SPECTRE MONGOLIA
SPECTRE MONGOLIA
Published in
7 min readAug 6, 2022

--

Үндсэн Хуулийг тойрсон асуудлууд

‘Согогтой’ ардчилалаас парламентын авторитар дэглэм рүү?

A constitution can only be transformative if it is powered by the people, empowers the people, and is part of a broader political project.

https://www.noemamag.com/everyday-people-are-designing-chiles-new-national-constitution/

Үндсэн хуульт тогтолцооны давлагаа

18-р зууны дунд үед юм уу даа, Парис хотын хээнцэр буудалд Америкаас ирсэн нэгэн үндсэн хууль судлаач Франц улсад зориулан хуулийн төсөл бичин сууж байж. Хачирхалтай нь түүнд энэ ажлыг хий гэж хэн ч даалгаагүй, сохор зоос ч санал болгоогүй аж. Эх нутагтаа өрнөж буй конститүцийн давлагааг түгээх эрмэлзэлдээ автсан түүний өрөөнд гэнэт нэгэн урилгагүй франц эрхэм орж ирэн тун марзан санал тавьсан байна. Тэрээр АНУ-д зориулж үндсэн хуулийн эх бичсэн бөгөөд санаа оноо хайрлах хүн хайж явсан нь тэр байж. Хүй салхи мэт түгж байсан үндсэн хуульт тогтолцооны энэ давлагаа ардчилсан улсуудаар тогтохгүй хаант засаглалтай гүрнүүдэд ч өрнөж байв. Оросын хатан хаан хоёрдугаар Екатерина нийт 18 сарын турш ‘нойр хоолгүй’ шахам Наказ хэмээх хуулийн эх дээр ажиллаж байсан түүх хүртэл бий.

Соён гэгээрлийн нөлөөнд үүссэн гэгддэг үндсэн хуульт тогтолцоо нь тухайн үед нас биед хүрсэн үндэстэн улсууд, тэдгээрийн төр засгуудын хувьд өөрсдийгөө тодотгох, хуучин байгууллаас [feudal] ялгарах гол тэмдэг болж байв. Ач холбогдлоороо өмнөхөөс дутахгүй нэг хүчин зүйл нь мэдээж дайн дажин байв. Өргөн хүрээнд дайтахын тулд бүх ард иргэдээс татвар гувчаа татах, нийтийг хамарсан цэрэг татлага явуулах бодит хэрэгцээ үүсдэг. Нэг хуультай, бүгдэд үйлчилдэг цаазтай газар л энэ нь боломжтой байв. Нийтээрээ бичиг үсэгт тайлагдаж, масс хэвлэл хурдацтай тархаж байсан нь үндсэн хуульт тогтолцоо түгэх өөр нэг шалтгаан байв.

Дэлхийн хоёрдугаар дайны дараах welfare буюу халамжийн төрийн фүнкц ард иргэдийн улстөрийн эрхээс хальж боловсрол, эрүүл мэнд, амь амьжиргааны баталгааг хангах зэргээр тэлж улмаар үндсэн хуулийн функцүүд ч дагаж өөрчлөгдөх зүгтээ оров. 20-р зуун хөшгөө татаж, социализм нуран унаж, шинээр олон улс орон бөмбөрцгийн газрын зураг дээр бий болов. Тэдгээр улс орнууд тусгаар тогтнолоо биежүүлэх, легитим чанар олж авах шаардлага үүссэн нь үндсэн хуульт тогтолцоо дахин ‘моодонд’ орох гол хөшүүрэг байсан юм. Тэр ч утгаараа Монгол болон бидэнтэй ижил төстэй хувь заятай улс орнуудад үндсэн хуульт тогтолцоо нь сонгодог хэлбэрээсээ хэтэрсэн ач холбогдолтой болж, иргэний шашин маягийн хэлбэр дүрстэй, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болж өргөгдөв. Орчин үежсэн, ардчилсан улс гэдгээ өөрт болон бусдад тунхаглах, олон улсын хамтын нийгэмлэгийн хэсэг гэдгээ тодруулан харуулах нь нэг том шалгуур нь үндсэн хуульт тогтолцоог нэвтрүүлэх байв.

Дээрээсээ ардчилагдсан нь

Монголд өрнөөд буй үндсэн хуулийн шинэчлэлийг тойрсон асуудлуудыг ойлгохыг хүсвэл маш өвөрмөц явагдсан ардчилсан шилжилт бөгөөд түүний эхлэл болох тэртээх 80-д оны адаг үеийг эргэн харахуйд хүрнэ. Ардчилсан шинэчлэл нь үзэл баримтлал талаасаа ойлгомжтой юм шиг байсан боловч хэн, яаж, ямар шат дараалалтай хийх вэ гэдэг нь ихээхэн бүрхэг байв. МАХН-ын удирдлага улс төрийн хяналтаа хадгалж үлдэнгээ шинэчлэл хийх нэн зөрчилтэй үйл явцыг удирдах шаардлагатай болов. Нийгмийн шинэчлэл, ардчилах үйл явцыг удирдаж болох уу гэдэг асуулт ч зүй ёсоор тавигдаж байв. Энэ хүрээнд МАХН-ын удирдлага V бүгд хурлын тогтоолоороо нийгмийн “эд эс болгоныг ардчилах” үйл явцыг тунхаглан эхлүүлсэн байдаг.

Ардчилсан хувьсгалын дараах үйл явцууд ч ‘дээрээс доошоо’ (хучнаар бол захиргааны гэж хэлж заншсан) зарчмаар явсан бөгөөд ардчилах үйл явцын гол цөм нь тухайн үеийн засаглалын институцүүд, холбогдох хуулиудыг шинэчлэх байв. Шинэ үндсэн хуультай болно гэдэг шинэчлэлийн зөвхөн эхлэл байсан гэдгийг харин олон хүн умартсан харагддаг. Тухайн хууль нь шинэ Монгол Улсын төр, нийгмийн байгуулалын ерөнхий хар зургийг л сийлснээс хэтрээгүй байв. “БНМАУ-ын Үндсэн Хуулиас Монгол Улсын Үндсэн Хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай” гэсэн нэртэй хуулийг зэрэгцэж баталж байсан нь ч тохиолдлын хэрэг байгаагүй юм. Шинээр улс төрийн нам мэтийн инститүцүүд үүсэж бий болсон ч социалист монголын төр, нийгмийн байгууламж, боловсон хүчний кадр, менталитет, хандлага, ажлын арга барил зэрэг бараг бүхэлдээ хэвээр үлдсэн нь шинэчлэлийн үйл явцын гол зөрчил байв.

Үүний нэг жишээ нь хуучин нийгмийн хууль журамд хэт догматик ханддаг менталитет. Хууль журам амьдрал дээр яг яаж бууж байгааг нь олон нийт ярьж хэлэлцдэггүй нөгөө талаасаа зөвхөн хэдэн технократууд мэддэг эмийн жор аятай явсаар бид өнөөдөртэй золгов. Монголчууд бид ер нь үндсэн хуулийг юу гэж ойлгож, хүлээж авдаг вэ? Хуульчид, эрдэмтэд, улстөрчид ‘дээрээс’ юу гэж сурталддаг вэ? Нэг талаараа зөвхөн цаасан дээр бичигдсэн хууль, дүрэм, журам зэрэг доктрин шинж чанартай зүйлүүдэд хэт их ач холбогдол өгч (reification) аль эсхүл ‘эцэг хууль’ зэрэг уламжлалт, хөдөлшгүй эрх мэдлийн хүрээнд авч үзэж, өөрөө өөрсдийгөө итгүүлсээр ирсэн зүйл ажиглагддаг. Гэтэл монгол хуульчаас Их Британи улс бичигдсэн үндсэн хуульгүйгээр өдий болтол яаж шүү яваад ирснийг асуувал юу гэх бол?

Буруу, буруу, буруу, үндсэн хуулийн буруу

Шинэ Үндсэн Хуулийн 30 жилийн ой тохиосон энэ жил Үндсэн Хуулиас ‘болоод’ буй гэх ‘засаглалын’ хямрал, түүнээс үүдсэн нэмэлт, өөрчлөлтийн асуудал дахин дэгдэв. Энэ хүрээнд 20 орчим улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх хүрээг тогтоосон “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурав. Яагаад зөвхөн улстөрийн намууд гэж? Энэхүү ‘хямрал’ нь үнэхээр Үндсэн хуулиасаа болоод байгаа юм уу аль эсхүл олон арван жил даамжирч ирсэн тогтолцооны хямралтай холбоотой юу зэрэг асуудлыг ярьж буй нь харин өдрийн од шиг. Эдийн засгийн гажиг бүтэц, хавтгайрсан хулгай зэлгий, тэгш бус байдлын гүнзгийрэл, эдгээрийг зөвтгөсөн үзэл суртлын ноёрхол зэрэг суурь асуудлууд огт хөндөгдөхгүй, олон нийтийн хэлэлцүүлэгт орж тусгагдахгүй байсаар байх цагт нэг далайлтаар, косметик маягийн өөрчлөлтөөр шийдчих гэсэн үзэл амь бөх оршсоор байх шинжтэй. ҮХ-д нэг ширхэг ч өөрчлөлт оруулахгүйгээр сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудыг зохицуулаад явчих боломжтойг мэдэхгүй байна гэж харин огт үгүй.

Чилид харин юу болов?

Гэтэл дэлхийн нөгөө өнцөгт орших “Найрагчдын нутаг” гэгддэг Чили улсад өнгөц харвал манайхтай төстэй ч мөн чанарын хувьд тэс өөр нэг үйл явц эд өрнөж байна. Юугаараа өөр гэж? Үндсэн хууль гэдэг нэг талаараа зөвхөн сэхээтнүүд, хуульчдын ойлгодог, тэр дээгүүр шийдчихдэг тэнгэрийн асуудал бус харин ард иргэд ардчиллыг бодитоор хэрэгжүүлж, хамтран бүтээлцэх гэдэг зарчим ноёлж буй. Удаах зарчим нь ҮХ-ийг одоо ноёлж буй тогтолцооны эздээр удирдуулахыг хориглох. Гарц нь зөвхөн энэ ҮХ-ын шинэчлэлийн хүрээнд ард иргэдийг төлөөлөх эрхтэй төлөөлөгчдийг шууд сонгох байв. Ингэснээр нам мэтийн цаана нуугдсан зөвхөн явцуу бүлгийн эрх ашигт үйлчилсээр ирсэн клептократууд тэдний үүсгэсэн өгөршсөн тогтолцоог сад татаж, салхи оруулж буй тод жишээ болон гялалзана. Хэдий 9 сарын 4-ний өдөр болсон бүх нийтийн саналт хураалтаар санал болгосон өөрчлөлтүүд дэмжигдээгүй ч өөрийн хуль заянд эзэн сууж, улстөрд шууд оролцсон туршлага, итгэл нь энэ улсыг цаашид зөв голдиролд оруулах нь дамжиггүй.

Ардчиллын мөн чанараа дахин нэг тунгаая

Бенедикт Андерсон үндэстнийг “цусаар бус хэлээр” бүрддэг “төсөөллийн нэгдэл” хэмээн тодорхойлсон бөгөөд хамтын төсөөлөл юунаас ч илүү хүчтэйг гярхай судалж ээ. Энэ утгаараа үндсэн хуульт тогтолцоо нь бид нэг дээвэр дор шүү гэдэг ижилслийг бий болгодог орчин үеийн нэн хүчтэй улстөрийн технологи аж. Ардчилсан засаглал, ардчилсан төрийн легитим байх гол үндэс нь: 1) иргэн бүрийг төлөөлж чадах тогтолцоо (representation) , 2) ард иргэдийг шийдвэр гаргалтад аль болох олноор, тогтмол оролцуулах (meaningful participation) механизм байдаг. Өмнөх хоёр хүчин зүйл биелбээс хувь хүний need for recognition буюу хүлээн зөвшөөрөгдөх үндсэн хэрэгцээ хангагдах суурь нөхцөл бүрддэг. Дийлэнх улс орнуудын эрх чөлөө, ардчилсан засаглалын үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол уруудаж, хаа сайгүй популизм газар авах болсон нь дээрх үндсэн хэрэгцээ хангагдахгүй байгаатай салшгүй холбоотой. Энэ талаас нь бодоод үзвэл үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг олигарх дэглэмийг бататгах бус харин ардчиллаа бэхжүүлэх хэрэгсэл болгон удирдан залах алтан боломж хэмээн харсан бол…

Харамсалтай нь бид бүр ухарч эхлэв…

Ардчилал, хүний эрх, эрх мэдлийн хуваарилалт зэрэг нь тунхаглах төдий бий болчихдог зүйл биш аж. Бидний өндөр хөгжилтэй хэмээн шүтдэг барууны ихэнх улс оронд ардчилал хөгжсөн түүх нь арай өөр болой. Англид аристократ анги давхарга нь аажмаар улс төрийн болон бусад эрх мэдлээ тухайн үед бий болж байсан хөрөнгөтөн ангид тавьж өгснөөр ардчиллын суурь нь бий болсон бол Францад хувьсгал, хөдөлгөөн зэрэг илүү ширүүн тэмцэл дунд анги давхаргуудын хоорондох эрх мэдлийн тэнцвэр тогтсон аж. Капитализм болон колониудын төлөөх өрсөлдөнөөс хэдий их хоцорсон байх тусам тухайн орны шилжилт илүү ширүүн, зөрчилтэй, тогтворгүй байсан нь Веймар Герман, Хаант Орос зэргийн түүхээс харагдана. Энэ талаас нь бодвол ардчилал нь нийгмийн анги давхаргуудын маш эмзэг тэнцвэр, олон арав, зуун жилийн тэмцлийн үр дүнд бүрддэг тогтолцоо болох нь харагдана. Монголд харин нэг нам аль эсхүл нам дамнасан олигархи бүтцийг сөрөх нийгмийн давхарга ч алга, инститүц ч алга. Занданшатар тэргүүтний зүтгүүлээд, ХҮН-ний түг бариад буй ерөнхийлөгчийг их хурлаас сонгох санаачлаг биелбэл Монголд олигархуудын засаглах эрхийг мөнхөлсөн ‘авторитар парламентын’ систем тогтох нөхцөлийг үүсгэнэ.

Ард түмнийг шууд төлөөлж чадах эрх мэдэл бүхий ерөнхийлөгчийн инститүц үгүй болсноор хянал тэнцлийн асуудал зөвхөн цаасан дээр л үлдэнэ. Төр болон нийтийн гэх бүхий л эрх мэдэл, инститүцүүдийг хувьчилсан МАН (+систем намууд) ‘бүх’ асуудлыг сорсон ‘big tent’ хэлбэртэй болсон энэ үед түүнийг сөрөх дэвшилтэт улстөр явах нүх сүвийг хааж буй хэрэг. Ингэснээр төв азийн цээжин дэх ардчиллын “баян бүрд” орших үү эс орших уу дээрээ ирж байх шиг…

Цааш яах билээ?

Уншигч танд дараах ганц санаа л үлдвэл энэ бичвэрийн гол зорилго биелэх учиртай. Бид бүхний Үндсэн Хуульд юу бичигдэхээс илүү ач холбогдолтой зүйл нь — хэн, яаж, ямар хэлбэрээр оролцох, өөрчлөлт оруулах болоод буй. Иргэдийг дурын нэг фейсбүүкийн грүппээс илүүгээр төлөөлөх чадамжгүй, легитим шинжгүй намууд биднийг төлөөлөх субъект мөн үү? Жирийн иргэний эрх ашгийг бодлоо гэж үү? ‘Өнөөх л нэг этгээдүүд’ оролцоод, оролцоог монопольчлоод, иргэдийн өмнөөс шийдээд явбал Үндсэн Хуулийн симболик үнэ цэнэ шалдаа бууна. Дагаад иргэдийн улстөрийн оролцоо улам буурч улмаар төр болон нийтийн инститүцүүдэд итгэх итгэл бүрэн алдарна. Үүнийг democratic disillusionment буюу ардчилалд итгэл алдрах нь гэж олон улсад томьёолоод буй. Бид ардчилалд итгэл алдрах аюултай үзэгдлийг хазаарлах, улмаар даван гарах зайлшгүй шаардлагатай бөгөөд Чилийн жишээг дахин нэг харахад илүүдэхгүй нь…

--

--

SPECTRE MONGOLIA
SPECTRE MONGOLIA

Спектр Монгол нь неолиберал үзэл бодол ноёлон буй Монголын нийгэмд альтернатив болох, зүүний үзлийн талаар таниулах зорилготой залуусын сайн дурын нэгдэл юм.