Тахлын үеийн эв санааны нэгдэл

SPECTRE MONGOLIA
SPECTRE MONGOLIA
Published in
9 min readDec 20, 2020
Уран бүтээлч: Tugi-e

Эв санааны нэгдлийн тухайд…

Өнөөдөр буюу 12 сарын 20 -ны өдөр бол “Олон улсын хүн төрөлхтний эв санааны нэгдлийн өдөр” юм. НҮБ-ын мэдээлснээр, “Олон улсын хүн төрөлхтний ​​эв санааны нэгдлийн өдөр” нь нийгмийн бүх гишүүдийн эв санааны нэгдэл дээр тулгуурласан хамтын аюулгүй байдлын тухай ойлголт ба өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийгмийн тэгш бус байдал, ядуурал, өлсгөлөн, өвчин эмгэгт нэрвэгдсэн нийгмийн бусад гишүүддээ туслан, байгаа зүйлсээсээ хуваалцах зэрэг хүнлэг чанаруудыг агуулдаг (НҮБ, 2005). Өөрөөр хэлбэл харамч, харгис биш харин ялгаатай байдлаасаа үл хамааран нэгдэн нийлж, бие биедээ хайртай, тусалдаг, хуваалцдаг байя гэсэн санаатай юм. Энэ өдөр бүх нийтийн сайн, сайхан ирээдүйг цогцлооход эв санааны нэгдэл ямар чухал болохыг таниулан сурталчлах; ач холбогдлынх нь талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх; засгийн газруудад олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүргээ хүндэтгэхийг сануулах; мөн ядуурлыг арилгах шинэ санаачлагуудыг дэмжих; тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах зэргээр тэмдэглэн өнгөрүүлж болно (НҮБ, 2005). Гэвч эв санаагаараа нэгдэн бусдыг хайрлаж, анхаарал халамж тавих тал дээр бидний амьдарч буй энэ нийгэм ямар тааруухан болохоо сүүлийн хатуу хөл хорионы үеэр харуулав.

Тахлын тухайд…

Ердөө аравхан сарын өмнө Вүхан хотод өдөрт хорин корона вирусийн тохиолдол илэрч байхад Улаанбаатарт хүмүүс бүгдээрээ маск зүүж, гараа ариутгаж, цагаан сарын баярыг тэмдэглэхээ цуцалж байв. Өнгөрөгч 10 сарын хугацаанд Монголчууд хилээ хааж, наадмаа тэмдэглэж, улс, орон нутгийн сонгуулиа зохион байгуулж явсаар яг асуудалтай нүүр тулах цагт массын сэтгэл зүйн байдал карантин параонойд шилжиж, “ингэж сүржигнээд байх асуудал мөн юм уу даа, байдаг л нэг ханиад шүү дээ” гэж ярих дээрээ тулжээ. Түүнчлэн аль орон, аль засгийн газар “хамгийн сайн ажиллаж байгаа” вэ гэдэгт л хэт их анхаарал хандуулж (Лубере, 2020), энэ нь нэг талд монголчуудыг “аймшигт цар тахлаас аврагч” цолыг авахыг хүсэгч улс төрчдийг улам бүр сүржигнэх, нөгөө талд орлого мөнгө ярьж эдийн засгийн популизм хийгчид асуудлыг үл тоож, дутуу үнэлэх гэсэн эсрэгцсэн хоёр талын үр бүтээлгүй маргаанд хүргэж байна.

Гэвч дээрх хоёр бүлэг нь хоёул COVID-19 -өөс үүдэлтэй эрүүл мэнд, эдийн засгийн хямралтай улаан нүүрээрээ тулах хүмүүс биш юм. Хөл хорио тогтоосон, 0 зогсолт хийсэн гэж буй ч биднийг гэртээ аюулгүй байлгахын тулд ус, цахилгаан, интернет, хоол хүнсний салбар ажиллаж байх хэрэгтэй. Энэ салбарын ажилчид хүссэн хүсээгүй цар тахлын үед ч хөдөлмөрлөнө. Үлдсэн нь харин зүүмдэж, зайнаас ажиллаж, фейсбүүк твиттерээр мэдэмхийрч уйдаагаа гаргацгааж байв. Хэрвээ манай их мэдэгчид, сургаал айлдагчид маань ярьж байгаа шигээ үнэхээр хүмүүсийг орлогогүй болчих вий, өлсөж цангах вий гэж айдаг, санаа зовнидог байсан бол бусад улсын жишгээр төрөл бүрийн хөтөлбөр туршиж үзэх, чадахаараа тусалж, хэрэгцээгээрээ авахыг сонгох байв. Бодит байдал дээр тэд нарт ажилчдын эрүүл мэндийн эрсдэл, вирусийн тархалт, орлоготой байна уу үгүй юу хамаагүй, зүгээр л хоол, цахилгааныг нь бэлдэж байх хүн хэрэгтэй, компани нь үргэлж ашигтай байх хэрэгтэй, эдийн засаг зогсолгүй үргэлж хөдөлж, өсөж байх хэрэгтэй гэсэн догматик үзэл суртлаараа ярьж буй. Иймийн тул тэд корона вирусийг байдаг л нэг ханиад гэж, хандив тусламжаар асуудлыг шийдэхгүй гэж, амь амиа л бодоцгоо гэж, “ханиадаар үхэх үү, өлсөж үхэх үү” гэдэг ёрын асуултыг эргэлзэж, аргагүйдсэн ард иргэдэд тулгаж байна.

Бидний анхаарлаа хандуулах ёстой нэн чухал зүйл бол эхний ээлжид эрүүл мэнд юм. Корона вирусийн тархалт бол бүх нийтийн хямрал; тахал хаа саагүй тархаад байхад хүмүүс өөрсдийгөө битүү бөмбөлөгт хориод, аюулгүй үлдэх урт хугацааны боломж байхгүй. Хүн амын цөөхөн хэдэн хувийг эзлэх хөрөнгөтэй хүмүүсээс бусдад нь хөл хорио нийгмийн бүх салбарт, айл өрх бүрд хүндээр тусаж байгаа нь ойлгомжтой. Тахал хэдэн арван жил үргэлжилж, насаараа карантинд суугаад ч идэж барахааргүй их хөрөнгөтэй хүмүүс байхад, зарим нь нэг жилдээ хоол хүнсэндээ санаа зовох асуудалгүй, зарим нь өр зээлтэй ч яаж ийгээд 2, 3 сарын хэрэгцээгээ хангах боломжтой, харин зарим нь тухайн өдрийнхөө 3000, 4000 мянган төгрөгөө олж чадахгүй зогсох юм бол ходоод уруугаа хийх хоол хүнсгүй сууцгаах хүмүүс ч бий. Тиймээс яг энэ цагт үед тэдгээр амь зуулгаа алдаж, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн, урьд өмнөхөөсөө ч илүү эмзэг байдалд орсон хүмүүст төрөөс, нийгмийн бусад гишүүдээс тодорхой хэмжээний халамж, дэмжлэг, хайр, халуун дулаан сэтгэл хэрэгтэй болов. Зарим хувь хүмүүс, төрийн бус байгууллагууд нэгдэн хандив цуглуулан, тэдгээр эмзэг бүлгийн айл өрхүүдэд хүнсний багц, түлш тараах үйл ажиллагаа өрнүүллээ. Мөн зэрэгцээд уг хандив, тусламжийн хөдөлгөөнийг дээр, доороо зөв буруу хэмээн нийгмийн сүлжээгээр дүгнэн хэлэлцэх, барьцах хөдөлгөөн ч бас өрнүүлээд амжлаа. Тэдгээр маргаан, хэлэлцүүлэг дундаас ганц, хоёрыг жишээ болгон авч үзвэл:

“Ядарсан хүмүүст хоол тарааснаас ядуу хүнгүй нийгмийг бүтээх ёстой”

Асуулт: Харгис капитализмд ядруу, ядуу хүнгүй нийгэм цогцлоох боломжтой юу? Цар тахлын хатуу хөл хорионы үеэр гэртээ идэх хоол хүнсгүй, түлэх түлшгүй иргэдэд анхаарал хандуулсан хандив, тусламжийн аяныг эсэргүүцэн дээр бичсэн шиг хандлага, үзэл бодол нийгмийн сүлжээнд тарааж буй хүмүүс яг ямар замаар ядруу хүнгүй нийгмийг бүтээх гэж оролдож байна вэ? Хэрвээ тэдэнд капиталист нийгэмд зайлшгүй байх анги, давхарга, эрх мэдэл, эд хөрөнгийн ялгааг арилгах тодорхой санал, онол байхгүй бол уран илтгэлийн тэмцээнд оролцож буй мэт энэ мэт утга авцалдаагүй, уянгын халилаараа нийгмийг хий хөөргөж буй хэрэг болохоос цаашгүй. Дэлхий урьд өмнө хэзээ ч ийм баян байгаагүй, гэхдээ бас өнөө үед хүн төрөлхтний түүхэнд байгаагүй их хүмүүс ядуу зүдүү амьдарч байна (Холройд, 2018). Дэлхийн капиталистуудыг ‘баялаг бүтээгчид’ гэж олонтаа хэлдэг. Гэхдээ тэдний баялаг хаанаас ирдэг вэ гэсэн асуултыг асуух ёстой. Капиталистууд өөрсдөө болон тэднийг дагалдан хүрээлэгсэд, төлөөлөгчдийнх нь үзэж буйгаар энэ асуултад маш хялбараар хариулж болох бөгөөд тэд өөрсдийгөө “үйлдвэрлэл эрхэлж”, “эрсдлийг хүлээж” эсвэл “инноваци хөгжүүлэн”, шаардлагатай ажлын байрыг өгснөөр ядуусыг хамруулаад бүгдэд ашиг тустай ажил хийж байна хэмээдэг. Гэвч үнэндээ энэ нь яг эсрэгээрээ байдаг. Капитализмын түүхийн туршид капиталистуудын баялгийн эх үүсвэр нь массын ядуурлын үндэс байсаар ирсэн юм (Холройд, 2018).

“Ядуу хүмүүс угаасаа л ядуу байсаар ирсэн, угаасаа ингэж амьдраад сурчихсан. Тэдэнд төлөх банкны зээл, байрны лизинг байхгүй учраас хөл хорионы үед хүнд хэцүү байдалд ороод хүмүүсээс, төрөөс тусламж аваад байх шаардлага үнэндээ байхгүй. Харин баахан өр, зээлтэй, цалин тавьдаг бидэнд л энэ үе хамгийн хүндээр тусч байна. Ядуу хүнд угаасаа алдаад байх юм байхгүй ”.

Асуулт: Яагаад заавал бид ингэж нийгэм дотроо бие биенийгээ дээр доороосоо хэмлэж, ангийн ялгааг өөрөө өөрсдөө илүү гүнзгийрүүлж байх ёстой вэ? Хоорондоо жийлцэж, бие биетэйгээ барьцаж суухаас илүү нэгдэн нийлж, надад, чамд, түүнд тулгараад байгаа асуудлуудын төлөө хамтран тэмцэж, эрх баригчдаар шийдүүлэх гэж оролдвол хэн хэндээ хэрэгтэй бус уу?

Ядуу хүнд эд материалын хувьд алдах юм байхгүй байж болох ч хөл хорионы хатуу чанд дүрмээс болж хөл, гар нь гэртээ тушигдан, орлогын өчүүхэн эх үүсвэрээ алдаж, дүн өвлөөр идэх хоол, түлэх түлшгүй байж байгаад өөрийн үнэт амь насаа алдах тохиолдол гарах боломжтой юу? Боломжтой! Хэн нэгний багахан ч гэсэн тусламжийг хүлээн авах эрхгүй эсвэл тусламж очих ёсгүй тэр гэрт хоолгүй, даарч суугаа хүн ‘ядуу хүнгүй нийгэм байгуулах их үйлсийн төлөө өөрийн амиа зольж буй баатар’ хэмээн өөрийгөө төсөөлөх ёстой юу? Ядруу хүнгүй нийгэм байгуулна, та нар өлсөөд хүлээгээд байж бай хэмээн гүрийгээд сууж байх хооронд хүмүүс хамгийн үнэ цэнэтэй амь насаа алдвал яах вэ?

Хүн бүр өөр өөрсдийн амиа бодож, бусдын өмнөөс хариуцлага үүрэх ёсгүй нийгэм, эдийн засгийн системд амьдарч байгаа гэх боловч энэ замаар явбал цар тахал мэт хүний хүчин зүйлээс үл шалтгаалах урт хугацааны аюул заналхийлэл хэвээр үлдэх тул энэ капиталист идеологийг шийдэл гэж үзвэл хүн бид хүн амынхаа тодорхой хувийг золиослох шаардлагатай болно. Энэ нь бидний үндсэн хуульдаа заасан хүнлэг энэрэнгүй, иргэн нь амьд явах эрхээр хангагдсан нийгмийн сонголт биш.

Төр засгийн оновчгүй зохион байгуулалтаас гадна, энэ мэтчилэн ард иргэд, нийгмийн нийт гишүүдийн дунд ч бие биенээ гэсэн эвлэн нэгдэх үнэт чанар дутагдаж, улам л хуваагдмал, зохион байгуулалтгүй, харгис болж буй нь ийнхүү үүгээр илрэв. Массын ухамсрын зураглал байхгүй, хаана байгаа, хаашаа явахаа тодорхойлж үл чадна. Нийгэм улс цааш явах, хөгжин дэвшихэд нэгдсэн эрх ашиг, эв санааны нэгдэл хэрэгтэй атал бид өнөөдөртөө яаж нүүрсээ зарах, цар тахал компани дампуурах хүчин зүйл мөн эсэх дээр маргалдсаар, карантин дуусахад бүх юм хуучны “хэвийн” байдалдаа орно гэж итгэсээр.

Бид уялдаа холбоотой хүчин чармайлт, магадгүй төвлөрсөн төлөвлөгөө гаргаж, урт хугацааны халдвар тархалтад бэлэн байх хэрэгтэй. Эрүүл мэндийн талаар бид мөнгө, санхүүгийн үүднээс хандаж бодох ёсгүй. Материаллаг байдлаас бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохион байгуулах боломж бидэнд бий, гагцхүү хэрэгжүүлэх улс төр, удирдлагын зоригтой шийдвэр, иргэдийн нэгдсэн ухамсар л хэрэгтэй.

Анхандаа бид зуны дулаан улирал болоход “ханиад” алга болно гэж бодож байв, дараа нь намар гэхэд вакцин гарчих байлгүй дээ гэв, сүүлдээ эмзэг, хөгшин хүмүүсээ золиослоод сүргийн дархлаатай болно гэж ярих болов. Гэвч энэ цар тахал ганц хоёр жилийн дотор алга болохгүй, ганц сар карантинлаад буцаад хэвэндээ орохгүй нь тодорхой болсон учир бид одоо жинхэнэ асуудалтайгаа нүүр тулах цаг болжээ: “энэ хэцүү нөхцөл байдалд хэрхэн шинэ нийгмийг бүтээх вэ”. Учир нь энэ удаагийн COVID-19 цар тахал анхных нь биш, сүүлчийнх ч биш, уур амьсгалын өөрчлөлт гэсэн ирэх нь тодорхой гамшиг мөн хаяанд тулаад буй. Лубере “Уур амьсгалын гамшгийн эсрэг вацкин гэж байхгүй” хэмээх нийтлэлдээ хүн төрөлхтөн цар тахлын эсрэг бүгдээрээ нэгдэн оновчтой хариу арга хэмжээ авч чадахгүй байгаа нь биднийг цаг уурын хямралтай тэмцэх чадваргүй болохыг харуулж байна гэсэн санааг онцолжээ (Лубере, 2020). Энэ цаг үе бол уул нь түрээс төлдөг үгүй, ажилтан, ажил олгогч, цалин авдаг, цалин тавьдаг, халамж хүртдэг, хүртдэггүй эсвэл хоногийн хоолтой, хоолгүй гэдгээсээ үл хамааран хүнд цагт бие биенийхээ бэрхшээл зовлонг ойлгон хүндэтгэж, тусалж чадах зүйлсээрээ туслах сэтгэл гаргаж байх ёстой цаг юм.

Халамжийн тухайд…

1993 онд Монгол улс Нийгмийн халамжийн төвтэй болж, хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгүүдэд халамжийн үйлчилгээ үзүүлэх хууль, тогтолцоо хэд хэдэн удаа шинэчлэгдэв. Статистик тоо баримтаар бол халамжаас болж ядуурлын тоо буурсан үзүүлэлттэй боловч (Д.Сонгохбаяр, 2015) бодит байдал дээр дээрдсэн зүйлгүй. Мөн хажуугаар нь жил ирэх тусам нийгэмд халамжийн тухай сөрөг ойлголт, хандлагууд нэмэгдсээр. “Бидний төлсөн татварын мөнгөөр шимэгчилж амьдрагсад, чамайг би тэжээж байгаа шүү” хэмээн халамж хүртэгсдийг хараадаг. Үүнээс юу ойлгогдож байна гэхээр, нийгэмд ямар ч ‘ашиггүй’, ‘хувь нэмэргүй’, ‘арчаагүй’ хүмүүс ер нь яаж ч байсан яахав дээ, зөвхөн нийгэмд ‘тус хүргэж буй’, ‘чухал хүмүүс’ л нийгмийн халамж, үйлчилгээг хүртэх эрхтэй гэсэн хандлага үнэртэх ба бид л аюулаас холуур үлдэж байвал болох нь тэр гэсэн бэртэгчин занг илтгэнэ. ‘Халамж хавтгайрах’, ‘эрсдэлтэй айл өрх, иргэдэд шаардлагатай, нэн даруй тусламж хүргэх’ гэдэг хоёр өөр ойлголт гэдэг нь тодорхой байтал нийгэм даяараа халамж хүртэх ёстой, ёсгүй гэдгийг нь ялгаж салгалгүй ‘муу сайн халамж хүртэгсэд’, ‘паразит’-ууд, ‘арчаагүй архичид’ гэх мэтээр өөрсдөө харин хавтгайруулан буруушаана. Эцэг эх нь архи уудаг байлаа гээд эрсдэл, аюулд орсон ядуу айлын хүүхдүүд халамжаас хасагдах ёсгүй. Харин халамж олгох зөв аргыг төр өөрөө олж тогтоон, боловсруулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн зорилтот бүлгийг тодорхойлдог аргуудыг сайжруулах зэргээр. Мөн халамжийг эсэргүүцэгчид, ‘бидний татварын мөнгө буруу хүндээ очоод байна’ гэж хардаад байвал, эсвэл хүмүүс халамж хүртэнгүүтээ шууд ‘бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихно’ гэж санаагаа чилээгээд байвал халамж хүртэгсдийг буруушааж, дээрээс доошоо хялайж харахын оронд санал онолоо нэгтгэн халамж, тэтгэмжийн хууль, тогтоомжийг хэрхэн сайжруулах тал дээр дуу хоолойгоо өргөвөл зохино. Нэг л өдөр бүх юмаа алдаад, өвчин зовлонд нэрвэгдээд өөрт нь халамж хэрэгтэй болох ч юм билүү. Яагаад гэвэл амьдрал барьцгүй, тэр тусмаа капиталист нийгэм. “Яаж ч ядарсан би энэ нь шиг ингэж арчаагүй заваан амьдрахгүй” хэмээн арчаатай, бардам зан гаргаж болох ч капиталист нийгэм хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, арчаатайг арчаагүй болгох ёрын шидтэй эд юм.

Хайрын тухайд…

Хайр бол улс төрийн шинжтэй. Алесандра Коллонтайн хайрын тухай үгсээс бид үүнийг ойлгох боломжтой. Коллонтайн хувьд хайр гэдэг нь зөвхөн дотно хосуудын хоорондох харилцаа биш юм; энэ бол хувийн асуудал биш, харин үндсээрээ нийгмийн асуудал. Эв санааны нэгдэлгүйгээр нийгэм, нэгдэл гэж байхгүй (Линд et al 2020, 17). Хэдий нийгэм, эдийн засаг, соёлын хувьд ялгаатай, өөр өөр гарал үүсэлтэй, үнэт зүйлстэй боловч нэг нийгмийн гишүүн болон амьдарч буйн хувьд, бүгд сайн сайхан ирээдүйг хүсэж нэг хотод, нэг улсад, нэг гараг дээр амьдарч буйн хувьд бид бие биенээсээ хамааралтай. Ханна Арендт ямар ч хүний амьдрал, тэр байтугай зэлүүд байгальд буй даяанчийн амьдрал ч өрөөл бусдын оршихуйгаас хамаарч байдаг хэмээжээ (Арендт 2018, 22). Хамааралтай учраас хувийн гэлтгүй нийтийн орон зайд ч бие биенээ гэсэн хайр халамж байх нь зүй ёсны хэрэг. ‘’Хувь хүн бүр аз жаргалтай байхыг хичээдэг. Хувь хүний аз жаргал нь бүх хүний аз жаргалтай салшгүй холбоотой” (Энгельс, 1847). Одоо амь амиа хичээн, ‘би болж байвал’, ‘зөвхөн миний хайртай хүмүүс, гэр бүл минь хоолтой байвал болох нь тэр’ гэсэн хандлагаар ганцаараа дээшээ өөдлөөд ч бид бүгдийн уулзах газар нэг. Тэр бол хамтын ирээдүй. Магадгүй бүх зүйл сайнаар эргэж, “Ковид-19 хэмээх өвчин алга болсон ч капитализмын өвчин байсаар л байх болно, бүр өмнөхөөсөө ч илүү хүчтэй болно” хэмээн Мексикийн нэгэн таксины жолооч хэлснийг антропологич Хантер-Паззара тэмдэглэлдээ бичжээ (Хантер-Паззара, 2020). Одоогийн байдлаар бид хөл хорио тогтоож, бие мах бодийн хувьд бие биеэсээ зай барих шаардлага үүсэж байгаа боловч ядаж эв санаагаараа нэгдэн нийлж, хамтдаа байх нь хамгийн чухал болоод байна. Энэ нь ирээдүйд бидэнд уур амьсгалын гамшиг, ‘капиталист сүйрэл’ (Херон, 2020) зэрэгтэй ч нүүр тулахад тус болж, мөн цаашлаад “эв нэгдэлд суурилсан илүү хамтарсан шинж чанартай нийгэм эдийн засгийн зохион байгуулалт руу” (Лубере, 2020) шилжих урьдач нөхцөл рүү ч хөтлөх боломжтой гэж итгэнэ.

Ном зүй:

  1. Arendt, H. 2018. The Human Condition. Chicago/London: The University of Chicago Press. First Published 1958.
  2. Engels, F. 1847. Draft of a Communist Confession of Faith. First published: in Gründungsdokumente des Bundes der Kommunisten, Hamburg, 1969.
  3. Heron, K. 2020. Capitalist Catastrophism. Roar Magazine.
  4. Holroyd, J. 2018. World Poverty: Capitalism’s Crime Against Humanity.
  5. Hunter-Pazzara, B. 2020. Solidarity and Tourism in the Time of COVID | Anthropology@Princeton. Princeton University.
  6. Lind, M., Michele Masucci, and Joanna Warsza with CuratorLab. 2020. Red Love: A Reader on Alexandra Kollontai / Kollantai: A Play by Agneta Pleijel. Berlin: Sternberg Press.
  7. Loubere, N. 2020. There is no vaccine for climate catastrophe. Roar Magazine.
  8. Сонгохбаяр, Д. 2015. Монгол Улсын Халамжийн Тогтолцооны Өнөөгийн Байдал, Шинэчлэл. Нийгмийн хөгжил, асуудал, шийдэл сэдэвт эрдэм шинжилгээний хурал. Улаанбаатар.
  9. United Nations. 2005. International Human Solidarity Day | United Nations.

--

--

SPECTRE MONGOLIA
SPECTRE MONGOLIA

Спектр Монгол нь неолиберал үзэл бодол ноёлон буй Монголын нийгэмд альтернатив болох, зүүний үзлийн талаар таниулах зорилготой залуусын сайн дурын нэгдэл юм.