“Mindset” буюу “Сэтгэлгээний хандлага”номын тухай

Oyuttsetsen Bayarsaihan
@aphorize
Published in
3 min readFeb 3, 2020

Би хэвшмэл сэтгэлгээтэй хүн үү эсвэл хөгжих сэтгэлгээтэй хүн үү?

Уншиж дуусгаад би 100% хөгжих сэтгэлгээтэй болж чадсан уу гэж үү? Тэгж хэлж чадахгүй. Гэхдээ тогтмол сэтгэлгээ — хөгжих сэтгэлгээний голд байгаа би өөрийгөө одоо яг хаана байгаагаа мөн хаашаа зорихоо ойлгож авсан.

Уг ном нь хэвшмэл болон өсөх сэтгэлгээний хандлагуудыг тайлбарлаж, хоорондын ялгааг тодотгосноор өсөн хөгжих сэтгэлгээг дэмжих зорилготой юм.

Зохиолч нь 20 жил хүний сэтгэлгээг судлахдаа хүн өөрөө өөрийгөө хэрхэн харж, үнэлж байгаа нь түүнийг амьдралаа хэрхэн авч явахад ихээхэн нөлөөлдгийг нотолсон байна.

Хоёр төрлийн хүмүүсийн ялгааг товч тайлбарлахаасаа өмнө таны итгэл үнэмшлийг тодорхойлъё. Доорх тайлбаруудтай санал нийлж байна уу? Тийм болон үгүй гэдэг хариултыг өгөөрэй:

Асуулт 1. Хүн аливааг өөрөөр хийж болох ч хувь хүн нь өөрчлөгдөхгүй

Асуулт 2: Хүн ямар хүн байсан ч хамаагүй, хүсвэл хэзээд эрс өөрчлөгдөх боломжтой

Асуулт 3: Хүн шинэ зүйлсийг сурч чадах хэдий ч оюун ухааны чадамжаа өөрчилнө гэдэг нь бараг боломжгүй юм

Асуулт 4: Хүн оюун ухааны чадамжаа мэдэгдэхүйц өөрчлөх боломжтой

Маш богино асуулга хэдий ч та ямар байхыг хүсч байгаагаараа бус одоо яг ямар үнэмшилтэй байгаагаараа хариулсан гэж найдаж байна. Эхний болон гурав дахь асуултад тийм гэж хариулсан бол “хэвшмэл сэтгэлгээ”-ний шинж тэмдэг илэрч байна гэсэн үг юм.

Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс

  1. Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс өөрсдийгөө хөгжүүлэхийн оронд одоо байгаагаараа “мундаг” гэдгээ батлах гэж дахин дахин оролддог
  2. Өөрсдийн дутагдлаа засахын оронд нуудаг
  3. Өөрийг нь өсч, хөгжихийг уриалж, сорьж буй хүмүүсийн оронд өөрийг нь үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх найз нөхөд, хамтрагчийг сонгодог
  4. Өөрийнхөө ухаалаг эсвэл авьяастай гэдгээ батлах оролдлого хийдэг
  5. Хэвшмэл сэтгэлгээний ертөнцөд чи бүргэд “болно” гэдэг боломжгүй. Бүргэд байхын тулд анхнаасаа бүргэд л байх шаардлагатай.
  6. Тэд аливаа шалгалтын хариу, аливаа шалгуурын үр дүнгээр өөрсдийгөө тодорхойлдог учраас бүх шалгалт, шалгуурт амжилт гаргаж, бүтэлгүйтэлд зай байхгүй гэж үздэг.
  7. Тэд өөрсдийн одоогийн потенциал нь тэдний ирээдүйг илтгэдэг гэж боддог.
  8. Тэд бүхний “дээр” байхыг хүсдэг
  9. Тэд амжилт тэднийг тодорхойлдог гэж үздэг шигээ бүтэлгүйтэл ч бас өөрсдийг нь тодорхойлдог гэж үздэг.

Юу нь буруу гэж?

Би аливаа зүйлийг “зөв” эсвэл “буруу” гэж шошголох дургүй. Тиймээс номыг эхлүүлэхдээ “яагаад болохгүй гэж” гэсэн бодол төрж байв.

Энэ сэтгэлгээний хамгийн том дутагдалтай тал бол:

“Хэрвээ чи амжилттай байснаар, амжилттай байгаагаа баталснаар, амжилттай байхын тулд алдалгүйгээр анхнаас нь бүхнийг чаддаг байснаар ХЭН НЭГЭН болдог юм бол алдаа хийж, амжилтгүй байснаар чи ХЭН ЮМ БЭ?”

Хэрвээ хэн ч биш бол хэн ч биш нэгэн амьдраад яах юм бэ? Хэн ч бишээс хэн нэгэн болох сэтгэлийн тэнхээ, сэтгэлгээний хөгжил тотмол сэтгэхүйтэй хүмүүст байгаа билүү?

Зохиогчийн судалгаагаар хэвшмэл сэтгэлгээтэй “хэн нэгэн” алдаа хийж, “хэн ч биш” болсноор өөрсдийгөө хөгжүүлэх биш, харин өөрсдийг нь эргээд “хэн нэгэн” болгох мэдрэмжийг өгөх өөрөөсөө дор байгаа хүмүүсийг хайж эхэлдэг байна. Зүгээр үү тэ?

Хөгжих сэтгэлгээтэй хүмүүс

  1. Хөгжих сэтгэлгээтэй хүмүүс бүтэлгүйтлээс болон шантардаггүйгээр зогсохгүй бүтэлгүйтлээсээ сургамж авч өөрсдийгөө хөгжүүлдэг.
  2. Тэд ухаалаг эсвэл авьяастайгаа батлах гэж бус хичээл зүтгэл гаргаснаа баталдаг.
  3. Алдаа, бүтэлгүйтэл тэдэнд хэцүү тусдаг ч, тэд алдаа бүтэлгүйтэл өөрсдийг нь тодорхойлдоггүй гэдэгт итгэдэг
  4. Үр дүнгээс үл хамааран хийж байгаа зүйлээ үнэлдэг
  5. Нийгмийн стереотип үзэл тэднийг тодорхойлдоггүй (эмэгтэй, хар арьстан, ази г.м)
  6. Тэдний хэн нь ч өөрсдийгөө ялах эрхтэй төрсөн онцгой хүмүүс гэж боддоггүй.
  7. Тэд шаргуу хөдөлмөрлөдөг, анхаарлаа төвлөрүүлж чаддаг, шаардлагатай үед ердийн чадвараасаа илүү хүч чадал гаргадаг
  8. Тэд амжилт гэдгийг хэн нэгний дээр байх бус өөрсдийн хамгийн сайн хувилбар байх, шинийг сурах, өөрийгөө сайжруулах явдал гэж тодорхойлдог
  9. Тэд суралцсаар байдаг

Биднийг хөгжих эсвэл өсөх сэтгэлгээтэй болж өсөхөд олон зүйлс хамаардгийн нэг нь гэр бүл ба багш нарын хэрхэн хүүхдийг магтаж, урамшуулж байгаа нь юм. Хүүхдийг “чи ухаантай шүү, мундаг шүү, авьяастай шүү” гэж магтах нь хэвшмэл сэтгэлгээг дэмждэг бол “чи их хичээлээ, чи өмнөхөөсөө сайн байлаа, чи сайн ажиллаа” байдлаар урамшуулах нь хөгжих сэтгэлгээтэй болох нэг үндэс болохыг судалгаагаар баталсан байна.

Эцэст нь хэлэхэд,

Becoming is better than being…

Хүндэтгэсэн,

Б. Оюутцэцэн

--

--