Oko D
Oko D
Published in
3 min readOct 8, 2019

--

Хурдаа алдаад л бид уламжлалт бизнес болно

Миний хувьд одооноос өөрийн блог дээр ажиллах шинэ Editor-той болсон учир та бүхэн Тамираатай танилцаарай. Мөн бид долоо хоног бүр гарааны бизнес болон хувь хүний хөгжилтэй холбоотой сэдвээр блогоо гаргах учраас та бүхэн санал хүсэлтээ коммент хэсэгт бичиж, бидэнтэй хуваалцаарай.

Ашгүй сүүлийн үед Монголд маш олон гарааны бизнес төрөл төрлийн салбарт урган гарч олон сонирхолтой компаниуд бий болж байна. Гэвч харамсалтай нь стартапыг уламжлалт бизнесээс ялгах гол амин сүнс болсон хурд гэдэг зүйлийг гарааны бизнес эрхлэгч нар маань мартаад байх шиг.

Тэгэхээр хурд гэж юу вэ?

Манай Techstars компанийн үүсгэн байгуулагч, Дэлхийн томоохон Венч сан болох Foundry Group-ийн үүсгэн байгуулагч Брэд Фелд “Гарааны бизнесийн үүсгэн байгуулагч гэдэг бол зогсошгүй их туршилтыг хийдэг хүн бөгөөд уг туршилтын үр дүнгээс хамаараад зөв шийдвэр гарвал давтаж, буруу шийдвэр гарвал түүнээсээ яаралтай суралцаж явдаг хүмүүс юм” хэмээн хэлсэн байдаг.

Яг дээрх тодорхойлолт дотроос гарааны бизнес гэдэг нь өөрийн батлагдаагүй бизнес санаа, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ цэнийг үүсгэж шинэ зах зээлийг бий болгох таамаглалын тань оролдлого гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр ч утгаараа эдгээр оролдлогын ар талд үүсгэн байгуулагч нар өөрсдийн гаргасан таамаглалуудыг батлах буюу манай салбарын хэлдгээр зах зээл болон бараа бүтээгдэхүүний нийцлээ олох асуудал үүсдэг билээ.

Бараа бүтээгдэхүүний зах зээлд нийцэл (Product market fit) – Энэ нь таны таамаглаж буй зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хэрэгцээтэй бодит нийцэл байгаа эсэх, түүнийхээ хариуд бодит худалдан авалт үүсэх үгүйг тодорхойлж буй ойлголт юм.

Тэгвэл яг л тэрхүү нийцлээ олж, түүний ард байгаа бүх таамаглалаа батлана гэдэг гарааны бизнесийн хамгийн анхны жанжин шугам юм. Хэрэв зах зээлийн нийцлээ олсон бол хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдад хямдхан харагдаж байсан үнэлгээгээ өсгөх боломжтой болсон гэсэн үг. Мөн үүнийгээ ч дагаад ирээдүйд борлуулалт өсөж, үйлчилгээ сайжрах гол түлхүүр болно гэдгийг цохон тэмдэглэе.

Хэрэв дээрх ойлголтуудаас харах юм бол гарааны бизнес гэдэг нь батлах гэж хичээсэн таамаглалууд дээр үндэслэсэн нь харагдаж байна. Тийм ч учраас энэ үнэнийг олох хамгийн зөв арга нь хурд гэдэг зүйлийг ашиглаж олон мянган зогсошгүй олон туршилтыг (Брэд Фелдийн хэлсэн) хийснээр бодит сууриа тавьж, гарааны бизнесээ жинхэнэ үгүйг баталдаг замналтай.

Тэгвэл бид үнэхээр амжилтад хүрэхийг хүсвэл стартапын хурд гээч зүйлийг сайтар ойлгож хүсэж буй бүх зүйлсээ бизнес дээрээ хурдан хугацаанд туршиж, суралцах ёстой. Мөн хамгийн гол нь гарааны бизнес эрхлэгч хүн зөв шийдвэр үү, буруу шийдвэр үү гэдэг дээр анхаарч удаан суух бус богино хугацаанд олон шийдвэрүүдийг гаргаж суралцах нь чухал билээ.

Жишээ нь Google X компанийн сонирхолтой бонусын систем байдаг. Тэд өөрсдийн гаргасан санааг бүтэхгүйг нь баталсан хүнд бонус өгөх журмыг баримталдаг нь хурдыг ашиглаж буруу, зөв шийдвэрийг богино хугацаанд олох том соёлыг суулгаж буй хэрэг юм.

Тэгвэл зөвхөн эхэлж байх үедээ бус урт хугацааны хурдтай байх боломжийг бүрдүүлдэг дараах аргууд бий.

  • Хурд шаардсан соёлыг бизнестээ бий болгож, алхам бүрдээ deadline тогтоож өг.
  • Зөвшөөрөл гуйдаг систем бус уучлалт гуйдаг системийг бий болго
  • Багаа босоо чиглэлийн хүндэрсэн бүтэцтэй бус хурдан ажиллах хавтгай бүтэцтэй болго
  • Мэтгэлцэж шийдвэрт хүрдэг орчинг бий болго
  • Санал зөрчилдсөн тохиолдолд ч хамтран зүтгэдэг арга барилтай болох

Зарим стартапууд бүтээгдэхүүнийхээ анхны хувилбараар анхдагч хэрэглэгчдийнхээ дунд нийцлээ олсон мэт харагддаг боловч өсөлтийн шатандаа удааширч өөр соёл, эрсдэлийн хандлагатай болж эхэлдэг. Тиймээс гарааны бизнесүүд нийцлээ эхэн үедээ бараа бүтээгдэхүүн дээр суурилж олох хэрэгтэй байдаг бол өсөлтийн үе шатандаа компани болон зах зээлийн хоорондын нийцлээ тодорхойлох шаардлагатай нүүр тулдаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Түүнчлэн ямар ч шатны компанид хурд чухал хэсэг хэвээр байх ёстой

Эцэст нь Монголын гарааны бизнесүүддээ шаардлагатай бүх зүйлийг хийсэн хэмээн зүгээр суух бус цааш шинэ зах зээлийг бий болгосон том компани болоход шаардагдах хурд гэх ойлголтыг сануулахыг хичээлээ. Та бүхэндээ дараа дараагийн нийтлэлээрээ улам чанартай зүйлсийг хүргэх болно.

Oko + Tamir Battulga

--

--