Би шүтлэггүй. Гэхдээ… #1

Oyuttsetsen Bayarsaihan
@aphorize
Published in
3 min readAug 18, 2019
Дээрхийн Гэгээн Далай Лам ба Ширээт Хамба Десмонд Туту

Өвдөлтийг тойршгүй харин шаналал бол сайн дурынх

Хэдийгээр би ямарваа нэгэн шашин шүтдэггүй ч бурхан байдагт итгэдэг, сүнслэг байдалд итгэдэг, үйлийн үр байдагт итгэдэг. Асуудал үүсэхэд, хүсэл хясахад ганданд очин ном уншуулдаггүй ч байгаа газраа залбирдаг бас бясалгадаг. Тулгараад буй асуудал шийдэгдээсэй гэж залбирдаг бус асуудлын шийдлийг хэрхэн олох вэ гэж бодон бясалгаж, бүх зүйлсийн учрыг олж чадна гэж залбирдаг.

Энэ нийтлэлдээ Нобелийн шагналт Буддизмын төлөөлөл болсон Дээрхийн Гэгээн Далай Лам (His Holiness Dalai Lama) болон Христийн Ширээт Хамба Десмонд Туту (Archbishop Desmond Tutu) нарын “баяр баясгалан гэж юу вэ” сэдвийн ярилцлагын талаар бичигдсэн The book of Joy номын талаар бичихээр шийдлээ.

Хэрэв та миний өмнөх нийтлэлүүдийг уншсан бол намайг хэвлэмэл номуудаа хандивлаж, зөвхөн Kindle дээр ном уншдаг болсныг маань мэдэх байх. Хэвлэмэл номуудаа ялгахдаа цөөхөн хэдэн ном өөртөө авч үлдсэний нэг нь The Book of Joy билээ.

Сэтгэл санаа таагүй үе бүртээ нээж харж, тэмдэглэсэн хэсгүүдээ дахин уншихад л бидний хэлдгээр “гэгээрээд ч байгаа юм шиг” мэдрэмж төрж, цаанаасаа л тайван болоод эхэлдэг юм. Иймээс уг нийтлэлдээ сэтгэлд хамгийн ихээр хоногшсон хэсгүүд болон илэрхийлэх гэсэн санааг нь буулгахыг чадах ядахаараа хичээлээ.

Номын үйл явдал Энэтхэг улсын Дарамсала хотод болдог бөгөөд Хамба лам Далай ламын 80 насны төрсөн өдрийг тохиолдуулан 7 хоногийн айлчлал хийж буйгаар эхэлнэ. Энэ 7 хоногийн туршид Далай Лам болон Туту нар санал бодлоо хуваалцсанаас:

1. Бид бол эмзэг бүтээлүүд: “We have hardship without becoming hard. We have heartbreak without being broken.” — Archbishop Desmond Tutu

Аз жаргал, баяр баясгаланг олох нь биднийг бэрхшээл болон шаналалгүй болгоно гэсэн үг биш юм. Бид амархан шаналж, зовж болох ч баяр баясгаланг мэдэрч сурснаар илүү амархан инээж бас сурах юм. Магадгүй бид илүү “амьд” болдог байх. Баяр баясгаланг олж илрүүлэхийн хэрээр бид зовлон шаналлыг биднийг сүйтгэхээс илүүтэйгээр сайн сайханд хүргэх явдал гэж хардаг болдог.

2. “Бид дотоод үнэт зүйлсдээ илүү анхаарах шаардлагатай. Бид илүү ихээр дотогшоогоо харах хэрэгтэй” — Дээрхийн Гэгээн Далай Лам

Сэтгэл оюун ба зүрх. Материаллаг үнэт зүйлс бидэнд сэтгэлийн амар амгаланг өгч чаддаггүй учраас бид дотоод үнэт зүйлсдээ, өөрсдийн “жинхэнэ” хүнлэг чанартаа илүү анхаарах шаардлагатай. Дэлхий дээр 7 тэрбум хүн байгаа ба хэн ч асуудал, шаналлыг хүсдэггүй. Гэхдээ хэн ч асуудал, шаналлаар тасардаггүй. Яагаад? Бидэнд нэг нэгнээ гэсэн энэрэл, сайхан сэтгэл дутаж байна. Хүн бүр бусдын сайн сайхны төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй.

Өнөөдөр бидэнд дотоод үнэт зүйлсийн талаарх боловсрол байхгүй байна. Тиймээс бид “би төвтэй” болж байна — үргэлж л Би, Би, Би. “Би төвтэй” байх нь хүнийг айдастай бөгөөд итгэлтэй бус болгодог. Хэт их айдас нь сэтгэл гонсойх үндэслэл болдог. “Би төвтэй” хандлагатай байснаар хүн бусдаас тусгаарлагдаж, дараа нь итгэл алдарч, дараа нь айдас төрж, тэгээд уцаартай болно. Энэ нь дахин сэтгэл гонсойлгож, ууртай болгож, улмаар хүчирхийлэл болдог.

3. “Өвдөлт бол тойршгүй. Шаналал бол сайн дурынх.” — Дээрхийн Гэгээн Далай Лам

Залруулж болох тохиол аваас уурлаж унтууцахын хэрэг юун. Залруулж болшгүй тавилан болбол уурлаж унтууцаад ч нэмэр юун хэмээн Далай Лам VIII зууны Буддизмийн сургаалийг эш татаж, амьдралд сэтгэл гонсойлгох зүйлс олон ба тэдгээр нь биднийг хүссэн, хүсээгүйгээс үл хамааран үүсдэгийг онцоллоо. Иймээс энэ үед дараах хоёр асуултыг өөрөөсөө асууж болно:

  • Үүнээс хэрхэн зугтаж болох вэ?
  • Үүнийг хэрхэн өөртөө ашигтай болгох вэ?

4. “Оюун санааны түвшинд баяр баяслыг олоогүй бол бие махбодийн болон биет зүйлсийн таашаал ч сэгтэлийн амгалан бус байдлыг бууруулахгүй”- Дээрхийн Гэгээн Далай Лам

Хүмүүс сэтгэлийн баяр баясалдаа илүү анхаарал хандуулж байх хэрэгтэй. Зөвхөн физиологийн таашаал бус оюун санааны таашаал… Оюун санааны түвшинд аз жаргалыг олсон тохиолдолд физиологийн өвдөлт тийм ч хамаатай бус байх болно.

5. “Бидний хандлага бол бодит байдал биш” -Дээрхийн Гэгээн Далай Лам

Бид өөрсдийн туршлагаа өөрсдийнхөө хандлагаар шүүж, “энэ сайн”, “энэ муу” гэж дүгнэдэг. Гэвч эдгээр нь бодит үнэн байдал биш юм. Хүмүүс хэн нэгний үйлдлийг хараад хэдийгээр тухайн үйлдэл нейтрал байсан ч “сайн”, “муу” хэмээн оюун санаандаа “төсөөлөл” үүсгэдэг. Тиймээс таны сэтгэлийг гонсойлгоод байгаа зүйл нь бодит үнэн зүйлээс шалтгаалсан эсэхийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хүн таныг шүүмжилж байсан ч яагаад тухайн хүн шүүмжлэх болсныг ойлгохоор хичээх хэрэгтэй. Бусдын шүүмжид таны үйлдэл нөлөөтэйг ойлгосон үед таны уур бухимдал буурна.

Үргэлжлэл бий…

Хүндэтгэсэн,

Б. Оюутцэцэн

--

--