Хятадын эдийн засгийн өөрчлөлт, нээлтийн бодлого Монголын эдийн засагт…

Oyuttsetsen Bayarsaihan
@aphorize
Published in
4 min readMar 13, 2019

Өнгөрөгч Мягмар гарагт Хятадын ерөнхий сайд Ли Кечанг “Засгийн газрын ажлын тайлан”-г танилцуулсан ба үүнээс сонирхол татсан зүйл нь “Өөрчлөлт, нээлтийн бодлого”-ын хүрээнд 2019 онд хийгдэх ажлууд байлаа.

Энэ оны туршид Хятадын засгийн газар эдийн засгийг нээх тал дээр түлхүү анхаарч, илүү олон салбарыг нээлттэй болгох процессыг сайжруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.

“Өөрчлөлт, нээлтийн (Reform and opening-up) бодлого гэж юу вэ?

1978 оны 12-р сар:

Дэн Шиаопин тэргүүтэй Хятадын Коммунист намын шинэчлэгч нар Бээжин хотод хуралдаж, Хятад улс дотооддоо өөрчлөлт хийн, дэлхийд нээлттэй болгох шийдвэр гаргасан.

1970 оны сүүл үе болон 1980 оны эхэн үеэр шинэчлэлийн эхний шат явагдаж, хөдөө аж ахуйн салбарын төвлөрлийг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нээх, энтрептренеруудад бизнес эрхлэх зөвшөөрлийг олгосон ч ихэнх салбар төрийн өмчит хэвээр үлдсэн байна.

1980–1990 онуудад хувьчлал, үнийн хяналт, хамгаалах бодлого, журмуудыг бууруулах арга хэмжээнүүдийг авсан хэдий ч банк, эрчим хүч зэрэг төрийн өмчит монополиуд хэвээр үлдэв.

2001 оны 11-р сар:

Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад 143 дахь гишүүн орноор элссэнээр эдийн засгийн даяаршлын процессыг эхлүүлсэн.
Ийнхүү 2005 он гэхэд Хятадын хувийн сектор Хятадын ДНБ-ын 70 хувийг бүрдүүлдэг болсон.

2013 оны намар:

Нэг бүс, нэг зам” санаачилгыг эхлүүлж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах бэлтгэлээ хийж эхлэв.

“Нэг бүс, нэг зам” нь Хятад улс дэлхийн нээлттэй байдал, хамтын ажиллагаанд оролцож, дэлхий дахинд баялаг хөгжлийг бий болгох шийдэл гэж улсын тэргүүн Ши Жинпинь үзэж байв.

Азид шаардлагатай эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, хөдөөгийн дэд бүтэц, усны нийлүүлэлт, хүрээлэн буй орчин, логистик зэрэг дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг 2015 онд байгуулахаар төлөвлөв.

2013 оны 9-р сар:

Хятадын анхны чөлөөт худалдааны бүсийг Шанхайд байгуулах зөвшөөрлийг олгов.

Чөлөөт худалдааны бүс нь санхүү, худалдаа, дэвшилтэт үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл гэх мэт үндсэн үйл ажиллагаануудад эерэг нөлөө үзүүлж, Хятадын өөрчлөлт, нээлтийн үйл ажиллагаа цогц төвшинд хүрч байгааг харуулж байв.

2017 оны 10-р сар:

19 дэх удаагийн Үндэсний Конгресс Бээжин хотод зохион байгуулагдсан ба өөрчлөлт, нээлтийн үйл явцыг сайжруулах, үндэсний засаглалыг хөгжүүлэх шийдвэрт хүрсэн.

2018 оны 11-р сар:

Хятадын анхны Олон улсын Импорт Экспо Шанхайд зохион байгуулагдаж, гадаад, дотоодын 400,000 түншүүд оролцож, нийт дүнгээр 57.83 тэрбум ам.долларын гэрээг амжилттай байгуулав.

40 жилийн туршид эдийн засгаа нээлттэй болгох тал дээр хөгжүүлж ирсэн ч 2018 оноос АНУ-тай худалдааны маргаан үүссэнээр уг бодлогыг бодитоор эрчимтэй хэрэгжүүлж эхлэх шаардлагатай тулгарч байна.

Засгийн газрын ажлын тайланд тусгагдсан гол зүйлсийг дурдвал:

Эдийн засгийг нээлттэй болгож, глобальчлах тал дээр:

  • “Худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалыг дэмжиж, Дэлхийн Худалдааны Байгууллагын шинэчлэл, өөрчлөлтөд идэвхтэй оролцоно”
  • “Хятад улс нь бүтээгдэхүүний урсгал, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг үндэслэн эдийн засгийг нээх ажлыг дэмжинэ.”
  • “2019 онд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд илүү ихийг хийх болно. Хятад улс гадны хөрөнгө оруулалтад тавих хяналтыг бууруулж, сөрөг жагсаалтыг цөөлж, 100% гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд илүү олон салбарт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх болно.”
  • “Гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахыг хичээнэ.”
  • “2.15 их наяд юань (320 тэрбум ам.доллар)-ын засгийн газрын тусгай бонд гаргана.”
  • “Төрийн өмчит банкуудаас жижиг болон бичил бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хэмжээг 30%-иар нэмэгдүүлнэ.”
  • “2019 онд аж ахуйн нэгжийн татварын дарамт, нийгмийн даатгалын шимтгэлийг 2 их наяд юань (298.3 тэрбум ам.доллар)-аар бууруулснаар үйлдвэрлэлийн болон жижиг ба бичил бизнесийг дэмжинэ.”
  • “Үйлдвэрлэл болон бусад салбарын НӨАТ-ыг 16%-иас 13% болгон бууруулах ба тээвэр, барилга ба бусад салбарын НӨАТ-ыг 10%-иас 9% хүртэл бууруулна.”
  • “Монополь салбарууд дахь өмчлөл, үйл ажиллагааг тусгаарлаж, тэдгээрийн өрсөлдөх чадварыг зах зээлд суурилсан болгоно. Өөрчлөлтийг эрчим хүч, газрын тос, байгалийн хий, төмөр зам гэх мэт салбаруудад түлхүү хийх болно.
  • “Уламжлалт үйлдвэрлэлийн салбарыг сайжруулж, судалгааг дэмжих байдлаар өндөр технологийн салбарт түлхэц үзүүлнэ.”
  • “Дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд 800 тэрбум юань (119 тэрбум ам.доллар)-ыг төмөр зам барихад, 1.8 их наяд юанийг зам болон усан замын төслүүдэд зарцуулна.”
  • “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн тогтолцоог сайжруулахад чиглэх үндсэн хууль болох “Гадны хөрөнгө оруулалтын хууль”-ийг батална. Энэ нь тогтвортой, ил тод, урьдчилан таамаглах боломжтой зах зээлийн орчныг бүрдүүлснээр шударга өрсөлдөөнийг бий болгон, Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хамгаалах юм.”

Худалдааны дайны тал дээр:

  • “АНУ-тай хийгдэх худалдааны хэлэлцээрийг дэмжиж ажиллана. Хятад улс нь харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллаж, худалдааны маргааныг ижил тэнцүү аргаар хэлэлцэх замаар шийдвэрлэнэ.”
  • “Бид амлалтаа үнэнчээр биелүүлж, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах болно.“
  • “Хятад улс оюуны өмчийн хамгаалалтыг бэхжүүлж, оюуны өмчийн хуулийн зөрчлийн шийтгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, шинэ бүтээл, үйлдвэрлэлийн хэрэглээг дэмжинэ.”
  • “Валютын ханшны механизмыг сайжруулж, юанийн ханшийг тогтвортой байлгана.” гэж Ли Кечанг тайлангийн үеэр хэлсэн юм.

Үүнээс дүгнэлт хийвэл, 2019 онд авах дээрх арга хэмжээнүүд нь Монголын эдийн засагт дараах байдлаар нөлөөлөх боломжтой:

Монголын хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөл бүрдэж байна:

Илүү олон салбарыг гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй болгож, хяналтыг мөн бууруулж байгаа нь манай улсын хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Импортын бараа бүтээгдэхүүний үнийн дарамт буурах төлөвтэй:

Мөн улсын хэмжээнд салбаруудад тодорхой хэмжээгээр НӨАТ-ын хэмжээг бууруулж байгаа нь манай улсад импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүний үнийн дарамтыг бууруулж байна.

Нүүрс, төмрийн хүдрийн экспорт өсөх боломжтой:

Дэд бүтцийг хөгжүүлэхээр 800 тэрбум юанийг төмөр зам, 1.8 их наяд юанийг зам болон усан замд төсөвлөсөн нь гангийн эрэлтийг дэмжиж, улмаар манай улсын коксжих нүүрс болон төмрийн хүдрийн импорт өсөх боломж бий болж байна.

Хүндэтгэсэн,

Б. Оюутцэцэн

--

--