Ажлаасаа “off-time” авсан хугацаа буюу бодлоо цэгцэлсэн долоо хоног

Oyuttsetsen Bayarsaihan
@aphorize
Published in
4 min readJun 28, 2019

Минимализм гэв үү?

Бие физиологийн эрүүл бус байдлыг бид сульдах, ядрах, өвдөх зэрэг “шууд” байдлаар мэдэрдэг бол сэтгэл санааны эрүүл бус байдал тийм ч ил байдаггүй. Магадгүй бидэнд дохио өгсөн ч бид анзаардаггүй байх.

Энгийн үед би ганцаараа байхдаа илүү амар амгалан байдаг байсан бол өнгөрсөн 3 сарын хугацаанд аль болох өдөр бүр ажлаа тарсан даруйдаа найзуудтайгаа холбогдож, тоглоом тоглож, хааяадаа халбага пиво, “a glass of wine” шимж өнгөрөөж байв. Орой унтахдаа маргаашийн ажлаа бодож догдлол дүүрэн унтаад, өглөө 9-ийн ажилдаа 6–7 цагт очдог байсан би 8:50-ийн үед хуруугаа уншуулж, 18 цагийг хүлээсээр 17:59-д гарч гүйнэ…

Карьерийн чухал сонголтыг хийх шаардлагатай болсноор урдаа дэвтрээ тавиад, дуртай аяаа сонсоод, өөрийнхөө юунд дуртай, юунаас аз жаргал мэдэрдэг, ямар ажил хийвэл илүү таатай мэдрэмж төрөх талаараа бүгдийг +/- хоёр баганад жагсааж бичээд анализ хийсний үндсэн дээр шийдвэрээ гаргасан ба “сэтгэл санааны болон тархины амралт” хэрэгтэй байгааг ойлгосон юм.

Ингээд л маргааш нь ирээд ээлжийн амралтынхаа 5 хоногийг нь ирэх Даваа гарагаас авмаар байгаагаа мэдэгдсэн ба Даваа гарагт сошиал медиа аккаунтуудаа хаагаад, утсаа Do not disturb mode дээр нь тавилаа.

Амралтын эхний өдөр: “decluttering”

6 сараас дээш хугацаанд хэрэглээгүй эдлэл, өмсөөгүй зүйлсээ ялгасан ба хаяхыг нь хаяж, хүнд өгөхийг нь тусад нь бэлдээд тавилаа. Шкаф дахь хувцаснуудаа өнгөөр ялгаж, бүгдэд нь зориулж өлгүүр авч, өлгөснөөр одоогийн байдлаар “залхуураад чихчихсэн” тохиолдол гарсангүй.

Тоотой хэдэн чанартай зүйл нь хүнийг чанаргүй олон сонголт дунд аз жаргалыг хайж амьдрахаас сэргийлдгийг мэдэрч, ойлгож эхэлснээр номын тал дээр ч уг дүрмийг баримталдаг болсон.

Хэрвээ Kindle-ээр ном унших талаар бичсэн нийтлэлийг уншсан бол дээрх бодолтой маань танил болсон болов уу. Яг л энэ зарчмаар хувцаснуудаа цөөлж, тоотой хэдэн “үнэхээр таалагддаг” хувцаснуудаа тусад нь өлгөснөөр сэтгэл санаа ч цаанаа л “нэг тийм гоё байдаг даа”, яг тийм байна.

Амралтын хоёр дахь өдөр: “My first psychiatrist appointment and ‘decluttering’ again”

Амралтаар хийх зүйлсийн жагсаалтыг гаргаж байхдаа art therapy-ийг туршиж үзэхээр шийдсэн юм. Тохирсон цагаасаа жаахан хоцорч очсон ч сэтгэл зүйч маань миний шалтгааныг асууж, хоцорсонд минь нэг их ундууцаагүйд баярлав.

Ханаа хар хөх даавуугаар бүрж, дээр нь бүдэг гэрлүүд тогтоосон нь одод түгсэн зуны тайван оройг санагдуулам... Canvas, өнгийн будаг, бийр, ус урд минь тавиад халуун цайгаар дайлав. Зурах авьяасгүйдээ бага зэрэг санаа зовж байсан ч сэтгэл зүйч маань тэр нь тийм ч чухал биш, ямар өнгө сонгож байна, бийрээ яаж барьж байна, хаанаас эхэлж зурж байна, юу зурж байна гэдгийг харах болохоос зураг сайн байсан үгүйг дүгнэхгүй талаараа хэлснээр би зургаа зурж эхэллээ.

20 минутын дараа зургаа дуусгаж, сэтгэл зүйч зурсан зургаас миний сэтгэл санааны байдлыг тодорхойлж надаас хэдэн асуулт асуусны дараа би өөрийн эрхгүй уйлсан байсан юм. Дүгнэлт нь товчхон хэлбэл, би сэтгэл гутралд оржээ. Мэдээд “байсымаа”.

Гэхдээ яагаад ч юм, магадгүй хүнтэй ярилцаад тэр байх, цээжинд буглаад байсан чулуу хөнгөрчихсөн ч юм шиг…

Гэртээ эргэж ирээд номуудаа цөөлөх ажилдаа орлоо.

Ном унших, цуглуулах хоббитой, тусдаа номын өрөөтэй болох зорилготой байсан болохоор гэрийн нэг өрөө номоор дүүрчихсэн байсан юм. Kindle дээр ном уншиж эхэлснээс болоод ч тэр үү, эсвэл минимализмыг хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан болоод ч тэр үү юу ч бодолгүй нийт номынхоо 95%-ийг “хэрэгтэй хүнд нь өгнө” гээд ялгаад, хайрцаглаад бэлдээд тавилаа.

Амралтын гурав дахь өдөр: “giving”

Бэлдээд ялгаж тавьсан номуудаасаа хүүхэд уншихад тохиромжтой гэсэн 50-аад ном аваад “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төв рүү очин “ид шидтэй эгч” боллоо. Минимализмыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ бяцхан хүүхдүүдэд бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийсэн гэж бодоход л сэтгэл дүүрч байв.

Амралтын дөрөв дэх өдөр: “decluttering, yes, again”

Хэдэн сарын өмнөөс л өрөөний тавилга, засалдаа нэг л сэтгэл дундуур байсан тул зар оруулж орхисон нь түүнээс 2 долоо хоногийн дараа буюу уг нийтлэлийг бичиж суухаас 1 цагийн өмнө зарагдлаа. Өрөөнд шкаф, орны матрас л байна… Харин сэтгэл дэндүү дүүрэн байх шиг.

Амралтын тав дахь өдөр: “self reward”

Аливаа шинж тэмдэг илрээгүй ч хагас жилдээ, үнэхээр амжихгүй бол жилдээ нэг эрүүл мэндийн хяналтад орох шаардлагатайг хүн бүр ухамсарладаг ч хэрэгжүүлдэг нь хэдэн хувь байдаг бол?

Иймээс энэ өдөр өглөө эртлэн гараад бүх төрлийн шинжилгээ, эмчийн үзлэгт хамрагдаж, үдээс хойш нь спа, гоо сайхан, “маникюююр, педикююююр өдөр бүүүрр” гэдэг шиг бүх цагийг өөртөө зарцуулж өнгөрөөлөө.

Дүгнээд хэлэхэд, бидэнд урт хугацааны бөгөөд “биеийн” амралтаас илүүтэйгээр “сэтгэл санааны” амралт их чухал байдгийг ойлголоо.

Байнга хийдэггүй зүйлсээ хийх, шинэ зүйлс турших, дасгал хийх зэрэг нь олон цагаар хэвтэх, унтахаас хавь илүү амралт болж, стрессийг бууруулдгийг эрдэмтэд нотолсон байна.

(Disclaimer: Судалгааг хайгаад олоогүй ч эрдэмтэд нотолжээ гэдэг үг ороход хүмүүсийн итгэл нэмэгддэгийг эрдэмтэд нотолсон тул та бүгдийг ч бас туршаад үзээсэй гэсэндээ “эрдэмтэд нотолжээ” гэдгийг ямар ч нотолгоогүйгээр, эрээ цээргүйгээр оруулав.)

Хүндэтгэсэн,

Б. Оюутцэцэн

--

--