ХАМГИЙН ХҮМҮҮНЛЭГ БУРХАН

Achugan. N
SPECTRE MONGOLIA
Published in
6 min readNov 30, 2020

Өнгөрсөн долоо хоногт бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин хэмээн олноо өргөгдсөн Диего Марадоно таалал төгсөж, зөвхөн спортын ертөнц төдийгүй дэлхий дахин уй гашуундаа автлаа. Марадона, үгүй Пеле шүү дээ, Роналдо бүгдээс илүү гэхчлэн бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчний сэнтийн төлөөх эцэс төгсгөлгүй хийгээд учир утгагүй маргаан шүтэн бишрэгчдийн дунд үл тасарч, спортын сэтгүүлчдийн хувьд мөнхийн сэдэв болдог. Гэвч миний хувьд бүх цаг үеийн шилдэг Марадона байсан, байсаар байх болно.

Кустурицагийн Марадона баримтат киноны үеэр тэр өөрт зориулсан дуугаа дуулж байна. Кустурица нэгэнтээ “Би хоёр хүний тухай л баримтат кино хийхийг хүсдэг. Эхэийх нь Сартр, хоёрдахь Марадона. Сартр үхсэн болохоор сонголт хийх гэж нэг их ядаагүй” хэмээсэн байдаг.

Замналынхаа туршид түүнээс олон гоол оруулж, түүнээс илүү олон цом хүртсэн хөлбөмбөгчид цөөнгүй. Магадгүй түүнээс илүү авьяас чадвартай тоглогчид ч ногоон талбайд байсан байх. Гэвч Буэнос Айресын ядуу хороололд төрсөн, бяцхан хүүгийн сонгосон зам, үгүй магадгүй хувь тавилангаас түүнд зориулж зурсан зураг нь түүнийг бусад шилдгүүдээс толгой илүү гаргасан юм. Тэр зөвхөн хөлбөмбөгийн эсвэл спортын билэг тэмдэг байсангүй. Тэр ноёрхогч тогтолцооны эсрэг хувьсгалч үзэл санааны амьд биелэл, дарлагдсан ядуусын дуу хоолой, залуусыг итгэл найдвараар тэтгэгч нь байв.

АЦТЕКИЙН ГООЛУУД

Эргэн дурсацгаяа. Хөлбөмбөг гэсэн тоглоомын тухай ярих бүрд хоёр гоол хүн бүрийн санаанд ордог байх. Эхнийх нь маргаан дагуулсан бурхны гар, хоёрдахь нь маргашгүй зууны манлай гоол. Энэ тоглоомын түүхэнд бурхны гараас ч илүү маргаантай, зууны гоолоос ч илүү гоёмсог гоолууд орж байсан байж мэднэ. Гэвч энэ хоёр гоол л бусдаас илүүтэй дурсагддаг. Учир нь энэ хоёр гоолыг контекст нь бусад мянга мянган гоолтой эгнэшгүй болгодог.

Тэр үүнийг бурхны гар хэмээн нэрлэсэн юм.

Энэ хоёр гоол хоёул Английн багийн хаалганд орсон. Англи бол энэ тоглоомын эх орон. Тэд энэ тоглоомыг дүрмийг зохиож, дэлхий даяар түгээн дэлгэрүүлсэн. Нэг үгээр тэд энд тоглоомыг дүрэм зохиогчид (Establishment). Англи бол империалист гүрэн. Фолкленд арлын төлөөх Англи Аргентины хоорондох дайн энэ тоглолтоос 4 жилийн өмнө болоод байв. Тэд энд империализмыг билэгдэж байна. Түүний бурхны гар буюу гараараа оруулсан гоол нь энэ тоглоомын дүрмийг илтэд зөрчсөн. Тиймдээ ч Марадонаг бурхан болсны дараа ч 1986 оны английн шигшээгийн тоглогчид түүнийг уучилдаггүй. Гэвч энэ нь нөгөө талаараа тоглоомын дүрмийг зохиогчдын, ноёрхогч хүчний эсрэг тэдний тогтоосон дүрмийг зөрчин оруулсан дарлагдагч талын гоол, хувьсгал бослого байлаа. Гэхдээ ингээд л бүх зүйл дуусчихсан бол Марадона өнөөдөр зүгээр л зальтай латин америк зулбасга байх байв. Гэхдээ ингээд л бүх зүйл дуусахыг Марадона (магадгүй бурхан) зөвшөөрсөнгүй. Дөрвөн минутын дараа энэ хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн уран гоё гоолыг мань эр тэгвэл май чи гэсэн шиг нэмсэн юм. Ноёрхогч хүч, империализмын эсрэг тэмцэлд хүн төрөлхтөн бодит амьдрал дээр ялалт байгуулж чадаагүй л байна. Гэвч Диего бидний өмнөөс хөлбөмбөгийн талбайд ялж чадсан юм. Энэ бүхнийг нүдээр үзэж байсан Мексикийн (колоничлол, империализмын хөлд зүдсэн өөр нэг гуравдагч ертөнцийн улс) Ацтек (Колоничлолоос өмнөх уугуул нутгийнхны улсын нэр) цэнгэлдэх дэх зуун арван мянган үзэгч (Ихэнх нь Латин Америкчууд байсан бизээ) үнэнхүй дур ханасан нь ойлгомжтой.

НЕАПОЛИЙН БУРХАН

Анх хөлбөмбөг сонирхож байх үедээ яагаад дэмждэг баг нь хожиж хожигдохоос шалтгаалж, уйлж, инээж, үймээн тарьдагийг төдий л ойлгодоогүй, хэт дэврүүн үйлдэл мэт санагддаг байлаа. Харин аажимдаа хөлбөмбөг, дэмждэг баг, шүтдэг тоглогч гэдэг нь бурхан шүтээн, шашин, мансууруулах бодис, ер нь амьдрал тэрчигтээ байх боломжтойг ойлгосон юм. Хөлбөмбөг бол газрын теннис, морин уралдаан, гольф биш. Хөлбөмбөг саяхныг хүртэл шавар шалбааганд өнхөрч, нэг нэгнээ гэмтээхүйц бүдүүлэг алдаа хийдэг, ажилчин ангийнхны, ядуусын, бохир спорт байлаа. Хөлбөмбөг тоглоход чамд их зүйл хэрэггүй. Ердөө л бөмбөг эсвэл түүнийг орлуулах ямар нэг зүйл, тэгээд бяцхан зай талбай л хэрэгтэй. Ийм ч учраас хөлбөмбөг дэлхийн хэмжээний цор ганц спортын төрөл болсон бизээ. Дэлхийн өнцөг булан бүрд шар нар бор хоногийг гундуухан өнгөрөөх, ирээдүйд итгэх итгэл найдвараа хэдийн гээсэн ажилчин ангийнхан, ядуусын хувьд долоо хоног бүр дэмждэг багийнхаа тоглолтыг үзэх нь өмнөх амьдралаа түрхэн мартагнах мансуурал нь, аз жаргал нь болдог бизээ.

Марадона 2005 онд Неапольд зочилж байна

1986 он түүний замналын цор ганц чухал цэг байгаагүй . Үүнээс хоёр жилийн өмнө тэр дэлхийн шилдэг клубуудын нэг Барселоныг орхиж, Неаполийг зорьсон билээ. Неаполийн баг өнгөрсөн хоёр жилд нь хүснэгтийн сүүл мушгиж золтой л доод лиг руу уначихалгүй тэсэж үлдээд байв. Сурреал уран барилгуудаараа зартай, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг гэгддэг Барселонад тэр ердөө л Судака (Бараан арьстай өмнөд америкчуудыг дууддаг Каталоны доромж нэршил) байв. Харин тоос шороо бужигнасан ядуу Неаполиос тэр төрж өссөн Буэнес Айресээ харж байв. Марадонаг Неапольд авч ирэхээр ятгаж чадсан Неаполийн спорт хариуцсан захирал, ядуусын хорооллоос гаралтай клубын домгуудийн нэг Антонио Хулиано “Чи энд ирвэл амьд бурхан болно, манай хотынхон чиний төлөө үхэхэд бэлэн байх болно” хэмээсэн гэдэг. Үнэхээр ч хожим Неапольчууд Эзэнд зориулсан залбирлын үгийг өөрчлөн “Ногоон талбайг эзэгнэгч Марадона, Таны ариун нэрийг аравнайлъя. Эзэнт улс Неаполио цомын зүгт замчилаач” хэмээн дуулж байв. 1990 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсад зохиогдоход шөвгийн дөрвийн тоглолт Неаполь хотод болохоор төлөвлөгдөөд байв. Гэтэл хувь заяаны шоглоомоор Аргентин Итали улсууд шөвгийн дөрөвт оноолт таарсан билээ. Неаполийн хөгжөөн дэмжигчид энэ тоглолтын туршид шигшээ багаа биш Марадонаг дэмжиж байсан гэдэг. Марадонаг бурхан болсон үдэш Наполигийн твиттер хуудас “Хүн бүр биднийг үгийг хүлээж байгааг мэдэж байна. Гэвч энэ их уй гашууг дүрслэх үгс бий гэж үү? Одоо бол уйлах цаг. Гашуудлын үг хэлэх мөч хожим олдоно биз” гэсэн жиргээ түүний энэ хотод үлдээсэн өвийг гэрчилнэ.

Неаполь өнгөрсөн тойргийн тоглолтод Аргентинийн шигшээ багийн өмсгөлөөс санаа авсан өмсгөлтэй тоглож Бурхандаа хүндэтгэл үзүүлжээ.

ӨМНӨД БА ХОЙД

Итали улс эдийн засгийн хувьд аж үйлдвэржсэн, баян, язгууртны хойд ба хөдөө аж ахуйн ядуу, тариачны өмнөд гэсэн хоёр туйлд гүн хуваагддаг. Нэгдсэн италийн анхны Ерөнхий сайд, Туринд (Хойд Итали) төрж өссөн, Кавур Ерөнхий сайдын албаа авсныхаа дараа анх удаа Өмнөд Италид зочилж үзээд “Бурхан минь энэ чинь Итали биш Африк байна” гэж дуу алдсан гэдэг. Энэхүү хуваагдал Диегогийн замналыг бусдаас онцгой болгох дараагийн хүчин зүйл нь байв. Өмнөд ба хойдын хуваагдал эдийн засаг, нийгэм, хөлбөмбөг гээд бүхий л талбарыг хамардаг. Хойдууд ядуу өмнөдийг террони буюу тариачид хэмээн нэрлэж, залхуу, шимэгч, боловсролгүй, бохир завааныг нь гайхаж, Араб, Африкчуудын үр хойч, мафийн өлгий гэнэ. Харин өмнөдүүд хойдуудыгаа хүйтэн сэтгэлтэй, шуналтай гэж үзнэ. Энэхүү газар нутгийн шинжтэй рацизмын гол золиос нь Неаполь байв. Марадонагийн Неаполийн өмсгөлтэй хийсэн анхны тоглолт нь хойд нутгийн Веронагийн эсрэг байв. Вероногийн фэнүүд “Италид тавтай морил Неаполь” гэсэн алдарт лозунаа (Неаполь бол Итали биш хэмээн доромжилсон утгатай) барьсан байсан нь Марадоног гайхшруулсан гэдэг. Үүнээс гадна “Явж нүүрээ угаа”, “Тахлын уурхай”, “Тэднийг Везувий угаах болно” гэх мэт Неапольчуудад зориулсан хэлцүүд Италийн хөлбөмбөгт эдүгээ ч түгээмэл. Диего энэ тухайгаа “Бүгд биднийг үзэн яддаг байв. Гэвч энэ бүхэн намайг хамгийн сайн чаддаг зүйлээ хийхэд түлхсэн: тэмцэх!” хэмээн дурссан байдаг.

Неаполийн ажилчин анги, ядуус бөөнөөр амьдардаг дүүргүүдэд Марадонагийн хөргийг дүрслээгүй хана олоход бэрх.

Өмнөдийн хөлбөмбөг дэх хамгийн тод дуу хоолой нь гадуурхагдаж, доромжлогдсон, ажилчин ангийн Неаполь бол хойд нутгийн нүүр царай нь Ювентус. Фиат корпорацийн эзэмшигч, Италийн хамгийн баян гэр бүлүүдийн нэг Анеллигийн үүсгэн байгуулсан Ювентус Италийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 36 удаа түрүүлсэн, улстөр дэх нэр нөлөө, халаасан дахь мөнгөө ашиглан шүүгчдийн худалдан авдаг гэдгээрээ зартай тоглоомын дүрэм зохиогчид байв. Диегогийн манлайлал доор Неаполь хоёр удаа Италийн аварга, нэг удаа Европын клубуудын аварга болж, Неапольчуудын хөлбөмбөгийн талбай дээрх, талбайн гаднах гомдол цөхрөл, үзэн ядалт аз жаргал, бахархал, өөртөө итгэх итгэлээр солигдсон билээ. Неаполь Италийн аваргад 1987 онд анх удаагаа түрүүлэхэд хотын хамгийн том оршуулгын газар “Та нар юу алдсанаа төсөөлөх ч үгүйдээ” гэсэн бичээс хадсан байсан гэдэг. Диегогоос хойш эдүгээг хүртэл өмнөдийн баг ахиад Италийн аварга болоогүй л байна.

Дотны анд Кастродоо түүний дүр бүхий шивээсээ үзүүлж байна.

Диегогийн замнал дандаа дардан байсангүй. Мансууруулах бодис, бие үнэлэгчид түүний амьдралын нэг хэсэг байв. 1994 оны дэлхийн аваргаар шээсний шинжилгээнээс нь мансууруулах бодис илэрснээр тэмцээнээс хасагдаж, мансууруулах бодис тээвэрлэсэн хэргээр шалгагдсан ч удаатай. Неапольд өнгөрүүлсэн он жилүүддээ мансууруулах бодисын хэрэглээгээ нуухын тулд сэргээшийн шинжилгээний үеэр бусдын шээс ашигладаг байсан ч гэдэг. Нэгэн сэтгүүлчийн бичсэнчлэн “Тэр төгс байгаагүй. Тэр харин жинхэнэ байсан юм. Яаг л бид нар шиг. Тийм ч учраас ард түмэн түүнд хайртай байв.” Тэр одоогийн одууд шиг бүх зүйлд зөв байж, брэнд имэждээ сөргөөр нөлөөлөхөөс айж байсангүй. Зүүний үзэл санаагаа ил илэрхийлж, хурц үгс чулуудаж, заримдаа ч хүүхдийн мэт авирладаг байв. Шилбэндээ Кастрогийн, цээжиндээ Чегийн зургийг шивүүлж, Чавез, Моралесийг дэмжин хөлбөмбөгийн тоглолт зохион байгуулж, Палестины тусгаар тогтнолыг дэмждэг байв. Олон ч зүүний үзэлтнүүдийн хувьд Чег анх удаа Марагийн цээжин дээрээс харсан бизээ. Ромын паптай уулзсаныхаа дараа “Алтан таазтай байшинд амьдардаг атлаа ядуу орнуудад айлчилж, хүүхдүүдийг нь үнэсэхээсээ ичих ёстой” хэмээж байв. Энэ бүхэн нь түүнийг хөлбөмбөгчин гэдгээс нь ч хэтийдүүлсэн юм. Месси шиг эсвэл Роналдо шиг хөлбөмбөгчин ахиад төрнө гэж төсөөлж болох. Харин Марадонаг хэрхэн төсөөлөх билээ.

--

--