Achugan. N
SPECTRE MONGOLIA
Published in
8 min readJan 6, 2021

--

Жордан Питерсон ба Фашист мистик

Жордан Питерсон “Амьдралын 12 дүрэм буюу эмх замбараагүйн эсрэг ерөндөг” номдоо “Эр хүн хатуу байх ёстой. Үүнийг эр нь шаардаж, эм нь хүсдэг” гэж бичжээ. Тиймээс түүний эхний дүрэм: “Цэх зогс”. “Өрөөгөө цэвэрлэх” ээ тэгээд мартаж болохгүй. Цааш нь “Ухамсар бол билэгдлийн хувьд цаг хугацааны эхнээс л эрэгчин байсан”, эсвэл “жинхэнэ Байхуйн баатарлаг үйлсээр хувь хүн үүрд мөнхөд өлсөж явдаг” гэсэн өгүүлбэрүүдийг олж харна. “Үл гомдоохуй”-н (political correctness) утгагүйгээс эхлээд “Байхуйн дарамт”-ын тухай энэ мэт метафизик хийгээд дидактик тунхгууд нь Торонтогийн их сургуулийн сэтгэлзүйн профессор Питерсоныг Ютүбийн үзэгдэл, барууны улс орнууд дахь бестселлер зохиолч болгон хувиргасан билээ.

“Амьдралын 12 дүрэм” нь түүний өнгөрсөн хорин жилд бичсэн хоёр дахь ном нь. Buzzfeed цахим хуудасны жагсаалтаар хүмүүжсэн үеийнхэнд зориулсан Питерсоны оюунлаг популизм нь манай үеийн улстөрийн популизмын адил эрчүүд давамгай, догшин ширүүн дагагчдын дэмжлэгтэйгээр толгой эргэм хурдтайгаар тархаж байна. Тэдгээр дагагчид нь олон нийтийн сүлжээнд Питерсоны шүүмжлэгчдийг балбахад хэзээд бэлхэн. Хүйс болон ангийн ялгаа нь байгалийн жам, шинжлэх ухааны үндэстэй хэмээн мэтгэдэг Канадын олны танил биш академик хэрхэн, яаж гэнэтхэн Барууны хамгийн чухаг сэхээтэнд тооцогдох болов гэдэг тун чухал асуулт юм. Түүний энэхүү амжилт нь бидэнд тохиогоод буй нэгэн хямралын талаар Доналд Трампын чөлөөт ертөнцөд тогтоосон санаандгүй манлайллаас дутуугүйг өгүүлж чадна.

Энэхүү хямрал нь хуучны итгэл үнэмшил алдарсантай холбоотой хэмээн Питерсон оношилж, “Mанай Барууны улсууд ёс уламжлал, шашин, тэр байтугай үндэстэнд суурилсан соёлоо гээсэн” хэмээн бичдэг. “Эртний мэргэн ухааныг” эргүүлэн залснаар тохиогоод буй “утга учиргүйн цөхрөлийг” анагаана гэдэгт тэр итгэдэг. “Өнгөрсөн үеийн домог шашны түүхүүдийн тусламжтайгаар хувь хүний ухамсар ба туршлагад хангалттай утга учир нээж, нихилизмээс ангижирч чадна” хэмээн тэр баталдаг.

Питерсон Карл Юнгыг баримтлан цаг хугацааны эхлэлээс хойш хүний нөхцөл байдлын үнэнийг тодорхойлсон домог, зүүд, шашин дахь архетип буюу анхны хэв загварыг тодорхойлдог. Тэр улиг болсон нэгэн үндэслэлдээ “Билэгдэлзүй, анхны хэв загвар, домогзүйн хувьд соёл нь эрэгчин хүйстэй. Иймийн учир эр хүйсийн ноёрхолыг сөрөх нь байгалийн хуулийг зөрчсөн хэрэг” хэмээдэг. Эр хүн хэв журмыг илтгэх бол “билэгдэлзүйн хувьд эмэгтэй хүйстэй эмх замбараагүйтэл (үл мэдэгдэх бүхэн) холбогддог”. Өөрөөр хэлбэл, эр эм хүний тогтсон загварыг эсэргүүцэгч, хатуу чанга биш эрс бол засал авахаасаа өнгөрсөн бүтэлгүй нөхөд юм.

Ийм илэрхий мэт өнө мөнхийн үнэнийг өнөөгийн их сургуулиудад заадаггүй. Юнгийн баримтаар маруухан сургаалууд ч академик хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдөдгүй. Бидний ойлголтууд нийгмээс гаралтай бөгөөд хэзээд өөрчлөгдөж болзошгүй байдгийг онцолдог. “Утга учрын газрын зураг”-аар (түүний өмнөх номын нэр) зэвсэглэсэн Питерсон харин хамтран зүтгэгч академичдээ жигшин зэвүүцдэг. Тэр Юнгийн нэгэн адилаар шашны маягийн этгээд үзэл санааг шинжлэх ухааны үндэс суурьтай болгон тайлбарлаж, хувьслын сэтгэлзүйгээр эртний мэргэн ухаанаа дэмждэг.

Гэвч илүү нухацтай шинжлэн үзвэл Питерсоны үл хуучрах санаа нь үнэндээ өнөө үеийн хэвшмэл, жишиг бүхий ч гэж болохоор зүйл болох нь анзаарагдана. Mанай орхигдсон цаг үеийнхэнд зориулан тэдний сэтгэлийг татахаар домогжуулсан хэт-барууны үзлийн шүтээн болсон зарчмууд юм.

Петерсон оюун санааны хувьслаа хүйтэн дайнтай холбон тайлбарладаг. Тэр энэ үеэс Солженицены “Гулаг нэрт арал”-ын үнэнч уншигч болж, Хитлер, Сталин, Мао зэрэг “итгэл үнэмшилтэй холбогдсон чөтгөрүүдийн” талаар эргэцүүлж эхэлжээ. Солжениценд андгай өргөж, хүнлэг энэрэнгүй үзэл нь гулаг (Зөвлөлтийн албадан хөдөлмөрлүүлэх лагер орч.) эсвэл гильотинд (Нэгэн төрлийн цааз гүйцэтгэх төхөөрөмж, Францын хувьсгалын үеэр өргөн хэрэглэгдэж алдаршсан орч.) хүргэнэ гэж үздэг. Өрнийн барууны үзэлтнүүдийн хувьд энэ бол тун нийтлэг замнал. Саяхны нэг жишээ нь Английн мэтгэлцээч Дуглас Муррэй. Тэр залуусын дунд Берние Сандерс болон Элизабет Уоррен алдаршиж буйд эгдүүцэж, эрх тэгш байдлын тухай санаа хил хязгаарын тухай ойлголт дээр овоолчихсон мэт үзэл санааны ялгадсаар бохирлогдсон гэж үзэж байв. Боолчлол, хоморголон устгал, империализм зэрэг шуналаас үүдэлтэй харгислалыг огт дурддаггүйгээрээ Питерсон мөн хэт-барууны үзэлтэй гэдгээ харуулдаг.

Питерсоны “нийгмийн шударга ёсны төлөөх дайчдыг” жигшин зэвүүцэж буй хийгээд 1960-аад онд салалтын тухай хуулийг либералчлах ёсгүй байсан гэхийг нь сонссон ямар ч барууны үзэлт цагаан арьстан эрийн сэтгэл хөдлөх нь гарцаагүй. Их сургуулийн кампусууд дээр “үл гомдоохуй”-н эсрэг тэмцэлдэж буй оюутнууд Петерсоны “Их сургуулийн зарим нэг судалгааны салбарууд тэр чигтээ эр хүний эсрэг чиглэжээ” гэсэн үгсийг чин сэтгэлээсээ тэврэн авах нь аргагүй. “Феминистууд Исламын шашныг шүүмжлэхээс зайлсхийдэг. Учир нь тэд далд ухамсартаа эр хүйсийн ноёрхолыг хүсэж байдаг” гэх үгс нь Исламын шашныг гадуурхагчдад урам зориг өгнө. Харин Петерсоны хувь хүний хичээл зүтгэлийн талаарх магтаал хийгээд баян ходооднуудад зориулсан хурц үгс нь (“Хорвоо ертөнцөд асуудал байгаа юм биш, чи л алдаад байна. Чи л өөрийгөө харуулж чадахгүй байна”) либертари үзэлтнүүдийг хөхөөн баясгана. Манай үеийн масс-удирдагчид (demagogues) ном уншдагсан бол дүрвэгсэд, цагаачдад сүр хүчээ үзүүлэхдээ Петерсоны “нинжин сэтгэл бол нүгэл”, “Хатуу чанга бай гөлчгий минь” гэх үгсээс философийн дэмжлэг авч болох юм.

Аль ч талаас нь харсан Петерсоны эртний мэргэн ухаан гарцаагүй орчин үеийнх юм. Түүний сурталддаг “уламжлал” нь XIX зууны сүүл үеэс цааш хэтрэхгүй. Хатуу чанга байх тухай оюунлаг уриа ба хүчирхэг захирагчийг шүтэхийн хоорондох харилцаа хамаарал энэ үед л төрөн гарсан билээ. Эдийн засаг болон улстөрийн хямрал гүнзгийрч, ардчилал болон капитализмд итгэл алдарч эхэлсэн энэ үед аврал ба ариуслын сүжгийг дамласан хуурамч сэхээтнүүд үржин олширч байв. Мюнхений нөлөө бүхий Огторгуйн бүлгэмийн гишүүн Германы философич Людвик Клагес, Оросын зураач Николай Рерих, Энэтхэгийн тэмцэгч Ауробиндо Гош нарын олон арван уран бүтээлч, сэтгэгчид Питерсоных шиг сэтгэлзүй, биологи, ид шидийн хүчийг нэгтгэсэн эрээвэр хураавар үзэл санааг дэлгэрүүлж байв. Нийгэм эдийн засгийн эдүгээших үйл явцаас үүдсэн сэтгэлзүйн хямралд тайвшрах, сэтгэл засах юунд ч хамаагүй итгэхийг эдгээр шинэ романтикууд Питерсоны нэгэн адилаар эрэлхийлсэн юм.

Ингэхдээ голдуу өнө эртний, өвөрмөц содон, нарийн төвөгтэй юманд итгэдэг байлаа. Барууныхны хүсэл зөгнөлөө биежүүлэх талбар нь дорно ялангуяа Энэтхэг болсон юм. Юнг болон өөр олон арван сэтгэгчид Энэтхэгийн цаглашгүй хийгээд эмэгтэйлэг шинжийн талаар уйтайгаар бичиж байв. Ромайн Ролланд 1910 онд либерал сургаалаар замчлуулсан дэвшлийг хуурмаг хэмээн үзэх өргөн тархсан мэдрэмжийг нэгтгэн дүгнэсэн юм. Энэ үед оюун ухаанд итгэх соён гэгээрлийн идеалыг “эртний хэв загвар” зэрэг далдын хүчээр солихыг олон хүн хүсэж байлаа. Ролланд “Зүүдний үүд нээгдлээ; Барууны оюун санааны өргөөнд шашны галт тэргээр ид шид, өвөрмөц содон итгэл, теософийн сэвшээ хүрэлцэн ирлээ” гэж бичиж байв.

Теосиф үзэлтнүүд, Сүзүки, Вивекананда нар шиг Азийн сүсгийн худалдаачдаас эхлээд Артур Уэлей нарын Ази судлаач, Юлиус Эвола (Доналд Трампын стратегич асан орч. Стив Банноны гүрү) нарын фашистууд зэрэг олон янзын “оюунлаг гарааны бизнес эрхлэгчид” үзэл санааны шинэхэн зах зээл дээр лангуугаа нээв. У. Б. Ийтс Келтийн соёлыг сэргээх хөдөлгөөний хэрэгцээнд Энэтхэгийн философийг нийцүүлэн “эртний өөр” ийн тухай илтгэлээ уншиж байхад Юнг энэхүү эртний далд ухамсрыг өөрийнхөөрөө хувилгаж байвай. Сэтгэл, зөн зэрэг ойлголтын хувьд тодорхой биш ангиллууд нийтээр хүлээн зөвшөөрөгдөв. “Эмх замбараагүй байдал”, “байхуй” зэрэг Петерсоны дуртай үгс том үсгээр бичигдэх болов. Эдгээр орчин үеийн хүний сүнсийг анагаагчдын дундах Питерсоны өөрийнх нь гарвал угсааг түүний амны уншлага болсон Юнгээс эхлээд Румыны шашны номч Мирча Элиаде, мөн Питерсоны нэгэн адилаар ердийн академик замналыг баатарлаг хувь хүмүүсийн тухай бестселлер бичихтэй хослуулсан Сара Лауренсын Коллежийн профессор Жозеф Кампбелл нараар тодорхойлж болох юм.

“Утга учиргүйн цөхрөл” XIX зуунд өргөн хүрээтэй мэдрэгдсэн. Дэлхийн хоёр дайн ба еврейчүүдийн хоморголон устгалын дараах он жилүүд үнэхээр цөхрөл төрүүлэм байв. Их сургуулийн дипломоор “баталгаажсан” Юнг, Элиаде, Кэмпбелл нар гайхшралд унасан олонд хорвоо дахины нууцлаг бараг л гностик гэмээр мэдлэгийн оршихуйг санал болгосон юм. Хүний далд ухамсар дахь нууцлаг хэсгийг нээн илрүүлсэн хэмээн зарласнаар тэд улайрсан шүтэн бишрэгчдийг үлэмж хэмжээгээр цуглуулж чадсан билээ. 1988 онд Билл Мойерстэй хийсэн ТВ ярилцлагаараа нэлээд шуугиан тарьсан Кемпбелл Питерсоны нэгэн адил цаг үеийнхээ үзэл бодолтой гайхалтай сайн зохицдог байв. Хуучны домгийг түгээн дэлгэрүүлэгч тэрээр неоконсервативийн эрин үед мөн л “Марксист философи Америкийн их сургуулиудад ноёлж байна” хэмээн зарлаж, Айн Рэндийн магтан дуулсан индивидуализмым ард ямар нэгэн эртний мэргэн ухаан буй хэмээн итгэхэд бэлхэн байсан үзэгчиддээ “Аз жаргалаа дага” хэмээн сануулж байв.

Гэвч Питерсон олон нийтэд зориулсан өөрийн дүрийг Кэмпбеллээс илүүтэй Юнгэд суурилан бүтээсэн бололтой. Швейцар мэргэн ухаантан маань Христосоос өмнөх гностик соёлд гэрлийг билэгдэх могойн дүрсийг сийлбэрлэсэн бөгж зүүдэг байв. Харин Питерсон өөрийгөө номхон далайн эрэг дагуух Кваквакавакв омгийн гишүүн хэмээж, Торонто дахь гэртээ барьсан уугуул америкчуудын урт урцаараа илтэд бахархдаг.

Питерсон эртний хүмүүсийн үлэмж чанарыг бишрэгч гэм зэмгүй маанагуудын л нэг юм шиг санагдаж магадгүй. Гэвч Юнг дээд “Арий сүнс” ба дорд “Еврей оюун санааг” хайхрамжгүйгээр түгээн дэлгэрүүлж, Нацистуудад талтай хандаж байсныг мартаж болохгүй. Мирча Элиаде Румыны фашист Төмөр хамгаалагчдыг шүтэн биширч байсан бол Кэмпбеллийн сургуулийнхаа марксист профессоруудыг үзэн яддаг байсан нь түүний Еврей хийгээд Харуудын эсрэг үзэл санааны гэрч болдог. Питерсоны дээдлэн үздэг Солженицен түрэмгий гадаад бодлогыг идэвхийлэн дэмжигч, Украины тусгаар тогтнолыг үл зөвшөөрөгч, Путинийг орос орныг сэргэн мандалтад хөтлөх удирдагч гэдэгт итгэгч байв.

Питерсон гүрү нарынхаа ёс суртахууны сүйрэл хийгээд улстөрийн сөрөг үр дагаврын талаар огтхон ч авч үздэггүй. Хүмүүний харилцааг ноёрхол, эрэмбэ зэрэг ойлолтоор авч үзэх нь исламын шашинтан, еврей нарыг хавчин гадуурхах, эмэгтэйчүүдийг дорд үзэх зэрэг хэрцгийллийн эх булаг болно гэдэг түүнийг сэтгэлийг зовоодоггүй. Магадгүй тэр өөрийн утга учрын газрын зургаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, хэт үндсэрхэг үзэлтнүүд, эсвэл империалистуудад биш өөрийгөө олж чадахгүй байгаа хувь хүмүүст зориулсан хэмээн мэтгэж болох. Гэвч феминистүүдийн “хөнөөлт тэгш байдлын номлол” хийгээд бусад прогрессив үзэл санааны эсрэг дайсагнал түүнээс олонтаа илэрдгийг тооцож үзвэл цаг үеийнхээ үзэл бодол, соёлын дайнаас ангид оршиж байгаа гэж итгэлтэйгээр зарлаж тэр лавтай чадахгүй.

Үнэндээ орчин үед эртний домог руу татагдах болсон явдал нь хэзээд либерал бус, ардчиллын эсрэг зорилгоос ангид байгаагүй билээ. Ричард Вагнер зэрэг Германы үндэсний үзэлтнүүд домог ашиглан герман үндэстнийг дахин сэрээж, цус ба хөрсөн дээр соёолсон цэвэр үндэстнийг бохирлогч харь хүмүүсийн (голлон еврей) эсрэг үзэн ядалтын галыг өрдсөнөөрөө зартай. XX зууны эхэн үе гэхэд хаа газрын дээрэнгүй хэт үндсэрхэг үзэлтнүүд (Энэтхэг дэх Хиндү супермасистууд, Франц дахь католик хэт үндсэрхэг үзэлтнүүд) төрөлх соёлоо алдаж буй хүмүүст эрэмбэ дараалал (хар хүний дээр цагаан хүн г.м. орч.), ёс заншил нь тогтсон хиймэл бус нийгмийг амлаж байв. Улстөрийн культистүүд Иога болон Абрахамын уламжлалыг арьсны өнгө, евгеник (сонгон үржүүлэх замаар хүн төрөлтнийг биологийн хувьд сайжруулна гэх хуурмаг шинжлэх ухаан), хувьсал зэрэг шинжлэх ухааны гэхээсээ илүү хуурмаг шинжлэх ухааны нийтлэг ойлголтуудтай хольдгийг Карла Поэве Шинэ шашин ба Нацистууд (2005) номдоо дурджээ. Нэлээд ашигч үзэл санааны энэхүү нэгдэл нь “дарангуйлалруу тэмүүлэгч дэглэмүүдийн шинэ домогзүй” болдог аж.

Эдүгээ Питерсон “зөөлөн чанарыг” эсэргүүцэж, “эрчүүдийг эмэгтэйлэг болгох шахалт дарамт” хэрээс хэтэрлээ хэмээдэг. Питерсоноос бүтэн зууны өмнө зионист (еврей нарын хэт үндсэрхэг үзэл орч.) шүүмжлэгч Макс Нордау Доройтол (1892) бестселлертээ Барууны улс орон, эзэнт гүрнүүд сул дорой, эмэгтэйлэг, хүсэл тэмүүлэлгүй эрчүүдээр дүүрч буй мэтээр бичсэн байдаг. Францын философич Жорж Сорел уналт доройтлын ерөндөг, сүр хүчээ эргүүлэн олоход давирах давируул нь домог байх болно гэж үзэж байв. Европоор нэг тархсан фашистуудын үзэл санааны галт бамбар болсон Сорел эртний Израиль, Грекийн эцгийн эрхт тогтолцоог үгүйлэн гансардаг байв.

Петерсоны нэгэн адилаар эдгээр хэт эрэгчин шинжит сэтгэгчид нинжин сэтгэлийг нүгэлд тооцож, өөртөө итгэлгүй эрчүүдэд соёлын хийгээд биологийн хувьд сул дорой эмэгтэйчүүд ба цөөнхийн эсрэг сэтгэл зүрхээ хатамжлах ёстой гэж үзэж байв. Захирах боломжгүй, тодорхой бус хорвоо дэлхийд хүн утга учрын газрын зургийг цөхрөнгүйгээр эрэлхийлж, сэтгэлийг хоосролыг мэдэрч байдаг. Ийм ч учраас домог ба зүүд зөнг хүн төрөлхтний суурь үнэнийг тээгч гэсэн магтуу олонд хялбар хүрдэг.

Эвгүй танил санагдах энэ нөхцлөөс (“орчин цагийн эсрэг бослого” гэж Эволагийн 1934 оны номын гарчиг энэ үгсийг тайлна) XX зууны Европийн масс-удирдагчид маш хурдтай тодрон гарч ирж, улс үндэстний домгийг эрүүл хүн, эрүүл нийгмийн үндэс болгон өргөмжилсөн билээ. Ирээдүйг зөгнөгчдийн хүссэн хувь хүний эрс өөрчлөлт нь бүтэлгүйтсэн либерал орчин үеэс домог хийгээд зан үйлийн уламжлал руу шилжих албадлагын масс шилжилтийг шаардаж эхэлсэн юм.

Эцэст нь Томас Ман 1936 онд өгүүлсэнчлэн ширээний ард шигдсэн хоосон номчирхогч, мөрөөдөгч нар үлэмж хэмжээний ёс суртахууны сүйрлийг үнэт зүйл, сайн муу, ёс суртахуун үгүй далд ухамсрын шүтээнтэй хамт авч ирэхэд тусалсан юм. Мэдлэг, этик, улстөр, шинжлэх ухааны суурь зарчмууд үгүй болж, эцэст нь хорьдугаар зууны сүйрлүүд болох дэлхийн хоёр дайн, дарангуй дэглэмүүд, Еврейчүүдийн хоморголон устгал руу хөтөлсөн билээ. Шуурганы өмнөх нам гүн гэдэгчлэн өнөөдөр бид үүнтэй адил оюун санаа хийгээд ёс суртахууны сүйрэлд дөхөн ирээд байна гэж хэлбэл хэтийдсэн хэрэг болохгүй. Питерсон ч үүнийг “сэтгэлзүй хийгээд нийгмийн өмхрөл” хэмээн онож хэлсэн юм. Гэвч тэр өөрийн эмчилнэ хэмээн амласан өвчнийхөө шинж тэмдэг нь билээ.

ПАНКАЖ МИШРА

Орчуулсан А.Амармэнд, хянан тохиолдуулсан Б.Ачболд

--

--