том хүн болохын тулд залуусын давах шаардлагатай хилийн зурвас

Oko D
Oko D
Published in
2 min readNov 5, 2019
Oko D

Хэрэв та өөрийн 19 настай хувилбарт зөвлөгөө өгөх бол юу гэж зөвлөх вэ?

Би 25 настай оюутан одоо юун дээр анхаарвал ирээдүйд амжилттай хүн болох вэ?

Би ахлах сургуулийн сурагч ямар мэргэжлийг сонгосон дээр вэ?

Хэрхэн гадаадад сурч боловсрох вэ?

Эдгээр нь миний инстаграм дээр залуусаас баасан гараг бүр ирдэг нийтлэг асуултууд юм. Дээрх асуултуудаас ажиглахад эцэстээ нэг л байдлыг илтгэж байна. Энэ нь ирээдүйд бие даасан, өрсөлдөх чадвартай, амжилттай нэгэн болох. Тэгвэл өнөөдрийн нийтлэл дээр том хүн болохын тулд оюутан залуусын давах шаардлагатай хилийн зурвас мэт санагддаг зүйлээ дурдахыг хүслээ.

Том хүн, залууcыг зааглаж буй зүйл юу вэ?

Энэ нь ердөө хариуцлага хүлээж сурах явдал юм. Хариуцлага хүлээж сурах гэдэг зүйлээрээ би юу хэлэх гээд байна вэ гэхлээр тодорхой үүрэг хүлээсэн ажилд орох, хичээлийн гэрийн даалгавар, компани үүсгэнэ гэх мэт бусад хүний өмнөөс аливаа нэг зүйлийн үр дүнг өөрөө хариуцна гэсэн өндөр шаардлагыг өөртөө тавьж түүний процесс, ялалт, эцсийн дүнд өөрийгөө зориулах асуудал билээ.

Хариуцлага хүлээх ойлголт нь боломжтой, зугаатай мөн цалинтай байдаг ч үл мэдэгдэх, эрсдэлтэй бас уйтгартай, маш их хөдөлмөр шаардсан тийм ажил, гэрийн даалгавар, амлалт ч хамаатай гэдгийг ойлгож байгаа байх. Хэзээ ч, ямар ч нөхцөлд найдаж болох хүн байх үед л хүмүүс таныг “том хүнд” тооцож хамтран ажиллаж, итгэл үнэмшлээ даалгадаг болно. Ийм хүмүүс ямар ч орчин, ямар ч мэргэжил, ямар ч мэдлэгтэй байхаас үл хамааран эрэлттэй байдаг.

Тэгвэл залуучууд энэ хариуцлага хүлээх чадварыг хаанаас эхэлж, яаж сурч болох вэ? Өөрийн тань эргэн тойронд байгаа бүхий л жижиг зүйлс болох гэрийн даалгавар, багшийн өгсөн бие даалт, найзтай уулзах гэж тохирсон цаг, хүнрүү мессенжерээр явуулна гэж амласан зураг гэх мэт өөрийн тодорхой цаг, хөдөлмөрөө зарцуулна гэж амласан зүйлсээ яг таг биелүүлж сурахаас эхлэнэ . Зөвхөн том зүйлс дээр болон чухал хүмүүстэй л хариуцлагатай ханддаг биш, жижиг зүйлс ч гэсэн маш чухал гэдгийг сана.

Нэмж хэлэхэд энэ хандлагыг өнөөдрөөс буюу өөрийн чи нь хариуцаж байгаа зүйлс бага байгаа дээр нь давтаж эхлээд томрохоосоо өмнө хариуцлагатай хүн болоод хувирчихвал бодит нийгэм дээр гараад илүү том үр дүн дээр суурилсан хариуцлагыг таны чадвар хялбар болгож өгөх болно.

Oko + Tamir

--

--