“Ардын” Ч.Ганхуягтай өнгөрүүлсэн 100 минут ба “Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр” номын тухай

Oyuttsetsen Bayarsaihan
@aphorize
Published in
8 min readMar 22, 2020

“Үүдээр орж ирэхдээ манай чоныг харав уу? Би чамд тайлбарлаж өгье. Чоно эмэгчингээ нуруундаа үүрчихсэн, зүрхэн тушаа газар нь бэлтрэг нь байна. Хэдийгээр ширүүн, архирч байгаа харагдаж байгаа ч халуун зөөлөн сэтгэл нь үүнээс харагдана. Өөрийн ирээдүй болон эмэгчингийхээ төлөө цуцсан байсан ч дайрахад бэлэн байгаа биз? Далавчийг нь харж байна уу? Хийморьлог байдлыг илтгэж байгаа юм.”

Цаг гаруй хугацааг л хамт өнгөрүүлсэн ч уулзалтын төгсгөлд ийнхүү тайлбарлаж буйг нь анхааралтай сонсож байхдаа өөрийн эрхгүй “өөрийнх нь илэрхийлэл яг л энэ байна” гэсэн бодолд автсанаа нуух юун. Гэхдээ “Та өөрийгөө ямар амьтнаар илэрхийлэх вэ?” гэхэд тэрээр юу ч хэлэлгүй тавиур дээрээсээ дардас авчран харуулав. Сайн харвал түүний initials ба Хилэнц…

Анх түүнтэй гар барихаас эхлээд “баяртай” гэх хүртэл тэр үнэнээрээ байж, нэг ч баг зүүхгүйгээр надтай өөрийн түүх, туршлага, үзэл бодлынхоо тухай нээлттэй хуваалцсан. Маш хурдтай, хүнд итгэл хүлээлгэж чаддаг, шулуун шударга, шийдсэн бол хийдэг зан болон humour нь түүнийг тодотгож байв.

“Та ер нь жаахан ааштай юу? гэж асуухад “Сайхан ааштай гэж байсан хүнийг лав санахгүй юм байна” ч гэж хариулж билээ. Түүний charisma надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн юм.

Номын тухай

Уг ном нь Ноён Ганы тухай юу гэвэл үгүй. Харин Ноён Ганы түүх, туршлага, mentorship нь зохиолч Золоогийн амьдралд хэрхэн нөлөөлсөн, ямар өөрчлөлтийг үзүүлсэн тухай юм.

Зохиолч Л. Золзаяа нь өмнө “Өгсөх Зам” гэх 50 манлайлагчдын түүх, туршлагуудын цоморлиг болох номыг бичиж байсан. Нэг л өдөр “өөрийгөө алдсан” мэдрэмж авсан тул өөрийнхөө “жинхэнэ” хүсэл мөрөөдлийн эрэлд гарахдаа түүнд тусалж чадах хүнээр Ноён Ганыг сонгосон юм.

Ментороо болгох хүсэлтээ хоёр ч удаа илэрхийлсэн ч Seen-дүүлсний дараа мэргэн санаа төрсөн нь түүний талаар ном бичих байж. Ноён Ган Золоод гурван сарын турш хүссэн бүх зүйлдээ оролцох эрхийг өгсөн тул Золоогийн аялал маш өргөн цар хүрээтэй байж, уншигч бидэнд ч зорилгоо олоход хангалттай замчилж чадах ном болсон байв.

Номыг уншихаасаа өмнө Ноён Гантай уулзаад үзчихсэн байсных уу эсвэл Золоо үнэхээр бүгдийг нүдэнд харагдаж, тархинд дүрслэгдтэл бичсэн үү мэдэхгүй, ямартай ч номын жижиг хэсэг бүхэн нүдэнд төсөөлөгдөж, сэтгэлд хүрч байв.

Зохиолч өөрийгөө “мянга мянган эгэл залуусын нэг, бусдын л адил ажиллаж, амьдраад л явж байгаа ч нэг л зүйл болохгүй байгаа мэт мэдрэмж төрөх болсон” гэж танилцуулсан бол Ноён Ганыг “Асар хурдтай, тэр хурдныхаа хэмнэлд хэнийг ч чирч бас үрж мэднэ. Нээлттэй зангаараа бусдыг соронз мэт татаж ч чаддаг, эсрэгээрээ түлхэж ч чаддаг амаргүй хүн. Нэгэн цагт шүтэн бишрэгдэж явсан үе түүнд байхад нэр хүндээ алдаж үзсэн ч удаатай. Аливаад үргэлж шинийг санаачлагч, анхдагч байдаг учраас “мөс хагалагч” ч гэж цоллогдох нь бий. Хэн нэгэнд таалагдчих юмсан гэсэн хиймэл төрх түүнд байхгүй, зохих ч үгүй. Нэг үгээр бол тэр яг цахилгаан шиг” хэмээн танилцуулжээ.

Өөрт хамгийн их таалагдсан takeaways-ийг та бүхэнтэй хуваалцъя:

Ямар айлын хүүхэд гэхээрээ хорин хэдэн насандаа банк үүсгэн байгуулж, захирал нь болдог байна аа… Ямар бизнес нь томроод, ямар нь жижиг хэвээрээ үлддэг талаарх Золоогийн асуултад:

“Бид өөрсдийнхөө өчүүхэн амжилтад, өчүүхэн мэдлэгт хэзээ ч бардаж, сэтгэл ханаж зогсож болохгүй. Ямагт урагшаа тэмүүлж, ямагт нээлттэй байж, ямагт өөрийгөө чамладаг байх ёстой. Хүүхэд шиг сониуч хэвээрээ амьдрах хэрэгтэй. Хүний итгэлийг хэзээ ч алдаж болохгүй. Ажил хийсэн бол дуусгадаг чанарыг бид хүүхдүүддээ суулгаж өгөх хэрэгтэй. Шударга, шударга бус, үнэн худлыг, сайн мууг ялгаж салгахад сургах хэрэгтэй.” Ноён Ган

Зохиолч нь Ноён Ган хэрхэн хорин дөрөвхөн насандаа Монголын анхны хадгаламж зээлийн хоршоог байгуулж, 25 насандаа мөн л Монголын анхны банк бус болох ХАС буюу “Хөгжлийн Алтан Сан” ББСБ-г байгуулсан, ХАС ББСБ-г хэрхэн хоёрхон жилийн дотор ХасБанк болгон өргөжүүлж чадсан талаар зөвхөн Ганаас асуугаад зогсохгүй, түүний ээжтэй ч ярилцаж, номондоо оруулсан нь олон талаас харах өнцгийг уншигчдад олгожээ.

“Хүмүүстэй ямар нэг хайрцагт баригдалгүй харилцаж, хүсэж байгаа зүйл, мөрөөдөл зорилгоо ичиж эмээлгүй ярьж байх нь хэзээ нэг өдөр заавал ач тусаа өгдөг. Өөрийгөө нас залуу гэж голохгүй, юунд ч эргэлзэхгүйгээр би чадна гээд бүрэн итгэчихсэн байсан. Тэр чин итгэл л надад хамгийн их нөлөөлсөн байх” Ноён Ган

Харин энэ бүхнийг босгохдоо өөр өөр бодолтой, хүлээлттэй, ойлголттой хүмүүсийг яаж нэгэн дээвэрт багтааж чадсан юм бэ?

“Хүн бүрийн сэтгэл рүү, зүрх рүү, ой ухаан руу нь нэвтэрч ордог түлхүүр байдаг гэж би боддог. Түүнийг нь тэмтэрч байгаад олох л хэрэгтэй. Тэгж чадвал хүмүүсийн арга сайн олддог.”Ноён Ган

Номыг унших явцад өөрийгөө яаж хөгжүүлэх вэ, яаж илүү сайжруулах вэ гэсэн бодол байнга л толгойд эргэлдэж байв. Ном уншихын ач тусын талаар яригдаж эхлэхэд “За, ядаж энэ дээр гайгүй байлгүй дээ. Би чинь бас хөөрхөн хэдэн ном уншчихдаг юм чинь” гэж бодож байснаа ч хэлье. Гэтэл би хангалтгүй байсан. Ер нь хангалттай байна гэж байхгүй л байх. Гэхдээ л би төсөөлснөөсөө ч илүү дутмаг байлаа. Би уран зохиолын ном бараг л уншдаггүй юм. Харин бидний төсөөлөх чадварын нөгөө л уран зохиолын ном тэтгэдэг тул сүүлийн үед төсөөлөх чадвар минь муудаад байсан нь гайхаад байх зүйл биш байж.

“Хүн мөрөөдөмтгий л байх ёстой. Ном л хүнийг тийм болгодог. Төсөөлөх чадварыг чамд ном өгнө, түрүүлж харахыг бол мэдээлэл өгнө. Зурагт бол бэлэн дүрсээр харуулчихдаг, тархинд төсөөлөх зав өгдөггүй, харин ном бол өөр. Нүдээрээ тархиндаа хийж, дүрс болгон үйлдлээр нь сэтгэлээ хөдөлгөх нь тархийг маш их хөгжүүлдэг”- Ноён Ган

“Аливаа зүйл хоёр удаа бүтээгддэг. Эхлээд оюун санаанд, дараа нь бодитоор”- Золоо

Золоо, Ноён Ган хоёр эдгээрээс гадна мөнгө болон ёс зүйн талаар ч гүнзгий яриа өрнүүлсэн ба эдгээр чухал сэдвүүдийн талаарх тэдний үзэл баримтлал болон туршлагуудын талаар таныг номноос илүү дэлгэрэнгүй уншаасай гэж хүсч байгаа тул ёс зүйн талаарх Ганы үгсээр иш татан энэ сэдвийг түр хаая:

“Үг үйлдэл хоёр зөрөхгүй байх ёстой. Биет утгаараа ч, сэтгэл зүйн хувьд ч хүн эрх чөлөөтэй байх ёстой. Авлига өгөх, худлаа ярих, хулгай хийх нь өөрөө эрх чөлөөгөө алдаж буйн нэг хэлбэр юм. Авлига өгсөн хүнийхээ боол нь болж байгаа шүү дээ.”

Нэг удаа буруу зүйл хийсэн тохиолдолд дахин буруу зүйл хийх амархан болчихдог. Муу юм хийчхээд санаа зовохоо болино гэдэг маш аюултай. Харин Ганданд гараад нүглээ наминчилна гэдэг зүйл байдаггүй юм.”

Дарга нарт үгээ хэлж сурах ёстой. Бид нүүр нүүрээ харалцаж байгаад эсэргүүцлээ илэрхийлдэг тийм чадвартай байх ёстой. Хэрвээ ямар нэгэн юм таалагдахгүй байвал чи өөрөө хэлж сурах ёстой”- Ноён Ган

Дараагийн бүлгүүд нь Итгэл болон Зорилго, мөн Ялагдашгүй байх талаар өгүүлэх болно.

Зорилгоо хэрэгжүүлэх тухайд Ган:

“Өнөөдөр хийж байгаа бүхэн, энэ жилдээ хийж байгаа бүхэн чинь чиний алсын зорилго рүү чиглэж байх ёстой. Түүнийгээ өдөр болгон, сар, улирал, жил болгон хэмжиж байх хэрэгтэй. Яг одоо хаана явж байгаагаа маш сайн мэдэж, тандаж бай. Өөрийнхөө хаана байгааг олчихвол цаашид ямар шийдвэр гаргаж, юу хийх нь тодорхой болдог юм.”- Ноён Ган

Харин яаж өөр шиг нь итгэлтэй, зоригтой байх талаар Золоо түүнээс асуухад:

Ёстой хэлж мэдэхгүй юм. Гэхдээ алдахаас айхгүй байх ёстой. Алдсан ч босоод явах чадвартай байх ёстой. Хэнээс айж, ичиж амьдрах вэ дээ. Залуу нас чинь ганц олдоно. — Ноён Ган

Нийтлэлийнхээ эхэнд түүнийг бусдад итгэл хүлээлгэж чаддаг гэснийг минь санаж байна уу?

Ган өөрөө залуудаа захирал болж байсан учраас хорин хэдтэй залуучуудад асар том итгэл хүлээлгэж чаддаг нь байгууллагуудынх нь залуу захирлуудаар илэрнэ. Өөртөө итгэхийн хүчийг мэдсэн учраас бусдад ч тэр хүчийг өгөх ёстой гэж тэрээр боддог аж. Түүний хувьд хүмүүст итгэх итгэл хязгааргүй. Итгэсээр байгаад л дуусна. Харин нэг итгэл алдсан хүнтэйгээ дахиж харьцдаггүй.

Бүх амжилт, бүх хийсэн бүтээсэн зүйлс алдаан дээрээс бүтдэг. Хамтарч байгаа хүндээ, баг хамт олондоо 100 хувь итгэхээс л алдаа эхэлнэ.”- Ноён Ган

Гантай итгэлийн талаар ярилцсаны дараа Золоогийн дүгнэлт:

Биднийг ус рүү түлхэх хүн олдвол сайн хэрэг, гэвч заримдаа бид өөрсдөө зүгээр л хариуцлагыг шүүрч аваад л ус рүү үсрэх хэрэгтэй. Заавал хэн нэгэн түлхэхийг хүлээх албагүй. Магадгүй тэндээс л сэлэхэд суралцаж, улам бүр өөртөө итгэлтэй болдог юм шиг” Золоо

Харин ялагдашгүй байх тал дээр Ноён Ганы ээж Догмид эгч өөрийн хань ижлээ алдан, хэрхэн 3 хүүхэдтэйгээ бүх хариуцлагыг өөрийн нуруу дээр үүрсэн талаар өгүүлдэг бол Ноён Ган тухайн үед хэрхэн дүү нарынхаа хувьд сайн ах байхаар зүтгэж байсан болон өөрийн амьдралын хамгийн гунигтай хуудас болох ууган хүүгийнхээ талаар, мөн сонгуульд ялагдал мэт “ялалт” хүлээсэн талаараа Золоотой илэн далангуй ярилцана.

“Ер нь хүнд хэцүү үйл явдлууд хүнийг хатуужуулж, хүмүүжүүлдэг. Өдөр нь өөрийгөө ажлаар дарж, завгүй байлгаад байх боломжтой ч шөнө нь нойрондоо хар дарж зүүдэлнэ. Зүрх бодлоо бид хянаж сураагүй л байна даа” гэсэн нь хатуу ширүүн харагдах түүний ч дотор нөгөө “чоно”-ын адил хүүхдүүдээ зүрхэндээ тээчхээд явж байгаа аавын төрх тодоос тод харагдсан юм.

“Ямар ч тохиолдолд амьдралд оролдоод л байх хэрэгтэй. Унаж болно оо. Гэхдээ буцаад өндийж босч ирчхээд сайхан тоос шороогоо гөвөөд, нэг сайхан гүнзгий амьсгалчхаад цаашаа исгэрээд инээгээд амьдралаа үргэлжлүүлэх нь чухал.”

“Нэг бүдрэхээр нийгмээрээ дайрч очоод дэвсэлдэг тэр сэтгэлгээнээс цөмөөрөө салах хэрэгтэй. Бусдыг гомдоохоосоо өмнө, доромжлохоосоо өмнө, зодолдохоосоо өмнө, энэ нь танд болон тэр хүнд юу авчрах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Энэ өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байна.”

“Бэрхшээлийг амьдралын нэг хэсэг гэж харах чадвартай байвал хүн аз жаргалтай, хийе гэсэн юмнуудаа 100 хувь хийгээд яваад байх боломжтой. Зорилготой, зоригтой, зогсолтгүй байхад болно.”- Ноён Ган

Та бүхнийг Ноён Ганы сонгуульд нэр дэвшсэн талаарх туршлага, сургамжуудын дэлгэрэнгүйг номоос уншаасай гэж хүсч байгаа хэдий ч сонгууль ойртож байгаатай холбоотойгоор Золоогийн дараах мессежийг та бүхэнд заавал хүргэмээр санагдлаа:

Хэн хүнгүй сонголтондоо ухамсартай хандаж, ухаалаг зөв шийдвэр хийх хэрэгтэй. Хэнийг сонгох гэж байгаагаа маш сайн судлах хэрэгтэй. Худал үнэн, зөв бурууг дэнслэх хэрэгтэй. Тэр хүн юу хийж бүтээсэн, ямар салбарын, хэр их туршлагатай хүн гэдэг нь маш чухал…

Дараагийн бүлгүүдэд Ажил амьдралын тэнцвэр, Хайр, Амьдралын утга учрын тухай хүүрнэх болно.

Байгууллагаараа заал аван тоглоход Ноён Ганы туслах Хонгор амьсгаадаж байхад Ган захирал нь хэрхэн бусад залуучуудтай зэрэгцэн гүйсээр л байдаг болон эхнэрээ гадаад яваад ирэх бүрт баглаа цэцэг бариад л өөрийн биеэр тосдог, заримдаа Ган Хонгорыг дуудан “Ахдаа орой киноны билет захиалчхаарай” гэдгийг сонссон Золоо Ноён Гантай ажил амьдралын тэнцвэрийн талаар ярихаар шийджээ…

“Хүний амьдралын чанарыг үзсэн харснаар, авсан мэдрэмжээр нь хэмжиж болно гэж боддог. Авч байгаа мэдрэмж, кайф, сэтгэл хөдлөлөө аль болох олон болгож, тэр нэг шугамыг дээш доош нь сунган хэлбэлзүүлж амьдралаа уртасгаж болно гэж ойлгодог.”- Ноён Ган

Миний хамгийн их хайрласан бүлгүүдийн нэг нь Хайрын төсөл байсан юм. Ноён Ганы Instagram дээр гэргийнх нь бүжиглэж байгаа story-ийг хараад л дурлаж билээ. Энэ бүлэгт эхнэр Уянга болон Золоогийн түүнтэй өрнүүлсэн ярианы талаар өгүүлнэ. Өөрсдийн учрал, эр эмийн харилцаа, эмэгтэй хүний гаргадаг алдааны талаар… Үүнээс гадна Золоо ч өөрийн хэрэгжүүлдэг туршлагаасаа шигтгэж өгсөн байна.

“Бараг бүх охид цагаан морьтой ханхүүг хүлээдэг. Гэтэл цагаан морьтой ханхүүд ч бас нэгэн гайхамшигтай гүнжийг олох хүсэл мөрөөдөл байгаа. Тэр ч бас амар амгалан амьдралаа хуваалцах гүнжээ төсөөлчихсөн хайгаад явж байгаа талаар боддоггүй. Тэр өнцгөөс нь амьдралыг харах хэрэгтэй гэж боддог. Хүн дандаа хүнээс ямар нэгэн сайхан зүйлс үргэлж авах хүлээлттэй байдаг… Түүнийгээ өөрөө эхлээд харамгүй өгөх хэрэгтэй. Буцаж хариу нэхээд хэрэггүй. Аяндаа хайр хайраар хариу болоод явдаг.”- Ингаанаа

Харин Золоо өөрийн үзэл баримтлалын талаар:

“Бид нэгнийхээ аз жаргалгүй байх шалтгаан болох ёсгүй учраас нэг нэгнийхээ эрх ашгийг өөрсдийнхөөсөө ямагт дээгүүр тавьдаг. “Хайртай бол хартай” гэдэг бол хайр биш, сэтгэл санааны хүчирхийллийн нэг хэлбэр юм.”- Золоо

Харин амьдралын зорилго, утга учрын талаар өөрт хамгийн их хүрсэн ганц ишлэлээр номын хоёрдугаар хэсгийг жаргаая:

“Хүн өөрийнхөө амьдралаа зорилготой болгож байж түүнээсээ таашаал авдаг. Хүн зорилгодоо хүрэхийн төлөө явж байхдаа л аз жаргалтай болж байдаг. Харин зорилгодоо хүрчхээрээ л аз жаргалтай болчихно гэвэл үгүй. Харин түүндээ хүрч байгаа явцыг л амьдрал гэдэг юм.” — Ноён Ган

Номын төгсгөлийн бүлэгт Золоо өнгөрсөн 100 хоногийн багцалж, өөрт орсон өөрчлөлтүүдээ дүгнэж, уншигчдад ч ном дотроос өөрийгөө олоход замчилж, бидэнд зориулж 9 асуулт/амлалтыг бэлджээ.

Эцэст нь хэлэхэд, залуу үе бидний харах өнцгөөс бичигдсэн ном учраас гол утга бүр нь тархиар дайрч, зүрхэнд хүрч байв.

Хүндэтгэсэн,

Б. Оюутцэцэн

--

--