Г. Амартүвшин “шарк”-тай кофе уусан тэмдэглэл ба “Эргэлт, сонголт” номын тухай

Oyuttsetsen Bayarsaihan
@aphorize
Published in
4 min readFeb 16, 2020

Ном тань чөлөөтэй, энгүүн сайхан хөөрөлдсөн яриа болж надад уншигдсан гэдгийг танд хэлье…

Номыг уншиж дуусаад, хаагаад тавихдаа энэ бүхнийг эрт мэдсэн ч болоосой гэж өөрийн эрхгүй бодогдов.

Тэрээр өөрийн амьдралын замналыг мэмуар болгон уг номонд буулгахдаа өөрийн алдаа оноо бүхнээ авсан сургамжийн хамт бичжээ.

“Бусдын алдааг заавал давтахгүйгээр эртнээс эрсдэлээ тооцож чадсан нь л тоглоомондоо гуйвахгүйгээр үлддэг” — Эргэлт, Сонголт номоос иш татав

Номыг унших явцад сэм сэмхэн “азтай юм аа” гэсэн бодол төрж байснаа нуулгүй хэлье. Гэхдээ миний, бидний амьдралд ч тэр “аз” тохиодог ч азтай байх боломжийг тодорхойлж, боломждоо “боломж” олгох чадвартай байх нь амьдралын хамгийн том чадваруудын нэг болохыг ойлголоо.

Ганцхан л зүйлд уягдчихаад, аливаа зүйлс олон талтайг олж харахгүй тийн явах зуур ирээдүйд чамд маш том боломж авчрах ‘эргэлтийн цэг’ чинь зөрөөд одчихвол яана? — Эргэлт, Сонголт номоос иш татав

Өөрийн ‘эргэлтийн цэг’ бүрийг хэрхэн алдалгүй “барьж авч” байсан талаар маш дэлгэрэнгүй бичихийн сацуу залуучууд бидэнд өөрийн зүгээс үнэт сургамжуудыг харамгүй хайрласан танд баярлалаа!

Мэдэхгүй, чадахгүй гэж алгуурлалгүй бүхий л хүчээ дайчилж, өөрөө өөрийгөө цаг ямагт сорьж, дайчилж байсан нь түүний амжилтын түлхүүр юм уу ч гэж бодогдох шиг…

Өөрөө өөрийгөө сорино гэж юуг хэлж байна вэ гэвэл, шинэ сорилттой тулгарах бүртээ хүн өөрийн давуу болон сул талаа илрүүлдэг, тэр давуу талаа тэтгэж харин сул талаа залруулах нь өөрийгөө дайчилж буй хэлбэр юм. Хэрвээ бид шинийг туршихаасаа айж, хойш суувал тэр давуу, сул талаа яаж мэдэх билээ…

“Залуудаа хохирол багатай алдаж үзэх, түүнээсээ сургамж авах, алдаанаасаа өөрөө эргэн суралцах нь хамгийн чухал” -Эргэлт, Сонголт номоос иш татав

Уг номыг бичих нь ч түүний хувьд том сорилт байсан байх. Ном бичнэ гэдэг олон жил гадаадад амьдарсан хүний хувьд бол амаргүй даваа байх нь мэдээж. Номын хэмжээ, хавтасны сонголт, цаасны өнгө, нимгэн зузаан байдал, үсэгний фонт болон хэмжээ зүгээр л төгс... Номыг хүлээн авахдаа энэ талаар хэлэхэд “Би өөрөө номыг ямар байхад дуртай, яг тийм байдлаар хэвлүүлсэн юм” гэв. Тэрээр уншигч бидний өмнөөс бодож, сэтгэсэн хэрэг л дээ. Сэтгэлээ шингээнэ гэдэг үүнийг хэлдэг байх. Харин үг үсэг, найруулгын хувьд засахаар жижиг зүйлс харагдаж байв. Эелдэг шүүмжийг маань номын баг хүлээн авч, дараа дараагийн хэвлэлүүддээ тусгана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Эргээд номын агуулга руу оръё.

Яагаад анх гадаадад их сургуульд сурах болсон, сургалтын төлбөрөө хэрхэн төлдөг байсан, дөнгөж сургуулиа төгссөн, туршлага гээд байх зүйлгүй ч яаж Европын том банканд ажилд орсноос авахуулаад яагаад Харвардад сурахаар шийдсэн болон Харвардад тэнцэхийн тулд хэрхэн бэлдсэн талаараа маш дэлгэрэнгүй бичжээ. Цаашлаад Казахстаны Казкоммерц банкийг бүтээлцсэн түүх, Хас банкаар дамжуулан Монголын банкны салбар, бизнесийн ертөнцөд нэвтрүүлсэн эрсдэлийн менежментийн хатуужил, эцэст нь “амжилттай амьдрал” гэдгийг тодорхойлсноор ном төгсгөл болох юм.

Номын туршид толгой дундуур чанга цохиод авах шиг болсон олон сургамжууд байв. Тэр дундаас надад хамгийн ойр байсан түүний захиасаас дурдвал: “Мастерын зэргээ гадаадад дүүргэсэн бол ядаж тэр улсдаа нэг жил ч болов ажиллаад буцаарай” гэсэн нь байв. 2017 онд Англид мастераа хамгаалчихаад Монголоо санаад шууд ирэх шийдвэр гаргаж байсан юм. Номыг арай эрт уншсан бол гадаадад ажиллачихаад эргэж ирснээр Монголдоо болон өөртөө оруулах хувь нэмэр хавь илүү байхыг ойлгож, тэр “гэнэн” шийдвэрийг гаргаж одоог болтол харамсаж суухгүй байх ч болох байж.

Гэхдээ түүний сургамжууд надад хурдан “маневр” хийх чадвартай байх ёстойг, мөн залуу байхад гаргасан алдаа бол “алдаа биш оноо” гэдгийг ойлгуулсан тул дахин талархъя.

“Хүн ямар ч үед өөрийгөө алдаж болохгүй. Дотоод зорилго тэмүүлэлдээ үнэнч үлдэж, нөхцөл байдлыг урьдчилан харж, тохирсон шийдвэрүүдийг зоригтой гаргах нь ялангуяа карьераа босгож буй залуу хүний хувьд маш чухал чадвар шүү.”

“Бид үргэлж өөрчлөгдөж, шинэчлэлээс шинэчлэл рүү зоригтой тэмүүлж явбал л, сая өөрсдийгөө жинхэнэ утгаар хөгжүүлж чадна.”- Эргэлт, Сонголт номоос иш татав

Кофе уусан тэмдэглэл

Номонд дурласан үе буюу 2015 оноос хойш би Instagram хаягаараа ном болон зочилсон номын сангуудын талаараа үе үе зураг, стори оруулдаг болсон юм. 2019 онд миний номын ертөнц ч хуваалцаад байхаар баялаг байсангүй, Instagram хаягаа ч идэвхтэй ашигласангүй. Үүнээс болж өөртөө багахан гутрангуй байсан надад Г. Амартүвшин захирлаас захидал ирсэн юм.

Нээж харчихаад нүдэндээ итгэлгүй гэрээ тойрч орилж гүйсний эцэст дахин уншвал, тэрээр Instagram-аараа дамжуулан номын тэмдэглэл хөтөлдөг хүмүүсийн талаар асуулга явуулахад миний хаягийг нэлээд хүн өгчээ. Дуртай зүйлээ л хийснийхээ төлөө үнэлэгдэнэ гэдэг хүний мэдэрч болох дэндүү сайхан мэдрэмжүүдийн нэг байв. Тухайн асуулгад намайг санал болгосон хүн нэг бүрт маш их баярлалаа!

Г.Амартүвшин захирал залууст зориулан ном бичсэн ба залуу үеийн төлөөлөл мөн банкны салбарт ажилладаг учир намайг номтой нь танилцаж, сэтгэгдлээ үнэнчээр хуваалцахыг хүссэнээ бичсэн байв.

Би ч мэдээж талархалтайгаар зөвшөөрсөн. Харин “ном хэвлэлтээс гарахад хүргэлтээр явуулах болов уу, уулзах болов уу? Уулзах боломж гарвал толгойд байгаа энэ олон асуулт дундаас алийг нь асуух билээ” гэж сар бодсоны эцэст ном ч хэвлэлтээс гарч, тэрээр надад номоо өөрийн биеэр өгөхөө хэлсэн юм.

Уулзах өдрөө би 10 асуулт цаасан дээр бэлдэж очсон ба түүнийг 3-ийг нь сугалж, хариулахыг хүссэн юм. Асуулт бүрийн хариулт миний хувьд амьдралын том хичээл болсон ба одоо ч энэ боломж олдсонд баярлаж ханахгүй байгаа тул баяраа та бүхэнтэй хуваалцаж байна.

Нийтлэлийг уншиж байгаа танд хэлэхэд, миний бэлдсэн 10 асуултын хариу бараг бүгд номонд бичигдсэн байсан шүү. Тиймээс Амраа “шарк”-ийн мэмуар олон асуултын тань хариуг, олон алдаа онооны сургамжийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн,

Б. Оюутцэцэн

--

--