ТӨМӨР САР ТӨГСГӨЛ

Achugan. N
SPECTRE MONGOLIA
Published in
3 min readSep 7, 2022

Би Шюй Лижы ажиллаж байсан Фокскон үйлдвэр нь байрлах Шэньжэньд амиа егүүтгэсэн мэдээг дуулснаасаа нэг их удаагүй байхдаа “ажилчдын яруу найраг” гэх үгтэй анх таарсан юм. Түүний амиа хорлолт Хятадын төдийгүй олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг нэлээдгүй татсан билээ. Бид бүгдийн өдөр тутам хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд хэрхэн бүтдэгийг илчилж өгсөн нь түүний үхэл ингэж олон нийтийн анхаарлыг татах нэг шалтгаан болсон бизээ. Бидний хэрэглэдэг эдгээр объектуудын зарим хэсэг Шюй Лижыгийн нэгэн адил хүмүүсийн гараар бүтдэг.

Авьяаслаг яруу найрагч, кино найруулагч, шүүмжлэгч Чинь Шяоюй надтай холбогдож, Ү Фейюэтэй хамтран найруулж буй кинонд нь зориулан ажилчин яруу найрагчдын шүлгүүдээс орчуулж өгөхийг хүссэн юм. Тэр үед Шюйгийн түүх хийгээд Хятадад таардаг эгэл ажилчид санаанд минь орж билээ. Тэд гудамж цэвэрлэж, баригдаж буй барилга дээрээ унтаж, хотуудад бараа таваар тээвэрлэн хүргэж, зоогийн газар эсвэл оффисын шал угаадаг. Тэд, тэдний амьдралын нөхцөл, туулж буй бэрхшээл зовлон нь ажигч нэгний нүдэнд илхэн байдаг. Гэвч Төмөр сар кинонд ажиллаж эхлэх үедээ миний мэдэхгүй хичнээн их зүйлс байсныг анзаарсан билээ. Хятадын ядуу ажилчид, ялангуяа цагаач ажилчдын амьдралын ихэнх хэсэг бидний нүднээс далд өнгөрдөг.

Эдгээр шүлгүүд болоод Төмөр сар баримтат кино та бүхнийг цагаач ажилчдын орон гэр, ажлын байр, хүсэл мөрөөдлөөр аялуулж, тэдний тогтмол нүүр тулдаг өдөр тутмын амьдралын аюул осол хийгээд ичгүүр шившгийн зах зухаас мэдрүүлэх болно. Бидний ихэнх нь тэдний ажлын байр руу нэвтрэх боломжгүй учраас би далд гэсэн үгийг сонгосон юм. Газар доорх уурхай, халуун чийгтэй хувцасны үйлдвэр, электрон бараа, будаг, гутал, хуванцар сав гээд наран доорх бүх л барааг үйлдвэрлэх тэдгээр үйлдвэрүүд… Эдгээр үйлдвэрүүд бохир заваан, аюул ослоор дүүрэн учраас албаар олон нийтийн нүднээс далд байлгадаг. Энд өвчин зовлон, үхэл осол тогтмол тохионо. Үүнээс гадна эзэд нь ч үйлдвэр уурхайгаа олны нүднээс далд байлгаж, ажилчдынхаа нөхцөл байдлыг нуух хангалттай олон шалтгаантай.

Яруу найрагч Чень Няньши хэт чанга дуу чимээн дундах өндөр эрсдэлтэй уурхайн тэсэлгээчээр 20 жилийн турш ажиллажээ. Тэр Төмөр сар кинонд ээж нь хамгийн сүүлийн шатандаа орсон хорт хавдартайг дуулж, ээжээс нь хойш бүх бие нь мэдээгүй болсон аавыгаа ганцаар үлдэх нь гэдгийг мэдсэн тэр шөнийнхөө тухай дурсан ярьдаг. Кинонд түүний “Тэсэлгээний тэмдэг” шүлгийн хэдэн мөрийг ашигласан билээ. “Би гурван тоннын тэсрэх бодис тээж явна/Энэ одоохондоо аюулгүй/Өнгөрсөн шөнө/Би яаг л хад чулуу мэт дэлбэрсэн.” Хүний хүсэл тэмүүлэл, өвдөлт, үргэлжлүүлэх эр зоригийн тухай үүнээс илүү хүчирхэг илэрхийлэл бий гэж үү?

Би киноны хадмал орчуулга болон шүлгүүдийг орчуулж дууссаны дараа Чинь Шяоюй надтай ахин холбогдож, ажилчин яруу найрагчдын шүлгийн түүврийг англи хэл дээр гаргах санаагаа хэлсэн юм. Тэр даруйд нь л би зөвшөөрсөн. Үүний шалтгаан ч энгийн. Кино бүтээх үеэр таван яруу найрагчтай найман сар хамтран ажилласны дараа би илүү ихийг мэдэхийг хүсэж байлаа. Тэдний бас бусад ажилчин яруу найрагчдын, миний гар утас, хувцас хунар хаанаас ирдэг талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байлаа. Энэхүү даяар дэлхий ертөнцөд хувцасны шүүгээнд эгнэх хувцас, тавиур дүүргэх элдэв эд зүйлсийн ардах түүх, аварга том үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, бусад хүмүүс хэрхэн амьдарч буй хийгээд бидний өдөр тутамдаа ухмсаргүй шахам оролцдог эдийн засгийн талаар илүү ихийг олж мэдэх нь надад үүрэг мэт санагдсан билээ.

Энэ номд багтсан шүлгүүд надад ийм боломжийг олгосон. Зарим шүлэг нь таныг цочирдуулж, тавгүйтүүлж бүүр уурыг тань ч хүргэж мэднэ. Мөн танд таны амьдарч буйгаас тэс өөр ертөнцийг харуулах болно. Гэвч эдгээр шүлгүүдээр бид өөрсдийнхөө бас амьдран буй хорвоо ертөнцийнхөө гүнд нь нэвтэрч чадна.

Элеонар Гүүдман

--

--