Гадаадад сурах гэж буй хүмүүст захих 4 зөвөлгөө

Oyuttsetsen Bayarsaihan
@aphorize
Published in
4 min readMar 25, 2019

“Хэн нэгэн надад хэлээд өгчихгүй дээ” гэж халаглаж суухын оронд өрөөлийн хувьд өөрөө тэр “хэн нэгэн” нь байя гэж бодоод энэ нийтлэлээ бичихээр шийдлээ.

Хүн алдаж байж л ухаардаг гэдэг шиг би гэдэг хүн нэрэлхүү зангаасаа болж хэтэрхий урт хугацааг хэтэрхий хайран байдлаар өнгөрөөсөн юм.

Сэтгэл зүйн бэлтгэлээ базаа

Мэдээж виза, сургууль, оюутны байр зэрэг бол зайлшгүй бэлдэх зүйлс. Харин би “Сэтгэл зүйн бэлтгэлтэй бай” гэж хэлмээр байна.

Долдугаар анги хүртлээ “Эрэл” дунд сургуульд, есдүгээр ангиасаа монгол сургуульд сурсан миний хувьд англи хэл гуравдагч хэл минь байлаа. Англиар унших, бичих зэрэгтээ сайн байсан ч сонсох, ярих чадвараа дутуу үнэлсэн байж л дээ.

Магистрын зэргээ хамгаалахаар 19 настайдаа Лондонг зорилоо. Ээж, аав минь намайг “Бидний цорын ганц үр хатан зоригтой шүү” гэдэг байсан юм. Би ч өөрөө хэлд орсноосоо хойш өөрийгөө “Хөөрхөн охин, хатуу самар” гэж хэлэх дуртай байв (хөөрхөн нь ч юув дээ тэ). Тэр үгэнд нь бардаад ч тэр үү, эсвэл угийн тооцоотой болохоороо илүү зардал гаргахыг хүсээгүй дээ тэр үү анх удаа явж байж чемоданаа чирээд тосох ч хүнгүйгээр онгоцны буудлаасаа оюутны байр байрлах метроны буудал хүртэл яваад, тэндээсээ хүмүүсээс “Excuse me, where is Nido Kings Cross?” гэж асуусаар шөнийн 11 цагт оюутны байраа олж очиж байсан юм. Метроны буудлынх нь лифт хаана байдгийг мэдэхгүй болохоороо 24 кг ачаа, 9 кг гар тээшээ өргөөд шатаар алхаж байхдаа энэ олон хүмүүс байхад нэг нь ч туслахгүй байгаад гомдож, нүдэндээ нулимс цийлгэнүүлсээр тэр олон шатыг даваад гарч байсан минь одоо ч толгойд тод байна.

За тэгээд маргааш өглөө нь орчинтойгоо танилцахаар гарлаа. “Намайг ойлгохгүй бол яана аа” гэсэн айдастайгаар ойр зуурын зүйлсийг таарсан хүмүүсээсээ асуусан ч “Бри-иш” (british) аялгыг ойлгодоггүй юм байж. Энэ үеэс л миний нөгөө “хатан зориг” мохчихсон юм. Ингээд миний Лондонд амьдарсан эхний жил “зожгирсоор” байгаад өнгөрч байлаа… (ийм харамсалтай алдааг битгий давтаарай)

Юу хэлэх гээд байна вэ гэхээр, гадаадад очиход хүмүүс, соёл, орчин, ер нь бүх зүйлс өөр байдаг. Иймээс юмс бүхэн чиний төсөөлсөн шиг, чиний хүлээлт шиг байна гэж битгий найд. Ихэнх зүйлс чамаас “таатай байдлаасаа (comfort zone)”-оосоо гарахыг шаардахад бэлтгэлтэй байгаарай. Хүмүүс чиний яриаг ойлгохгүй байвал, чи хүмүүсийн яриаг ойлгохгүй байвал, орчныг нь, соёлыг нь ойлгохгүй байвал сандрах хэрэггүй, зоригоо мохоох хэрэггүй. Энэ бол хүн бүхний даваад гардаг шат учир аль болох цаг алдалгүй сайжруулах тал дээр анхаарч, бусдаас санаа зоволгүй асууж, ярьж, юмс ба хүмүүстэй нь танилцаарай.

Мөн очихоосоо өмнө эсвэл очсон даруйдаа зорьж буй газарт чинь амьдарч буй хүнтэй ярилцаж туршлага судалж, “гэрийн даалгавар”-аа хийгээрэй.

2. Сургуультайгаа хэт ойрхон байранд болон ганцаараа амьдрахаас зайлсхийгээрэй

Хэрэв сонгосон сургууль чинь оюутны байргүй бол байраа сонгох хариуцлага чамд ногдоно.

Эхний жил “зожгирсон” шалтгаануудын минь нэг нь би сургуулиасаа 2 минут алхаад л гэртээ ордог байсан минь юм. “Харамч хүн хоёр төлнө” гэдэг шиг тээврийн зардлаа хэмнэж байгаа царай нь гээд бүхэл бүтэн нэг жилийг олон найз нөхөдтэй ч бололгүй, “нийгэмшилгүй”-гээр өндөр төлбөртэй байранд Алдагдсан Боломжийн Зардал “дэндүүүүүүү” өндөртэйгөөр амьдарлаа.

Хүн гэр нь ойрхон байхаар наанадаж цайны цагаараа найзуудтайгаа хоол идэхийн оронд гэртээ тухтай байхыг, хичээлээ тараад хүмүүстэй “a glass of wine, a pint of beer” ууж суухын оронд хариад хичээлээ хийгээд, дуртай tv show-гаа үзээд хэвтэхийг эрмэлздэг юм билээ. Бас л нөгөө “тухтай байдлаасаа” гарч чадаагүй явдал юм л даа.

Иймээс оюутны байраа сургуулиасаа тодорхой хэмжээний зайд байлгаж, болбол гадаад оюутантай хамт амьдарвал илүү “нийгэмшинэ” шүү гэж хэлмээр байна.

3. Битгий хэт “ноомой” байгаарай

“In first, out last” нь миний мотто байсан гэхэд бараг буруудахгүй байх. Бусад оюутнуудыг бодвол мастерын шалгалтынхаа хажуугаар ACCA буюу Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн шалгалтыг давхар өгдөг байлаа. Хамгийн сүүлийн буюу P Level-ийн шалгалтуудын амжилтын хувь нь ердөө 30% буюу өөрөөр хэлбэл, шалгалт өгсөн 10 хүний 3 нь л тэнцдэг байв. Иймээс шалгалтын өмнөх 3 долоо хоногт өдөр алгасалгүй өглөө сэрээд цайгаа уучихаад шууд номын санд очиж, орой хаатал нь буюу 23:59 хүртэл суудаг байлаа.

Миний алдаа цагийн менежмент байсан. Одоо бодоход, хэдийгээр хичээл, сургууль нь миний нэгт тавих зүйл яалт ч үгүй мөн байсан ч би энэ зорилтдоо найзуудын хамт илүү хөгжилтэй байдлаар хүрэх боломжтой байж л дээ.

Хичээлийн ачаалал тийм ч их бус үед “happy hour”-т цаг гаргаж, найзуудтайгаа зугаацахад зарцуулж байгаарай. Харин хичээл ихтэй үедээ хамтдаа нэг зорилгын төлөө хичээх хамтрагчаа олж, илүү хөгжилтэйгөөр зорилтдоо хүрээрэй гэж зөвлөмөөр байна. “Networking is the key”.

4. Хэрэв цагийн ажил хийх гэж байгаа бол “зөв” ажлыг сонгоорой

“Ажил хийвэл ам тостоно”

“Зөв” ажил гэж тэгвэл юу вэ?

Бакалавраа төгсөөд ажлын талбар дээр гаралгүй шууд магистртаа явсан тул ажил хийснээр би хөдөлмөрийн, мөнгөний, хичээл зүтгэлийн, тууштай байдлын, хатуужлын мөн хариуцлагын үнэ цэнийг ойлгож авсан.

Эхний жилдээ найз эгчээрээ дамжуулж мэргэжлээрээ Украин компанид ажиллах боломж бүрдсэн ч, тэнд ажиллаж байсан Монгол охин надад “Чи дөнгөж ирчихсэн, тэгээд ч ACCA чинь аймаар хүнд ш дээ. Давхар ийм ажил хийвэл амжихгүй ээ. Тэгээд ч энд удирдлагууд нь онц биш” гэж хэлснээс болж би ажлын саналыг татгалзаж байлаа. Тэнэг. Өөр юу ч гэхэв. Ийм боломж гарч ирвэл, алдаж болохгүй! Хүний үгэнд автаж болохгүй!

Өөрсдийнхөө төлөө бусдыг яахаас ч буцахгүй хүн байдгийг санаад, аливаа хүний хэлсэн зүйлд “шүүмжлэлтэй сэтгэхүй (critical thinking)”-ээр хандаарай гэж захья.

За тэгээд хичээл эхлээд гурван сар өнгөртөл өвлийн амралт эхэлдэг юм байж. Гурван сар амарна гэнэ шүү. Өндөр төлбөртэй оюутны байранд жилийн гэрээ хийгээд орчихсон би тооцоолол хийж үзээд, агаарт хий мөнгө хийсгэхгүйн тулд Монгол буцахын оронд мэргэжлээрээ биш ч гэлээ, “олдсон ажлаа шууд хийгээд үзье” гэж бодоод сушиний кафе, дараа нь Лебанон ресторанд ажилладаг боллоо. Лебанон ресторандаа хагас жилийн туршид Баасан, Бямба гарагуудад ажилладаг байсан болохоор найзуудтай “шоудана” гэдэг ойлголтоос хол байв.

Оюутны байрны гэрээгээ хийхээсээ өмнө хичээл, амралтын хуваариа тодорхой болгоорой. Мөн цагийн ажлын хувьд ажил, амьдралын цагаа зөв зарцуулах нь цалин авахаас илүү чухал гэдгийг онцолъё.

Харин хоёр дахь жилдээ Бямба, Ням гарагуудад дэлгүүрт ажилладаг байсан нь намайг “нийгэмшиж”, илүү өөртөө итгэлтэй хүмүүстэй харилцдаг, асуудлыг шийдвэрлэдэг болоход түлхэц болсон. Гэхдээ хагас сайн өдөр өглөө ажилтай гэдэг нь Баасан ахын төрсөн өдрийн бас л тэмдэглэхгүй гэсэн үг юм.

Тиймээс хэрвээ чи цагийн ажил хийх гэж байгаа бол чиний сул талыг хөгжүүлэх, чамайг “тухтай байдлаас” гаргах ажлыг сонгоорой.

Хүндэтгэсэн,

Б. Оюутцэцэн

--

--