Цойлогсод /Д. Бүжинлхам/
2021 оны Номын түүчээ булангийн Хоёрдахь дугаараар Цойлогсод номыг та бүхэнтэй хуваалцах гэж байна.
Шинэ жилээр бэлгэнд авч эхний 10 хуудсыг сонирхсон юм. Гэтэл амтанд нь орно гэдэг шиг шимтэн суусаар уншиж дуусгалаа.
Номын тухай товчхон:
- Дэлхийн тэрбумтны 25 хувийг,
- Нобелийн шагналтнуудын 22 хувийг,
- Оскарын шагналт найруулагчдын 30 хувийг
- Дэлхийн шилдэг шатарчдын 50 хувийг,
- Нэр хүнд бүхий их дээд сургуулиудын профессоруудын 20 хувийг еврейчүүд бүрдүүлдэг.
Ийнхүү Еврейчүүд цойлж байгааг хүмүүс, тэд онцгой өгөгдөлтэй гэж үздэг. Гэтэл үүний нууц нь тэдний генд биш сахилга бат, хүмүүжил, дадал зуршилтай нь шууд хамааралтай байдаг. Мөн гоё хувцас авахаасаа илүү ном авахыг илүүд үздэг бөгөөд ном уншиж мэдлэг, боловсролоо дээшлүүлж, дадлага туршлага хуримтлуулдаг. Тэгээд үргэлж шинийг эрэлхийлж, боломжтой бүхий л санааг туршдаг нь онцлог санагдлаа.
Номноос тунгаасан санаагаа та бүхэнтэй хуваалцахад:
Сэтгэлгээний ялгаа
Энэ номыг уншиж эхэлж байхад хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл гэвэл Еврейчүүдийн сэтгэлгээний ялгаа байсан юм. Тэд гэнэт мундаг болох эсвэл аз тохиох гэдэг зүйлд итгэдэггүй. Өнөөдөр гадуур явж, найз нөхөдтэйгээ уулзаж удахгүй эсвэл хэдэн өдрийн дотор сайжирч амжилтанд хүрнэ гэсэн бодолтой хүмүүс бидний эргэн тойронд цөөнгүй бий. Харин тэд гэнэт л өөрчлөгдөнө дөө гэж бодохоос илүүтэй өдөр тутам тогтмол амжилттай байхыг илүүд үздэг.
Мөн хийж байгаа зүйлийнхээ оргилд нь хүрчихээд болчихлоо гэж сэтгэл ханадаггүй бөгөөд харин ч улам сайжрахын тулд илүү ихийг мэдэхийн төлөө хичээдэгт тэдний ялгаа харагдаж байна.
Сахилга бат
Еврейчүүд бүгдийг урт хугацаанд авч үздэг. Одоо хийхэд дэмий, үр ашиггүй ч юм шиг мөртлөө арав, хорин жилийн дараа үр ашгаа өгөх зүйл, бизнес байвал хөрөнгө оруулалт хийдэг. Жишээлбэл: энгийн зүйл дээр авч үзвэл өдөр тутам 30 хуудас ном унших. Өнөөдөр 30-хан хуудас. 7 хоногын дараа 210 хуудас. Сарын дараа 840 хуудас. Бараг 2-оос 3 номын хуудастай тэнцэж байгаа юм. Энэ нь жил, хоёр жил арван жилийн дараа ямар хэмжээнд очих бол…
Дадал зуршил
Би 2 жилийн өмнө “Зуршлын хүч” гээд ном уншиж байсан юм. Тэр номыг богнисгоод базаад энэ хэсэгт багтаажээ. Бидний амьдралын сонголт, хийх зүйлсийг дадал зуршил цаагуураа удирдаж байдаг. Хэрвээ буруу зуршлаа өөрчлөхгүй бол эргээд биднийг үгүй хийнэ. Бид өдөр бүр утсаа ухаж суусаар утаснаасаа хараат болсон байдаг бол тэд энэ цагийг үр бүтээлтэй зүйл хийхэд зарцуулдаг.
Хүүхэд хүмүүжүүлэх
Үнэнийг хэлэхэд энэ хэсгийг аав ээж болсон, аав ээж болох гэж буй хүн бүр уншиж үзвэл зохистой санагдсан юм. Хамгийн аюулгүй орчинд өссөн хүүхэд хамгаас хатуу ширүүн ажил хэргийн ертөнцөд амжилт гаргаж чадах болов уу? Еврей ээжүүд энэ асуултад үгүй гэж хариулна.
Тэд хүүхдийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн ч тэд хайраа зөв илэрхийлдэг. Бид нар дунд хүүхдийнхээ өмнүүр орж бүх асуудлыг нь шийдэж, ямар ч хариуцлага үүрүүлэхгүй явдаг аав ээж нар олон байдаг. Гэхдээ энэ нь эргээд хүүхдийг сонголт хийх чадваргүй, өрсөлдөх чадваргүй нэгэн болгож байгааг анзаардаггүй. Хамгаас хүүхдэдээ итгэдэггүй эцэг эх хамгийн өрсөлдөх чадваргүй хүүхдүүдийг хүмүүждэг. Хэн нэгэнд тавих анхаарал халамжаа хэтрүүлбэл бид дарангуйлагч, цагдагч, тэжээгч болж хувирдаг шүү дээ.
Мөн Еврей хэлэнд “Хүүхэд нохой хоёрт хэзээ ч бүү айдсаа харуул” гэдэг үг бий. Айсан хүн рүү нохой улам бүр ноцон дайрдаг бол эцэг эхийнхээ айдсыг харсан хүүхэд өөрөө ч адил айж эхэлдэг. Айдас халдвараладаг. Хүүхдэдээ айдсаа хэзээ ч бүү харуул.
Үүнээс гадна еврейчүүд хүүхдийг багаас нь бие даалгаж сургадаг. Үнэндээ томчууд бид хүүхдийнхээ оронд зайд хэтэрхий их халддаг. Өөрсдийн үзэл бодлоо тулгаж, үг хэлэхэд нь уурлаж, өөрт нь оногдсон хариуцлагыг урдуур нь орж үүрэх гэх мэтээр халдашгүй байдалд нь заналхийлдэг. Бидний дийлэнх хүүхдээ “Би чиний төлөө бүхий л зүйлээ зориулж байхад чи юу ч сурсангүй. Хэнийгээ дуурайхаараа ийм тэнэг амьтан болчихдог байна аа” гэхчлэн зандардаг. Харин еврей ээжүүд хүүхэд ноцтой зөрчил гаргаж, хэрэг таривал “Миний чамайг гэсэн хайр хэвээрээ байгаа. Гэхдээ чиний энэ удаагийн үйлдэл хэрээс хэтэрсэн тул долоо хоног зурагт үзэхгүй” хэмээн шийтгэнэ.
Хүүхдээ нэг ангид оронгуут л еврей ээж бүтэн сар хэрэглэх мөнгийг нь нэг дор өгнө. Эхний өдөрт цөмийг нь компьютер тоглоом худалдан авахад зарцуулаад үлдсэн 29 өдөр үдийн хоолгүй явах уу эсвэл үдийн хоолны мөнгөө баг багаар танаж хуримтлал үүсгэх эсэх нь тэдний асуудал. Энэ нь хүүхдээ хариуцлагатай болгох гэсэн тэдний оролдлого юм. Магадгүй энэ нь бие даалгаж сургах үнэхээр сайн арга байх. Намайг 10-р ангид байхад аав ээж маань надад сараар нь мөнгө өгч байхаар шийдсэн бөгөөд эхний сарын өгсөн мөнгийг би 5 хоногт бүтэн үржихээд дараагийн 3 долоо хоног гэртээ хоол хийгээд авч явдаг, тараад мөнгөгүй болохоор тэнэж чадахгүй шууд гэртээ ирдэг байсан. Тэгээд 2дох сараас өгсөн мөнгө бүрээс өөртөө мөнгө хуримтлуулж эхэлсэн юм.
Үүнээс дүгнэхэд Еврей хүн болохоор л тийм байгаа биш, Төрсөн цагаас нь эхлээд өөрийгөө олох, ямар нэг зүйлд тууштай байх, сахилга баттай байх чанаруудыг гэр бүлийн хүмүүжлээр олж авсан хүүхэд ямар ч зүйл мөрөөдсөн түүнийхээ төлөө ажиллах, амжилтанд хүрэх хамгийн хэрэгтэй дадлуудаа өөртөө бий болгож, амьдрах аргаа аль хэдийнэ өөртөө шингээсэн байдаг юм байна.
Хөгжлийг дэмжигч Еврей философи
Еврейчүүдийн бас нэг онцлог нь тэд боловсролыг шүтдэг. Эхлээд өндөр боловсрол эзэмш. Бизнес үүсгэн байгуулах хүслээ үргэлж хадгал. Гэвч бүхний эхэнд заавал бусдын тэр бүр эзэмшээд байдаггүй өндөр мэдлэг чадварыг эзэмш. Тэр чиний насан туршийн дуусашгүй мөнгө байх болно. Хамгийн сайн бизнесүүд хамгийн сайн боловсрол дээр суурилсан байх ёстой гэж үздэг. Мөн тэд хүүхдээ сургахдаа юун түрүүнд сурах хүсэл эрмэлзлийг нь бадраах зарчим баримталдаг ба хэрэв хэн нэгэн судлах, сурахаас таашаал аваад сурчихвал түүнийг хэн ч зогсоож үл чадна гэдэгт итгэдэг.
Ном унших дадал
Еврейчүүдийн бусдаас цойлдог бас нэг нууц нь миний дээр хэлсэнчлэн тэдний ном унших дадалд оршдог. Тэд өөрсдийгөө номонд өртэй ард түмэн гэж үздэг. Израильчууд ном хэвлэлтийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг бөгөөд хэвлэн нийтлэгч нь шинэхэн ном бүрээсээ улсын номын сан, улсын их сургуулиудад заавал тушаадаг байна. Тэдний соёлд ном уншихгүй байхыг гэмт хэрэг гэж үздэг. Тэд номын дэлгүүргүй хотыг хот биш, номын сангүй айлыг айл биш, ном уншаагүй бага насыг хүүхэд нас гэж үздэггүй.
Эндээс нэг таалагдсан хэсгийг та бүхэнтэй хуваалцахад:
“Ирээдүйд хамгийн их үр шимээ өгөх хөрөнгө оруулалт бол мэдлэг боловсролд зориулж буй мөнгө. Тиймээс ч Еврейчүүд байшин худалдан авдгаас илүү мөнгийг хүүхдийнхээ боловсролд, хувцас худалдан авдгаас илүүг сайн ном худалдан авахад зориулдаг.”
Мөнгө нүгэл биш
Дундад зуунд мөнгийг хүүтэй зээлэх нь Христийн шашинд бусдыг мөлжих нүгэлд тооцогддог байсан бол Иудайзмд мөнгөний хэрэгцээ тулгарсан хэн нэгэнд тусалж буй арга хэмээн үздэг. Тэдний мөнгөнд хандах хандлага бусад улс, үндэстнийг бодвол хавьгүй өөр. Энэ үзлийнхээ үр дүнд тэд европт ноёлох санхүүчид, банкны эзэд болж хувирсан бол Христийн шашинтнууд газар тариалантайгаа зууралдаж үлджээ.
Гэхдээ тэд мөнгө олохын тулд ёс зүйгүй үйлдэл огтхон ч гаргадаггүй. Ёс зүй бол тэдний аливаа ажил хэрэгт хандахдаа барьдаг тэргүүний зарчим. Ажил хэргийн зорилго нь мөнгө биш сэтгэл ханамжийг чухалчилна. Тиймээс ажлын үнэлэмж хэн нэгний инээмсэглэл, талархлаар хэмжигдэх ёстой гэж үздэг. Мөн тэд олсон орлого бүрийнхээ 10%-ийг буяны зүйлст зарцуулах ёстой гэж Иудайзмд заадаг.
Алдааг шүт
Алдаа гаргадаггүй хүн хаа ч байхгүй. Бүх амжилтанд хүрсэн хүмүүс алдаж үзсэн байдаг. Гэхдээ алдаа гаргаад байгаадаа учир нь биш алдаа гаргаад түүнээ хүлээн авах сэтгэлзүй, гаргасан алдаандаа хандах хандлагад гол учир нь байгаа юм. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө ямар нэг зүйл хийхгүй суух, залхуурахыг тэд гэм нүгэл гэж үзнэ. Амжилт эс олсон ч үргэлжлүүлэн хичээсээр байгаа нэгнийг гавьяатан гэж харна. Бусад улсад бизнес эхлүүлэхгээд олон удаа алдсан хүнтэй хамтарч ажил эхлүүлэх дургүй байхад Эврейчүүд олон алдсан байх тусам хамтардаг.
Чиний гаргаж болох хамгийн том алдаа бол бууж өгөх, хичээл зүтгэлээ зогсоох юм шүү.
Эцэст нь хэлэхэд боломжтой бол гүй, чадахгүй бол алх, болохгүй бол мөлх ямар ч байсан битгий зогс. Боломжгүй гэдэг зүйлийг март. Таньд үргэлж боломж бий.
Энэхүү номноос таалагдсан хэдэн хэсгүүдээ та бүхэнтэй хуваалцах үүднээс нэмж орууллаа.
· ТУУШТАЙ ЧАНАР=ШАРГУУ ХӨДӨЛМӨР+САХИЛГА БАТ
· Зорилгынхоо төлөө үл сатаарч, өөрийн жижиг хүслүүдээ дарах чадварыг л сахилга бат гэнэ. …Шаргуу хөдөлмөр чамайг нэг алхам урагшлуулах боловч сахилга батгүй байдал чамайг хоёр алхам ухраана. …Сахилга бат бол чи өөрийн дур хүсэлтэйгээ хийж буй дуусашгүй дайн.
· Еврей хүнийн нийтлэг зуршил нь өдөрт сонирхол татсан номноосоо 5 нүүрийг уншиж, өдөрт 30 минутыг мэргэжлийн ур чадвараа сайжруулахад зарцуулж, 7 хоногт 3 удаа фитнес зааланд бэлтгэл хийж, эрүүл хоололтын дүрэм баримталдаг.
· Муу дадал зуршилд бид хөгжилтэй учраас, таашаал өгдөг учаар түүнийг цаг хугацааны явцад олон удаа давтсаар нэг л мэдэхэд зуршил болгодог. Бид ямар зуршилтай болж буйгаа сэхээрдэггүй нь нэн сонирхолтой. …
· Архи, тамхи нь Еврейчүүдийн хувьд дэндүү зардал ихтэй зуршилд тооцогддог.
· Их хэмжээний өөрчлөлт, гэнэтийн өөрчлөлтийг ерөөс бүү хүлээ. Энэ бол хөгжлийн эрүүл зам биш, үүний оронд тогтмол үр дүнг шүт.
· “Баян хүмүүс жижиг зурагт, том номын сантай байдаг бол ядуу хүмүүс том зурагт, жижиг номын сантай байдаг”.
· Амьдрал бол хүлээхийн тулд биш бүтээхийн тулд заяагдсан он цагийн хэлхээс.
Fortis Fortuna Adiuvat