Нэг хувийн татвар

Нийтлэл бичсэн: 2016/09/03

Тайлангаа үнэн гаргаж, татвараа зөв тодорхойлдог байгууллагууд бий. Гэхдээ, татвараа нууж, ил далд 2 тайлан гаргаж үзээгүй байгууллага цөөн.

Одоогийн том, нэг тайлантай гээд байгаа компаниудын ихэнх нь өөрийн гэсэн капиталгүй, өр зээлтэй ажиллаж байхдаа татвараа нууж, 2–3 тайлан гаргаж явсан байдаг.

Тодорхой хугацаа өнгөрч, хийж байгаа бизнестээ итгэл үнэмшилтэй болж чадсаны дараа “За одоо нэг тайлантай болъё, татвараа үнэнээр тодорхойлж явья” гэж шийддэг. Гэхдээ зарим нь…

Эндээс дүгнэхэд, бизнесээ дөнгөж эхлүүлж, капитал хуримтлуулж эхэлж байгаа, татвараа тодорхой хэмжээгээр нууж байгаа бизнес эрхлэгчдийг буруутгах аргагүй мэт…

Модонд ургасан үр жимс цаг нь болохоор өөрөө газарт унадаг. Ургаж болоогүй байхад нь түүгээд байвал түүсэн, түүлгэсэн 2 хэзээдээ томрох вэ…

Гэтэл,
Ихэнх дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа Startup компаниуд татварын өмнө ирээд сөхөрдөг.

Төр засгийн бодлого тодорхойлогчид: “Монгол харин ч бага татвартай орон” гэдэг. Гэвч гарааны бизнесийн хувьд бизнесийн орчин, зах зээлийн багтаамж муу, татварын дарамт их, эдийн засгийн хямралтай, дээрээс нь авилга ихтэй тул татвараа төлж бизнес хийгээд, цаана нь ашигтай ажиллана гэдэг “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх”-тэй адил хэцүү.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “2011 онд Монголд нийт бүртгэлтэй байгууллагуудын 28,6 хувь нь үйл ажиллагаагаа явуулдаггүй байсан бол 2016 онд 50 хувь хүртлээ өссөн.” гэж мэдээлсэнээс харахад бизнесийн орчин ямар болсон нь харагдана.

Хэдийгээр эрх барьж байгаа намаас; “Жилийн 1,5 тэрбум хүртэлх борлуулалттай байгууллагуудын ААНОАТ-ыг 1 хувь болгож жижиг бизнесүүдийн татварын орчинг сайжруулах” талаар яригдаж байгаа боловч энэ нь далд эдийн засгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Учир нь,
Энэ хууль гарсаны дараа алдагдалтай гээд байсан ихэнх байгууллагууд /1 хувийн татвар төлөх тул/ ашигтай ажиллаж эхлэх ба харин цалингийн татвар /ХХОАТ, НДШ/ төлөлт эрс багасах магадлалтай. Яагаад гэвэл байгууллагад гарч байгаа зардлын ихэнх хувийг цалингийн зардал эзэлдэг бөгөөд цалингийн татварт ажилтан 18 хувь, байгууллага 11–13 хувийг өгдөг. /Нийт 29–31 хувийн татвар/

Өөрөөр хэлбэл 1 сая төгрөгний цалинтай хүний төлдөг татвар 300,000 төгрөг орчим.

Хэрэв,
Шинэ хуулиар ААНОАТ-ийг 1 хувь болговол цалингийн зардлыг бүртгэхгүй байснаар байгууллагад ч, хувь хүн ч ашигтай байж болох талтай. Учир нь байгууллага 11–13 хувийн зардлыг, ажилтан 18 хувийн зардлыг хэмнэнэ. Ингээд ажилтаны гар дээр ирж байгаа мөнгө далд хэлбэр орж төр засаг татварын бодлогоор байгууллагуудыг дэмжих гэсэн биш далд эдийн засгийг улам гааруулах магадлалтай.

Иймд,
Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд аль нэг татварыг /1 хувь г.м/ бууруулах биш, бусад татваруудыг жигд багасгаж, далд эдийн засгийг бууруулах тодорхой арга хэмжээнүүдийг авах нь зөв болов уу. Жишээ нь: ТББ-ууд, татвараас санаатайгаар бултагчид, татвар төлдөггүй хувиараа бизнес эрхлэгчид г.м…

Томууд бол тусдаа…

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.