийж амжаагүй зүйл байгаа юу? Гэх олон асуулт нуугдаж байгаа юм.

Та амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?

Энэ асуултаар та өөрийн амьдарч байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж чадаж байна уу? Хийж байгаа ажил, гэр бүлдээ гаргаж байгаа цагтаа сэтгэл хангалуун байдаг уу? Гэсэн санааг тусгаж өөрийн дуртай зүйлээ хийхэд өдөрт ядаж нэг цаг зарцуулахыг зөвлөжээ.

Сайн ажаад үзвэл бусад хүмүүсийн хийж байгааг яг адилхан давтан хийсээр байдаг. Энэ нь үнэхээр таны хүсэл, мөрөөдөл, зорилгод нийцэж байна уу? Та өөрийнхөөрөө амьдарч чадаж байгаа юу? Бид өөрсдийн зорилготой нийцэхгүй олон зүйлсийг хийдэг. Хэн нэгэнд таалагдахын тулд, аав ээжийн дарамт шахалтаар. Гэхдээ яг таны амьдралын зорилго, амьдралын утга учир юу вэ? Гээд өөртөө нэг дүгнэлт хийгээрэй.

Уншаад би өөрийгөө дүгнэхэд миний амьдралд шийдээгүй, хийгээгүй зүйлс зөндөө байдаг юм байна. Одоо байгаа байдалдаа ч сэтгэл хангалуун бус байсан. Бүгдийг өөрчилмөөр байсан ч өөрчилж чадна гэж хэлж чадахааргүй болтлоо элэгдэж хуучирчээ. Тийм учраас энэ номноос авсан эрч хүчээ алдалгүй амьдралынхаа хэмнэлийг бага багаар өөрчилж, ирээдүйн утга учиртай амьдралын төлөө хичээх болно.

Мөн огт бодож үзээгүй олон ч асуултанд хариуллаа. Нэг зүйлийг хэрэгжүүлмээр санагдсан нь хүмүүс өдөр бүр дуртай зүйлдээ цаг гаргаж чаддаггүй гэх санаа юм. Бидний эргэн тойронд худалдаж авсан эд сэтгэлийг нь нөхнө гэж найдаж амьдардаг олон хүмүүс бий. Тэгээд авах тусам хэрэгцээ өсдөг. Дагаад мөнгөний хэрэгцээ ч өсдөг. Тэр хэмжээнд илүү их ажилласаар нэг хэвийн тойрогт орж гоё харагдсан бүхнийг худалдан авч тэрүүгээрээ түр зуурын аз жаргал эдэлж, илүү ихийг хүсэж эхэлдэг. Энэ зүйлээс урьдчилан сэргийлж өдөр тутам ядаж 30 минутийг өөрийнхөө дуртай зүйлийг хийхэд зориулж цаг гаргахаар төлөвлөгөө гаргаад явж байна.

За тэгээд энэ номыг би нэг өдрийн дотор уншсан ч бусдад зөвлөхөд coffee shop-д сууж байхдаа, гэртээ ганцаараа байхдаа аль эсвэл тайван дуу сонсож байхдаа удаан хугацаанд бодож уншвал зүгэээр санагдлаа.

Эцэст нь ийм гоё ном орчуулсан орчуулагчид баярлалаа. Уншихыг санал болгосон хүнд ч бас баярлалаа. Удаан хэмлэх номыг, арай л хурдан эвхэчих шиг боллоо.

--

--