ЗАЛУУ НАСЫГ БАСААД НЭМЭРГҮЙ | PUpodcast S3

PU
Start Company
Published in
7 min readMar 2, 2020

--

Үргэлж орчин үеийн залуустаа зориулж мэдлэг, туршлага өгөх мэдээллүүдийг сонирхолтой сэдвийн дагуу хүргэдэг PU подкастын 3-р улирал эхлээд ийнхүү талдаа оржээ. Бидний бүтээж байгаа подкастын дугаар бүрд өөрийн салбар, чиглэлдээ зогсолтгүй хөдөлмөрлөж буй залуус оролцдог гэдгийг та бүхэн минь мэднэ байх. Тэгвэл энэ удаагийн цуврал нийтлэлээрээ 3-р улирлын эхний хагаст зочноор оролцсон БАДРАНГУЙ залуусын ярьсан өвөрмөц сэдвүүдийн багцыг хүргэж байна.

Ухаалаг хөдөлмөрлөж урагшаа давших нь #1 Хулан

“Хулангийн хувьд одоогоор бидний сайн мэдэх Ublife-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү подкастаар өрийн үзэл бодол, хөдөлмөр, хүсэл тэмүүлэл үнэртсэн туршлагаасаа хуваалцсан билээ.”

Үе хоорондын ялгааг ойлгох

Өнөөгийн нийгэмд олон үеийн залуучууд хамтдаа хөдөлмөрлөж, нэг дор ажиллаж явна. Тэр ч утгаараа тэдний мэдээллийг олж авах, цаашлаад ажлыг гүйцэтгэх арга барил хүртэл өөр өөр байдаг. Сүүлийн үед Z үеийнхэн л нийгмийг өөрчилнө. Өмнөх үеийнхэн хоцрогдсон гэх мэт хандлагууд хүчтэй газар авах болсон. Гэвч энэ нь нэг талаас үнэний ортой боловч, нөгөөтээгүүр Z үеийнхнийг хэт хоосон хөөргөх, үе хоорондын харьцаа хамаарлыг улам бүр холдуулж, зааглах зэрэг сул талуудтай. Ер нь ямар ч нийгэм, улс орныг ганцхан үе дангаараа өөрчилсөн түүх байдаггүй. Энэ үеүүд ойлголцож, өөрсдийн давуу болоод сул талуудыг хүлээн зөвшөөрсөн цагт л нийгэм даяараа хурдтайгаар урагш алхаж чадна.

Утга учиртай хөдөлмөрлө

Бид өдөр бүр л их бага хэмжээгээр хөдөлмөрлөж байдаг. Гэвч зарим тохиолдолд энэ бүх хөдөлмөр талаар болж, нуран унаж болно. Хөдөлмөр бүхэн ямар нэг зүйлд хүргэнэ гэвэл бас өрөөсгөл ойлголт юм. Оюутан сурагчдын хувьд хичээлээ өдөр шөнөгүй хийгээд л байдаг гэвч юунд ч хүрэхгүй байх нь элбэг. Энэ үед тэд “Би үнэхээр хичээсэн шүү дээ” гэж гомдоллож эхэлдэг. Тэгэх ч ёстой. Гэхдээ чиний хийж байгаа хөдөлмөр чинь утга учиртай байх хэрэгтэй. Эс бөгөөс тэр их үр дүнгүй хоосон хичээл зүтгэл эцэстээ гомдол, шаналал, бууж өгөлтөөр дуусна. Тэгэхээр юунд өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулах вэ гэдэг хамгийн чухал. Би ингэж их хичээл зүтгэл гаргаснаараа юунд хүрэх вэ? Юу сурч, юу мэдэж авах вэ? Энэ нь миний туйлын зорилготой нийцэж байна уу? зэргээр өөрөөсөө асуулт тавьж, үр дүнтэй зүйлсийн араас утга учиртайгаар хөдөлмөрлөөрэй залуусаа.

Хэрэв дээрх подкастын бүтэн хувилбарыг сонсохыг хүсвэл энд дарна уу.

Тархиа хурцалж тааруулж унш #2 Чанцаа

“Чанцаагийн хувьд одоогоор “HUMUUN” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү подкастаар залуустаа хэрхэн номыг зөв унших талаар нээлттэй ярьсан юм.”

Унших нь дарамт биш

Ном унших нь сонголт болохоос дарамт огтоос биш. Ном унших ёстой, энэ номыг уншвал ийм зүйлд хүрнэ гэх мэт ухуулгуудад гүнзгий автах хэрэггүй. Учир нь иймэрхүү зүйлсэд хэт их өртсөнөөс болж хүмүүсийн номд дурлах, номтой нөхөрлөх үйл явц хязгаарлагддаг гэж хэлж болно. Тухайлбал би ном уншихыг хүсэж байна уу хүсэхгүй байна уу? Ямар ном унших вэ? гэх мэт сонголтуудыг өөрөө биш олны нөлөөнд автаж хийснээс болж хүсэл сонирхол нь буурч, тухайн номоос ойлгох байсан зүйлсийг огт ойлгохгүй өнгөрөх тохиолдол гардаг. Нэгэнт л өөрийн мөнгө болон цаг хугацааг зарцуулж ном уншихаар шийдсэн бол сайн судалж сонголтоо зөв хийгээрэй.

Олон төрлийн ном унш

Ном бүр өөрийн гэсэн онцлог, хүргэх гэсэн санаа, суралцах асар олон хичээлүүдтэй. Тиймээс би зөвхөн хувь хүний хөгжил, зөгнөлт ном л уншдаг гэх мэтээр битгий өөрийгөө хайрцаглаарай. Харин “Хэрхэн хурдан баяжих вэ?” гэх мэт хэт их зааж зааварласан номоос татгалзах хэрэгтэй гэдгийг залуус маань надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Мөн эрүүл мэндийн холбогдолтой номыг нэг удаа уншихад насан туршийн хөрөнгө оруулалт болох тул сонсогчид доо санал болгомоор байна. Бас мэдээж юуны ч хариултыг олж болохоор гайхалтай уран зохиолын номууд бий. Тэдгээрийг ч бас олж уншиж, дулаан мэдрэмжүүдийг мэдрээсэй гэж хүсэж байна. Ямар ном унших сонголт таны гарт байгаа шүү.

Хэрэв дээрх подкастын бүтэн хувилбарыг сонсохыг хүсвэл энд дарна уу.

Арчаатай менежер ажлын бух #3 Б.Золбоо

“Золбоо нь MCS-ийн M project-д маркетингийн менежерээр ажилладаг бөгөөд энэхүү подкастаараа залуучуудад хэрэг сэдвүүдийн талаар ярилцсан билээ.”

Тухтай бүс дээ түр азна

Залуу хүний хувьд өдөр бүр л сурахыг, хөгжихийг эрмэлздэг. Өөрийн том зорилгодоо итгэж, өдөр бүрийг бүтээмжтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Гэвч энэ нь зарим тохиолдолд таныг дарамтад оруулж болзошгүй. Ингэх ёстой, тэгэх ёстой гэж өөрийгөө шаналгахаас илүүтэйгээр зүгээр л өнөөдөртөө төвлөрч урдах ажлаа сайн хийвэл хүрэх ёстой цэгтээ илүү хурдан хүрэх боломжтой. Мөн чухал шийдвэр гаргах үедээ тухтай бүс дээ илүү төвлөрөх хэрэгтэй. Учир нь сурах гэж, хөгжих гэж хичээж байх үед хүний тархи илүү их ажиллаж, зарим талаар стрессдэж байдаг. Тиймээс зарим тохиолдолд тухтай бүс дээ тайван, нухацтай бодож гаргасан шийдвэр онох магадлалтай.

Сайн менежер байх нь

“Сайн менежер хүн ажилчдаа илүү өндөр бүтээмжтэй ажиллуулж чаддаг” гэх үг байдаг. Тэгвэл менежер хүн товчхондоо асуудлыг шийдэх, шинэ санаа гаргах, урам зориг өгөх гэсэн 3 зүйлийг тултал хийдэг байх шаардлагатай. Шийдэх асуудлын хувьд заавал том байх албагүй жижиг ч байж болно. Харин шинэ санааг заавал менежер гэлтгүй хэн ч гаргаж болох бөгөөд түүнийг нь шүүмжлэх хэрэгтэй бол эрүүлээр шүүмжлээрэй. Мөн менежер хүний хувьд өөр түвшний хүмүүстэй ажиллаж сурах нь зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Өөрөөсөө доод түвшний хүмүүст үг хэлэх, эсвэл өөрөөсөө дээд түвшний хүмүүстэй тохиролцоо хийхдээ тэдгээрийн соёлыг сайтар судалж дүрмээр нь тоглох шаардлагатай болно.

Хэрэв дээрх подкастын бүтэн хувилбарыг сонсохыг хүсвэл энд дарна уу.

Залуу хүний заавал сурах ёстой соёл #4 Гүнбадрах

“Гүнбадрахын хувьд бүжиг гэдэг зүйлтэй 2007 оноос эхэлж зууралдсан бөгөөд 2012 оноос нийтийн латин бүжигтэй холбогдож, одоог хүртэл энэ чиглэлээр ажиллаж яваа мундаг залуусын нэг юм.”

Алсын зорилгоо тодорхойлох

Хүн өөрийнхөө алсын зорилгыг зөвөөр тодорхойлж чадсан цагт түүнд хүрэх зам нь хүртэл тодорхой болдог. Ирээдүйн зорилгынхоо төлөө жилийн хугацаанд, сарын хугацаанд юу хийх вэ? Энэ долоо хоног, тэр тусмаа өнөөдөр юу хийх вэ? гэдэг тодорхой болоод ирэхээр хэрэггүй зүйлсэд зарцуулах цаг багасаж, үр дүнтэй байж чадна. Зарим тохиолдолд найз нөхдийн уруу таталтад автах, “үгүй” гэж зоригтой хэлэхэд хэцүү байдаг. Тэр хүмүүст цаг гаргаж, өөрөөсөө илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгвэл тодорхой зорилго, алсын хараатай байхад энэ бүхэн харьцангуй хялбар байх болно.

Хуруугаа хөдөлгөж чадаж л байвал бүжиглэж чадна

Хэрвээ та хуруугаа хөдөлгөж, 2 дээр 2-ыг нэмээд хэд гардагыг мэдэж л байвал бүжиглэж чадна л гэсэн үг. Олон хүн өөрийгөө эвсэлгүй гэж бүжгээс хойш суудаг. Харин үүнд хариулт өгөхөд эвсэлгүй хүн гэж байдаггүй. Хүн бүр бүжиглэж чадна. Мэдээж бүжиглэхэд ямар хөдөлгөөнийг яаж хийх үү? гэх мэтчилэн тодорхой хэмжээнд тархиа ажиллуулах, цаашлаад маш олон шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ та сонирхолтой л бол иймхэн зүйлээс няцаж болохгүй. Учир нь бүжгийн урлаг танд биеэ удирдах, ойлгох, найз нөхөдтэй болох, эрч хүчтэй, эрүүл байх гэх мэт маш олон зүйлийг өгөх болно. Мөн хүнд Англи, Хятад, Орос гэх мэт хэлнүүдээс ялгаагүй олон орны хүмүүстэй харилцах боломжийг нээж өгдөг. Тиймээс бүжиг нь таны өөртөө оруулж буй эрсдэлгүй хөрөнгө оруулалт юм шүү.

Хэрэв дээрх подкастын бүтэн хувилбарыг сонсохыг хүсвэл энд дарна уу.

Залуу хүний амьдралыг дасгал, хөдөлгөөн өөрчилнө #5 Куна

“Кунагын хувьд сүүлийн 3–4 жилийн хугацаанд фитнессээр идэвхтэй хичээллэж байгаа бөгөөд одоогоор Наадам center-ын фитнесс клубд багшаар ажиллаж байгаа билээ. Тэрээр энэхүү подкастаар залуустаа зориулж эрүүл амьдралын хэв маягийн талаар нээлттэй ярьсан юм.”

Эрүүл амьдралын хаалгыг татъя

Орчин үеийн залуус нэг үе ээ бодоход харьцангуй өөрийн бие махбоддоо анхаарал хандуулдаг болжээ. Үүнийгээ ч дагаад дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох зэрэг үйлдлүүд нэмэгдэж байна. Цаг үе өөрчлөгдөж өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэснээр нь дүгнэж цэгнэх ч багассан бололтой. Тиймээс дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт энэ бүгдийг зүгээр нэг хэд хоног бариад хаях дэглэм биш амьдралынхаа туршид хэрэгжүүлэх хэв маяг болгох нь чухал юм. Учир турах, жингээ хаях гэх мэтээр өөрийгөө хэт их хүчлэхээс илүүтэйгээр өөрийн бие бялдарт тохирох дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийж байх нь харьцангуй үр дүнтэй. Эрүүл чийрэг амьдралын зөв хэмнэл нь бидэнд илүү жаргалтай, илүү бүтээмжтэй, илүү эрүүл, илүү урт наслах амьдралыг бүрдүүлж өгнө.

Хариуцлагаа хүлээж сурах

Ажлын байран дээр ч амьдрал дээр ч яалт ч үгүй хэрэг болдог хувь хүний зан чанар бол буруугаа хүлээх, хариуцлагаа үүрэх чадвар юм. Хүн бүрийн дотор өөрийн бурууг өөр нэгэн рүү чиглүүлэх хандлага их бага хэмжээгээр нуугдаж байдаг. Тэгвэл үүнийг аль болох өөр дээрээ хүлээж авч сурах хэрэгтэй. Мөн аливаа юм болгонд шүүмжлэлтэй бүү хандаарай. Хэн нэг хүн хүч хөдөлмөрөө шингээж хийсэн зүйлийг газар доор ортол нь шүүмжлэх эрх үнэндээ надад ч тэр чамд ч тэр байхгүй шүү дээ. Хэрвээ чамд тэр зүйлийг засаж, сайжруулах шинэ санаа байхгүй бол яагаад чимээгүй байж болохгүй гэж?

Хэрэв дээрх подкастын бүтэн хувилбарыг сонсохыг хүсвэл энд дарна уу.

ТА БҮХЭНДЭЭ БАЯРАЛАА ! #PUpodcast

editor: Tamir Battulga

--

--

PU
Start Company

@Startcompany хамтран үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн