Өөрөө өөртөө “үнэнч” байхад туслах 5 апп

Oyuttsetsen Bayarsaihan
@aphorize
Published in
4 min readApr 25, 2019

Дисклэймэр: Уг листэд зөвхөн өөрийн байнга хэрэглэдэг бөгөөд хамгийн практикал, үр дүнтэй гэсэн iOS (Android дээр бас байгаа ч юм билүү) аппуудыг орууллаа.

  1. Өглөө эрт сэрэх гэж өөрөө өөртэйгөө тэмцэлдэх байтугай дайтдаг хүмүүст Alarmy:

“Чаддаг юм бол унтаарай” уриатай энэ сэрүүлэг нь таныг сэрэхээс/босохоос өөр аргагүй болгоно. Яаж вэ гэж үү? Энгийн сэрүүлгийг та snooze эсвэл stop товч дараад л хойшлуулж/унтрааж болдог бол Alarmy дээр “хүссэн ч хясна” гэдэг шиг ямарваа нэгэн даалгавар л биелүүлэхгүй бол сэрүүлэг дуугарсаар л байна.

Сэрүүлгээ тохируулахдаа дараах даалгавруудаас сонгоно:

  • Аливаа юмны зургийг авах (00, угаалтуур, аяга г.м)
  • Тоо бодох (Бодлогын хүндийн түвшинг тохируулах боломжтой)
  • Сэгсрэх (Давтамжийг тохируулна)

Харин даалгаврыг гүйцэтгэсний дараа тухайн өдрийн цаг агаар, топ мэдээ, зурхай зэргийг товч харуулах дашбоард нээгдсэнээр таны өглөө эхэлнэ. Өглөөний мэнд!

2. Орой нойр хулждаг бол Headspace:

Бүх л хүний санал болгодог аппуудад багтдаг энэ апп нь бясалгал хийх зориулалттай юм. “За нүдээ аниарай, амьсгаагаа аваарай, гаргаарай, анхаарлаа биеийн дээд цэгт…”

Би Англид байхдаа нэг удаа иогад явж үзсэн ба тэр 40 минут миний хувьд бүтэн өдөр шиг санагдаж, хичээл дуусахыг секунд тоолж хүлээж байсан удаатай. Юу гэх гээд байна вэ гэхээр, хэрвээ та “би бясалгал хиймээргүй байна” гэж бодож байгаа бол би ч бас!

Гэхдээ би орой бүр бясалгал хийгээд байсан байна лээ… Миний хувьд ямар нэгэн байдлаар байгалийн чимээ, дуу, подкаст зэргийг сонсож байж л унтахгүй бол чимээгүй орчинд толгойд хэдэн зуун бодол эргэлдсээр нойр хулждаг.

Headspace-ийг сонсохдоо хугацаагаа тааруулж болдог. Сүүлийн үед илүү хурдан бие болон тархиа тайвшруулж чаддаг болсон уу яасан, 3 минутын бясалгалын session тавихад хангалттай унтаж байгаа. Тиймээс таныг ч мөн адил нойр чинь хүрдэггүй бол ийм байдлаар богино хугацаанд бясалгаад үзээрэй гэж захимаар байна. Сайхан амраарай!

3. Бөглөрдөг, түгжирдэг, таглардаг Улаанбаатарт - podcast:

Хэл сурах, бусдын үзэл бодолтой танилцах, мэдлэгийн хүрээгээ тэлэх, ер нь таны зорилго юу ч байсан бай танд тохирох подкаст байж л таарна. Сүүлийн үед Монгол подкастууд мөн ихээр гарч байна. (Энэ тал дээр тусад нь нийтлэл оруулна). Хүн хүлээх, замд түгжрэх, алхах, гэрээ цэвэрлэх зэрэгт хамгийн сайн найз байж чаддаг зүйл бол подкаст. iPhone барьдаг бол podcast руу орон өөрт тохирох подкастыг олох боломжтой, хэрэв android барьдаг бол soundcloud болон бусад вэбсайтуудаас сонсоорой.

4. Facebook-ийг зөвхөн найзуудтайгаа холбогдож, гадуур болж буй үйл ажиллагаа (event)-үүдийн мэдээллийг авах зорилгоор ашигладаг бол Facebook Local-ийг санал болгоё:

Facebook орохоор л энд тэнд ямар ч эх сурвалжгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй viral мэдээ болон сөрөг энергитэй постууд хэтэрхий ихээр гарч ирдэг болсноос хойш буюу сүүлийн 3 жил facebook-ийг зөвхөн найзуудтайгаа холбогдох болон аливаа эвентүүдийн мэдээлэл, байгууллагуудын хаяг, утасны дугаар зэргийг харах зорилготойгоор ашигладаг болсон юм.

Апп нь байхаар нэг орохоороо бараг хагас цагийн хугацаанд гүйлгэж, хэрэггүй мэдээллээр тархиа цэнэглээд байсан тул аппаа устгачихсан юм. Facebook орох шаардлага гарвал web browser-оор ордог тул эвентүүдийг харахад их эмх замбараагүй байсан учраас жижигхээн судалгаа хийсний үр дүнд Facebook Local-ийг олсон юм. Facebook Local-ийг Google болон Apple Calendar-тайгаа холбосноор эвентүүд календарьт шууд харагддаг.

5. Голомт банкинд ажилладаг болохоороо санал болгож байгаа юм биш шүү, гэхдээ SocialPay миний цаг болон мөнгийг хэмнэдэг:

Дэлгүүрт, таксинд, кофе шопд, найз нөхдийн хооронд, авлага, өглөгтэй хүмүүс хооронд мөнгө шилжүүлэхэд бусад мобайл банкууд (үүнд Голомт банкны мобайл апп ч хамаарна) банк хооронд ч бай, банк дотроо ч бай шимтгэл авдаг.

ХаринSocial Pay-д гар утас болон Голомт банкны дансаа бүртгүүлснээр SocialPay-тэй хүмүүс хоорондоо 1'000'000 төгрөг хүртэлх үнийн дүнг аливаа шимтгэлгүйгээр гар утасны дугааарыг нь оруулаад л нэхэмжилж бас төлж болно. Хүнээс авлагатай ч нэхэх нэг л эвгүй байвал зүгээр л нэхэмжилчих. Төрсөн өдрийн мэндчилгээ хүргэх, мөнгөн бэлэг өгөх ба ойр байгаа найз нөхдийг харах, хоорондоо чатлах зэрэг функциудтэй.

Дата, нэгж авах, хэрэглээний төлбөр төлөх, киноны тасалбар авах, аяллын даатгал хийлгэх, тээврийн даатгал ба торгууль төлөх, хувьцааны арилжаа хийх зэргийг бүгдийг нь шимтгэлгүйгээр гүйцэтгэх ба хамгийн гол нь ЦАГ хэмнэдэг.

Бас нэгэн хэрэгтэй үйлчилгээ нь “хүслийн жагсаалт” юм. Хүслийн жагсаалтад та тодорхой хугацааны дараа хадгалсан байх үнийн дүнгээ оруулснаар SocialPay танд хугацаатай хадгаламжийг санал болгох ба сар бүр байршуулах дүнг тооцож өгнө. Мөн сар бүр нэхэмжлэл явуулах байдлаар сануулж байдаг юм.

Хүндэтгэсэн,

Б. Оюутцэцэн

--

--