Миний нүүр /Ралф Иоханнэс Радлански/

Choko
Nomintuuchee
Published in
4 min readJan 31, 2021

Энэхүү номыг өнгөрсөн оны 10 дугаар сард зохиогдсон нэг арга хэмжээний үеэр авсан бөгөөд тухайн үед багшаараа гарын үсэг зуруулаад, өнөө маргаашдаа уншаад л сэтгэгдэлээ бичнэ гэж хэлж билээ. Хэлсэндээ хүрч чадалгүй өдий хүртэл явж удаасандаа хүлцэл өчье.

Уг нь 11 дүгээр сард уншиж эхэлсэн юм. Гэтэл сурах бичиг уншиж байгаа юм шиг нэг л явж өгөхгүй, за маргааш уншина даа гэж бодож хойш тавьсаар нэг мэдэхэд 2021 он гарчихсан байв. Тэгээд л 1 дүгээр сардаа багтаад заавал уншиж дуусгана гэсэндээ хүрч та бүхэнтэй санаа бодлоо хуваалцах гэж байна.

Номын тухай товч өгүүлэхэд:

Таны нүүрэнд хөмсөг яагаад байдаг вэ? Бидний хамрын нүх яагаад доошоо харсан байдаг вэ? Яагаад толгой дээрээ үстэй байдаг вэ? Гэх мэт асуулт танд төрж байсан уу? Тэгвэл энэ номноос тэрхүү хариултаа жаахан ч гэсэн дөхүүлж авах юм. Дөхүүлж гэж хэлж байгаа шалтгаан нь яг ийм учраас таны нүд, хамар, хөмсөг ийм байрлалтай гэж хэлэлгүй бөгөөд эсрэгээрээ янз бүрийн онол дэвшүүлж, таньд “нээрээ яагаад ийм юм бол” гэсэн бодол төрүүлэх болно.

Мөн нүүр амны үүсэл хөгжлийг зургаар болон бичгээр нүдэнд харагдтал тайлбарлаж, үр хөврөлийн явцад хэрхэн бий болдог, асар олон мянган эсүүд нэг ч алдаа гаргалгүйгээр олширч та бидний биеийг яаж үүсгэдэг талаар багахан ч гэсэн ойлголт авах болно. Аль эрхтэн юуны төлөө “ажиллаж” байгааг ойлгож мэднэ. Тэгээд үнэхээр ямар нэг асуудал байгаа юм шиг санагдвал эмчид очиж үзүүлэхийг ном таньд эрхгүй сануулах болно.

Одоо гол яриандаа оръё

Хамгийн түрүүнд зохиогч энэ номыг бичих болсон шалтгаан нь юу юм бол гэх бодол төрөв. Дээр хэлсэнчлэн эхний хэдэн хуудсыг уншихад үнэхээр “хэцүү” нэг л явж өгөхгүй хүнд оргиод… Тэгэхээр нь ном унших хамгийн тухтай байрлалд сууж байгаад өөрийгөө барьж, тэсээд уншлаа. Тэгээд номын амтанд орчихож байгаа юм. 50 дугаар хуудас хүрээд л цаашаа хөвөрчихдөг юм байна.

Яаж ийм зэвүүн ном бичдэг байна вэ гэж эрхгүй бодогдов. Нэг сэдэл өгөөд тэрийгээ амтлуулчихаад л цааш яваад байх юм. Бүгдийг их нарийн тайлбарласан бөгөөд ямар ч бүтэц үлдээлгүй бичжээ. Тэгсэн мөртлөө энэ яагаад ийм юм бол, шалтгаан нь яг юуны улмаас ийм болчихов гээд цааш дахин өөр асуултууд толгойд минь ургаад байв. Хүний оюун санаанд хязгаар гэж үгүй юм аа гэж бодол төрөв. Өөрөөр хэлбэл уншиж байх явцад миний төсөөлөл улам нарийсч ирэв. Нэг хэсгээс нөгөөд шилжин унших бүрд сүүлд уншсан хэсгээ толгойдоо эргэцүүлж өмнөх хэсгийг нь мартаж, эргэж харж уншсаар байв. Унших тусам гүнзгийрч номондоо орж цааш уншмаар санагдана.

Нэг хөгжилтэй байж магадгүй зүйлийг та бүхэнтэй хуваалцахад би АШУҮИС Нүүр Ам Судлалын сургуульд сурж байхдаа юу үзэж байсан юм болоо, юу сурсан юм бэ? Гэдэг бодол дагзны араас дон дон гэж тогшиж байлаа. Бараг л бүгдийг мэддэг болчихсон мэт бодож байсан нь том эндүүрэл болж таарав.

Ингээд ном зөвлөсний дагуу өөрийнхөө нүүрийг толинд харвал:

Дух минь ямар ч байсан нүүрний минь 4ний 1-ийг эзэлж байна. Хөмсөгөө дээшлүүлээд үзтэл хоёр гурван үрчлээс гараад ирэв. За нас явж л байгаан байна даа л гэж бодов. Жаахан доошлуулаад хөмсөгөө харлаа. Бага байхад минь хөмсөг огт ургадаггүй, ээж минь харандаагаар зурж өгдөг байж билээ. Одоо ч хав хар өнгөтэй болж нилээд урт ургажээ.

Нүдээ хартал доторхи бөөрөнхий нь бор өнгөтэй, гадна талдаа бага зэрэг улайсан байна. Нойр муутай явж байгаа учир арга ч үгүй дээ. Бас урт биш ч хөөрхөн сормуус дэрвэлзээд байна шүү. Мөн нүдээ харж байх явцдаа нүдний шилэн дээр наалдсан тоос харагдаж шилээ авч арчлаа. Буцаж толио бариад хартал бас ч гэж өндөр хамартай юм аа. Гарсан батгаа харж сэтгэл санаагаар унахгүйн тулд гялс доошлууллаа. Дээр доороо хэдэн өрвийсөн хялгас байна. Сахалаа хусая гэж бодогдлоо. Уруул минь яг л нүүрэнд минь таарсан хэмжээтэй харагдана. Уг нь тод өнгөтэй байх ёстой байтал өнгө нь бууж ягаавтар болжээ. Цус багадалттай юм биш биздээ гэсэн хар төрөв. Бас нилээн хатаж, тос түрхэхээс…

Хацран дээрээ жижиг хоёр мэнгэтэй, чих минь толгойний хэмжээнд таараагүй жижигхэн байв. Угаасаа хүмүүс хэлдэг л дээ. Ямар жижигхэн чихтэй юм бэ гэж. Тэр хүмүүст хандаж хэлэхэд сонсох юм аа сонсчихдог юмаа. Бас нэг сонирхолтой зүйл нь би амаа ангайлттай шүлсээ залгиж чаддаг.

За тэгээд нэг ам руугаа өнгийтөл, ээ бурхан минь. Шүдний эмч юм байж шүдний чулуу, өнгөр ямар их юм бэ, бас ч болоогүй хоёр шүдэн дээр цоорлын эхний үе шат болох толбо үүсчээ. Уг нь угаагаад л байдаг юм. Хэзээ цоороод эхэлчихэв дээ.

Өөрийнхөө нүүрнээс олон ч сайхан зүйлс, муухай зүйлс харлаа. Нүүрний болон амны хөндийн гоо сайханд анхаармаар юм байна. Хааяа ч гэсэн нэг толинд харж миний нүүрэн дээр ер нь юу болоод байна гэдгийг анзаарч баймаар санагдлаа. Би лав ийм амтай хүнтэй ойртохгүй байх. Маргааш шүдээ янзлуулнаа.

Уншиж дууссаны дараа энэ номыг тэр чигт нь цээжлээд толгойдоо хийчих юмсан гэсэн бодол төрөв. Мөн үнэхээр албан ёсны, илүү дутуу үг үсгийн болон найруулга зүйн алдаа байхгүй бичигджээ. Эхэндээ уншихад хатуу санагдавч аяндаа бичиглэлд нь дасаад ирэхээр толгой өндийхгүй уншиж дуусгалаа. Ёстой гоё ном байна.

Яг энэ ном дээр номын хэлэлцүүлэг хийж явах хүсэлтэй залуус байвал чөлөөтэй холбогдоорой. Номыг бүлэг тус бүрээр уншиж, хэлэлцүүлэг хийж явбал ямар гоё санаанууд гарах бол…

Эцэст нь хэлэхэд Нүүр ам судлалын чиглэлээр ажиллаж, сурч мэргэшиж буй хүн бүр уншвал зохистой ном байна. Ер нь заавал мэргэжлийн гэлгүй олон хүнд уншиж танигдвал жинхэнэ тэсрэлт хийхээр ном шиг санагдлаа. Ийм гоё ном герман хэлнээс орчуулж олны хүртээл болгосон Н. Цэнгэлсайхан багшдаа талархал илэрхийлье.

--

--