Хөрөнгө оруулалт авах баталгаатай арга

Oko D
Oko D
Published in
2 min readOct 23, 2019
Oko D

Хэрэв та намайг Instagram.com/okod -аар дагадаг бол манай START компани Монголын стартапуудын төлөөлөл болсон 7 гарааны бизнесүүдийг Сингапур дахь Монголын Элчин Сайдын Яам болон СТАРТ-н хамтран “Mongolian Startup Showcase 2019” (MSS) арга хэмжээг зохион байгуулсныг харсан байх.

Тэрхүү үйл ажиллагааны үеэр надад нэгэн чухал зүйл дурсагдаж гарч ирсэн бөгөөд та бүхэндээ энэ талаар хуваалцъя гэж бодлоо.

Ихэнх гарааны бизнесүүдийн хувьд өмнө нь хэлж байсанчлан хөрөнгө оруулалт босгох алхмыг эцсийн зорилго мэт хардаг. Гэтэл яг үнэндээ энэ нь компанийн үндсэн зорилгодоо хүрэх явцын хэсэг болохоос эцсийн зорилт байх ёсгүй гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн хөрөнгө босголт гэдэг ойлголт нь үндсэн зорилгодоо хүрэх 1000 алхмын нэг байгаад зогсохгүй үргэлж эерэг зүйл гэсэн нүдээр харах хэрэггүй.

Өмнөх блог дээр дурдсанчлан хэрэв та үнэхээр дараачийн зөв алхмаа олж, тэрхүү өсөлтийг чинь бий болгоход шаардагдах зүйлс дээр хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн нөхцөл байдалд байгаа бол баталгаатай санхүүжилт олох нууцыг хэлж өгье.

Энэ нь ердөө борлуулалт, орлоготой компани болох асуудал юм. Бодит борлуулалттай, зах зээлийн нийцлээ олсон, хэрэглэгчидтэй, за тэгээд бүр чадвал ашигтай компани болох нь дэлхийн хаанаас ч хөрөнгө оруулалт босгох арга зам билээ.

Бизнесийнхээ хувьд борлуулалттай, орлоготой байна гэдэг нь хэний ч өмнө хуурамчаар биш жинхэнэ бодитоор оршин буйг батлах хамгийн энгийн хэмжүүр аж. Өнөөдөр компаниуд тодорхой хэмжээний борлуулалт болон ашигтай байна гэдэг нь олон асуудлаа давж, таамаглалаа баталсны тод жишээ болох бизээ. Магадгүй нэгэнтээ тодорхой хэмжээний борлуулалттай, орлоготой болчихсон компани яагаад хөрөнгө босгох вэ? Санхүүжилт нь батлагдсан санаа болон бараагаа илүү олон хэрэглэгч рүү хүргэхэд шаардагдах түлхэц болж өгдөг

Манай тэрхүү долоон гарааны бизнесүүд Google-ийн оффис дээр өөрийн бизнесээ танилцуулах үед гурав нь өнөөдрийн байдлаар бодит хэрэглэгчидтэй, борлуулалттай байсан төдийгүй олон улсын бусад гарааны бизнесүүдтэй харьцуулахад санхүүжилт босгох өндөр чадамжтай харагдаж байсан нь бахархах сэтгэгдэл төрүүлсэн билээ.

Тэгэхээр өнөөдөр өөрийн гарааны бизнесийг бий болгож буй үүсгэн байгуулагчиддаа сануулахад мөнгө босгох гэдэг зүйлийг юунд зориулж байгаагаа санаж, өөрийн цаг болон багийн нөөц баялаг, энергийг “Do the F*cken business”-т зарцуулахыг хичээцгээе. Эцсийн эцэст бодит бизнесийг бий болгох үйл ажиллагаандаа анхаарах хэрэгтэй. Харин санхүүжилт гэдэг зүйлийг эцсийн зорилгодоо хүрэх нэг алхам гэдгийг битгий мартаарай.

Editor: Tamir Battulga

--

--