Тэнгэр баганадсан үлэмж биетнүүд

Achugan. N
SPECTRE MONGOLIA
Published in
8 min readMay 5, 2020

Иелийн их сургуулиас гаргасан Эдийн засгийн бяцхан түүх номны нэгэн бүлгийг орчуулан хүргэж байна.

Хамгийн бага орлоготойгоос эхлээд хамгийн өндөр орлоготой хүртэл жагссан хүмүүсийн урт жагсаалыг үзэж байна гэж та төсөөлдөө. Хүн бүрийн өндөр орлогыг нь илэрхийлнэ. Дундаж орлоготой хүн дундаж өндөртэй, түүнээс хоёр дахин бага орлоготой хүн, хоёр дахин намхан. Чи дундаж өндөртэй бөгөөд замын хажуугаас жагсаалыг харна. Юу харагдах бол? Эхлээд намхан хүмүүс өмнө чинь гарч ирнэ гэж чи хүлээх байх. Жагсаал дундаа орох үед хүмүүсийн өндөр чинийхтэй адилхан болно. (Дундаж орлоготой хүмүүс жагсаалын гол хэсэгт байж таарна шүү дээ.) Эцэст нь өндөр орлоготой, өндөр хүмүүс өнгөрөхийг харна.

Хэрэв энэ жагсаал өнөөдрийн Америкт болбол, арай өөр дүр зурагтай байх болно. Юун түрүүнд чи жагсаал эхэлснийг анзаарахгүй. Учир нь жагсаалын эхний хэсэг чамд харагдахгүй. Тэд бол алдагдалтай бизнестэй эсвэл өрөнд баригдсан хүмүүс. Тэдний орлого хасах учир тэд газар доорх хонгилоор алхаж таарна. Удалгүй шагайгаар чинь татсан бяцхан хүмүүс гарч ирнэ. Тэд бол маш бага цалинтай цагийн ажил хийдэг хүмүүс, багахан тэтгэвэртэй хөгшид, нийгмийн халамжаар амьдралаа залгуулдаг ажилгүйчүүд юм.

Ингээд жагсаалын хамгийн том хэсэг болох зах нь үл харагдах одой нарын арми гарч ирнэ. Тэд бол бүтэн цагийн ажил хийдэг хүмүүс дотроо хамгийн бага цалин авдаг, нэг ёсондоо эдийн засгийн нуруу болсон хүмүүс юм. Чи бэлхүүсээр чинь л татах мянга мянган бургерын тогооч, аяга таваг угаагч, кассчдыг харна. Жагсагчдын нуруу аажим өндөрсөнө. Таксины жолооч, мах эвдэгч, хүлээн авагчдын араас орон сууцны засварчид, офисын албан хаагчид, хүргэгчид алхана. Хагас цаг өнгөрч, нийт жагсаалын гол хэсэг ирсэн ч хүмүүсийн өндөр чиний цээжээр л татаж байх болно. Дөчин минутын дараагаас сая нэг нүд рүү нь чи эгц харж чадахуйц өндөртэй хүмүүс гарч ирнэ. Чи онгоцны үйлчлэгч, төмрийн үйлдвэрийн ажилтан руу харан инээмсэглэнэ. Гэвч тэдний цуваа удаан үргэлжлэхгүй. Гал сөнөөгчид чамаас яльгүй өндөр байх бол эрдэмтэд, веб дизайнерууд руу харан ирмэхийн тулд эрүүгээ өргөх хэрэгтэй болно. Тавин минутын дараа аварга биетэнүүд гарч ирнэ. Хуульчид таван метр өндөртэй байх бол мэс заслын эмч нар есөн метр шүргэнэ. Хамгийн сүүлийн мөчид хэдэн бээрийн өндөртэй аварга цамхгууд гарч ирнэ. Тэд бол Apple, Facebook зэрэг компанийн гүйцэтгэх удирдлагууд, Кетти Перри, Флойд Мэйвезер зэрэг поп одод, тамирчид юм. Тэдний гутлын ул өндөр барилгууд шиг зузаан байх бөгөөд үүл халхлах тул чи тэргүүнийг нь олж харж чадахгүй.

Орлогын хуваарилалт гэдэг нь баян, дундаж, ядуу давхарга руу хуваарилагдаж буй мөнгөний хэмжээ бөгөөд зарим тохиолдолд дээрх шиг жагсаалаар дүрслэгддэг. Сая өгүүлсэн жагсаал нэг маш чухал зүйлийг харуулж байна. Хамгийн өндөр орлоготой хүмүүс бусадтай зүйрлэх аргагүй өндөр орлого олдог аж. Энэ нь дундаж орлогын дүнг дээш нь татаж, үр дүнд хүн амын дийлэнх хэсэг дунджаас доогуур орлогоор амь зууна. Үүнийг дүрслэхдээ статистикчид орлогын хуваарилалтын тэгш хэм алдагджээ гэсэн мэргэжлийн хэллэг ашигладаг. Харин эдийн засагчид үүнийг тэгш бус байдал гэж нэрлэдэг.

1970-аад оны үед бол жагсаал хавьгүй өөр харагдах байлаа. Мэдээж хэрэг төгсгөл хэсэгт чи аваргуудыг олж харах ч тэд өнөөдрийнх шиг үлэмж хэмжээтэй байгаагүй. Мөн чи ихэнх хугацаанд өөрөөсөө намхан хүмүүс рүү ширтэн, газар шагайж зогсохгүй байх байв. Хүн амын орлого хавьгүй тэгш байжээ. Энэ үеэс хойш баячууд бусдаасаа улам илүү орлого олж эхэлсэн юм. 1970-аад оны үед Америкийн хүн амын хамгийн баян 1% үндэсний орлогын 10% олдог байсан бол энэ зууны эхний арван гэхэд тэдний орлого үндэсний нийт орлогын 50% хүрчээ.

Олон хүн тэгш бус байдал хэтэрхий илт болж буйд санаагаа чилээдэг. Өнгөрсөн хэдэн жилүүдэд Occupy хөдөлгөөн аварга биетнүүд буюу хамгийн өндөр орлоготой 1%-ын хурдацтай өсөлтийг эсэргүүцэн жагсаж байна. Томоохон хотод эсэргүүцэгчид их сургуулиудын гадаа майхан барин байрлаж, өсөн нэмэгдэж буй тэгш бус байдлын шалтгаан, түүнийг бууруулахын тулд юу хийж болох талаар маргана. Эдийн засгийн профессорууд ч энэ маргаанд нэгджээ. Францын эдийн засагч Томас Пикетти (1971) баян иргэдийн орлогын өсөлтийг шинжилж, нийгмийн бусад хэсгээс түрүүлсэн, хэт хурдтай энэ өсөлтийн үр дагавраас болгоомжилсон “Хорин нэгдүгээр зууны капитал” хэмээх номоо 2014 онд хэвлүүлсэн билээ.

Тэгвэл энэ аваргууд хэрхэн бий болсон бэ? Карл Маркс тэд бол мөнгө олохын тулд ажилчдыг мөлждөг, капиталистууд хэмээсэн бол Иозеф Шумпетер тэднийг эрсдэлээс айдаггүй зоригтой хүмүүс, аз нь ирсэн учраас л тэд баян болсон хэмээн мэтгэж байв. Уламжлалт эдийн засгийн тайлбар бага зэрэг уйтгартай. Хүмүүсийн орлогын эх үүсвэр болсон цалин хэрхэн тогтдог вэ гэдэг хамгийн чухал асуулт юм. Эдийн засагчид ажилчид үйлдвэрлэлийн явцад оруулсан хувь нэмрээрээ цалинждаг гэж үздэг. Боловсролтой хүн бүтээмжийг нь дээшлүүлэх ур чадварыг эзэмшсэн байдаг. Иймд тэд илүү орлого олдог. Сүүлийн хэдэн арваны туршид технологийн дэвшил энэ нөлөөг улам хурцалжээ. Компьютерын програмчлал эсвэл инженерээр мэргэшсэн хүн илүү их орлого олж чаддаг бол цэвэрлэгч, бургерийн тогооч зэрэг ур чадваргүй ажилчид ард хоцродог.

Харин Пикети энэ бүхэн тийм ч энгийн биш гэж үзсэн юм. Тэр аварга биетнүүдийн үлэмж орлого тэдний бүтээмжтэй холбоогүй хэмээв. Модчины бүтээмжийг тодорхойлох тун амархан. Өдөр бүр хэдэн мод унагаасныг нь тоолоход л хангалттай. Тэгвэл Тоёота зэрэг аварга компаниудын гүйцэтгэх удирдлагын хувь нэмрийг хэрхэн тооцох вэ? Тоёотагийн үйл ажиллагаа дэлхий даяарх мянга мянган ажилчдын хүчин зүтгэлээс хамаардаг. Энэ нөхцөлд тэдний аль нэгнийх нь бүтээмжийг олж тодорхойлох амаргүй. Пикетти компанийн удирдлагын цалин тухайн компанийн соёл уламжлал, өмнө нь удирдлагадаа өгч байсан цалингийн хэмжээнээс хамаарч байдаг гэж үзсэн юм.

Тэгш бус байдлыг бий болгодог өөр нэг хүчин зүйл нь хүмүүсийн эзэмшиж буй байшин, хувьцаа, бизнес, газар зэрэг баялаг юм. Орлого баялгийг нэмэгдүүлэх ч эдгээр нь нэг ойлголт бишээ. Багахан тэтгэвэртэй ч үнэтэй байшинтай хүний орлого бага байх ч баялаг нь их байна. Баячууд үлэмж хэмжээний баялаг эзэмшдэг. Билл Гейтс, Уоррен Баффетт нарын хөрөнгө нь хэдэн тэрбумаар хэмжигдэх баячууд үүний нэг жишээ.

Пикетти эд хөрөнгө улам бүр өсөн нэмэгдэж байдаг тухай “капитализмын түүхэн хууль” гэх ойлголтыг боловсруулсан юм. Газрын түрээс, хувьцаа болон бизнесийн ашиг гэх мэтчилэн хүн баялгаа ашиглан орлого олдог. Хэрэв чи 10 сая долларын үнэ бүхий газар, хувьцаа, бизнес эзэмшдэг, эдгээрээс жилд 1 сая долларын орлого олдог бол чиний хөрөнгийн өгөөжийн түвшин 10 хувь байх болно. Пикетти түүхийн турш хөрөнгийн өгөөжийн түвшин эдийн засгийн өсөлтийн хувиас өндөр байгааг олж харсан юм. Эдийн засгийн өсөлт 3 хувь байхад чиний баялаг 7 хувиар буюу эдийн засгийн гарцаас илүү хурдан нэмэгдэж байдаг гэсэн үг. Ажилчдын цалин эдийн засгийн гарцын дагуу тооцоологддог бөгөөд эдийн засаг өсөж, бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх үед өсдөг. Хөрөнгийн өгөөж эдийн засгийн өсөлтөөс хурдтай өсдөг учраас ажилчдын цалин чиний 10 сая доллар шиг хурдан өсөхгүй. Пикетти эдийн засгийн өсөлт g болон өгөөжийн түвшин r-ийг нэгтгэн харуулсан r>g томьёог боловсруулсан юм. (Пикеттигийн ном ихэд алдаршинаас зарим хүн r>g гэсэн бичиг бүхий пудволк өмсөх болсон юм) Пикетти дээрх томьёо 1970-аад оноос хойш Америкийн эдийн засагт хүчинтэй үйлчилсэн болохыг тогтоожээ. XXI зуунтай золгох үед Америкийн хамгийн баян 1% үндэсний нийт баялгийн гуравны нэг орчмыг эзэмшиж байв.

Эдийн засагчид заримдаа орлогын хуваарилалтад анхаарал хандуулдаггүй хэмээн шүүмжлүүлдэг. Тэдний зарим нь нийтээрээ өлөн зэлмэн бөгөөд тэгш нийгмээс цөөнх нь бусдаасаа хавьгүй илүү баян нийгэм илүү дээр гэж үздэг. Орчин үеийн эдийн засгийн сургуулиудын дийлэнх нь хуваарилалт биш үр ашгийн тухай байдаг. Бид 25-р бүлэгт Анхны сайн сайхны онолыг боловсруулсан Кеннет Эрроу болон Жерард Дебрё нартай танилцсан. Энэ онол ёсоор бүх нөөц үр ашигтайгаар зарцуулагдах үед зах зээл хамгийн үр ашигтай ажилладаг. Онолын гол асуудал нь бүх л үр дүн тэр байтугай тэгш бус байдал ч үр ашигтай байж болох юм. Эрроу болон Дебрё нар өөр нэг зүйлийг баталсан. Бүх л үр ашигтай үр дүнгүүдээс орлогыг тэгш хуваарилсан үр дүнг нь нийгэм илүүд үзсэн гэж төсөөлөөд үзье. Тэгвэл хэрхэн зах зээлийг ёврон тийш чиглүүлж болохыг тэд тайлбарласан юм.

Зах зээлийг ёврохын тулд засгийн газар баян иргэдээс авсан нөөцөө ядуу иргэдэд өгөх замаар дахин хуваарилалт хийх хэрэгтэй. Гэвч энэ нь хүмүүсийн эдийн засгийн шийдвэрт, ялангуяа хир зэрэг хүчин чармайлт гаргах тухай шийдвэрт нөлөөлж, зах зээлийг үймүүлдэг. Тэгэхээр зорилгодоо хүрэхийн тулд засгийн газар хүмүүсийн зан төлөвт нөлөөлөхгүйгээр нөөцийг шилжүүлэх ёстой. Ингэж чадвал зах зээл үр ашигт байдлаа хадгалж, нийгэм ч тэгш хуваарилалтад орно. Гэвч амьдрал дээр үүнийг хэрэгжүүлэх нь бараг л боломжгүй. Засгийн газрын дахин хуваарилах цор ганц арга зам нь баян иргэдийн орлогоос авсан татвараа ядууст өгөх. Эдийн засагчид хэт өндөр татвар нь хүмүүсийн зан төлөвт нөлөөлнө гэдэгт санаа зовдог. Нэгэнт орлогынхоо зарим хэсгийг татварт алдаж байхад яагаад хичээл зүтгэл гарган ажиллах ёстой гэж. Эдийн засагчид үр ашигт байдал ба шударга байдал хоёрын алийг нь сонгох вэ гэдэг талаар маргадаг. Зах зээл үр ашигтай байдгийг Анхны сайн сайхны онол харуулсан. Гэтэл засгийн газар орлогыг дахин хуваарилж, зах зээлд оролцсоноор түүний үр ашигт байдлыг алдагдуулдаг. Үр дүнд нь дахин хуваарилалт тэгш бус байдлыг улам ч гааруулж, эдийн засгийн өсөлт удааширна. Баячуудаас хувин дүүрэн баялаг аваад ядууст тараахаар явж буй дүр зургаар энэ асуудлыг дүрсэлж болно. Ингэж зөөх үед хувинтай чинь халгиж асгарна. Нийгэм хэрхэн үр ашигт байдлаа алдалгүйгээр шударга ёсыг бий болгох вэ?

Британийн эдийн засагч Энтони Аткинсон (1944–2017) асуудлыг хэт томруулж хараад байна гэж үзсэн юм. Анхны сайн сайхны онол нь амьдрал дээр хэрэгждэггүй. Өөрөөр хэлбэл зах зээл өөрөө үр ашигтай байдаггүй учраас ахин хуваарилалтаас болж алдагдах үр ашигт байдал гэж угаасаа байхгүй. Зах зээл ихэнх тохиолдолд үр ашиггүй байдаг. Өөрөөр хэлбэл чиний хувин угаасаа л цоорхой байсан хэрэг. Ажил олгогч ажилчидаа хэрхэн ажиллаж байгааг ажиглаад байж чаддаггүй нь үүний нэг жишээ юм. Энэ тохиолдолд өндөр цалин ажилчдын хүчин чармайлтыг нэмэгдүүлж, үр ашигт байдлыг сайжруулах боломжтой. Цалингийн доод хэмжээ тэгш бус байдлыг бууруулж, үр ашигт байдлыг нэмэгдүүлж чадна гэж Аткинсон үзсэн юм. Тэгш байдал ба үр ашигт байдал хамтдаа сайжрах боломжууд ч бий. Эдийн засагчид заримдаа тэгш бус байдлаас болоод хүмүүс баян болох найдвартайгаар хөдөлмөрлөдөг гэж үздэг. Гэвч тэгш бус байдал туйлдаа хүрэхэд тэдний найдвар талаар болдог. Энэ тохиолдолд хүмүүс тэгш бус байдлаас хөдөлмөрлөх урам зориг авах биш харин ч эс хүрэх мөрөөдлөөсөө болоод цөхөрдөг. Эдийн засгийн бүтээмж мөн эрүүл, боловсролтой ажиллах хүчнээс хамаарч байдаг. Хүн амын дийлэнх хэсэг эрүүл мэндийн үйлчилгээ хүртдэг, боловсролдоо зориулан хөрөнгө оруулах боломжтой тохиолдолд л энэ нөхцөл биелнэ.

Гүнзгий тэгш бус байдал шударга бус, эсвэл эдийн засгийн үр ашигт байдалд сөргөөр нөлөөлж байдаг бол бид энэ талаар ямар нэгэн зүйл хийж чадах уу? Пикетти тийм гэж хариулдаг. Тэгш бус байдлын зарим хэсэг нь нийгмийн хийсэн сонголтын үр дүн юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засгийн өсөлт өндөр байхад засгийн газар баячуудаас өндөр татвар авч байлаа. Өндөр g (өсөлт) бага r (хөрөнгийн өгөөж) тэгш бус байдлыг бага түвшинд барьж байсан юм. 1970-аад оноос засгийн газар хөрөнгийн татварыг бууруулж, r-ийн өсөх замыг нээсэн билээ. Дэлхийн санхүүгийн хямралын дараах эдийн засгийн өсөлт буурсан он жилүүдэд r ба g-ийн ялгаа улам нэмэгдэж, тэгш бус байдал гаарсан. Дараа нь засгийн газар олон нийтийн үйлчилгээний төсвийг танаж, зардлаа хумьснаар ядуусын амьдралыг улам ч хүндрүүлсэн. Энэ нь эдийн засгийн өсөлт үргэлжлэн удааширч, тэгш бус байдал өсөн нэмэгдэх шалтгаан болсон юм. Томас Пикетти тэгш бус байдал гаарсан нь эдийн засгийг хэрхэн удирдсантай холбоотой юм бол эргүүлээд тэгш байдлыг бий болгох хүч ч бидний л гарт байна гэсэн үг хэмээдэг.

Аткинсон ч Пикеттитэй санал нийлдэг. Тэр цалингийн доод түвшингийн хэмжээтэй хамтаар тэгш байдлыг дэмждэг технологийг дэмжих ёстой гэж зөвлөдөг. Шинэ технологиуд бидний мэдлээс аль хэдийн гарсан гэж хэлэх амархан. Гэвч технологи үргэлж бидний сонголтын үр дүн байсаар ирсэн. Засгийн газар эмнэлэгт цаг авах автомат систем нэвтрүүлбэл хүлээн авагчид ажлаа алдаж, тухайн системийг бүтээсэн инженерүүд их хэмжээний мөнгө олно. Засгийн газар шинэ систем хөгжүүлэхийн оронд илүү үр ашигтай ажиллах чадвартай хүлээн авагч нарыг сургахад мөнгө зарцуулж болно. Энэ шийдэл ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар тэгш байдлыг дэмжинэ (Эмнэлэг дээр хүнтэй ярилцах боломж олгосноороо энэ шийдэл үйлчлүүлэгчдийг ч илүү жаргалтай болгож болох юм). Тэгвэл Пикеттигийн r>g томьёо яах вэ? Эдийн засгийн өсөлтийг хөрөнгийн өгөөжийн түвшнээс өндөр байлгах замаар тэгш бус байдлыг бууруулах боломж бий юу? Пикетти үгүй гэж үздэг. Тэр тэгш бус байдлыг бууруулахын тулд хөрөнгийн өгөөжийг бууруулах хэрэгтэй гэж зөвлөдөг бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүст зориулсан олон улсын татварыг санал болгодог. Тэгвэл ийм татвар нэвтрүүлэх боломж бий юу? Дэлхий дээрх тэдгээр аварга биетнүүдийн эрх мэдэл ба нөлөөг тооцож үзвэл бараг л үгүй.

--

--