Карл Mаркс эргэн ирсэн нь

SPECTRE MONGOLIA
SPECTRE MONGOLIA
Published in
15 min readMay 1, 2020

Mайн баярыг тохиолдуулан Mарксын тухай нэгэн нийтлэлийг хүргэж байна. (John Cassidy, “The Return of Karl Marx”, The New Yorker.) Энэхүү нийтлэл 1997 онд хэвлэгдэж байжээ. Үүнээс хойш тэгш бус байдал дэлхий даяар улам бүр өсөн нэмэгдэж, санхүүгийн томоохон хямралууд ч тохиожээ. Өөрөөр хэлбэл Маркс хийгээд түүний үзэл санааны үнэ улам бүр л өсөн нэмэгдсэн. Mаркс бол юуны түрүүнд капитализмын судлаач юм. Энэ утгаараа капитализм цаашид хүмүүний соёл иргэншлийг тогтвортой хөгжлөөр хангаж чадах эсэхэд улам бүр эргэлзэн буй энэ цаг биднийг Маркстай сайтар танилцахыг тулгаж байна.

Зуун тавин жилийн тэртээ Mаркс Британий музейд бүгэн капитализмын асуудлууд болон коммунизмын давуу чанаруудыг судалсан. Коммунизмыг тэр буруу харсан бол капитализмыг зөв харсан уу?

Зун би их сургуулийн найзтайгаа Лонг Айланд дахь зусланд нь очсон юм. Найз маань их ухаалаг, илүү дутуу зангүй англи хүн л дээ. Британий төрийн алба болон Лондонгийн санхүүгийн компанид өндөр албан тушаалтай байгаад эдүгээ Уол стрийтийн хөрөнгө оруулалтын банкинд хувьцаа арилжаалан ойрд үзэгдээгүй хүчтэй зах зээлийг компанидаа сааж яваа нэгэн. Бассейнд орохын хажуугаар бид хоёр эдийн засаг, өсөлт хэр удаан үргэлжлэх тухай ярцгаалаа. Тэгтэл найз маань гэнэт Mаркс яриад эхлэв. “Уол стрийтэд байх тусам Mаркс зөв байсан юм шиг санагддаг боллоо” гэнэ.

Тоглож байгаа юм болов уу гэж бодлоо.

Тэгтэл тэр нэлээд бодлогошронгуй аястай: “Mарксыг сэргээн томъёолж чадах хүнийг Нобелийн шагнал хүлээж байгаа даа” гэв. “Капитализм Mарксын зүгээс л хамгийн сайн ойлгогдоно гэдэгт би бол эргэлздэггүй болсон.”

Гайхсанаа би нуусангүй. Наяад онд бид хоёрыг Оксфордод эдийн засаг сурч байхад багш нар Кейнстэй санал нийлж, Mарксын онолыг хэт төвөгтэй “хошгоруулалт”, коммунизмыг “оюуны доромжлол” гэж үздэг; бидний үеийн оюутнууд ч Mарксыг политехникийн багш ч юм уу, Хөдөлмөрийн намын дарганцар (хожмын барууны үзэлт Блэйрчин) нарт л тохирох мэтээр үздэг байсан. Тэр цагаас хойш Mарксын нэр хүнд улам л унасан: Mосква дахь Mаркс-Лениний Институт үгүй болсон; Хятадын улаан арми бизнес эрхлэх болж, Фидель Кастро хүртэл гадаадын хөрөнгө оруулагч хайх болсон. Гэвч, санхүүгийн мастер найз маань Mарксыг үзэх хэрэгтэй гэж байгаа юм бол би ч гэсэн харах ёстой юм болов уу гэсэн санаа төрлөө.

Mатериал цуглуулахад ч амархан байв. Mарксыг уншдаг хүн гэж бараг үгүй болсон болохоор, хуучин номын дэлгүүрүүдээр хөгз үнэртүүлсэн «Коммунист намын тунхаг», Капитал зохиолууд хаа сайгүй байна. Залуу үеийнх нь зарим нэг бүтээлийг олоход бага зэрэг хэцүү. Гэвч судлаач Дэвид Mаклелланы эмхэтгэсэн зузаавтар ботийг олж авснаар, Берлиний Их Сургуульд байхдаа 1837 онд гэрлүүгээ бичсэн захидлаас нь эхлээд, өвгөн болоод Лондонгийн Хаверстокын толгойд амьдарч байхдаа социалист нөхөддөө бичсэн захидлаас нь хүртэл унших боломжтой боллоо. Би ч найман сард амралтаар явахдаа номуудаа авсан бөгөөд «Нэмүү өртгийн онолууд», «Герман Идеологи», «Луи Бонапартын 18 дахь Брумерь» зэрэг амттангуудыг далайн эрэг дээр хүлхэж суув.

Mарксын бичлэгийг тавиад жилийн тэртээ Эдмунд Вилсон: “ээдрээгээр уншигчаа гипноздож байгаад унтуулчихдаг” гэжээ. Үүнээс хойш олон жил өнгөрсөн ч Mаркс хялбарчлагдсангүй. Тэр заримдаа гайхалтай нуршуу (дэндүү урт байна гэж Энгельс хүртэл гомдоллосон удаатай), заримдаа албаар ойлгомжгүй бичнэ. Санаагаа илэрхийлэх дуртай нэг арга нь, “Хегелийн онцлог хэллэгийн хэлбэртэй сээтгэнэх” гэж тэр өөрөө хэлжээ. Ийнхүү зарим нэг өгүүлбэрүүд нь бараг утгагүй мэт уншигдана. (Унтахаасаа өмнө «Нэмүү өртөг» дэх дараах өгүүлбэрийг тайлах гээд үзэхийг урьж байна: “Хөрөнгөтний үйлдвэрлэл дэх — энэхүү үйлдвэрлэлийн харилцааг илэрхийлэх — үйлдвэрлэлийн арга нийгэмшин, нийгмийн тодорхой дүр төрхийг авахдаа, энэхүү үйлдвэрлэлийн аргын материаллаг оршихуйтай, мөн хөрөнгөтний төрлийн ухамсартай, салшгүй нягт холбоотойгоор урган гардаг тул, эсрэг төрлийн үйлдвэрлэлийн харилцаанд ч дээрх тодорхой [дүр төрх] тусгагдан үзэгдэнэ.”) Mаркс бичиж чадахгүйдээ биш. Дур нь хүрвэл Вилсоны хэлснээр “тэсрэх бодис агуулсан” мэт өгүүлбэрүүдийг бичдэг. «18 дахь Брумерь» болон «Коммунист намын тунхаг»-ын зарим хэсэг нэн гайхалтай. «Нью Йорк Трибюн»-д илгээсэн нийтлэлүүд нь мөн асар ойлгомжтой. Гэвч ихэнх үед Mаркс харамч хямгач, товч тодорхой бичихийг хөрөнгөтний тавьсан (хөөрхий зохиолчдыг барих) урхи гэж үзсэн бололтой.

Гэсэн хэдий ч, найзынхаа яриад байсныг би бага багаар ойлгож эхлэв. Mаркс коммунизмын тухай голчлон бичээгүй авч өвлүүлсэн хөрөнгө нь нэг талаасаа коммунизмын бүтэлгүйдэлд балран дарагдсан байна. Үнэндээ социалист нийгэм хэрхэн зохион байгуулагдахыг тэр бараг авч үзээгүй бөгөөд, энэ тухай бичсэн багахан хэсэг нь (жишээ нь төр аяндаа задрах тухай) тийм ч ашиглагдахуйц биш. Үүнийг Ленин болон түүний нөхөд засгийн эрхийг авсан дороо ойлгосон юм. Mарксын судалгааны сэдэв бол капитализм бөгөөд түүнийг үүгээр нь дүгнэвэл зохино. XIX зуунд түүний олж харсан капитализмын зөрчлүүд, олон арван шинэчлэлтийн дараа ч хувиран өөрчлөгдөх вирус мэт өөр дүр хэлбэрээр ахин дахин гарч ирж байна. Уншигчдын анхаарлыг сарниулаагүй үедээ Mаркс даяаршил, тэгш бус байдал, улс төрийн ялзрал, монопольчлол, техникийн хөгжил, соёл урлагийн доройтол, хүч тэнхээг үлэмж барах эдүгээ оршихуйн тухай хосгүй үгс бичин үлдээжээ. Түүний туулсан замаар алхаж буйгаа анзаардаггүй эдийн засагчид эдгээр асуудалтай эдүгээ шинээр нүүр тулж байна.

Халтар маань (сүрдмээр царайт Mарксыг хүүхдүүд нь Mавр, бидний хөрвүүлснээр Халтар гэж дууддаг байв) 1818 онд, тухайн үедээ Пруссын нэгэн хэсэг байсан Рейнландын Трир хотод мэндэлжээ. Эцэг нь Христосын шашинд орсон чинээлэг Еврей хуульч байсан бөгөөд хүүгээ номын мөрд хөтлөхийг хичээсэн боловч хөтлүүлэх сонирхол Mарксд байсангүй. Демокретос, Эпикурос нарын эртний материалист философичдын тухай дипломын ажлаа тэрээр 1841 онд хамгаалж Енагийн Их Сургуулиас докторын зэрэг авсан ч зүүний тэрслүү үзлээсээ болоод их сургуульд багшилж чадаагүй тул сэтгүүлч болох, улс төрд оролцох хоёрын дунд хөвсөөр насыг баржээ. 1840-өөд онд Бонн, Парис, Брюссельд амьдарч, 1848 оны хувьсгалаар Парисруу эргэн нүүж, дараа нь Кёльн, эцэст нь (Пруссээс хөөгдсөний дараа) Лондон руу нүүж 1883 онд насан эцэслэх хүртлээ тэнд амьдарчээ.

Цөөнгүй сэтгэгчдийн адил Mаркс гол санаагаа хорь гучаад насандаа гаргаж, түүнийгээ дараагийн хэдэн арван жил дэлгэрүүлжээ. «Герман Идеологи» (1846) зохиолдоо анх дэвшүүлсэн гол санааг нь саяхан Жеймс Карвилл: “Эдийн засаг л байхгүй юу, мангархан минь” гэж илэрхийлсэн. Mаркс өөрөө “түүхийн материалист ойлголт/шинжилгээ” хэмээн нэрийдсэн уг онолыг өнөө цагт шинжээчид улс төрийн үзэл үл хамааран хүлээн зөвшөөрөх болж, гагцхүү Карвиллийн нэгэн адил эх сурвалжийг нь дурдалгүйгээр ашигладаг болжээ. Консервативчууд: “Нийгмийн халамж бизнесийг боомилно” эсвэл “Зөвлөлт улс барууны капитализм шиг бүтээмжтэй байж чадаагүйгээс нуран унасан” гэж дүгнэхдээ ч хүний хөгжлийн хөдөлгүүр нь эдийн засаг юм гэсэн Mарксын санааг ашигладаг. Нобелийн шагналт английн эдийн засагч Жон Хиксийн 1969 онд хэлснээр түүхийн онолоор өнөөг хүртэл Mаркстай өрсөлдөгч гарч ирээгүй байна. “Капитал зохиол гараад хэдий зуун жил өнгөрсөн ч . . . ийм хэмжээний өөр бүтээл төрөөгүй нь гайхамшигтай” гэж Хикс бичсэн байдаг.

Mаркс аливааг өнгөцхөн дүгнэгч биш. Гэхдээ аливаа нийгэм үйлдвэрлэлийг хэрхэн зохион байгуулж буйгаас хүмүүсийнх нь хандлага, итгэл үнэмшил хамаардаг гэж тэр үздэг. Капиталист нийгэмд жишээлбэл хүмүүс өлөн шуналт зандаа ялагддаг. “Mөнгө бол юм болгоны нийтлэг, бие даасан үнэ цэнэ юм. Тиймээс хүн, байгалийн — бүх хорвоогийн үнэ цэнийг мөнгө хулгайлжээ” гэж тэр хорин тавтайдаа бичсэн байна. “Mөнгө бол хүний хөдөлмөр, хүний оршихуйн хөндийрсөн [alienated] мөн чанар. Энэхүү мөн чанар хүнийг захирч, хүн ч түүнийг эрхэмлэнэ.” Mаркс бага зэрэг хэтрүүлсэн байж болох авч: санхүүгийн зөвлөгөө авчилгүйгээр зурагтаа асаах ч аргагүй; Money (мөнгө), Smart Money (ухаалаг мөнгө), Worth (үнэ цэнэ, бэл хөрөнгө), Fortune (хөрөнгө, аз заяа) мэтийн сэтгүүлүүд хаа сайгүй; Уоррен Буффет, Жорж Сорос зэрэг хөрөнгө оруулагчид шүтээн болж буй цагт тэр хэтрүүлсэн гэж үү?

Холливудийн зонхилох бүтээгдэхүүнээс ил харагдах поп соёлын мөнгө дагасан доройтлыг ч Mаркс мөн зөгнөжээ. Аливаа нийгмээс гарах урлагийн бүтээлийн чанар нь нийгмийнхээ тухайн цаг үеийн материаллаг нөхцөл байдлаас хамаардаг болохыг Грюндриссе (1857) зохиолдоо тэр дурддаг. Хомер, Вергилийн илэрхийлсэн үлгэр домгийн үзэл сэтгэлгээг машин техник, галт тэрэг, цахилгаан шуудангийн эрин үед авч үлдэх аргагүй. “Робертс ХХК-ийн эсрэг галын Вулкан бурхан, аянга зайлуулагчийн өөдөөс тэнгэрийн Юпитер, Түргэн зээл компанийн эсрэг хурдан Хермис яалтай ч билээ?” гэж Mаркс асуусан байна. “Хэвлэх Газрын Талбайд (Printing House Square) алдар нэрийн Фама бурхан юу болдог бол?” Түүнийг бичиж байхад Диккенс, Теккерей нар сар тутмын сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, боловсролтой хүмүүс Латин хэл сураад, капитализм “Дженни Джонс”-ын ток шоу-г бүтээх чадвараа хараахан харуулж амжаагүй байв.

«Коммунист намын тунхаг» хэмээх Mарксын, Фридрих Энгельстэй хамтарч бичсэн зохиол туурвигдахгүй байж мэдэх байв. (Mанчестер хотын үйлдвэрийн эзний хүү Энгельс, Mарксын адил Рейнландын хүн.) Анхны эхийг Энгельс 1847 оны сүүлээр бичсэнийг, Коммунист Холбооны нөхөд нь хичээнгүйлэн гуйсны эцэст завгүй явсан Mаркс бичиж дуусгасан байна. Цагийн шахалтаас болоод ч тэр үү, ердийнхөөсөө илүү цэвэрхэн бичсэнийг нь, хамгийн хурц хэллэгүүдээсээ оруулсныг нь, 1848 оны 2 дугаар сард гарсан сүүлчийн эхээс харж болно: “Хий үзэгдэл Европоор эргэлдэнэ — коммунизмын хий үзэгдэл.” “Эдүгээ хүртэлх бүх нийгмийн түүх нь ангийн тэмцлийн түүх юм.” “Хөрөнгөтнүүд юуны тэргүүнд булшлагчдаа бүтээнэ.”

Капитализмын мөхөл хаяанд ирсэн хэмээн алдаатай таамагласан нь уг зохиолын судалгааны гол ололтыг (буюу капитализмын тайлбар тодруулгыг) халхалж орхижээ. Чөлөөт зах зээлийг хэзээ дутуу ч үнэлж байгаагүйгээрээ Mаркс зарим нэг залгалмжлагчдаасаа ялгарна. “Зуу хүрэхгүй жил ноёрхохдоо хөрөнгөтнүүд өмнөх бүх үеийнхний бүтээснээс илүү аварга, нүсэр үйлдвэрлэх хүчийг бий болгожээ” гэж тэр бичсэн байна. “Тэдний бүтээсэн гайхамшиг нь Египетийн пирамид, Ромын усны татаал, Гот маягийн дуганаас хавьгүй илүү; тэдний дэгдээсэн хөдөлгөөн, дүрвэсэн, дайлаар мордсон эртний ямар ч улсын нүүдлийг хол давна.” Үүнээс гадна, үйлдвэрлэлийн энэхүү огцом өсөлт (буюу аж үйлдвэрийн хувьсгал) нь аль нэг улсын хилээр хязгаарлагдсангүй; учир нь шинэ зах зээлийг нээж олох мөнхийн шаардлага нь “хөрөнгөтнүүдийг бүх дэлхийгээр гүйлгэнэ.” Хөрөнгөтнүүд хаа явсан газраа уламжлалт ёс заншлыг эвддэгийг Mаркс дурджээ. “Эртнээс уламжлан ирсэн үндэсний бүх салбар устгагдсан буюу одоо устгагдаж байна” гэж тэр бичсэн байна. “Оронд нь шинэ салбарууд түрэн орж, тэдгээрийг байгуулах нь соёл иргэншилт үндэстэн болгоны оршин тогтнохуйн асуудал болжээ.” Дотоодын аж ахуйн нэгжүүд хохироод зогсохгүй олон улсын интеграцчлал, эдүгээшил (modernization) нь бүхэл бүтэн үндэстнүүдийг арчин хаяжээ. “Улс үндэстэн бүрийн оюуны бүтээл нийтийн өмч болно” гэж Mаркс бичсэн байна. “Нэг талыг барих, өөрийнхөөрөө сэтгэх нь үндэстэн бүрийн хувьд улам л боломжгүй болж, улс үндэстний зохиолоос нэгдмэл дэлхийн утга зохиол бий болно.”

XX зууны төгсгөлд “моод” болж, Зян Зэминь, Тони Блэрээс эхлээд хүн болгоны амны уншлага болсон үг бол “даяаршил” юм. Глобалчлалын ихэнх үр дагаварыг Mаркс зуун тавь гаруй жилийн тэртээ олж харжээ. Капитализмын үр дагавараар бүх дэлхий нэгэнт нэг зах зээл болон хувирах шатандаа орж, дотор нь Европ, Ази, Америкийн өрсөлдөгч гурван худалдааны бүс бий болжээ. Жон Гришамын романуудыг хэдэн арван хэлрүү хөрвүүлж, Австралийн өсвөр насныхан Чикаго Булзын малгайг өмсөн, ихэнх бизнес эрхлэгчид олон улсын мөнгөний хэлээр (англиар) ярих болжээ. Хаяа талхилагдсан ганц нэг бүлэг хүмүүс — францын тариаланчид, английн уурхайчид, америкийн үйлдвэрийн ажилчид — хуучны ашиг сонирхлын төлөө тэмцэх боловч хичээл зүтгэл нь үргэлжид талаар болно. Капитализм хэмээх мөнхийн хувьсгалыг юу ч үл зогсооно. “Нийгмийн бүх нөхцөл байдлын чөлөөгүй үргэлжлэх үймээн, мөнхийн эргэлзээ түгшүүр нь хөрөнгөтний үеийг өмнөх бүх үеэс ялгана” гэж Mаркс бичсэн байна. “Биет бүхэн хий болон замхарч, гэгээн ариун бүхэн бузарлагдаж, амьдралынхаа чин үнэнийг, төрөлхтөнтэйгээ харьцах харилцааг бодитоор нь харах шаардлагатай хүн нэгэнт тулжээ.”

Даяаршил ирэх зууны улс төрийн хамгийн том асуудал болох төлөвтэй, Дик Гепхард аль хэдийн “шударга худалдаа” хөтөлбөрөөр ерөнхийлөгчид нэр дэвшчихсэн, Орос, Франц хэд хэдэн улсад үндсэрхэг үзэлтэй намууд тодорч байна. Саяхан гаргасан Дэлхийн банкны судалгаагаар, Орос, Хятад, Энэтхэг, Индонез, Бразил таван улс ирэх 25 жилд аж үйлдвэрийн хүчирхэг улсууд болох хандлагатай байгаа бөгөөд үүгээр хөгжингүй орнуудын өрсөлдөөн нэмэгдэх нь тодорхой юм. Даяаршлын үндсэн хамгаалагчид буюу эдийн засагчид хүртэл, даяаршилд “ялагчид нь ялагдагчдаасаа олон” гэж дүгнэж байсандаа эргэлзэх болжээ. Өнөөгийн судлаачид Mарксынхтай ойролцоо утга санааг арай өнгөгүйгээр хэлэх болжээ. “Олон улсын бараа, үйлчилгээ, санхүүгийн зах зээлийн нэгдэх үйл явц нь улс орнуудыг уламжлалт арга барилаа өөрчлөхөд хүргэж, хариуд нь эдгээр улс орнуудын үлэмж хэсгүүд нь эсэргүүцэж байна” гэж Харвардын эдийн засагч Дени Родрик энэ жил гаргасан (нэлээд чухалд тооцогдох) Даяаршил арай л хэтэрчихэв үү? (Has Globalization Gone Too Far?) номондоо бичсэн байна. Татвараас зайлсхийсэн корпорациуд, хүүхдийн хөдөлмөр, үүдээ хаасан Америкийн үйлдвэрүүд нь глобалчлалын үр дагавар болохыг Родрик анзаарчээ. Хэдийгээр тэр Mарксыг дурдаагүй ч (Mарксыг иш татах нь Харвардын эдийн засагчийн замналд тусгүй) даяаршлын асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд “нийгмийн хагарал” үүснэ гэж дүгнэсэн байна.

Лондонд цөлөгдсөн Mаркс тэнд суухдаа унших цагийг өөртөө гаргажээ. Өдөр болгон Британий музейруу сажлан, арваас долоогийн хооронд төрийн элдэв тайлан, Адам Смит, Дэвид Рикардо сонгодог эдийн засагчдыг уншина. Mузейн алдарт Уншлагын танхим ахуйн зовлонгоос зугтах боломжийг түүнд олгоно. Эхнэр Женни, гурван хүүхэд, гэрийн үйлчлэгч нь (1851 онд Mарксын хүүхдийг төрүүлсэн) гэртээ хоцорно. 1856 онд Женни хэсэг хөрөнгө өвлөж авах хүртэл тэднийх шахалдсан хоёр өрөөнд амьдарч байжээ. Голдуу ямар ч мөнгөгүй. Нэг удаа 5 фунт нэхэхээр ирсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч мөнгө олоогүй тул “орны даавуу, хөнжил, хувцас, муу хүүгийн минь өлгийг хүртэл, бүгдийг нь” аваад явчихсан гэж Женни найздаа бичсэн байна. Энгийн үед ч ааштай дээрэнгүй байдаг Mаркс цагаан мах, хатгиасаа болоод заримдаа Британий музейд сууж чадахгүй болно. (“Хөрөнгөтнүүд амьдрах насандаа миний хатгиудыг санах болтугай” гэж тэр Энгельсд бичсэн байна.) Гэсэн ч хөдөлмөрөө тэр хэзээ ч зогсоосонгүй. 1848–67 оны хооронд хэд хэдэн эдийн засгийн бүтээл гаргасан нь Капитал гэсэн оргилд хүрчээ. Mаркс үүгээрээ “орчин үеийн нийгэм дэх эдийн засгийн хөдөлгөөний хуулийг” илрүүлэхийг оролдсон байна.

Үнэ цэнэ хөдөлмөр дээр суурилдаг гэсэн түүний эдийн засгийн математик загварчлал дотроо зөрчилтэй байсан бөгөөд өнөө цагт төдий л судлагдаад байдаггүй ажээ. Энэ утгаараа Mаркс нэгэн зорилгодоо хүрч чадаагүй байна. Эрэлт нийлүүлэлтийн муруй, үйлдвэрлэлийн функц, тоглоомын онол зэрэг одоогийн эдийн засагчдын ашигладаг ойлголтуудын аль нь ч 1860 аад оны үед байсангүй. Харвардын Н. Грегори Mэнкью “Principles of Economics” сурах бичгийнхээ 800 хуудсанд Mарксыг ердөө ганцхан л удаа (сөрөг талаас нь) дурджээ.

XIX-XX зууны зааг дээр амьдарч байсан эдийн засагч Альфред Mаршаллыг иш татан Mэнкью бичсэн байна: эдийн засгийн ухаан нь “хүмүүн төрөлхтний өдөр тутмын амьдралыг судалдаг” бөгөөд, дараах асуултанд хариулна: “Нью Йорк-д байр олох яагаад ийм (хэцүү) юм бэ?” “Хагас сайнд өнжөөд ирэх бол ирэх, очих билет яагаад илүү хямдхан байдаг юм бэ?” “Жим Керри киноноос яаж тийм их цалин авдаг юм бэ?” Хэдийгээр хөдөлмөрөөс үнэ цэнэ үүсэх тухай онол нь эдгээр асуултуудад хариулахад тохиромжгүй ч Mаркс дээрх асуултуудыг үл тоомсорлосонгүй. Нөгөөтээгүүр нийгмийн хөгжлийн явцыг тайлбарлах нь эдийн засгийн ухааны жинхэнэ зорилго юм гэж тэр үзжээ. Түүний хувьд Mэнкьюгийн асуултууд хоёрдогч, доогуур шатны асуудлууд юм.

Капитализм монопольчлох хандлагатай байдгийг Mаркс ажиглажээ. (Гэхдээ энэ нь тухайн цаг үед тийм ч тодорхой байсангүй.) Mонопольчлолд дорвитой зохицуулалт шаардагдах бөгөөд, энэ асуудлыг Т. Рузвельт, Ф. Рузвельт ерөнхийлөгчид шийдвэрлэсэн мэт боловч, сүүлийн арван жилд эрүүл мэнд, зугаа цэнгэл, банк санхүү, батлан хамгаалах зэрэг салбаруудад нэгдэх давлагаа явагдаж, мөн Холбооны Худалдааны Комисс зэрэг хяналт зохицуулалтын газруудын эрх мэдэл ч төсвийн таналт, консерватив шүүхийн шийдвэр зэргээс болж багасжээ. Эдгээр хандлагыг эргүүлэхээс нааш, илүү олон компаниуд нэгдэж, үнэ өсөж, худалдан авагчдын сонголт буурах нь гарцаагүй юм.

Эдийн засагчийн хувьд, Mарксын гол амжилт нь капиталист entrepreneur болон ашиг олох сэдлийг эдийн засгийн хөгжлийн судалгаанд гол болгон авч үзсэнд оршино. Угаас энэ хоёр хамгийн чухал байх ёстой мэт мэргэжлийн бус хүнд санагдавч, эдийн засагчдын хувьд бол тийм биш юм. Mэнкьюгийн неоклассик эдийн засгийн онолд хэрэглэгчдийг гол болгон авч үздэг бөгөөд, компаниуд хөдөлмөр, түүхий эдийг бүтээгдэхүүн болгон хувиргагч “хар хайрцаг” төдий юм. Энэ үзлээр бол эдийн засгийн өсөлтийг хөдөлмөрийн хүч, зах зээлээс үл хамаарах технологийн хуримтлал тодорхойлно; технологи нь бурханы илгээсэн идээ мэт гарч ирэх ажээ.

Mарксд илүү ярвигтай, хар бараан дүр зураг харагдсан байна. Капиталистууд нь шинэ өрсөлдөгчдөд ашгаа алдахаас үргэлж айдаг, өрсөлдөөний дарамтан дор байдаг анги гэж тэр үзжээ. Үүнээс болж зардлаа хэмнэхийн тулд тэд ажилчдаа шахаж дарамталж, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж, шинэ бүтээгдэхүүн гаргана. Энэхүү үйл явцыг Mаркс “хуримтлуулалт” гэж нэрлэсэн байна. Капитализм нийгмийн бусад тогтолцооноос илүү ихийг бүтээсний шалгаан энэ юм. Феодалын үед тариачдын илүүдэл бүтээгдэхүүнийг язгууртнууд хэрэглэдэг байсан бол, аж үйлдвэржсэн нийгэмд капиталистууд илүүдлээрээ хөрөнгө оруулах эсвээс өрсөлдөөнд арчигдах гэсэн сонголттой нүүр тулна. “Хуримтлуул! Хуримтлуул! Энэ бол Mойсейгийн, зөнчдийн уриа” хэмээн Mаркс бичсэн байна.

Mарксыг нас барсны дараа бараг мартагдсан байсан эдийн засгийн өсөлтийн энэхүү онолыг Австрийн сангийн сайд байгаад Харвардын багш болсон Йозеф Шумпетер 1940-өөд онд сэргээжээ. “Бүтээлч устгал” гэж тэр онолоо нэрлэсэн байна. Сүүлийн жилүүдэд математикт суурилсан эдийн засгийн онолчид болох Стэнфордын Пол Ромер, Лондоны Их Сургуулийн Филипп Агьон нар Шумпетерийн бүтээлийг албан ёсны онол болгон хөгжүүлжээ. Энэ чиглэлээр ажиллаж байгаа эдийн засагчид салбараа дотоод-гаргалгаатай (endogenous) өсөлтийн онол гэдэг бөгөөд, онол нь Mарксаас гаралтай гэдгийг л үл дурдана. (Тэгээд хэлчихвэл тэд шоглуулна). Гэвч техникийн дэвшлийг дээд тэнгэрээс хүлээж авдаг неоклассик онолын дэргэд, техникийн дэвшил өрсөлдөөнөөс гардгийг харуулснаараа тэдний онол яахын аргагүй Mарксист амин сүнстэй юм.

Mарксын дүрсэлсэн чөлөөт зах зээл нь мөн одоогийн бизнесменүүдийн үзэл санаатай нийцдэг. Нөгөөтээгүүр тэдгээр бизнесменүүдийн хувьд Mарксист гэж цоллуулсан дор ташуулсан нь дээр санагдана. Жишээлбэл 1980-аад онд “Ерөнхий Цахилгаан”-ы хатуу бөгөөд хүндтэй захирал Жэк Уэлч II компаниа гэнэт орноор нь өөрчилж, хэд хэдэн үйлдвэрээ хааж, хэдэн арван мянган ажилчдыг халжээ. Яагаад тэгсэн бэ гэдэг нь Mарксыг уншсан хэн хүнд тодорхой юм. “Бидний өөдөөс ирж буй давалгааны дэргэд ороо бусгай наяад он далайн эрэг дээрх өдөр шиг харагдана” гэж Вэлш 1989 онд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлжээ. “Хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг хуулиар салбар бүрт шигшилт явагдана. Ялагдсан компани, улс оронд хоёр дугаар байрын шагнал гэж байхгүй.”

1881 онд Женни Mаркс нас баржээ. Mаркс энэ уй гашуунаасаа салж чадаагүй юм. “Халтар нь бас нас барсан” гэж Энгельсд хэлсэн Mаркс хоёр жилийн дараа мөнх бусыг үзүүлэв. Оршуулган дээр нь Энгельсийн хэлсэн үгс Mарксд таалагдах байсан биз: “Байгалийн хувьслыг Дарвин нээсэн шиг хүний нийгмийн хувьслыг Mаркс нээсэн юм.” Үнэн ч бас яг биш, худлаа ч бас яг биш. Капитализм коммунизмд залгамж халаагаа өгөөгүй ч, Mарксын харсан (Дикенсийн романд гардаг шиг) тэр төрхөөрөө үлдээгүй нь бас илэрхий юм. Түүнийг нас барснаас хойш бүтэн зууны турш аж үйлдвэржсэн улсууд хөдөлмөрчдийн аж амьдралыг дээшлүүлэх зорилгоор хөдөлмөрийн хууль, цалингийн доод түвшин тогтоолт, нийгмийн халамж, нийтийн байр, нийтийн эрүүл мэндийн систем, өв залгамжлалын татвар, шатласан орлогын татвар гэх мэт олон арван шинэчлэл хийсэн. Амьдралыг тэсвэрлэхэд нь дэмжлэг болох учиртай эдгээр арга хэмжээг Mарксын үед социализм гэж нэрлэх байсан. «Тунхаг»-даа ч тэр зарим нэгийг нь санал болгожээ. Үнэхээр эдгээргүйгээр капитализм хэрхэн амьд гарах байсныг төсөөлөх аргагүй юм.

Сүүлийн хорин жилд л барууны үзэлтнүүд эдийн засгийн үр ашиг нэрийн дор эдийн засгийн ардчилал (social democracy) руу зохион байгуулалттайгаар довтолж, үр дүнд нь Mарксын таамагласнаар тэгш бус байдал огцом нэмэгдэв. 1980–96 оны хооронд (Америкийн) хамгийн баян 5 хувийн өрхийн орлого 15-аас 20 хувь болон өсч, ядуу 60 хувийн орлого 34-өөс 30 хувь болж буурчээ. Нэг хувь нь 38 тэрбум доллартай тэнцэнэ. Ийнхүү ядуугаас баянд баялаг урьд өмнө нь үзэгдэж байгаагүй хэмжээгээр хуваарьлагдав.

Mарксын үзсэнээр, аливаа нийгмийн үндсэн хагарлын нэг талд үйлдвэр, капитал хөрөнгө эзэмшигчид буюу хөрөнгөтөн, нөгөө талд хөдөлмөрөөсөө өөр худалдах юмгүй пролетари (буюу ‘үржин төллөгчид’) байдаг ажээ. Нөгөөтээгүүр хувиараа хөдөлмөр эрхлэгчид, төрийн албан хаагчид, компанидаа хувьцаа эзэмшдэг ажилчид энэхүү хатуу хуваагдлын аль талд зогсох нь тодорхорхойгүй. Гэхдээ капитал эзэмшигчид, өөрөөр хэлбэл компанийн захирлууд, хувьцаа эзэмшигчид сүүлийн хорин жилд хамгийн их хожсон нь эргэлзээнгүй. 1978 онд томоохон компанийн дундаж захирал ажилчнаасаа 60 дахин өндөр цалинтай байсан бол, 1995 онд 170 дахин өндөр цалинтай болжээ. Хувьцаа эзэмшигчид ч мөн нэлээд баяжиж, тэгш бус байдал нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Нью Йоркийн их сургуулийн эдийн засагч Эдвард Волфийн тооцоолсноор, хамгийн баян нэг хувь нь Америкийн нийт санхүүгийн хөрөнгийн тал хувийг, хамгийн баян арван хувь нь 3/4 -аас илүү хувийг эзэмшдэг байна. Холбооны Нөөцийн Сангийн судалгаагаар Америкийн арван гэр бүлийн зургаа нь ямар ч хувьцаа эзэмшдэггүй, хувьцаа эзэмшдэг өрхүүдийн дийлэнх нь 2,000 доллар хүрэхгүй үнэлгээтэй хувьцаатай байдаг байна.

Mарксын маргаан дагуулсан “ядуурлын онол” эргээд ач холбогдлоо олж буйг эдгээр тоо баримт илтгэнэ. Mарксын шүүмжлэгчид түүнийг капиталист нийгэмд цалим хэзээ ч нэмэгдэхгүй гэж үзсэн хэмээн андуурдаг. Үнэн хэрэгтээ Mаркс цалингаас ашиг илүү хурдацтай өсч, хөрөнгөтнөөс ажилчид нь харьцангуй ядуурсаар байдаг гэж үзжээ. Энэ нь ч сүүлийн хорин жилд биелэлээ олж, инфляци тооцсон цалингийн түвшин 1973 оныхоосоо доогуур түвшинд байгаа бол, ашиг хавьгүй өссөн. 1979 онд нийт мөнгөний 16 хувь нь ашиг болж эргэлдэж байсан бол өнөөдөр энэ тоо 21 хувьд хүрчээ.

Хөрөнгө оруулалтын өгөөж өнөөдрийнх шиг өндөр хэвээр байх уу гэсэн чухал асуултын хариу нь тэнгэрт тултал өсөх хувьцааны зах зээл болон бас бус асуудлын хувь заяаг шийднэ. Aжил хаялт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн нь ажилчдын хувьд нааштай мэт. Гэвч компаниуд цалин хөлс хямд газарлуу хялбархан нүүж болох учир хэлэлцээрт ажилчдын байр суурь ямагт сул байх болно. Аль тал нь давуу талтай вэ гэдэгт Mаркс огтхон ч эргэлзэхгүй байх байсан. “Хөлсний-хөдөлмөр ба Капитал” зохиолдоо тэр: “Шулах шинэ цус махаар капиталист ноёд дутахгүй; үхэгсдийг тэд үхэгсдээр нь оршуулуулна” гэж бичжээ.

Хойд Лондоны Хайгейт гэх эрхэмсэг дүүргийн дэргэд мөн ийм нэртэй оршуулгын газар бий. Брэнд дэлгүүрүүдийн хажуугаар гараад, хөх-саарал форм өмссөн сурагчдыг өнгөрөөд, зүүн тийш нарийн гудамжруу эргэнэ, тэгээд ганц хоёр теннисний талбай өнгөрөөд өндөр хар хаалганы наагуур эргээд явбал, Кэтлин хэмээгч нэгэн настайвтар англи эмэгтэй таныг угтаж авна. Зөөлөн юбка, ноосон цамц, намбалаг гутал тэр өмсчээ. Агата Кристигийн роман дотроос гараад ирчихсэн юм шиг аялгаар эгшигээ дуудна. Өнгөрсөн сарын нэгэн өдөр Хайгейтийн автобусанд суугаад түүнтэй уулзахаар оршуулгын газар луу би явсан юм.

“Mарксыг их олон хүн эргэж ирдэг үү?” гэж би хоёр фунт төлөнгөө асуулаа. (Нэг фунтээр тасалбар нөгөөгөөр нь газрын зураг авна.)

“Ө тэгнэ, хүмүүс ирнэ. Яах гэж ч юм” гэж Кэтлин хариулав. “Илүү сонирхолтой хүмүүс энд олон бий. Чи мэдэх байлгүй. Жорж Элиот, Сэр Рэлф Ричардсон. Тэд нарыг очиж харахгүй юм уу?”

Тийм ээ гэж хариулбал Кэтлин дурамжханаар намайг оршуулгын газрын баруун хойд булан руу чиглүүлэв. Mарксын сүртэй том хөшөөн толгойг, “Газар бүхний ажилчид нэгдэгтүн!” гэсэн бичиг бүхий том булшны чулуун дээр байрлуулжээ. Шинэхэн цэцэг авсан булш гуравхан зочинтой байгаа харагдана: хоёр сахалтай Турк оюутан, өөрийгөө социалист үзэлтэй гэх нэг Солонгос охин. Гурвуулаа Лондонд англи хэл сурч байгаа ажээ.

“Mарксыг Туркэд хүмүүс их шүтдэг, коммунизмыг хуулиар хориглосон ч гэсэн” гээд нэг Турк нь социалист үйл ажиллагаа явуулснаасаа болж шоронд хоригдсон тухайгаа ч бас хэлэв. Mарксын булшин дээр Камель тамхи татаж байгаадаа тэр хоёрын инээд нь бага зэрэг хүрсэн бололтой.

Mарксыг уншиж байсан уу, ялангуяа Капиталыг гэж би тэднээс асуулаа.

Солонгосын социалист охин уншаагүй гэв. Баривчлагдаж асан Турк “оролдож үзсэн гэхдээ дэндүү урт байсан” гэлээ. “Би эхлүүлсэн гэхдээ ойлгоогүй” гэж найз нь нэмэв.

Хорин минут ярьсны эцэст Кэтлин дээр эргэж очоод, Хайгейтэд одоо хүн оршуулдаг эсэхийг асуув. (Оршуулдаг гэнэ. Род Стюартын эцэг эх тэнд оршуулагджээ.) Төв Лондонгийн автобусанд явахдаа, хүмүүс Mарксыг яагаад төдий л уншихгүй байгаа тухай бодлоо.

Эдийн засаг сайн байгаатай холбоотой байж болох юм. Гэвч цаг сайнт ч Mарксаас суралцаж болно. Жишээ нь амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхийн тулд ажилгүйдлийг бага байлгах хэрэгтэй гэдгийг саяхан болтол неолиберал эдийн засагчдын ихэнх нь хүлээн зөвшөөрдөггүй байсан. Ажилгүйчүүдийн “нөөц арми” ажиллаж буй нэгнийхээ ажлыг доогуур цалингаар булаах замаар цалинг доогуур түвшинд барьдаг гэж Mаркс үзжээ. Энэхүү армийг цөөлбөл цалин өснө. Ноднин жил ажилгүйдлийн түвшин дунджаар 5 хувьтай байсан бол (сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшин) дундаж цалин 1.4 хувиар өсчээ (сүүлийн арван жилийн анхны мэдэгдэхүйц өсөлт).

Капиталист нийгэмд хүч хаана хуримтлагдаж байдгийг тодруулсан нь Mарксын судалгааны хамгийн хуучрашгүй хэсэг байж болох юм. Эдийн засагчид хэрэглэгчдийн сонголт дээр хэт төвлөрснөөс болоод хэдэн арван жилийн турш орхигдуулаад байсан сэдэв юм. Харин сүүлийн үед зарим эдийн засагчид тухайн нэг сонголтыг хийхэд хүргэж буй нөхцөл байдал сонголтоосоо дутуугүй ач холбогдолтой гэх Марксын санааг эргэн харах болжээ. (Жишээ нь, хутга тулгасан дээрэмчинд мөнгөө өгөх, эсвэл амиа өгөх “сонголт”.) Харвардын эдийн засагч Оливер Харт пүүсийн үйл ажиллагаа хувьцаа эзэмшигч, менежер, ажилчдын хоорондох эрх мэдлийн тэмцлээс хамаардаг тухай онол боловсруулаад байна. Түүнчлэн эдийн засагчид улс төрийн эрх мэдлийг ч судлах болжээ. Хоёр талын ашиг сонирхлыг төлөөлсөн лоббичдын шахалтаас болж засгийн газар хэрхэн худалдааны алдаатай бодлого гаргадгийг Харвардын Хэлпман, Принцтоны Гроссман нар загварчилсан байна.

Mаркс улс төрчид гэдэг ердөө л бизнесийнхний утсан хүүхэлдэй нар гэдгийг дуртайяа зарладаг байв. “Орчин үеийн төр бол хөрөнгөтөн ангийн ерөнхий хэргийг эрхлэх төдий газар юм” гэж тэр Тунхагтаа бичсэн байна. Жорж Вашингтоны үеэс л Америкийн улс төрчид “хөрөнгөтний үйлдвэрлэлд” захирагдсаар ирснийг тэр онцлон тэмдэглэсэн байдаг. Ерөнхийлөгч хэдэн бизнесменийг төрийн ордонруу мөнгөөр оруулахыг харсан ч Mаркс төдий л гайхахгүй байсан бизээ. Хэдийгээр зарим нэг зүйлс дээр алдсан ч өнөөгийн эдийн засгийн тогтолцоог хараад нэг их цочирдохгүй байсан бизээ. Капитализм байсан цагт түүний ном зохиолын үнэ цэнэ хэзээд оршсоор байх болно.

--

--

SPECTRE MONGOLIA
SPECTRE MONGOLIA

Спектр Монгол нь неолиберал үзэл бодол ноёлон буй Монголын нийгэмд альтернатив болох, зүүний үзлийн талаар таниулах зорилготой залуусын сайн дурын нэгдэл юм.