Хүүхдүүдэд зориулсан банкны үйлчилгээ ашиглах нь

Хадгаламж эхлүүлэхэд хэзээ ч оройтдоггүйн адил хэзээ ч эртдэхгүй. Түүнчлэн дебит карт ашиглах нь бэлэн мөнгө ашиглахад тулгардаг бэрхшээлүүдийг арилгаад зогсохгүй онлайн худалдаа эрхлэх боломж олгодог.

18 насанд хүрээгүй хүүхдүүд бие даан банкны аливаа данстай болох боломжгүй. Учир нь шинээр данс нээхэд банк болон харилцагч үйлчилгээний гэрээ байгуулах шаардлагатай бөгөөд насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдтэй гэрээ байгуулах нь араасаа эрсдэл дагуулна. Тиймээс банкууд шинээр нээж буй дансыг хамтран эзэмших насанд хүрсэн этгээд байхгүй бол 18 хүрээгүй хүүхдэд дангаар нь данс нээж өгдөггүй.

Бие даасан байдал: Насанд хүрээгүй хүүхдүүд хязгаарлагдмал түвшинд банкны данс эзэмшиж болох бөгөөд өөрийн дансыг идэвхтэй ашиглах боломжтой. Багаасаа өөрийн мөнгийг удирдаж сурах нь насан туршийн мэдлэг, чадварыг олгох бөгөөд бие даасан, хариуцлагатай хувь хүн болон төлөвшихөд чухал нөлөөтэй.

Хуримтлал үүсгэх: Эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд зориулан хуримтлал үүсгэх сонирхолтой байвал (их сургуулийн төлбөр, байрны урьдчилгаа гэх мэт) банкинд хандан хадгаламжийн данс нээж болдог.

Дансны бүтээгдэхүүн тус бүр банкнаасаа хамааран өөр өөр байдаг бөгөөд өөрийн банктайгаа холбогдон нөхцөлийг нь тодруулахыг зөвлөе.

Хамтарсан данс

Өдөр тутмын хэрэглээнд зориулан (орлого хийх, зарлага гаргах, дебит картаар худалдан авалт хийх гэх мэт) данс нээх бол хамтарсан харилцах данс нээхэд хангалттай.

  • Дотоод бүх банкинд иргэний харилцах данс эзэмших хүүхэд болон түүний эцэг, эхийн аль нэг нь хамтарсан данс нээж болох бөгөөд нэг дансыг хоёр харилцагч удирдана гэсэн үг юм.
  • Банкууд руу холбогдож тодруулахад харилцах дансанд хүүхдийг эзэмшигчээр нэмэхэд заавал эцэг эхийн нэг нь эсвэл асран хамгаалагч биеэр хандах шаардлагатай гэсэн хариулт авлаа.
  • Эрх зүйн бүрэн чадамжгүй хүүхдүүдэд онлайнаар дансаа удирдах эрх өгөх боломжгүй бөгөөд зарим банкинд 16 настайгаас эхлэн онлайнаар дансныхаа хуулгыг харах эрх өгдөг юм байна (жишээ: ХасБанк — Тэмүүлэл карт).
  • Хамтарсан дансанд холбогдсон хүүхдийн дебит картууд байдаг бөгөөд нэг өдрийн зарцуулах лимит тогтоох боломжтой (жишээ: Хаан банк — Сурагчийн карт).

Хамтарсан дансны эрсдэлүүд: Банкнаас өөрөөр зааж өгөөгүй л бол хамтарсан энгийн дансны эзэмшигч бүр дансаа удирдах бүрэн чадвартай. Тиймээс та данс эзэмшигч хүүхэд бол өөрийн дансны мэдээллийг бусад хүнтэй хуваалцахгүй байх хэрэгтэй.

Мэдээллээр хангах: Дансыг хамтран эзэмшигч хэзээд дансны мэдээлэлд хандах боломжтой бөгөөд хүүхдийн зарцуулалтад хяналт тавих боломжтой. Ялангуяа онлайн үйлчилгээ ашигладаг харилцагчид өөрийн дангаар эзэмшдэг болон хүүхэдтэй хамран эзэмшдэг дансаа аль алиныг нь онлайнаар удирдаж болдог.

Кастодиан дансууд

Данс эзэмшигч хүүхэд дансыг удирдахад оролцохгүй бол ийм төрлийн данс үүсгэж болдог. Монголд хүүхдийн тэтгэмжийн мөнгийг банкны дансаар дамжуулан авдаг бүх данс ийм төрлийн данс юм.

Түүнчлэн зарим банк хүүхдийн регистрийн дугаараар ямар ч хүн данс нээх боломжтой бөгөөд хадгаламжийн дэвтрийг хүүхдэд өгснөөр хэзээ ч дансандаа хандах боломжтой болгодог. Ах эгч нар дүүдээ бэлэг болгон хуримтлал үүсгэж байгаа тохиолдолд ийм үйлчилгээг ашиглахад тохиромжтой.

Хадгаламжийн дансууд

Урт хугацааны хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнүүд байх бөгөөд заавал эцэг эхийн аль нэг нь өөрийн биеэр данс нээдэг. Энэ төрлийн данс нь ихэвчлэн данс эзэмшигч хүүхэд насанд хүрэхэд өөрт нь шилждэг бөгөөд 18 нас хүрсэн этгээд цаашид дансыг удирдах бүрэн эрхтэй болдог. Гэхдээ 18 хүрээгүй байхад санхүүгийн аливаа үйлчилгээг өдөр тутамд авах боломжгүй хязгаарлагдмал данс бөгөөд дебит карт холбох боломжгүй.

Урьдчилсан төлбөр картууд (pre-paid cards)

Дотоодын зарим банкуудын санал болгодог бэлэглэлийн картууд нь урьдчилсан төлбөрт картын нэг хэлбэр юм. Хэдийгээр хүүхдэд урьдчилсан төлбөрт карт өгч дансыг нь цэнэглэсээр байж болох ч дансаа удирдах онлайн эрх зэрэг нэмэлт үйлчилгээг авах боломжгүй байдаг. (жишээ: ХХБ — Бэлэглэлийн карт)

Аль банкинд данс нээх вэ

Аль ч банкинд данс нээж болно. Хамтран эзэмшигч насанд хүрсэн этгээд өөрийн ашигладаг банкинд данс нээх нь дансаа удирдахад хялбар байж болох ч зөвхөн хүүхдэд зориулсан тусгай үйлчилгээнүүдийг судалж үзсэний үндсэн дээр дурын банкиндаа данс нээж болно. Данстай болох гэж буй хүүхэд өөрөө аль банкинд дансаа нээхээ судлах нь ч зүгээр байж магадгүй юм.

Анхааруулга: SmarterLiving нь мэргэжлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй этгээд биш бөгөөд уг платформоор дамжуулан хүргэж буй агуулга нь уншигчдад анхан шатны мэдээлэл өгөх, цааш мэргэжлийн байгууллага руу хандахад туслах зорилготой болно.