SAP ERP зэрэг томоохон шийдлийг сонгон шалгаруулж, нэвтрүүлэх төслийн явцад анхаарах зүйлсийг бодит жишээн дээр тайлбарласан түүхийг дор үзнэ үү.

Keda Industrial компани (Кэда)-ийн дэд захирал Др. Фан Жу нь SAP төслийн үр дүнд бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байлаа. Төсөл хэрэгжүүлэх багийг томилсноос хойш ердөө 5 сарын дараа Кэда нь SAP ERP-ыг суурилуулж, улмаар уг систем нь бараа материалын менежментийг илүү үр ашигтай болгож, өөрийн өртөг зардлаа нөхөөд эхэлжээ. Хятадад нийт ERP төслийн 80 хувь нь бүтэлгүйтсэнтэй харьцуулахад энэхүү төсөл амжилттай хэрэгжсэн нь онцгой явдал болно. Кэда-ийн хувьд SAP төслийн явцад юуг зөв хийсэн, юун дээр алдсан, юун дээр сохор аз тохиосон вэ гэдгийг нарийвчлан судалж, гаргаж ирэх нь цаашид хэрэгжүүлэх олон МТ-ийн төсөлд ач холбогдолтой юм.

Компанийн танилцуулга

1992 онд Лю Чины анх 13,500 долларын хөрөнгөтэйгээр байгуулсан Кэда компани нь Гуандун мужийн Шүндэ хотод ваар, шавар эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээр анх бизнесийн гараагаа эхэлсэн. Кэда нь тус салбарт тухайн үед дэлхийд ноёлж байсан Европын компаниудын загвараар үйл ажиллагаагаа зохион байгуулж, 1990-ээд онд Хятадын дотоодын зах зээлд хурдацтай өсөж хөгжиж чаджээ. 10 жил хүрэхгүй хугацаанд Кэда нь Хятадын үндэсний 500 шилдэг машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн нэгээр, мөн дэлхийн 10 шилдэг барилгын материалын машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээр тодорчээ.

2000-аад оны эхээр бусад өрсөлдөгчидөө ардаа орхиж, барилгын материалын машин, тоног төхөөрөмжийн салбартаа дэлхийд тэргүүлэгч болж, ганцхан Италийн SACMI компанийн ард, хоёрт бичигдэж, 2002 онд Кэда нь Шанхайгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргав. 2009 онд 209 сая ам доллар давсан орлого олж, 2006 онтой харьцуулахад 2 дахин их орлоготой ажиллажээ. 2010 онд Кэда нь 2000 гаруй ажилчинтай, шаазан эдлэл, чулуу, барилгын материал боловсруулах зэрэг өргөн сонголттойгоор тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг болжээ. Түүнчлэн үйлдвэрлэл эрхэлдэг харилцагчиддаа үйлдвэрийн цогц загвар, техникийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Кэдагийн бүтээгдэхүүнийг харахад хэрэглэгчдийн хүсэл шаардлагад тохируулсан, бага тоор ширхэгээр, өндөр ашигтайгаар борлуулдаг бүтээгдэхүүн байдаг.

Кэда-ийн үйл ажиллагаа нь бүхэлдээ хэд хэдэн чиглэлээр явагддаг, үүнд судалгаа, шинжилгээ болон хөгжүүлэлт, түүхий эд болон эд ангийн худалдан авалт, бараа материалын удирдлага, олон дамжлага дамнасан бүтээгдэхүүн үйлдвэр, тээвэрлэлт, борлуулалт, тээвэрлэлт, маркетинг багтана. Эдгээр үйл ажиллагаа нь харилцан хараат бус, бие даасан байдлаар явагддаг учир стандарт бус процесс хялбархан нэвтэрдэг, аливаа гарсан асуудлыг түргэн шуурхай шийдэх, чөлөөт уур амьсгалтай компанийн соёл бүрэлджээ.

Дэлхийн зах зээлд Кэда-г “хязгааргүй инноваци хийх” замаар “төгс төгөлдөрт хүрэх” зорилгоо хэрэгжүүлж, өрсөлдөхөд энэхүү ихээхэн бие даасан, уян хатан соёл нь давуу талтай байсан. Үнэндээ, компани зах зээлд амжилттай ажиллахад нь инноваци маш чухал ач холбогдолтой байж ирлээ. 1999 онд КЭДА нь Хятадад хамгийн анхны 3200 тонны пресслэгч машин гаргаж байсан бол 2005 онд Кэда нь дэлхийд шинээр санаачилсан хамгийн шилдэг 10 үйлдвэрийн тоног төхөөрөмж, машины гурвыг нь танилцуулсан байдаг. Үйлдвэрлэлд шинэ бүтээл гаргахаас гадна бизнест оновчтой санаачлага гаргадаг. 2003 онд компанийн санаачлагаар докторын дараахь ажлын байр бий болгож, бэлтгэн нийлүүлэлтийн хэлхээний удирдлага, хүний нөөцийн менежмент зэрэг чиглэлээр судалгаа, төсөл хэрэгжүүлдэг болсон. Кэда нь мөн 5,4 сая доллар зарцуулж орчин үеийн технологи бүхий шаазан эдлэлийн судалгааны төв байгуулсан. Ингээд зөвхөн зах зээлд эзлэх хувь, орлого ашгаар тэргүүлээд зогсохгүй, шинэ бүтээл, оновчтой санаачлага гаргахдаа манлайлж байна.

ERP төслийг сэдэлжүүлэгч хүчин зүйлс

Гэсэн хэдий ч засч сайжруулах зүйлс нилээд байв. Кэда-гийн салангид загвар, бие даасан шийдвэр гаргалт, шинийг санаачлагч хандлага нь бизнесийн гүйцэтгэл буюу үр ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Хоорондоо холбогдоогүй бизнесийн нэгжүүд нь зарим тохиолдолд ажил үүргийг давхардуулж, улмаар зардал сүйтгэлийг өсгөдөг. Алба хэлтэс хооронд солилцох мэдээлэл хязгаарлагдмал тул менежерүүд цаг алдалгүй, бүрэн гүйцэд мэдээлэлд үндэслэсэн, асуудлыг өргөнөөр харсан бизнесийн шийдвэр гаргаж чаддаггүй. Ийнхүү нэгдмэл, цогц байдлаар ажилладаггүй нь Кэда-гийн дээд удирдлагын зүгээс стратегийн шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхэд чөдөр тушаа болдог. Жишээ нь, өнгөлгөөний машин экспортлож, гадаад зах зээлд өрсөлдөх эсэх талаар шийдвэр гаргах болоход үүнтэй холбоотойгоор гарч болох зардал болон боломжит ашгийн боломж, потенциалийг итгэл төрүүлэхээр тооцож гаргаж чадаагүй ба зөвхөн зөн совин дээр үндэслэсэн үнийн санал гаргажээ.

Гадаад, дотоод зах зээлд өрсөлдөгч компаниуд олон хэлбэрээр түрэмгийлж байгаа өнөө үед энэхүү нэгдмэл бус байдал нь Кэда-г улам бүр хүнд байдалд оруулж байв. Тиймээс Кэда нь зах зээлд өөрийн байр суурийг хадгалж, цаашид хөгжихийн тулд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнесийн удирдлага болон үйл ажиллагаандаа шинийг санаачлах шаардлагатай, бүтээгдэхүүн, борлуулалт, нэн ялангуяа худалдан авагчдынхаа талаар илүү сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Уг нөхцөл байдлыг Жу-гийн тодорхойлсноор:

“Компанийн удирдлагын зүгээс хийж хэрэгжүүлэх хамгийн чухал хүчин зүйл бол шийдвэр гаргах процессын алхам бүрт шийдвэр гаргагч бүрийг хэрэгцээтэй, шаардлагатай мэдээллээр хангах явдал юм” гэжээ.

Түүнчлэн өөр нэг хүчин зүйл нь Хятадын төрийн агентлагуудаас ирсэн шахалт юм. Сүүлийн жилүүдэд Хятадын төрийн зүгээс дотоодын компаниудыг шинэ санаачлага гарган хэрэгжүүлж, гадаадын компаниудыг гүйцэж түрүүлэхэд хүчин чармайлт гаргахыг шахаж, дэмжиж ирсэн. Энэ хүрээндээ компаниудыг цахимжих үйл явцыг дэмжиж, санхүүгийн урамшуулал олгох кампанит ажил өрнүүлэх болов. Иймд, Кэда-ийн хувьд төрөөс өгсөн чиглэлийг дагаж, ERP төслийг хэрэгжүүлж буй гэж үзэж болно.

Кэда болон ижил төстэй компаниудын хувьд бараа материал, түүхий эдтэй холбоотой нэг хүндрэл гарч байна. Кэда-ийн хувьд олон хэлбэр, хувилбартай, цөөн тоогоор захиалгын дагуу загварчилж боловсруулан гаргадаг эцсийн олон бүтээгдэхүүнд хамаарах онцлог шинж чанар бүхий олон тооны сэлбэг хэрэгслийг бүртгэж, хөтлөх нь хүндрэлтэй. Энэ талаар Жу тайлбарласанаар:

“ERP-ыг суурилуулахаас өмнө бараа материалын бүртгэлийн замбараагүй байдлаас үүдэн бүтээгдэхүүний өртөг тодорхой бус, өртгийн тооцооллыг туршлага дээр үндэслэн таамаглах төдий байсан. Борлуулсан бараанаас хэдий хэмжээний ашиг эсвэл алдагдал хүлээсэн, түүнчлэн бүтээгдэхүүний аль хэсэг болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесийн аль хэсэг тэрхүү ашиг, алдагдалд нөлөөлж байгааг мэдэх боломжгүй байсан. Үүнээс улбаалаад бүтээгдэхүүний борлуулах үнийг тодорхойлоход хэцүү байсан” хэмээжээ.

Кэда зах зээлийн эрэлтийг хангаж хүчирдэггүй, сард зах зээлийн эрэлтээс доогуур буюу ердөө 6 пресслэгч машин л үйлдвэрлэнэ. Ийнхүү компанийн боломж, нөөцийг зохисгүй ашиглаж байгаа нь Кэда-гийн алдагдсан боломжийн өртөг (opportunity cost буюу сонголтын өртөг)-ийг илт нэмэгдүүлж байв. Үйлдвэрлэлийн явц удаашралтай байх нь хэвийн үзэгдэл бөгөөд нөөц, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн хэмжээнд ашиглаж чадахгүй байв. Дахин ашиглах боломжтой материал, сэлбэг ихэвчлэн хаягдаж, голлох тоног төхөөрөмж ихэнхидээ сул зогсч, ажлын цагийг хий дэмий үрдэг байна. Энэ талаар Жу-гийн онцолсноос үзвэл:

“Бид үйлдвэрийн голлох нэг тоног төхөөрөмжийг сонгон авч, ашиглалтыг нь цаг, минутаар бүтэн долоо хоногийн турш хэмжсэн. Ингээд нийт хугацааны 24,6%-ийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зарцуулж байсныг олж хараад бид их цочирдсон. [Япон өрсөлдөгч компаниуд ижил төстэй машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг 90%-д барьж чаддаг]

Энэ зуурт, Кэда-гийн хурдацтай өсөлтөөс үүдэн бусад өөрчлөлт гарсан. Жишээ нь, дотоод, гадаадын зах зээл дээрх өрсөлдөөн Кэда-г бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний цар хүрээгээ өргөжүүлэхийг шаардсан. Байсан ганц үйлдвэрийн байр нь өргөн сонголттой, олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах шаардлагыг хангах боломжгүй болсон тул 2004 онд Кэда олон үйлдвэр ашиглалтанд оруулсан. Энэ өргөжилт нь олон үйлдвэрийн үйл ажиллагааг зэрэг удирдан явуулах боломжгүй үйлдвэрлэлийн нөөц төлөвлөлтийн хуучин системээ эрс сайжруулахад хүргэв. Хуучин үйлдвэрлэлийн нөөц төлөвлөлтийн системийг боловсруулсан програм хангамжийн компани нь дотоод бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор уг системийг цаашид дэмжих, хөгжүүлэлт хийхээ зогсоосон байсан. Иймд Кэда-ийн хувьд цаашид бизнесээ амжилттай явуулахын тулд нэн даруй МТ-ийн хэрэглээгээ авч үзэх хэрэгтэй болсон.

Кэда-гийн мэдээллийн системийн хэрэглээ

2000 онд Кэда цахимжих анхны оролдлогоо хийжээ. МТ-ийн төслүүдийн хувьд тодорхой замын зураг (roadmap)-гүй, асуудал хэрэгцээ гарсан тухай бүр шийдэл хайж явсан. Энэ талаар МТ-ийн хэлтсийн нэг ажилтны дүгнэснээр:

“Бидэнд стратегийн зорилго, чиглэл байхгүй байсан. Бусад компаниуд хийж байсан учраас араас нь дагаад л хийхээр болсон. Бидэнд үнэхээр ямар ч төлөвлөгөө эсвэл тодорхой зорилт байхгүй байсаны улмаас МТ-ийн төслүүд компанийн асуудлыг шийдвэрлэхүйц үр дүнд хүрээгүй, тухайн үеийн системүүдийн хэрэглээ нь шаардлага хангахгүй байсан” гэжээ.

Өмнөх програм хангамж нийлүүлэгч компани нь системийг тордох, хөгжүүлэхээ больсон нь мөн нэмэр болоогүй. Энэ үед МТ-ийн хэлтсийн даргаар томилогдсон Др. Фан Жу нь тулгамдсан олон асуудлыг шийдэхээс гадна өргөн хүрээтэй, цогц төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсан. Тулгамдсан олон асуудлыг шийдэх нь дээд удирдлагаас ирэх шахалт, шаардлагын дагуу ойрын хугацаанд компанийн үйл ажиллагааг хэвийн болгох бол компанийн хөгжил, ирээдүйг харсан төлөвлөгөөг өөрөө идэвхийлэн гаргаж, хэрэгжүүлэх нь ойрын хугацаанд зарим төвөг, чирэгдэл болох хэдий ч урт хугацаанд эерэг үр дүнтэй байна. Одоо гарч буй асуудал, МТ-ийн төслийг гал унтраах байдлаар шийдсэнээс илүүтэйгээр тодорхой зорилт, хүлээлтийг оновчтой тодорхойлж, тэдгээр санал, санаачлагыг компанийн стратегийн зорилгод нийцүүлэх нь амжилтын үндэс болно. Жу-ийн дурдсанаар:

“Кэда-ийн зорилго бол дэлхийд тэргүүлэгч компани болох. Энэ зорилго нь зөвхөн хүнээ нэмэгдүүлж, олон цагаар ажилласнаар хүрчих энгийн зүйл биш юм. Харин сайтар зохион байгуулагдсан дотоод бүтэц, системээс гадна цахимжсан байхыг зайлшгүй шаардана. Автоматжуулалт, цахимжилт нь бизнесээ хөгжүүлж, стратеги зорилгодоо хүрэхэд туслах чухал арга хэрэгсэл юм.”

Энэ бодлогынхоо хүрээнд, ноён Жу бүх МТ-ийн төслөө шийдвэртэйгээр зогсоож, түүний оронд ажилчдынхаа анхаарлыг цахимжилтын 5 жилийн дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулахад хандуулах болжээ. Энэ төлөвлөгөөнд Кэда-г урагш хөдөлгөх богино хугацааны зорилт болон урт хугацааны стратегийн зорилгыг хамтад нь шингээсэн байна. Ноён Жу тус төлөвлөгөөг боловсруулах тал дээр сүүлд МТ-ийн хэлтсийн даргаар томилогдсон Бэнжүн Жанд маш их итгэл үзүүлжээ. Ноён Бэнжүн Жаны дурдсанаар:

“Энэхүү төлөвлөгөөн дээр ажиллаж байхдаа бид ямар төрлийн систем дээр хэр их хөрөнгө оруулалт шаардагдах, бид ямар зорилт өмнөө тавих, компанид ямар саад тотгор тохиолдсон, яагаад бид цахимжих хэрэгтэй болсон, ямар асуудлыг шийдэхээр зорьж байгаа гэдэгт илүү ач холбогдол өгсөн” гэжээ.

Иймэрхүү цогц технологийн төлөвлөгөө гаргах нь нарийн түвэгтэй зүйл. Эхний алхамд компани даяархи статус кво буюу өнөөгийн байдлын дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Ингэснээр шийдвэрлэгдээгүй тулгамдсан асуудлыг тодорхойлж, менежментийн олон түвшнээс ирүүлсэн ажлын шаардлагыг нэгтгэж, нийтлэг зорилтыг боловсруулан гаргасан. Түүнчлэн тэдгээр зорилтыг компанийн стратегийн зорилготой хэр сайн нийцэх, хэр яаралтай хэрэгжих шаардлагатай гэх мэтээр чухлын зэргээр нь эрэмбэлсэн.

Алба хэлтэс хооронд хил зааг татсан өнөөгийн ажлын хэлбэрийг үгүй хийж, мэдээллийн чөлөөт урсгалыг хангах, харилцан уялдаатай бизнес процессын дагуу ажлаа явуулах цогц бүтэцтэй болох нь Кэда-ийн тэргүүлэх зорилтын нэг байлаа. Ижил төстэй компаниудад хэдийн стандарт болсон процесс, процедурыг хэрэгжүүлсэнээр удирдлагын арга хэлбэр сайжирч, мэдээллийн (гар дор байх, оновчтой байх, зөв цагтаа байх) чанар дээшилнэ.

МТ-ийн төлөвлөгөө гаргах 6 сарын ажлын үр дүнд ERP (enterprise resource planning — байгууллагын нөөц төлөвлөлтийн систем), PDM (product data management — бүтээгдэхүүний өгөгдлийн удирдлага), OA (office automation — оффисын автоматжуулалт), MES (manufacturing execution system — үйлдвэрийн гүйцэтгэлийн систем), CRM (customer relationship management — харилцагчийн удирдлагын систем), SCM (supply chain management — нийлүүлэлтийн хэлхээний удирдлага) зэрэг шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай нь харагдсан. Эдгээр шийдэл бүрийг төсөл хэлбэрээр тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Ерөнхий төлөвлөгөөний гол шаардлага бол эдгээр бизнесийн систем суурилж ажиллах төвлөрсөн, нэгдсэн, дундын платформ хөгжүүлэх явдал юм.

Уг төлөвлөгөө нь төсөл тус бүрийн зорилт, шаардагдах хөрөнгө оруулалт, үр ашиг, шаардагдах боловсон хүчин, технологийн шаардлага, эрсдэл, хувилбар шийдлүүд зэрэг хүчин зүйлүүдийг тооцсон нарийвчилсан дүн шинжилгээг агуулсан. Төлөвлөгөөнөөс үзэхэд цаг алдалгүй, нэн даруй ERP систем нэвтрүүлэх шаардлагатай байлаа.

ERP шийдэл боловсруулагчийг сонгох

Кэда-ийн хувьд цаг тун шахамдуу байсан тул Жу-гийн хувьд дотооддоо ERP систем хөгжүүлэх үү, эсвэл гуравдагч этгээдийн боловсруулсан системийг шууд худалдан авах уу гэдэг нь хариулахад хамгийн амархан асуулт байлаа. Одоо ашиглаж буй системийг боловсруулсан компани нь системээ тордох, хөгжүүлэхээ зогсоосон тул уг системийг нэн дариу солих шаардлагатай болсон. Кэда-ийн хувьд МТ-ийн дотоод нөөц бололцоо дутмаг, шинээр хөгжүүлэлтийн баг бүрдүүлэх нь зардал өртөг өндөр, хугацаа шаардсан ажил байлаа. Түүнчлэн Кэда-ийн зах зээлд өрсөлдөх давуу тал нь өөрийн онцлогтой бизнес процесс биш, шинэ бүтээл, оновчтой санаа гаргах болон өртгөө бууруулах чадавхи нь юм. Хэдийгээр бэлэн шийдлийг амжилттай нэвтрүүлэх нь тэр бүр амаргүй боловч Жу-гийн хувьд бэлэн системийг өөртөө тааруулан тохируулах нь шинэ системийг шинээр хөгжүүлэхээс илүү хурдан, өртөг зардал багатай, өндөр чанартай гэдэг нь тодорхой байлаа:

“Компани өөрийн голлох бизнес, харьцангуй давуу чадавхиа нарийн тодорхой олж харах хэрэгтэй. Жишээ нь, бид өөрсдийн ERP системээ хөгжүүлээд явж болох ч энэ нь тийм ч ухаалаг алхам биш. Яагаад дугуйг дахин зохион бүтээнэ гэж? Ийм учраас бидний үндсэн бизнес, үндсэн чадавхиас бусад асуудлыг бэлэн байгаа шийдлүүдээс авч ашиглах замаар шийдвэрлэж байхыг илүүд үзнэ” гэжээ.

Харин ERP системийг боловсруулагч, нэвтрүүлэгч компани (вендор)-ийг сонгон шалгаруулах нь амаргүй ажил байлаа. Хэдийгээр гадаадын вендор нь илүү туршлагатай байх боловч, нэг хэл соёлтой дотоодын вендортой харилцахад илүү хялбар байх магадлалтай. Энд эрсдэл болон давуу талыг харьцуулан зөв сонголтоо хийх шаардлагатай болсон. Кэда нь Киндэ, Лима, Тианшин зэрэг дотоод болон гадаадын 20 гаруй програм хангамжийн вендортой холбогдсон. Улмаар хэрэгцээ шаардлагаа танилцуулах, тухайн вендорын програм хангамжийн багцууд тэдгээр шаардлагыг хэрхэн хангах байгаатай танилцах, мөн түүнчлэн өмнөх туршлагаас нь хуваалцах, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой бусад асуудлыг хөндөн ярилцах зорилгоор вендоруудыг компани дээрээ урьж, ярилцжээ. Ноён Жан:

“ERP төслийн эхэнд вендоруудад үнэлгээ, судалгаа хийсэн. Бид дотоод, гадаадын вендорыг компани дээрээ урьж, нарийвчлан танилцсан. Эдгээр харилцан ярианы явцад Кэда-ийн дунд болон дээд түвшний менежерүүдэд цахимжилт, ERP гэж чухам юу болох талаар мэдлэг олгохыг давхар зорьсон” хэмээжээ.

Түүнчлэн Жу эдгээр вендоруудын харилцагч компаниудтай очиж уулзах, газар дээр нь танилцах тал дээр идэвхитэй ажилласан:

“Вендорын бидэнд үзүүлж, танилцуулсан зүйлс бодитой хэрэгжсэн эсэхийг шалгах зорилгоор харилцагч, үйлчлүүлэгч компаниудтай нь очиж уулзсан. Эдгээр нь дийлэнхидээ хамгийн амжилттай хэрэгжсэн төслүүд байх тул манай салбарт бодит хэрэглээнд нэвтэрсэн шийдлүүдийн аль нь манай компанид илүү тохирох тухай илүү сайн ойлголттой болсон.”

Эдгээр уулзалтаар, Жу болон Жан вендорын талаар илүү ойлголт аваад зогсохгүй төслийн явцад гарч болох хүндрэл бэрхшээлүүдийг мэдэж авсанаар бусад компаниудын алдааг давтахгүй байх нөхцөл бүрдсэн. Тухайлбал, ноён Жу-гийн хэлснээр:

“Хэд хэдэн компаниар зочлох явцад бид нэгэн сонирхолтой зүйлийг ажигласан. ERP төслүүд дээр зөвхөн МТ-ийн баг ажиллаж байгаа юм шиг харагдсан. Тэд тайлан, ажлын урсгал гэх мэт бидний ойлголтоор МТ-ийн хэлтэст үл хамаарах ажилтай зууралдаж байсан. Тэгэхээр компанийн өдөр тутмын ажлыг хийж гүйцэтгэдэг менежерүүдийн оролцоо хаана байна вэ гэдэг асуулт гарч ирнэ” гэжээ.

Ингээд Кэда-ийн зүгээс 9 компанийг дараагийн шатанд шалгаруулж, сонгон шалгаруулалт, харьцуулалтыг хөнгөвчлөх зорилгоор тодорхой ажлын даалгавар, мэдээллийн шаардлага агуулсан төслийн санал авахаар тендерийн урилга илгээсэн. Түүний дараа гурван өдрийн турш танилцуулсан вендоруудын саналыг Кэда-гийн стратегийн зорилготой хэрхэн нийцэж буйгаар нь эрэмбэлжээ. Ноён Жу дээд удирдлага, ахлах менежерүүд уг санал танилцуулах, хэлэлцээ хийх, сонгон шалгаруулах процесст гар бие оролцсон гэдгийг онцолж байлаа. Ноён Жан дээд удирдлагын үүрэг оролцооны тухайд:

“Хэрэв эдгээр уулзалтанд ахлах менежерүүд огт оролцоогүй бол тэдний зүгээс уг төсөлд үзүүлнэ гэсэн дэмжлэг нь нэр төдий байжээ, төслийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байх нь гэдгийг бид ойлгох байсан. Нөгөө талаас хэрэв тэд уулзалтанд идэвхтэй оролцож байвал– энэ чинь 10 сая юаны төсөл шүү дээ — танилцуулгын үеэр олон асуулт асууж, төслийг сонирхож дэмжиж байгаа нь харагдах юм.” гэжээ.

Сонгон шалгаруулалтаар SAP шийдэл ялж, сонгогджээ. Жу-ын тайлбарласнаар SAP ERP шийдэл нь сайтар хөгжүүлсэн, олон функцийн баялаг сантай, олон үйлдвэрийн байр дамнасан цогц үйлдвэрлэлийн процессыг дэмжиж ажиллах чадамжтай юм. 35 гаруй жилийн туршлагатай, 40,000 гаруй хэрэглэгчтэй, салбартаа тэргүүлэгчийн хувиар, SAP нь ERP төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай компани юм. Түүнчлэн, Кэда-гийн гол өрсөлдөгч, тухайн салбартаа дэлхийд тэргүүлэгч SACMI компани нь SAP-ыг ашигладаг нь сонголтонд тодорхой хэмжээнд нөлөөлсөн.

Orchard Consulting LLC

SAP Consultancy in Mongolia

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade