ERP гэж юу вэ?- Business.MN сэтгүүлд гаргасан нийтлэл

Apr 26 · 3 min read

Business.MN сэтгүүлийн 04 дугаарт гаргасан нийтлэл

Монголын аж ахуйн нэгжүүд 2000-д оны дундаас ERP (Enterprise Resource Planning) системийг сонирхож, зарим нь тодорхой сонголт хийж, сонгосон ERP системээ нэвтрүүлж, хэрэглэж байна. ERP буюу Байгууллагын Нөөц Төлөвлөлтийн систем нь компанийн дотоод үйл ажиллагааг нэг системээр удирдах, компанийн үйл ажиллагаанд шаардлагатай нөөцүүдийг хооронд нь зохистойгоор уялдуулах үндсэн зорилготой. Нөөц гэдэгт харин компани үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай бүх зүйлийг хэлнэ: санхүүгийн эх үүсвэр, боловсон хүчин, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хангамжийн зүйлс гэх мэт.

ERP системийг хүний мэдрэлийн систем, цусан хангамжийн системийн хослол гэж зүйрлэж болох юм. Компанийн дээд, дунд шатны удирдлага, менежер, ажилтан өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу тодорхой шийдвэр гаргахад систем шаардлагатай мэдээллээр шуурхай хангаж, мөн тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавина — үүнийг мэдрэлийн системтэй зүйрлэж байна. Нөгөө талаас компанийн үйл ажиллагаа хэвийн явахад шаардлагатай, нэгэн жигд, өдөр тутмын, тодорхой горим, стандартаар явдаг бараа материалын биет хөдөлгөөн, санхүүгийн бичилт, мэдээллийн урсгал байдаг. Энэхүү нэгэн жигд, хэвийн урсгалыг цусан хангамжийн системтэй зүйрлэж болох юм.

Байгаль эх хүний биеийг төгс бүтээсэн. Хүүхэд эхээс төрөөд жил жилээр өсч хөгждөг шиг компани мөн өөрийн хөгжлийн үе шаттай. Сайн ERP систем гэдэг нь тухайн компанийн хөгжлийн явц, өнөөдрийн болон дунд хугацааны хэрэгцээ шаардлагад тохирсон, компанийн бүтээмжийг өсгөх системийг хэлнэ.

Хүний бие байгалийн жамаар өсч, хөгжихийн зэрэгцээ байнга нэгдсэн нэг цул систем байдаг. Гэтэл компани бол дээр дурдсан олон нөөцийг уялдуулж, олон ажилтан ажилладаг систем боловч ажлын уялдаа холбоо, мэдээлэл цаасаар дамжих, мэдээлэл тасалдаж, ажил үүргийн хуваарийн дагуу хариуцлага тооцоход хэцүү гэх мэт олон шалтгаанаар нэгдсэн нэг цул байх шинж нь сул. Энэхүү нэгдсэн нэг цул байх шаардлагыг тохирсон ERP системээр л хангах боломжтой.

Ижил төстэй ERP системүүдийн ялгаа юунд оршдог вэ? Хүний биеийг байгаль эх бүтээсэн бол ERP системийг тодорхой туршлага, мэдлэг бүхий хамт олон бүтээсэн байгаа. Тэгэхээр ERP систем дотор хийж болох үйлдэл, функцийг эдгээр хүмүүс тодорхойлж, мэдээллийн технологи ашиглан системээ бүтээсэн. Эдгээр үйлдэл, функци нь ERP системүүдийг харьцуулах үндсэн мэдээлэл болно. Систем хийх нэг ажил, системийг нэвтрүүлэх нь өөр нэг ажил болно. Систем нэвтрүүлэгч этгээдийн туршлага, ажлын чанарыг ижил төстэй харилцагч дээр нь очиж мэдэх боломжтой. Бүр нарийн харуулах мэдээлэл бол Issue Tracking System буюу системд, систем нэвтрүүлэх явцад гарч буй асуудлыг хөтөлдөг систем дэхь нэгж асуудал бүрийн агуулга юм.

Монголын компаниудын дийлэнх нь худалдааны компани байх тул энд хамгийн энгийн жишээ болгож борлуулагчийн үйл ажиллагааг авч үзье.

Борлуулагч 1) тухайн үйлчлүүлэгчийн худалдан авалтын түүхэнд дүн шинжилгээ хийх, 2) түүнд урьдчилсан төлбөргүйгээр нийлүүлж болох барааны дээд хэмжээ, 3) төлбөрийн чадамж, 4) тухайн барааны агуулах дахь үлдэгдэл, 5) гуравдагч этгээдээс худалдан авч нийлүүлдэг бараа бол бэлтгэн нийлүүлэгчээс бараа нийлүүлэх хугацаа, 6) өөрөө үйлдвэрлэдэг бараа бол үйлдвэрлэх хугацаа зэрэг мэдээллийг системээс шууд авч, үйлчлүүлэгчтэй наймаалцаж, нэгж бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэх тоо ширхэг, нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл зэргийг эцэслэн тохирно. Борлуулалтын захиалга системд ороход тухайн бүтээгдэхүүн агуулахад хангалттай тоо ширхэгтэй байна уу, үгүй бол хэдийд үйлдвэрлэхээр хуваарилах вэ, борлуулалтын орлого хэдийд орох вэ, компанийн мөнгөн хөрөнгө үүнтэй уялдан хэзээ хэдий хэмжээнд хүрсэн байх вэ, хүргэлтийг хэзээ хэрхэн хийх вэ гэх мэт үйл ажиллагааны мэдээлэл хүний оролцоо аль багатайгаар цааш зохих ажилтны гарт шууд хүрэх юм. Ингэснээр эдгээр үйл ажиллагаа тус бүр тухайн мөчид сайжрахаас гадна компанийн бүх түвшинд шийдвэр гаргалт, хурд, уян хатан байдал, дүн шинжилгээ хийх чадамж эрс дээшлэх юм. Борлуулалт тал дээр гарах сайжруулалт гэхэд жишээлбэл хугацаа хэтэрсэн авлагын үлдэгдэл багасах, бараа материалыг агуулахад хадгалах хугацаа богиносох, ингэснээр мөнгөн хөрөнгөө түгжихгүй байх, тохирсон хугацаандаа тохирсон барааг, тоо ширхэгийн дагуу хүргэснээр худалдан авагчийн сэтгэл ханамж дээшлэх, борлуулалтын дүн шинжилгээг хугацааны алдангигүй хийх, борлуулалтын төлөвлөгөөний чанар сайжирснаар хаягдал түүхий эд, бараа материалын хэмжээ багасах гэх мэт олон ил, далд давуу тал үүсэн гарна.

Байгууллагын нэгж цэг бүрийн хийх ажил, ачаалал, гүйцэтгэл ил тод харагдах, үүний бүртгэл алдаа мадаггүй явах тул нэгж ажилтны, нэгж хэлтсийн, нэгж ээлжний ажлын чанар, гүйцэтгэл, чадамж үгүйсгэх аргагүйгээр харагдаж, ажлаас зугатах, хойш тавих, хариуцлагаас зугатах зэрэг мэдээлэл дутмагаас үүдэн гардаг салан задгай байдал бүрмөсөн алга болно. Ажилтан бүр ажилдаа өөрийгөө, ажлын цагаа бүрэн зориулахаас өөр аргагүй нөхцөл байдал бүрдэнэ. Мөн ажилтан бүрийн хариуцлага нэмэгдэнэ. Дээрх жишээнээс харахад борлуулалтын ажилтан борлуулалт хийхдээ өмнө нь зөвхөн захиалга аваад өнгөрдөг, тухайн захиалгын гүйцэтгэл хэр магадлалтай гэдэгт анхаарал тавьдаггүй байсан бол одоо үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, компанийн дотоод үйл ажиллагаанд өөрийн хүлээх үүргийг зөв зүйтэй биелүүлэхийн тулд системээс олон төрлийн мэдээлэл авч, тухайн мөчид зөв шийдвэр гаргаж, системд зөв мэдээлэл оруулах шаардлагатай болно. Өөрийнх нь үйл хөдлөл бусдын үйл хөдлөлд шууд нөлөөлөх тул, мөн ажлаа зөв буруу хийсэн нь шударгаар харагдах, өөрийнх нь үнэлэмжид бодитоор тусах тул ажлын хариуцлага, бүтээмж эрс сайжирна. Ингээд ажлын байр бүрт хариуцлага, бүтээмж, мөн хоорондын холбоо сайжрахаар компанийн үйл ажиллагаанд үсрэлт гэмээр дэвшил гарах болно.

Orchard Consulting LLC

SAP Consultancy in Mongolia

    JAmar (Orchard, SAP MN)

    Written by

    Orchard Consulting LLC

    SAP Consultancy in Mongolia

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade