Энтерпрайз систем хөгжүүлэлтийг ахалж ажилласан минь …

JGa
4 min readMay 7, 2019

--

“Ганц ганцаар хийж хүчрэхгүй зүйлийг хүмүүс хамтдаа бүтээж чаддаг. Хүч ухаанаа нэгтгэчих юм бол тэд бараг л бүхнийг чадагчид болно. “ Даниэл Уибстер.

Оюутан байхдаа ажилд ороод нэг жил ажилласны дараагаар дөнгөж дипломоо гардаж аваад удалгүй компани маань шинэ төсөл эхлэхээр болж намайг ахлах програмистаар ажиллахыг санал болгов. Дөнгөж дипломоо гардаж аваад байсан шинэхэн миний хувьд төсөл ахлаж ажиллана гэдэг нэг л бууж өгөхгүй байв. Надад бол их сургуульд олж мэдсэн програмчлалын чадвар байснаас системийн архитектурын зохион байгуулалт, бааз зохион байгуулах, төслийн удирдлага зэрэг цаашид юу хийх талаараа мэдлэг нимгэн байв. Харин аз болоход хамт ажиллаж байсан ах нар их түшигтэй байсан гэхүүдээ. Төсөл ахлаад шинэ ажил эхлэх үед л их сургуульд юу заалгаж, юу сурж байснаа бодоод гайхсан даа.
За тэгээд энэ том төслийг амжилттай дуусгаад ойлгосон хэдэн зүйлсээ бичье гэж бодсон хэрэг.

Манай төслийн удирдагч худалдааны салбарт олон жил ажилласан хүн байсан бол систем шинжээчид мэргэжлээрээ нэлээдгүй олон арван жил ажилласан туршлагатай хүмүүс байлаа. Харин хөгжүүлэгчид бол дөнгөж сургуулиа төгсөөд дипломоо барьсан залуучуудаас бүрдсэн шижигнэсэн баг байсан даа. Энэ үед бүгдээрээ дипломоо авчаад яг нэг том юм хийчмээр байж яддаг үедээ байсан шүү…

Төслийн эхэнд ч мэдэхгүй чадахгүй зүйлстэй маш их тулгарч шантрах үе нэлээн тохиолдов. Миний хувьд эхэндээ багийн ахлах юу хийж яаж ажиллахаа мэдэхгүй код бичихгүй л бол ажил хийгээгүй юм шиг байдаг байлаа.
Төслийн эхэнд системийнхээ үндсэн суурь хэсгийг маш сайн тавих хэрэгтэй. Би эхлэхдээ энд том алдсанаас болж төслийн дунд хугацаанд маш их хугацаа алдсан даа. За тэгээл сүхээ ирлэж авснаас хойш ажил ч жигдрэх юмандаа орсон доо. Яахав хөгжүүлэлтийн хувьд шийдэх том жижиг асуудлууд байнга л гарч байсан ч цаг өнгөрөхийн хэрээр асуудал тулгарах нь ч багассаар л байв. Энэ нь нэг бол ажил явахгүй байгаа эсвэл туршлага суусны шинж байсан байх …

Програм хангамжийн урт хугацааны томоохон төслүүдэд багийн гишүүдийн гүйцэтгэл буурах, баг хоорондын уур амьсгал ширүүсэх гээл харилцаа, хувь хүний асуудал нэлээдгүй тулгарна. Энэ асуудал төслийн хугацаанд хамгийн их тохиолдсон бэрхшээл юм уу даа.
Багийн уур амьсгал сайжруулах зорилгоор сардаа, дор хаяж улиралдаа нэг багаараа гадуур гарч байх хэрэгтэй. Энэ багийн гүйцэтгэлд ч эерэг нөлөө үзүүлнэ.
Багийн гишүүдийн бүтээлч идэвхийг нэмэгдүүлэхийн тулд тэднийг байнга дэмжиж урамшуулж, сэдэл өгч мотивацжуулж, бүр уралдуулж байх хэрэгтэй.

Багаар ямар нэгэн асуудал хэлэлцэх үед шаардлагатай бол хэрэлдэхээс ч буцахгүй байх хэрэгтэй. { Заавал ч хэрэлдэх биш л дээ } Заримдаа бид бусдыг гомдоочихвий гэсэн айдсаасаа болоод бодсон санаснаа чөлөөтэй хэлж чаддаггүй. Багаар ажиллах үед энэ шиг багийг хорлодог зүйл байхгүй. Гэхдээ нэгэнт багаар шийдэлд хүрсний дараа чиний дэмжээгүй санал байсан ч түүнийг бүх талаар дэмждэг байх хэрэгтэй.

шалгалтын өдөр

За ингээд 3 орчим жил явсны эцэст дэлгүүрийн нээлт гэнэт урагшилснаар нэвтрүүлэлт зэрэг шахуу орсон доо. Нэвтрүүлэлтийн шалгалт бидний орсон хамгийн хатуу шалгалт байсан байх. Хэдхэн секунд пос гацахад галзуурч магадгүй кассын урт дараалал, хэдхэн минут сервер гацахад тэдний хүлээх мөнгөн алдагдал хэр их байсныг хэн ч тооцоолж чадахааргүй байсан шүү.
{ Аан мартсанаас тэр үер байгалийн давагдашгүй хүчин зүйл байсан }

За тэгээд цаана нь юу байх айдсаа ч мэдэхгүй дайрч орсон бидний багийн үр дүнд 10+ сервис програм, 40+ модультай, 500+ цонхтой, 1000+ таблетэй өдрийн хэдэн зуун саяараа нэмэгддэг өгөгдлийн сантай энэ систем боссон юм даа

Энэ төслөөс миний сурж мэдсэн зүйл :

  1. 6 цаг мод хагалах бол 5 цагт нь сүхээ ирлэ. Энэ үед угаасаа төслийн чинь ажил явахгүй. Энэ үед бараг л нүдэнд үзэгдэж гарт баригдах зүйлс харагдахгүй тул удирдлагууд болон харилцагчдыг хүлээцтэй байлгах аргыг бодож олцгоох хэрэгтэй. Харин удирдлагууд сүүлд нь дуртай болно.
  2. Ер нь баг ахалж байгаа удирдаж чиглүүлж байгаа л бол юу тухайн хийж байгаа зүйлээ том зургаар нь харж багаа зөв чиглүүлдэг байх хэрэгтэй.
  3. Төслийн гүйцэтгэлд багийн гишүүдийн ойлголцол, харилцаа холбоо, арга хэрэгсэл их чухал нөлөөтэй.
  4. Төслийн хувьд ажлыг хурдтай явуулахын тулд удирдлагын түвшний шийдвэр гаргалт хурдтай байх хэрэгтэй. Шийдвэр гаргалт гэрлийн хурдаас ч хурдан байх хэрэгтэй.
  5. Шийдвэрийг өөрийнхөө үзэж туулсан амьдралынхаа хүрээнд хэзээ ч битгий гарга. Заавал цааш нь дахиад нэг судлаад үз. Аль болох онол дүрмийг сайн мөрдөх хэрэгтэй.
  6. Манай төслийн хувьд Waterfall загвар нэлээн сайн тохирохоор байсан боловч хийгдсэн ажил эхлэл рүү эргэж буцах их байсан тул аргачлалаа сольж Agile-ийг ашиглаж эхэлснээр гүйцэтгэл эрс нэмэгдсэн дээ. Бааз болон системийн шаардлага өөрчлөлт ихтэй байдаг төсөлд Agile аргачлалыг сонгох нь илүү зөв санагдсан.
  7. Та томоохон төслийн багт орсон л бол эморол гэдгийг мартах хэрэгтэй. Яахав гадуур дотуур эморч болноо гэхдээ ажил дээр хэзээ ч гаргаж болохгүй. Тухайн багт таны оролцоо хэр их байна тэр чинээгээр таныг дагаж танайхан эморно шдээ.
  8. Зөв залуучуудаар баг бүрдүүлсэн бол итгэ тэд юуг ч бүтээнэ. Итгэсэн бол эрх чөлөөг нь хамт өг. Эргэлзээгээ битгий харуул. Яахав хааяа шалгачихаж байж болно шдээ.
  9. Багийн гишүүд өөр өөрийн үүргээ маш сайн ухамсарлах хэрэгтэй. Төсөл бол багийн спорт шиг хүн бүрийн оролцоо маш чухал.
  10. Багийн гишүүд өөр өөрийн гэсэн давтагдашгүй чадварууд байгаа тэрийг л сайн анзаарч хэн юуг сайн чаддаг вэ тэр ажлуудыг нь түүнд өгч байж хүн бүр өндөр бүтээмжтэй ажиллаж чадна.
  11. Багийн хийсэн ажлуудын үр дүн хэмжигдэхүйц байх ёстой. Ихэнхдээ багийн хийсэн ажлыг хэмжиж байх нь багийг үр дүнтэй ажиллахад хүргэдэг юм

Энэ урт хугацаанд баярлах үедээ баярлаж, уурлах үедээ уурлаж, цаг нарыг үл харгалзан энэ том үйлийн төлөө хамтран зүтгэж байсан багийнхаа хамт олонд дахин баяр хүргье ээ.
JGa.

--

--