Антинатализм

Danna Kubrick
Socraftes
Published in
5 min readJan 17, 2021

2019 онд нэгэн энэтхэг залуу өөрийг нь энэ орчлонд төрүүлсэн хэмээн эцэг эхээ шүүхэд өгч байсныг санаж байна уу? Тэрээр эцэг эх нь түүнийг төрүүлэхдээ өөрийнх нь санал харгалзалгүйгээр, өөрөөр хэлбэл өөрөөс нь асуулгүйгээр дэлхий буюу “зовлонгийн их далайд” аваад ирчихсэнд эцэг эх нь буруутай гэж 27 настай Самуел үзжээ. Самуел мэдээж төрөөгүй хүүхдээс зөвшөөрөл авах боломжгүй гэдгийг ойлгож буй ч хүн болж төрөх нь бидний сонголт биш байсан тул үлдсэн амьдралынхаа туршид “цалинжих” ёстой гэж хэлэв. Түүний эцэг эхээсээ нэхэмжилсэн мөнгө нь 1 рупи байлаа. Энэ нь “ёс болгож” эцэг эхийгээ торгож үйлдэл агаад үүнийгээ тэрээр одоогийн гэр бүлүүд хүүхэд төрүүлэхдээ огт бодолцохоо байчихсан болохоор “цочроо” өгөх гэж хэрэг үүсгэсэн хэмээн тайлбарлажээ. Тэгвэл энэ асуудлыг яг философийн этикийн асуудал болгоод сонирхоод үзье л дээ.

Энэ залуугийн баримталдаг үзлийг антинатализм (anti-эсрэг natal-төрөх) гэдэг. Товчхондоо бол төрөхийг эсэргүүцдэг философийн үзэл юм. Хүүхэд төрүүлнэ гэдэг нь хүүхэд ирээдүйд зовно гэсэнтэй ялгаа байхгүй гэж тэд үздэг. Ихэвчлэн өөрийн галбираа хүүхэд гаргаж алдахгүй эсвэл хүүхэд бол цаг мөнгөний “гарз” гэж боддог үзлийг бодвол энэ үзэл хамаагүй өөр ажээ. Адилхан хүүхэд гаргахгүй байх шийдвэр гаргаж байгаа ч антинатализм бол төрөөгүй хүүхдээ ирээдүйд гарч болох зовлонгоос нь сэргийлж тэр чигтээ төрүүлэхгүй байсан нь дээр гэж үзэж байгаа юм. Мөн хүрээлэн орчиндоо санаа зовсондоо энэ замыг сонгосон хэсэг ч бий. Харин ч өөрөө хүүхэд гаргамаар байсан ч ирээдүйд зовоохгүйн төлөө өөрийн хүслээс татгалзаж байгаа антинатализтууд ч мөн бий.

Үүнээс хэд хэдэн асуулт урган гарна.

  1. Аливаа шашинд антинатализт байх нь нүгэл мөн үү?
  2. Хүүхэд гаргахгүй байх нь “байгальд ээлтэй” юу?
  3. Өөрийн сэтгэлзүйн байдлаас болж хүүхэд гаргахгүй байх нь этиктэй үйлдэл мөн үү?

Эдгээр асуултуудад мэдээж шууд “Тийм”, “Үгүй” гэсэн хариулт өгөх хэцүү ч антинатализт үзлээс ямар аргументаар хариулах гэж оролддогийг тайлбарлая.

  1. Аливаа шашинд антинатализт байх нь нүгэл мөн үү?

Энэ үзэл нь саяхан бий болсон үзэл биш ажээ. Эртний Грект энэхүү үзлийн зарим санаа дэлгэрсэн байсан бол Христийн зарим урсгалд ч хүүхэд төрүүлэхийг дэмждэггүй ажээ.

Хэдий Библийн Эхлэл 1.28-т Бурхан хүмүүсийг бүтээсэн хойноо “Бурхан тэднийг ерөөж — Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв.” гэж бичээстэй байдаг ч, Эхлэл 1.22-т Бурхан амьтдыг бүтээсэн хойноо “Бурхан тэднийг ерөөн — Үржиж, олширцгоог! Далай тэнгисийн усанд дүүрцгээг! Шувууд ч газар дэлхийд олширцгоог! хэмээв.” гэсэн байдгийг ч мартаж болохгүй. Хүмүүс энэ дэлхийд байх нь зүйтэй авч бусад амьтдад адил байх боломж олгох нь зүйтэй гэж Библид тусгасныг харж болох нь.

Харин буддын шашны “Дөрвөн үнэний сургаал”-д “Зовох нь үнэн” хэмээснээрээ зовлон гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь антинатализтуудын “Төрөх л юм бол зовох учир төрөөд хэрэггүй” гэсэн үзлийг дэмжиж байна.

2. Хүүхэд гаргахгүй байх нь “байгальд ээлтэй” юу?

Антинатализт үзлийг ерөнхийд нь мизантроп антинатализм болон филантроп антинатализм гэж 2 хуваадаг. Мизантроп (misanthropy; mis-үгүй, anthropy-хүн төрөлхтөн) антинатализт үзэлд хүмүүс нь бусад хүн, амьтдын үхэлд буруутай, алдаатай амьтад, хэрэв өөр ямар нэг амьтан ийм гарз хохирол учруулсан бол бид тэр амьтны төрөл зүйлийг устгана гээд л үзэх байсан шүү дээ хэмээнэ.

Байгальд ээлтэй амьдрахын төлөө буюу хүн амын тоог бууруулах, хүн амын тоог бууруулснаар байгалийн нөөцийг бага ашиглах, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах, бусад амьтдад амьдрах “боломж олгох” зэрэг шалтгаанаар хүүхэд төрүүлэхгүй байхаар шийдсэн нэгнийг бид мизантроп антинатализт хэмээн үзэж болно. Өөрөөр хэлбэл хүмүүс энэ дэлхийг сүйтгэдэг тул бусад амьтдад “боломж” олгохын тулд аль болох бага үржиж, одоо учруулж байгаа гарз хохирлоо аль болох багасгах хэрэгтэй хэмээн үзнэ. Саналаараа устаж үгүй болох хөдөлгөөн гэх байгууллага ч бий.

18-р зууны эдийн засагч Томас Мальтус нэгэнтээ ирээдүйд хүн амын тоо ихэсэж, дэлхий хоол хүнсний нөөцгүй болно гэж үздэг байв. Таамгаар бол 80 жилийн дараа гэхэд дэлхийн хүн ам 11.2 тэрбум давна. Харин тэр олон хүний хэрэглээг хангах нөөц дэлхийд байгаа болов уу? Дээрээс нь мэдээж энэ дэлхий дээр зөвхөн хүмүүс л оршдоггүй гэдгийг ч бодолцох хэрэгтэй. Хүмүүс байсан байгаагүй цаг агаарын өөрчлөлт явагдах ч хүмүүсийн буруу үйлдлээс болж тэр үйл явц хурдсаж байгааг мөн мартаж болохгүй.

3. Өөрийн сэтгэлзүйн байдлаас болж хүүхэд гаргахгүй байх нь этиктэй үйлдэл мөн үү?

Хүүхэд гэдэг нь олон хүмүүсийн бодож явдаг шиг хүнстэйгээ ирдэггүй ажээ. Хүүхдэд мэдээж наад захын хэрэгцээ болох амьдрах аюулгүй орчин, хоол тэжээл хэрэгтэй. Гэвч хүүхэд гэдэг эдгээр зүйлс байхад л “аятайхан” шиг хүн болоод өсчихдөггүй гэнэ. Масловын хэрэгцээний онолоор доод шатны хэрэгцээг нь хангаж өгсөн ч аюулгүй байдлын хэрэгцээг аль ч улсад хангахад тун хэцүү. Монголд л гэхэд аль ч улиралд жирэмсэн боллоо гэсэн ураг утаанд хорддог.

Гэвч дан ганц бие махбодын эрүүл мэндээс гадна сэтгэцийн эрүүл мэндийг орхигдуулж болохгүй. Олон хүн өөрсдөө сэтгэлзүйн өвчнөөр шаналдаг учраас хүүхэд гаргах боломжгүй гэж үзэн антинаталист үзэлтэн болсон байдаг. Хангалттай сайн эцэг эх байхад тэд өөрсдөө бэлэн биш гэж үзэж, мөн зарим нь өөрийн сэтгэлзүйн байдал нь хүүхэд өсгөх үйл явцад сөргөөр нөлөөлнө гэж боддог байна. Сэтгэцийн өвчин удамшдаг эсэхийг судалсан нарийн судалгаа байдаггүй ч үүнээс эмээж энэхүү үзлээр амьдрагчид ч мөн бий.

Мэдээж энэхүү үзэл дэлхийн нийт хүн амын дийлэнхийг хамарч чадахгүй, үргэлж цөөнх байх нь тодорхой. Зарим хүмүүс антинаталистуудыг хүүхдийг үзэн яддаг гэж үзэх нь ч бий. Үнэн хэрэгтээ харин ч эсрэгээрээ, хүүхдийг бага зовоох үзэл юм. Дайн дажин ихтэй газруудад хатуу антинаталист үзэлтэн биш боловч хүүхэд төрүүлэхгүй байхыг дэмждэг бүлгүүд ч мөн бий. Зарим талаараа радикал гэж цоллуулах энэ үзэл өнөөгийн Gen-Z үеийнхэнд хүчээ авсаар л байгаа юм. 2006 онд анх Өмнөд Африкын философер Бенатар 2006 онд “Хэзээ ч байгаагүй байсан нь дээр” гэх ном гарсан нь анхны антинатализт чиглэлийн ном болж үүнээс цааш энэхүү үзэл хурдацтай тархсаар л. Youtube дээр гэхэд The Friendly Antinatalist , David Benatar on Antinatalism гэх сувгууд, Reddit дээрх Childfree subreddit, болон Every Cradle is a Grave: Rethinking the Ethics of Birth and Suicide, The Human Predicament: A Candid Guide to Life’s Biggest Questions, The Trouble with Being Born гэх мэт номууд аль хэдийнбий болжээ. Энэхүү замыг сонгох нь хувь хүний дур агаад антинатализм гэдэг нь хүүхдэд дургүй гэдэг үгнээс тэс өөр болохыг дахин нэг хэлье.

--

--

Danna Kubrick
Socraftes

Тэнэг бөгөөд энгийн нэгэн