Амиа хорлодог машин гэнэ ээ? Сууя л даа

Danna Kubrick
Socraftes
Published in
2 min readDec 15, 2021

Саяхан Швейцар улсад “амиа хорлох машин”-г бүтээсэн гэх мэдээ “од” болов. Үнэндээ бол тэрхүү “амиа хорлох машин” нь эвтаназийн төхөөрөмж бөгөөд эвтаназийн талаар маргалдах хоёр эрхмийг дотроо төсөөлж дараах харилцан яриаг бичив.

Гипократын тангараг

-Түүний тангарагт “Би үхлийн хор асуусан хэнд ч бай санал болгохгүй мөн өгөхгүй.” Гэсэн хэсэг бий. Эвтанази үйлдэх нь тус эмчийн хувьд өргөсөн тангарагаа зөрчсөн хэрэг болчихно.

-Түүний тангарагт “Бүсгүй хүнд үр хөндөлт хийхгүй” гэсэн хэсэг ч бас бий. Харин одоо хэдэн улс үр хөндөлтийг зөвшөөрдөг билээ? Үр хөндөлтийн ачаар ямар их давуу тал үүсч байгаа билээ? Тэглээ ч Гипократ хэдэн онд төрсний бодоод үз. Аа бас, хүнийг өвчнөөс нь гэтэлгэнэ гэсэн байдаг шүү дээ, тэгэхээр эмчилгээгүй өвчинтэй бол “алаад” ч хамаагүй гэтэлгэх ёстой бус уу?

Мөнгө

-Эвтаназийг хэн нэгний мөнгөний төлөө хийчихвэл яах юм бэ? Өвчтэй хүний өвлүүлэх хөрөнгөнд нь болж өмнөөс нь эвтанази хийх зөвшөөрөл эмчид өгчихвөл мөнгөний төлөөх хүний гараар бариулсан могой болчихно шт.

-Эсэргээрээ эдгэрэшгүй өвчтэй хүн их хэмжээний мөнгийг эмчилгээндээ зарах нь хий дэмий цацаж байгаагаас ялгаа байхгүй биз дээ?

-Тэгвэл даатгалтай байж таараад, улсаас эмчилгээний мөнгийг нь дааж байвал яах вэ?

-Өвчтөн нэг орны зай “эзэлж” байхаар эдгэх боломжтой хүнд “зай тавьж” өгч бас болно шт.

Шашин

-Зарим нэг шашинд амиа хорлох чинь нүгэл шүү дээ. Эвтаназийг бол ихэнх хүмүүс амиа хорлох л гэж ойлгоно.

-Шашингүй үзэлтэн хүмүүс яах юм бэ? Эсвэл өвчтөн үхээд өгснөөрөө ар гэрийхнийгээ санхүүгийн, цаг хугацааны дарамтаас чөлөөлөөд буян болж байгаа юм биш үү?

Шийдвэр

-Эвтанази өөртөө хийхийг зөвшөөрч байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар сэтгэл гутрал эсвэл шизофрени өвчнөөр өвчилж байвал яах юм бэ?

-Эсэргээрээ бусдын гарт оролгүй, нэр төртэйгөөр үхмээр байгаа ч юм билүү?

-Эсвэл эмч буруу оношлоод эдгэрэх боломжтой ч, эдгэрэшгүй гэсэн пайз зүүчихсэн юм биш байгаа?

-Тэрийг оношилж чадахгүй байгаа эмч тус өвчтнийг сэтгэл гутрал, шизофренитэй гэдгийг зөв оношилж чадах болов уу?

Би юу чи юу?

-Төмөр замын хоёр салаа замын нэгэнд нь нэг хүнийг, нөгөөд нь таван хүнийг хүлчихсэн байя гэж бодъё л доо. Галт тэрэг аль нэгээр нь заавал дайрч өнгөрөх болчихвол та алийг нь сонгох вэ?

-Хмм, хэцүү л юм. Гэхдээ 5 хүн үхэж байснаас 1 нь үхсэн нь дээр байх аа.

-Тэгвэл эдгэрэшгүй өвчтэй нэгэнд эвтанази хийгээд түүний эрхтнүүдийг донор хэрэгтэй байгаа 5 хүнд өгөөд амийг нь аврахыг зөвшөөрөх үү?

-Эвтанази аа? Үгүй ээ.

-Энэ хоёр тохиолдолд ялгаа байгаа юм уу?

Эцэст нь хэлэхэд та үүн дотроос “зөв” “буруу” бодолтойг нь шалгаруулах шаардлагагүй. Харин та “амиа хорлох машинд” суух байсан уу гэдгээ бодоорой.

- Хүүхэд насанд хүргэж галт тэргэнд та суух уу?

- За лай лай.

- Тэгвэл амиа хорлох машинд суух юм уу?

  • Хүүе тэгье л даа хэн бэ?

--

--

Danna Kubrick
Socraftes

Тэнэг бөгөөд энгийн нэгэн